Яруу найргаар хөглөсөн гургалдайн дуут цэцэрлэгт хүрээлэнд ятгын эгшиглэнт аялгуу оршдог нь дуу юм. Шүлэг бүхэн дууны хөг аялгууг далд сонсголондоо хадгалж, хөгжимлөг хэмнэлтэй байдаггүй. Тэгэхээр дуу зориудаар бичигддэггүй, зориудаар бичсэн байлаа ч дууны шүлэг нь ая дан, дуучин болоод зохист хоолойтой зохирч, оюун санаа хийгээд сэтгэл бас байгалийн барилдлагат бичмэл биш төрмөл уран бүтээл юм. Дуу нь шунхан улаан тэнгэрийн хаяа зүсэж, шувуу мэт дүүлэн нисэх хос жигүүр нь шүлэг болоод аялгуу. Энэ хоёрыг хайр сэтгэлт хос залуустай зүйрлэх нь ч бий.
Хүмүүний сэтгэлийг уясуулан уянгалах дууны төгөлдөр найрслын дурлал хайрын романсыг оюун санааны ертөнцөд ургуулан цэцэглүүлэгч байгалийн авьяастны нэг нь яруу найрагч Пунцагийн Бадарч мөнөөс мөн, маргах мэтгэх түүнд хамаатах байтугай хавьтах ч үгүй. Монголын нийтийн дууны урлагийн оргил бүтээлүүдийн нэг, лавтайяа хагас зуун жил эгшиглэн буй эцэж цуцахгүй Хэрлэнгийн удамт хүлэг шиг элгэн халуун сэтгэл, эх нутаг, эгшиг аялгууны хосгүй ховорхон найрсал,
Далай орон минь
Дархан хилтэй
Дархан хилдээ
Дайчин харуултай
Харуулын цэрэг
Хайрт чамтайгаа
Хамт байдаг даа
Сэтгэл минь
Хилийн тэнгэр
Цэлмэг байгаасай
Холын чамдаа
Дуу минь хүрээсэй
ийн эгшиглэхэд цээжнээс нэгэн шувуу суга үсрэн цойлж хүйлэн тэнгэрийн хээл рүү хөдөө тийш алсран холдох шиг санагдана. Тэгэхийн сацуу ийм дуу байсан, байх ёстой, байхгүй бол сэтгэл хоосон ч юм шиг мэдрэмж төрүүлж байдагт л П.Бадарчийн дуунуудын уянгалаг эгшиглэн, увдислаг нууц хадгалагддаг. Олон үеийн цэрэг дайчдын сэтгэл зүрхний хайлан байж эх орон, элбэрэл хайрын яруу сонсголонг ундруулан уянгалуулагч энэ дуу цэргийн сэдэвт шилдгийг шилдэг, заяагдмал бүр төрмөл уран бүтээл бөгөөд өнгөрсөн зууны дунд үеийн алдарт бас хадмал “Амрагийн дуу”-тай агаар амьсгал нэгэн, адил зиндаанд өргөмжилсөн, сонссон ч сонсоогүй ч сонгомол туурвил юм.
Дархадын цэнхэр хотгод нь хооё
Далай шиг болоод уужимхан
Үзэсгэлэнт дархад бүсгүй нь хооё
Үлгэрийнх шиг болоод даруухан
Хүүжий, Дүүжий, Хүүхэнжий
Хүрээд иртэл минь баяртай
Аажий, ийжий хоёртоо би
Аминчилж хэлчхээд ирье дэ хооё
гэж эгшиглэдэг содон соньхон энэ дууг “Ардын дуу” хэмээн зарлахыг би сонссон удаатай, эндүүрэл гэж бодохгүй байна, ардын дуунд эн тэнцэж чадсан үнэлэмж хэмээн хүндэтгэнэм. Сонссон хүн бүхэнд цаатан үндэстний өвөрмөц хэллэг, аялгаар үйл явдлыг гэлтгүй тухайн үндэстний онцлогийг дунд нь орсон мэт илэрхийлж чадсан учраас үнэхээр л уг үндэстний ардын давтагдашгүй хөг аялгууг шингээсэн дуу л даа. Хөвсгөл аймгийн төвөөс алс суманд очсон П.Бадарч хэд хэдэн хүүхэнтэй танилцахад бүгд л нэрийнхээ ард Жий дагавартай байж. Жий гэсэн энэ дагавар үг түүнд тун содон сонсогдохгүй юу. Бас хооё гэх аялага үг тэдний ярианд байн байн хэлэгдээд байж. Аялга үг, сул авианы хослол бас үндэстний өвөрмөц дуудлага, хэл яриа, харилцааны онцлог, дархад ястны ялгарлыг ажиглан анзаарсан түүнд ямар нэг сэдэл, мэдрэмж төржээ. Дархад хүмүүстэй уулзаж, ярилцаж цааны нуруун дээр мордож байхдаа энэ дууны үг, шад, үзэл санааг бодолдоо буулган явж. Түүнд нь Дархадын цэнхэр хотгод, Тоомойн өндөр даваа, цаст сүмбэр оргилууд, цааны данхар эвэр, урц сууц, цаатан бүсгүйн инээмсэглэл тэргүүтэн хачир нэмсэн нь эргэлзээгүй. Энэ дуу эгшиглэхэд гагц дархад хүн дуулж байгаа мэт сонсогдоно, мэдрэгдэнэ. Айзам аялгуу, үг хэллэг, ялимгүй наргиа аяс зэрэг нь төгс хэлбэржин зохилдлогоог бүрдүүлж, иссэн айраг мэт, ардын дуу мэт, дархад хүн л ингэж дуулахаас өөр гарц үгүй л дээ.
Өлгий сайхан эх орны минь
Өглөө эхлэх дулаахан хаяанд
Наранд өргөсөн мэндийн хадаг шиг
Намуун цэнхэр Халхын гол хээтэнэ
Сайхан голын мөнгөн хээлд
Саран наран өнжин байдаг юм
Үлэмж саруул эх орны минь
Үүрийн туяатай золгох хаяанд
Хананд хадсан тэмцлийн сэлэм шиг
Хатан цэнхэр Халхын гол шуугина
Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч, намуун уянга, найрал дууны хаан гэгдэх Д.Мяасүрэнгийн аялгуу зохируулсан “Халхын голын өглөө” дуу зүүн хязгаараас үүр цайх шиг дөлгөөн эгшиглэж баруун хязгаар хүртэл улс орныг нөмрөх ахуйд Халхын гол орчимд өрнөсөн түүхэн явдлыг эрхгүй бодогдуулах агаар гүн, ухаан нь анир амгалангийн үнэ цэн, эрх тааваар амьдралыг эх орны шинэ өглөө, Халхын голын номин цэнхэр урсгалаар төлөөлүүлэн илэрхийлжээ. Дайн, тулааны тухай хатуу хахирт харьяалагдах догшин ширүүн үгтэй, тэп тап хийсэн хүнд хэмнэлтэй дуу алийг тэр гэхэв.

П.Бадарчийг хамгийн уяхан, нулимс ойрхон яруу найрагч гэдэг. Энэ нь “Халхын голын өглөө” дуугаар ил ч илэрнэ, далд ч илэрнэ. Ийм нэг наргиа ч бий, нэгэн аймагт зохиолчдын уулзалт болоход дээлтэй явсан П.Бадарчийг Э.Эюун гуай байна гэж уншигчид үнэхээр эндүүрсэн тухай нэрт шогч З.Ядмаа нэгэнтээ бичсэн нь бий. Цэрэг, дайны тухай хамгийн уян зөөлөн үгтэй дуу түүнийх л байдаг. Энд нэрлэгдэн буй гурван дууг П.Бадарч идэрхэн залуудаа бичсэн, туршлага дадлага гэж яруу найрагт байдаггүйг П.Бадарч ингэж баталсан юм. Яруу найраг тэнгэрийн харьяат, онгод мэдрэмж, эмзэглэл гэсэн элчтэйг бас баталсан нь энэ л дээ. Одоо цагт уул, ус, унаган нутагтаа зориулсан шүлэг дуу машид олноор төрж байна, бас машид хурднаар мартагдаж байна. П.Бадарчийн яруу найргаар амилсан дуунууд мартагддаггүй, он жил алсран цаашлах тусам очир эрдэнэ мэт өнгө төгөлдөр гялалзан гэрэлтдэг нь газарт бичээгүй тэнгэрт төрж яруу найрагчаар дамжин олны сэтгэл рүү урсаж буй тэнгэрийн сонсголон юм даа. Аймаг, сумын сүлд дуу гэж ярих, бичих болсон уран бүтээлийн анхны шанг мань П.Бадарч татсан байж тун болзошгүй юм шүү
Ганцхан насанд заяасан
Урсгал тунгалаг Байдрагтаа
Газар үнэрлэн гүйсэн
Унаган хүлэг шиг ирлээ
Хослон цэнхэрлэх
Хангай, говь минь
Хонгор нутаг минь
Хосгүй чамдаа хайртай
Энэ дуу маш богино хугацаанд, ёстой цай буцлахын зуурт л бичигдсэн гэж зохиогчид нь ярьдаг. Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч П.Хаянхярваа “Манай Бадарч зүүгээр хатгуулсан юм шиг огцом огцом сэтгэдэг, тэр бодол санаа нь цаасан дээр буухдаа засваргүй, зассан шагай гэдэг шиг л. Баянхонгор аймагт арми сурталчлах ажилд оролцохоор Цэргийн чуулга явсан юм. Урлагийнхан өргөн бүрэлдэхүүнтэй очихдоо шинэ уран бүтээлгүй байх юм уу гэсэн яриа онгоцонд дотор гарлаа. Онгоцноос буугаад буудал руу явах замд П.Бадарч надад бэх нь хатаагүй шүлэг өгч, одоо чи л мэдэж дээ” гэсэн хэмээн хуучилсан сан. Бичмэл биш төрмөл шүлэг хөг аялгуугаа дотроо хадгалж байдаг жамтай юм хойно далд аялгуу сонсож ил гаргахад хөгжмийн зохиолчийн мэдрэмж ердөө л дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг аж. Шүлэг бичигдэж хөгжмийн зохиолчид өгснөөс тун ч удалгүй П.Бадарчийн дэргэд П.Хаянхярваа биш дуу нь ирсэн гэж яруу найрагч нэгэнтээ хэлж байлаа. Өдгөө бүх аймаг, сум, баг, бүр өрх гэр хүртэл сүлд дуутай гэж ярих, сайрхах боловч хонгор нутгийн дуутай эн тэнцэх нь тун цөөхөн дөө. Энэ дуунд нэг гайхалтай мөр бий, газар үнэрлэн гүйсэн гэж. Монгол хүн нутаг усаа санахдаа, зорихдоо унаган хүлэгтэйгээ зүйрлэн хэлдэг үг хэн хүнд ердийн энгийн мэт санагдавч яруу тунгалаг шүлэгт зохист байрлалыг олж чадваас шигтгээ болдгийг энэ мөрний хэрэгтэй газар, хэрэгтэй цагт очиж чадсаныг харж, сонсож болох нь. Ташрамд хэлэхэд энэ мөрийг би хэд хэдэн дууны үгэнд байхыг харсан, сонссон. Яруу найрагт хоёр дахь давтамж гэж байдаггүй л дээ.
Нийгэм, цаг үеийн ханшийг дагаж нийтийн дууны урлагт улс төрийн дууны хамтлаг хүртэл байгуулагдаж байсан үе бий. Дайны эсрэг, энхтайван, аз жаргалтай амьдралыг магтан дуулах нь улс төрийн дууны үндсэн зорилго. Ийм агаар амьсгал дор цөөнгүй дуу бүтээгдэж, үзэл сурталжсан нийгэмд нам, улс төрийн даалгавраар /үүрэгдсэн гэвэл зохиолтой/ дэлгэрүүлж байсан ч тэгсгээд л мартагдсан. Ер нь зориудаар, зохиомлоор тэр тусмаа үзэл сурталжсан хэлбэрээр бичигдсэн аливаа уран бүтээл амьгүй байдгийн жишээ олон бий, алийг тоочхов, цагийн гарз. Уран бүтээл гагцхүү сэтгэлгээ, сэтгэлийн илрэл гэдэг нь хөдөлшгүй үнэн юм.
Тугийн цохион дээрээс
Тугийн зэв шиг эгцээрээ
Арваннаймтай бүсгүй
Алтан нар руу ниссэн юм
Амьдрал бидэнд хайртайдаа
Алтан нартай мөнхөрсөн юм
“Тэр бидэнд хайртай байсан юм” дууг тухайн цагт нь улс төрийн дууны ангилалд багтааж байв. Тэгтэл саяхан энэ дууг дөрвөн бүсгүй бүхий хамтлаг дуулж, залуусын сэтгэлийг огшоож орхив. Яагаад вэ, өмнөх нийгмийн үзэл суртал, агаар амьсгал энэ дуунд шингэх нь байтугай ойртоо ч үгүй ангид байжээ. Ингэж хэлэхийн учир нь, эх орон, үндэсний бахархал, хөнгөн гуниг бас өнөөдрийг тусгасан итгэл, ирээдүйг багтаасан болоод л тэр. Өөрөөр хэлбэл, цаг үедээ хамаатаагүй, гагцхүү алтан нар, амьдралыг үргэлжлүүлэгч үр садад хамаатай сэтгэлийн дуулал юм. П.Бадарчийн шүлгүүд дотроо хөг аялгуу буюу далд сонсголонтой, түүнийг нь хөгжмийн зохиолч мэдэрч сонсон ил эгшиглүүлэх үүрэгтэй гэж дээр хэлсэн, гэхдээ аль шүлгийн далд хөгийг хэн олж сонсох вэ гэдгийг П.Бадарч зөнгөөрөө мэдэрдэг бололтой юм билээ, ийм таамаг дэвшүүлэхэд нэг их холуур зөрж төөрөхгүй байх. Улсын баатар бүсгүйд зориулсан шүлгийн хөг аялгууг эмэгтэй хүн илүү мэдэрч чадна гэж бодсон нь эргэлзээгүй, хөгжмийн зохиолч С.Мааяа ч түүний бодсоноор уг шүлэгт төгс төгөлдөр аялгуу зохируулсныг эстрадын нэрт дуучин Оюунчимэг давтагдашгүй өвөрмөц нандин дуулсан билээ.
Нийгмийн тогтолцоо, эдийн засгийн мухардал, үзэл суртлын доройтол, айл өрхийн аж төрөл, нийтийн сэтгэлгээ зогсонги, идэвхгүй байдалд хүрсэн зурвас цаг үе ч уран бүтээлд сүүдрээ тусгаж л байв. Чөлөөт сэтгэлгээ, олон ургалч үзэл, урлагийн элдэв урсгал чиглэл гэж ярих яагаа ч үгүй, засгийн эрх баригч намын уриа, лоозонг дуу болгон дуулж байсан цаг дор,
Алтан нарны цацраг атгаж
Ариун хөрсөнд соёолон найгасан
Амьдрал жаргалын гэгээн бэлгэдэл
Алаг цэцэг мөнх дэлгэргэ
Энхрийхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Сайхан үнэрт нь сэтгэл баясаж
Саруул орчлонд жаргаж яваг ээ
Хаврын үдэш залуус учрахдаа
Хайрын болзоонд чамайг өргөнхөн
Сайхан үнэрт чинь сэтгэл баясаж
Саруул орчлонд жаргаж яваг ээ
Ингэж дуулах нь, энэ чинь юусан билээ гэж сэртхийлгэсэн, содон сонсголонтой сонсогдолгүй яах вэ. Залуус тэр дор нь л хот хөдөөгүй дуулж, Монголын радиогийн алдарт “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгийн хамгийн олон захиалагчтай дуугаар жил дараалан шалгарч байв, өнөө цагийн хэллэгээр хит болж байв. Дарханы гэгддэг /Угтаа бол Төв аймгийн уугуул/ гавьяат жүжигчин, нэрт дуучин Б.Энхбат энэ дууг нугалаа хэмнэл, намуухан хайлаар өөрөөр дуулах гарцгүйгээр нийтийн сонор бас сэтгэлд шингээж өгсөн юм, дараа дараагийн үе дамжин өнөө ч эгшиглэсээр л байна. “Цэцэгчний хүслэн” өнгөц сонсоход цэцэг ургуулж буй бүсгүйн тухай энгийн л юм шиг санагдавч хүн болоод байгалийн шүтэлцээг “сэтгэл хэмээх эрхтнээр” дамжуулан мөнхүү сэтгэл рүү цутгаж байгаа нь намуун зөөлөн аялгуугаар илэрнэ. Нийслэлийн дөчин мянгатад цор ганц байсан, ихэвчлэн хиймэл цэцэгтэй дэлгүүрийн худалдагч бүсгүйтэй яруу найрагч танилцжээ. Тэр үед уг дэлгүүрийн хэд ч билээ жилийн ой болох байж. Тэр ойд ч, танилцсан бүсгүйдээ ч зориулж бичсэн шүлэгт нь хөгжмийн нэрт зохиолч Г.Алтанхуяг аялгуу бичиж тэр дороо л олны чинхээ сонсголонт эгшгээр хүрч нийтийн дууны өв санд бараг сонгодогт тооцогдохоор эрэмбэтэй үлдэж чаджээ. Цэцэгний оронд улаан туг, уриа лоозон битүү бүрхсэн цаг дор ингэж бичсэн нь ирээдүй рүү илгээсэн сэтгэл л байж. Өнөөдрийн залуус цэцгийг эрхэмлэж, цэцэггүй баяр ёслол, төрсөн өдөр, хүндэтгэл үгүй болж, цэцэгт мэндчилгээгээр дарж байна шүү дээ.
П.Бадарчийн яруу найрагт цэргийн сэдэв томоохон орон зай эзэлдэг. Залуудаа эх орныхоо өмнөд хилд алба хааж, хожмоо Цэргийн чуулгад ажиллаж “Овоотын отрядын овгор шар, Офицеруудын ордны товгор шар” хэмээгдэж явсан тэрбээр цэргийн амьдралын гүнд орж, цэргийн хуаранд олон арван шилдэг бүтээл туурвисан байдаг. Жар, далаад оны хөвгүүдийн дунд ердөө хоёр хүн домог мэт яригддаг байлаа. Зөвхөн Л.Дандар баатар, Б.Түвдэндорж аварга хоёрыг л харах гэж хөдөөнөөс хот руу зорьж байсан олон арван хөвгүүдийн нэг нь би байлаа. Тэгэхэд яруу найрагч П.Бадарч аль хэдийнээ Л.Дандар баатрын “морин хөтөч” хэмээн нэрлэгдсэн дотно анд, албан ёсны бус шадар хиа маягийн үнэн итгэлт нэгэн явжээ. Халхын голын дайн хийгээд дайчдын тухай олон арван дуу бичигдэж дуулагдсан, дуулагдсаар байгаагийн охь манлайг аанай л мань П.Бадарч бичжээ. Л.Дандар гуайнхаа гэгээн дурсгалд гэж дотночлон бичсэн түүний шүлгэнд цэргийн дууны мөн чанар, бадрангуй хэмнэлийг мэдэрсэн, нэрт дуучин Д.Дашням аялгуу бичжээ.
Матад, Тамсаг, Баянтүмэний
Мартахын аргагүй дурсгалт жилүүд
Маргад эрдэнийн залуу нас минь
Морин дэл дээр сэлэм шиг явлаа
Цэрэг цамцны дөрвөлжин халаасанд
Цэцэгтэй алчуур нэвт гандааж
Хүслэн дүүрэн залуу нас минь
Хүлгийн дэл дээр туг шиг явлаа
Агтны нуруунд түрхэн зүүрмэглэхдээ
Амрагаа зүүдэндээ багтааж явсан ч
Амгай шаргих агшин чимээнд
Анирдан нисэх шувуу шиг явлаа
Миний залуу нас
Дайны жилийн цэрэг явлаа
Энэ дууг сонсоход морин дэл дээр сэлэм далайсан Л.Дандар баатрын залуу нас амилах шиг болно. Бас Халхын голын дайны ахмад дайчдад зориулсан нийтээр танил медаль нүдэнд харагдана. Тэгэхээр зөвхөн Л.Дандар баатарт зориулсан дуу биш Халхын голын дайны бүх дайчид, тэдний залуу насны гэрэлт дурсамжийг нүднийх нь өмнө дэлгэхдээ нулимстай эгшиглэдэг юм. Хэтрүүлсэн болохгүй, энэ дууг дуулахад Халхын голд дайтаж явсан ахмад дайчид уйлж суухыг би харсан. Уйлсныг асуу гэдэг байх аа, утга нь ийм л юм. “Яруу алдарт эх орноо ялалтаас ялалтад хүргэсэн” хүлэг морьдын тухай дууны айргийн тавд П.Бадарчийн нэгэн дуу бий, магадгүй цоллуулж магнайгаа айргаар мялаалгасан биз. Хэрлэнгийн хүлгүүд хурдтай, Хэрлэнгийн хүүгийн шүлгүүд шандастайг илтгэсэн
Гал шарын унага
Ганзага сугарам гараатай
Унасан эзнээ өндөлзүүлж
Улс эрээлтэл хурдална
Гал шарын унага
Ган дөрвөн туурайтай
Оносон чулуу бүрээс нь
Очис бутран асаатай
Гал шарын унага
Газар эрээлэм бариатай
Энэ дууны нэг мөр онцгой содон сонсогдоно, тэр нь уулс эрээлтэл хурдална гэж байгаа юм. Энэ мөр уг дууг өргөөд бусдаас ялгаруулаад зогсохгүй Гал шарын морьдын хурдныг давхар харуулна. Уулс эрээлтэл буюу угтаа хөдөлгөөнгүй уулс эрээлжлэн хөдөлгөөнд ортол хурдалж байна шүү дээ. П.Бадарчийн яруу найраг, шүлгийн тухай ярих гэвэл цаг их шаардана, хэдэн ч өдөр яриад дуусахгүй, энд би нийтийн дунд ихэд алдаршсан цөөн хэдэн дууны талаар цухас дурдлаа. Монголын яруу найргийн сүмбэр оргилуудын нэг “Есөн эрдэнийн эх орон”-гүйгээр П.Бадарчийн уран бүтээлийг ярина гэвэл оюутангүй хоосон танхимд лекц уншихтай адил бус уу.
Ивээлт нарны цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Идээшин суугаа гэр минь танан эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Эгэлхэн бүсгүйн гоёл нь сувд эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэсэн эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ
Хөгжмийн нэрт зохиолч Д.Баттөмөрийн ялгуу зохируулсан дуугаар багахан бичвэрийнхээ ард цэг биш, цэг цэг, таслал тавья, үргэлжлэлтэй гэх утгаар. Энэ гайхалтай дууны үг нь өндөр эрэмбэтэй яруу найргийн, аялгуу нь мөн өндөр зиндааны зэрэглэлтэй хөгжмийн урлагийн оргил бүтээлүүдийн нэг. Дуучнаас ч сонгодог яруу гургалдайн дуут төрмөл хоолой шаарддаг, нийтийн дууны урлагийн сонгодог бүтээл билээ.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч П.БАТНАЙРАМДАЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Үнэхээр агуу хүн дээ. Эгэлхэн эмзэгхэн тун ч содон сонин найрагч шүү
Удаан хамарлачихаад 100 татаад яваад байдаг хүн мөн үү !
П. БАДАРЧ АГУУ АГУУ.
ene Badarch Galsan Choodol S.Dylmaa,Yrianhai,,edniigee Mongolchyyd mini hairlaj yabaarai,ed nar chini Mongoliin songodog ytga zohiolchidiin tyyh yum suu.....