sonin.mn
“Монгол цам” үзэсгэлэнг 10 дугаар сарын 24-нд Бангкок хотод нээнэ. Бүтэн сарын хугацаанд үргэлжлэх, олон улсын аялагчдын мэлмийг баясгах учир үзэсгэлэнгийн үеэр “Welcome to Mongolia” үйл ажиллагааг сурталчлан, Монгол цамын үзүүлбэрийг толилуулна. Монголын үзэсгэлэнт байгаль, ан амьтад, ахуй амьдралыг жуулчид сонирхохоос гадна өв уламжлал, зан заншлын өвөрмөц онцлогийг тусгайлан сонирхон, судалж зорин ирдэг аялагчид бий. Тэдний нэг нь Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит (Jatenipat Ketpradit), Монгол хүрээ цамын гэрэл зургаар дагнан олон улсад үзэсгэлэн гарахаар төлөвлөж байгаагаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзах үеэрээ танилцууллаа.
 
Түүний үзэсгэлэнд 40 гаруй орноор 20 орчим жил аялан “Чингис хаан үзэсгэлэн”-гээ толилуулсан “Маск” ТББ-ын үүсгэн байгуулагч, Соёлын элч, цамын баг урлаач Н.Ганхуяг мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж, “Макс үзэсгэлэн”-гээ мөн хамтран толилуулахаар бэлтгэж байгаа аж. Сайд Б.Бат-Эрдэнэ гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит, АНУ дахь Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг, Мэргэжлийн гэрэл зургийн аялал зохион байгуулагч Л.Баяндоржийг хүлээн авч уулзах үеэрээ “Монгол цам”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхэд сайдын хувьд дэмжихээ илэрхийжээ.