sonin.mn
Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүн, философийн ухааны доктор, ОТИС-ийн профессор Б.Галиндэвтэй ярилцлаа.  
 
Та “Өнөөгийн монгол бие хүний төлөвшлийн асуудал” гэсэн судалгааны ном бичиж, хэвлүүлсэн. Нийгмийн тодорхой хэрэгцээ, түүнийхээ үр дүнг олон нийтэд танилцуулж, сэдвийн хүрээнд ургаж гарах тодорхой асуудлууд гээд судлаачийн хувьд хэлэх зүйл бишгүй л байгаа биз дээ?
 
-Тийм ээ. Та бүхэнтэй санал нэг байна. 1990-ээд оноос эхэлсэн нийгмийн ардчилсан өөрчлөлт одоо эргэлт буцалтгүй урагшилж, өөрийнхөө тогтолцоонд тохирч нийцсэн иргэний төлөв байдал бүхий хүнийг шаардах боллоо. 1980-аад онд социалист тогтолцооны үед тухайн нийгмийн бие хүний асуудлыг судалсан судалгааны ном хэвлэгдэж байлаа. Тэр номын үзэл санаа хэдийнээ ард хоцорсон. Бид огт өөр тогтолцоо бүхий нийгэмд амьдарч байна. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөн нийгмийн эдийн засаг, улс төр, оюун санааны зэрэг бүх л харилцаа, орон зай бүрд хүчтэй үйлчилж, эрх чөлөөт хувь хүн өөрийнхөө зан үйлдлийг бие даан сонгож, энэхүү үйл үйлдлээсээ үүсэн гарах хариуцлагыг нь  хэнтэй ч хуваалцахгүйгээр өөрөө хүлээдэг сонголтын хаалгаар өнөөгийн монгол хүн алхаж ороод 30 гаруй жил болчихлоо. Ийм цаг үед амьдарч, ажиллаж буй өнөөгийн монгол хүн өөртөө “Би хэн бэ?” гэсэн асуулт тавьж, өөрийн дотор, сэтгэл рүү гээ лавхан өнгийж, оновчтой хариулт өгөх цаг иржээ.
 
Буддын шашны ёсоор сэтгэлээ номхотгож, уур, мунхаг (амьдрал, ертөнц өөрчлөгдөн байдаг оршихуй гэдгийг үл ухаардаг), шунал, атаа, омгоо даран, шударга хүнлэг сэтгэлтэй амьдрахгүй бол сонгож авсан ардчилсан өөрчлөлтийн маань зам, орон зай бохирдож, иргэд өөртөө болон төр засагтаа итгэх итгэлээ алдарчих гээд байгаа шинж хандлага ажиглагддаг. Энэ ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэм гэдэг чинь иргэдийн шударга ёсны идэвхтэй оролцоог шаарддаг тогтолцоо юм.
 
Цогцлоон бүтээж, амьдарч байгаа нийгмээ амар амгалан, сэтгэл ханамжтай тогтолцоо болгон бүрдүүлэхэд ёс суртахууны хэм хэмжээ, зарчмууд иргэдийн зан үйлдлийг зохицуулах  тэргүүн зэргийн  үүрэг гүйцэтгэж байх учиртай юм байна. Өнөөгийн манай нийгэмд бараг улиг болтлоо яригдсан авлига зэрэг зохисгүй үзэгдлүүд хаанаас, ямар учир шалтгааны улмаас үүдэн гараад байгаа нь эцэстээ ардчилсан нийгмийн ёс суртахууны тодорхой үнэлэмжийн тогтолцоотой бие хүн төлөвшиж чадаагүй, тийм ч цаг хугацаа болоогүй байгаатай л холбоотой байна шүү дээ. Учир нь ардчилсан нийгэмд хүн өөрийнхөө асуудлыг бий болгож, түүнийгээ шийдэж чадах эсэхээс л тухайн нийгмийн хөгжлийн үйл явц урагшлах, эсвэл байран дээрээ бухимдаад суух, бүр уруудаж доройтоод үймээн самуун руу гулсах уу гэдэг нь шалтгаална. Ингээд бодохоор өнөөгийн монгол бие хүний төлөвшлийн асуудлыг олон талаас нь судлан шинжлэх хэрэгцээ байгаа юм.
 
Номын хувьд хүний тухай философийн ерөнхий асуудлыг тоймлон толилуулахаас эхэлсэн байх юм. Ер нь шашин, философи, урлаг, уран зохиол гээд л хүн төрөлхтний түүхэнд бий болсон оюун санааны бүтээл, үзэгдлүүд байнга л хүний тухай нийтлэг асуудлыг хөндөж тавьдаг. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?
 
-Бүх түүхэн цаг үед хүн л ахуйн хэрэглээний орон сууц, хоол хүнс, унаа хөсөг, хувцас хунар зэрэг эд зүйлсээсээ эхлээд өөрсдийнхөө амьдрал, хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмжийг олон зуун хувиар өсгөдөг техник технологио бүтээж ирсэн. Мөн байгаль орчинтойгоо эерэг, сөргөөр харьцаж, хэрэгцээгээ хангах, нөхөн үйлдвэрлэл явуулж, нийгмийн болон өөр хоорондынхоо харилцааны хэм хэмжээг бүрдүүлж, өөрсдийнхөө бий болгож бүтээсэн нийгмийн орчинд амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр бидний амьдарч байгаа өөрчлөгдөн буй өнөөгийн нийгэм бүхэлдээ монгол хүн бидний л бүтээл гэдэг.
 
Бид ардчилсан тогтолцоо сонгосон 30 гаруй жилийн хугацаанд манай нийгэм урагшлан хөгжсөнийг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй болсон. Гагцхүү алдсан алдаа, төөрөгдлөөсөө өнөөгийн монгол хүн бид сургамж аваад л хөгжил, дэвшлээ урагшлуулан эрчимжүүлэх, хувийн болон нийгмийн амьдралдаа илүү ухаалаг хандах цаг ирлээ.
 
Өнөөгийн монгол хүний амьдралын язгуур асуудал бол нийгмийн үндэс болдог гэр бүлээ бэхжүүлж, төлөвшүүлэх төдийгүй хөгжүүлж, соёлын орчин болгох, хүүхэд, залуучуудаа соён гэгээрүүлж, эрүүл бие, саруул ухаантай, үнэ цэнтэй иргэн болгож хүмүүжүүлэх хэрэгцээ тулгарч байна. Мөн гэр бүлийн хувьд онцолж авч үзэх өөр асуудал бий. Энэ нь барууны соёл, иргэншилд хүчээ авсан хувь хүмүүсийн амьдралын дадал зуршил, хэв маяг болоод байгаа арвич хямгач ухаанаар амьдрахуйн мөн чанарыг илэрхийлэх “минималист” зарчмыг хааяа ярьж, сануулах бус ажил хэрэг, амьдралынхаа хэв маяг болгомоор байгаа юм. Ганцхан жижиг жишээ хэлье. Уламжлалт сар шинийн баяраар манай дундаас дээш амьдралтай айл өрхүүд 600000 төгрөгөөр ууц авч, нийтдээ 2 сая гаруй төгрөгөөр тавгийнхаа идээг төхөөрөөд, баярын дараа ойролцоох гуу жалганд хаячихдаг талаар олон жил яригдаж байна.
 
Хоёр жилийн өмнө Герман Улсын иргэд хувийн хуримтлалынхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг баримт цацагдсан. Тэгээд Германы эрдэмтэн МУИС-д ирж лекц уншихдаа “Танай Монголд айл болгон хавтгай телевизтэй, хүн болгон ухаалаг гар утастай, Япон, Солонгосын үнэтэй машинтай юм байна. Манай Германд ийм байдаггүй” гэж хэлсэн.
 
Германы профессорын дурдсан баримт иргэдийн амьдралд ямар өгөөжтэй бууж байгааг энэ жишээнээс хялбархан ойлгож болно. Эргэцүүлбэл өнөөгийн монгол хүний зарим хэсэг нь хэтэрхий үрэлгэн, ёстой нөгөө “шинэ баян цээж өвчтэй” гэмээр амьдарч байх шиг. Минималист амьдралын суурь зарчим нь “Хөдөлмөрлөж бүтээснийхээ хэрээр хэрэглэ” гэсэн утгатай. Өнөөгийн монгол хүний нийгэм-улс төр, эдийн засгийн амьдралыг аваад үзвэл улс төрийн сонголтоо өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээр хийх, нийгмийн идэвх оролцоотой байх, чанартай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, зах зээлд гаргах гээд хөндөж ярих зүйл олон. 
 
“Хүн байх ухаан”, “Хүний төрх” гэсэн номууд бичсэнийг тань мэдэх юм. Хүн байх ухаан гэсэн үзэл ойлголтын талаар асуулгүй тойрч болохгүй нь. Учир нь бид өөрсдөө хүний ёсноос гажуудаад байгаа баримтууд нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгж, чих дэлсэх боллоо...
 
-"Амьддаа нүүрээ улайлгахгүйгээр, үхсэн хойноо ясаа өндөлзүүлэхгүйгээр амьдар” гэсэн монгол философитой ард түмний үр сад юм аа бид. Үүтгэн бодвол эхийн хэвлийд ураг бүрэлдэхээс энэ орчлонгоос үдүүлж явах хүртлээ хүн байх ухаанд насан туршдаа боловсорч суралцдаг.
 
Хүн чанарын талаар ёс зүйн философид олон тодорхойлолт бий. Байгалийн амьтан болж төрсөн хүмүүн бид насан туршдаа “нийгмийн хүн” болохоор өөрийн хүн чанараа бүрдүүлдэг. Зарим нь хүн болж төлөвшиж чадалгүй явсаар эцсийн амьсгалаа татдаг ч байх.
 
Ийм этгээд гаж зан үйлтэй хүн өөртөө болон нийгэмдээ хор хөнөөлтэй амьдралын замаар орж, дасаж дадсан муу зуршилдаа баригдан явсаар эцсийн мөчид өөрийнхөө дотор сэтгэл рүү өнгийж харах ухаан суусан ч дахиад амьдрах хувь зохиол заяадаггүйд гоморхоод л хүний орчлонгоос явдаг биз. Ингэхээр “Хүн чанар” хэмээх ойлголт чинь учир утгатай амьдрах ухаан юм уу, бүр тодорхой хэлбэл гэр бүл, орчин, нийгэмдээ үнэ цэнтэй, өгөөж буянтай хүн болж амьдрах үйл явц уу. Хөдөлмөрлөж бүтээж, сайхан ирээдүй рүү зорьж, зовлон бэрхшээлийг сөрж, ажил амьдралаараа гялтганаж явбал хүн байхын утга учраа цогцлоож байна гэсэн үг. Нийгмийн эрсдэл гэсэн үзэл ойлголт нэлээд эртнээс бий болжээ. Одоо манай нийгмийн өрнөж буй амьдралыг анхаарч үзвэл энэ ардчилал, зах зээлийн тогтолцоо чинь ерөөс эрсдэл бүхий өөрчлөлт юм байна гэдэг нь ойлгомжтой болно. Нийгмийн эрсдэл өөрийн сорилтдоо тэнцэхүйц хүн шаарддаг юм байна. Товчхондоо нийгмийн хурдсаж буй өөрчлөлтөөс түрүүлдэггүй юм гэхэд хоцрохгүй хөгжихийг л нэхдэг тогтолцоо аж.
 
Хувь хүн өөрийгөө боловсруулах, хөгжүүлэх гэсэн ойлголтыг дан ганц сургуульд суралцаж, онолын мэдлэг эзэмших утгаар ойлгож болмооргүй боллоо. Амьдрал, ажлын туршлагаар, цохож хэлбэл нийгмийн  шударга амьдралын туршлагаар өөрийгөө боловсруулж сайн үйл хийх дадал зуршлыг өөрийн зан үйлдэл, сэтгэл, оюундаа дадуулах хэмээн өргөн утгаар яригдах учиртай юм байна.
 
Ингээд бодвол өнөөгийн хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшлийн асуудал гэр бүлээс эхлээд зүй зохисоороо шийдэгдээд явахгүй бол хүмүүжил төлөвшлийн нарийн төвөгтэй энэ үйл явцад цаг алдах, тулгарч буй асуудлынхаа ирээдүй үр дагаврыг нь хожимдож ухаарах бүтэлгүйтэл манай нийгэмд байнга ажиглагдаад байгааг бид алхам тутамдаа мэдэрч байна шүү дээ. Та хүн чанарын асуудал хөндсөн. Монгол хүний мөс чанарын уналт, дэвшил, хөгжлийн аль ч асуудлыг эхлээд гэр бүлээс эрэх ёстой байх. Гэр бүлд л өнөөгийн бидний ярьдаг суурь хүмүүжил төлөвшиж, ямархуу ааш авиртай хүн болох дүр зураг нь тодорч эхэлдэг шүү дээ. Эцэг, эхийн ямархуу ааш авиртай, чиг зорилготой, амьдрал ахуйгаа ямар хэв маягаар авч явдгаас л ирээдүй хойч үе, хүүхдүүдийнх нь ямар байх дүр зураг ч тодроод ирдэг. Сэтгэл санаа, оюун ухааны өсөлт хөгжил нь ч олон талаар шалтгаалдаг. Гэр бүлийн хүчирхийлэл өнөөдөр зарим талаар нууцлаг юм шиг хэдий ч манай нийгмийн нэг хурц асуудал болоод байна. Өдөрт дунджаар 100-120 орчим гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгдэж байгаа нь манай хүүхэд, залуучуудын ирээдүйн хүн ёсны төлөвшилд сэв суулгасан үзэгдэл гэхээс өөр аргагүй.
 
Тиймээс хүн чанарын доройтол нийгмийн эрсдэлт, айдас түгшүүртэй амьдралыг бий болгож байгааг илүүтэй ухаарч юуны өмнө манай зарим эрчүүд зан үйлдлийнхээ буруу дадал зуршил, уур бухимдлаа номхотгож, засаж залруулах нь чухал. Сүүлийн үеийн баримтаар манайд өдөр бүр 10 айл өрх гэр бүлээ цуцлуулж байна.
 
Гэр бүлээ цуцлуулагчдын 80 шахам хувь нь нэг гэрт орж “тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу дүрснээсээ” хойш 7-10  жил болсон хосууд байгаа баримтын цаана 1-4 хүүхдийн хувь заяаны зураг ямар байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Эцэггүй, эсвэл эхгүй, амьдын өнчрөл үзэж өсөж өндийж байгаа хүүхдийн сэтгэл бүтэн, зан авир эерэг зөөлөн байж чадах уу.
 
Германы философич Макс Шелер өөрийн гэсэн үнэлэмжтэй болсон цагтаа л  бие хүн болдог гэснийг та номдоо эшилсэн байна. Өнөөгийн монгол хүн өөрийн гэсэн ёс суртахууны үнэт зүйлстэй болж чадсан уу? 
 
-Одоо өөрчлөгдөж байгаа шинэ ардчилсан нийгмийн маань эрх чөлөө, шударга ёс, иргэний үүрэг хариуцлага, нэр төр, хүн чанар гэх мэт үнэт зүйлс хараахан төлөвшиж амжаагүй. Олон нийтийн сэтгэл оюун, зан үйлдэлд төлөвшин бүрэлдэж системлэг шинжээ олоогүй байгаа ээдрээтэй, нэг ёсондоо ёс суртахууны эрэл хийж байгаа цаг үед бид амьдарч байна гэж би боддог.
 
 
Ёс суртахууны үнэлэмж бол өнөөгийн монгол хүн бидний эрх чөлөөт сонголтын зорилго, чиг баримжаа, түүгээр ч үл барам хэрэгцээг тодорхойлох хэмжээний хүчтэй утгачилсан үзэл, ойлголт юм. Ёс суртахууны үнэт зүйлсээ монгол хүмүүн бид юуны өмнө гэр бүлийнхээ орчин, бүх шатны сургуулиудын суралцахуйн хичээл чармайлт, нийгмийн олон талт амьдрал, ажил, хөдөлмөр дундаас, жижиг, том хамт олны идэвхтэй оролцооноос олж авна гэж үзвэл танд ямар санагдана.
 
 
Өнөөгийн монгол хүний ёс суртахууны эрх чөлөө, тэгш эрх, нэр төр, нийгмийн шударга ёс, хүн чанар, үүрэг, хариуцлага, өгөөмөр сэтгэл, бие биеэ хайрлаж хүндэтгэх гэх мэтийн үнэт зүйлс бие хүний сэтгэл, оюунд өөриймсөн, амьдралынх нь хэв маяг, дадал зуршил болох үйл явц ямар нэг хэмжээгээр төлөвшиж байна гэж үзэж болно. Гэхдээ ёс суртахууны ийм үнэт зүйлс төлөвшиж, системлэг шинж чанар, хандлагатай болж, хүмүүсийн зан үйлдлийг зохицуулах онол суртахууны чиг баримжаа, зан авирын дадал зуршил болтол бас тодорхой цаг хугацаа, нийгмийн нөхцөл байдлын орон зай шаардагдана гэдгийг ойлгох учиртай. Манай хүүхэд, залуучууд өдөрт 4-5 цаг гар утасныхаа мэдээлэл хардаг гэсэн судалгаа гарсан нь дэлхийн дунджаас хамаагүй их гэсэн баримт юм. Америкийн судлаач Йохан Хари ”Хулгайлагдсан төвлөрөл” хэмээх судалгааны ном бичиж цахим мэдээллийн энэ их давлагаа хүүхэд залуучуудын анхаарлыг нь сарниулж, оюун ухааныг нь сулруулж тэдний ой санамжийг бүдгэрүүлж, баллуурддаг болохыг дэлхийд нэрд гарсан тархи, сэтгэл зүй судлаач олон эрдэмтдийн 20-30 удаа хийсэн судалгааны баримтуудад тулгуурлан дүгнэлт хийсэн байна. Цахим хэрэгслээсээ шинжлэх ухааны үндэстэй ховор шинэ мэдээлэл олж авч байгаа юу, эсвэл тулга тойрсон хов, живхэн, хувцасны моод загвархан хөөгөөд буцаад хэзээ ч олдохгүй хайран цагаа барж, залуу насаа өнгөрөөж байна уу гэх асуудал ургаж байна. Насыг залуугаас нь дээлийг шинээс нь гэж ярьдаг. Бидний ирээдүй болох хүүхэд, залуусаа эцэг, эхчүүд гэр бүлийнхээ халуун өлгийд байх цагаас эхлэн ганцхан удаа олдоод өнгөрдөг залуу нас, цаг хугацаагаа үр ашиггүй өнгөрдөггүй бүтээлч үйл эрхэлдэг, эрдэм номд шамдаж, сайн боловсрол эзэмшихийн төлөө шаргуу хөдөлмөрлөдөг болгож чадвал бидний удам судар, гэр бүлийн сайн сайхан ирээдүй баталгаатай байх болно гэдгийг манай иргэд, гэр бүлээ зохиож буй хосууд хэнээр ч хэлүүлэлгүй мэддэг байх.  
 
Эрх чөлөөт нийгэмд бие хүний ёс суртахууны асуудал, нийгмийн харилцаанд хууль эрх зүйгээс ч илүүтэй чухалчлагдах учиртай болов уу?
 
-Хүлээн зөвшөөрч байна. Хүний эрх хаана, ямар улсад хуульчлагдан өргөн дэлгэр тавигдана, тэнд ёс суртахууны асуудал хурцаар тавигдаж, нэг ёсондоо хувь хүний эрхээ эдлэх соёлын түвшингийн хэмжүүр болдог. Хүн байх, хүн болохын гол ноён нурууг ёс суртахуун босгодог. Зүй нь “ардчилсан нийгэм” хэмээх хүмүүсийн энэ олон талт харилцааны тогтолцоо маань ёс суртахууны хэм хэмжээ, зарчмуудаар иргэд бид зан үйлдлээ зохицуулж амар тайван, бие биедээ итгэж найдаж, хүлээцтэй ажиллаж, амьдрах амьдралын хэв маяг, дадал зуршилтай байх ёстой систем юм байна. Өөрийн зан үйлдлээ зохицуулах сэтгэл, оюун ухааны өргөн цар хүрээтэй, ёс суртахууны тодорхой боловсрол, дадал зуршилтай хүн л орчин тойрондоо үлгэр жишээ, өмөг түшиг болохоор амьдарч, ажиллаж чадах сэтгэл, оюуны нөөцийг дотроо агуулж явдаг. Бид ардчилсан өөрчлөлтийн энэ өнгөрсөн жилүүдэд “дур зорго”, “эрх чөлөө” гэсэн хоёр үзэл ойлголтоо эрс зааглаж, ялгаж чадалгүй явсаар ирсэн байж болох юм. Аристотель хүн ерөөс дур зоргоороо байх төрөлх чанартай амьтан гэсэн санааг хэлсэн байдаг. Энэ санааны цаана хүн дур зоргоороо байх гэсэн төрөлх чанараа нийгмийн олон үеийн амьдралаар туршигдаж тогтсон, бас шинэчлэгдэж байдаг ёс суртахууны хэм хэмжээ, зарчмуудаар хязгаарлаж байх ёстойг анхааруулсан үзэл санаа агуулагдаж байдаг.
 
Дур зорго бол урьд өмнөх түүхийнхээ өв болж үлдэх учиртай үнэ цэнтэй бүхнийг нурааж, үгүй хийдэг, түүгээр ч үл барам хүн өөрийгөө сүйтгэж, бусдыг дайсагнадаг, амьдарч буй нийгмээ эмх замбараагүй, дэг журамгүй нөхцөл байдал руу түлхдэг зохисгүй үр дагавартай.
 
Ийм сөрөг үр дагаврыг нь тодорхой тооцож ухаарсан суут философич Аристотель эрх чөлөө дур зоргоос огт өөр агуулгатай болохыг яруу тодорхой илэрхийлсэн ёс зүйн гурвал зохиолоо бичиж хойч үедээ өв болгон үлдээсэн. Хариуцлага хүлээдэг бүтээлч сонголт хийх боломжийг л эрх чөлөө хэмээн ойлгож ухаарч болно. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үүрэг хүлээхгүйгээр  эрх эдлэхийг урьдал болгодог сөрөг үзэгдэл нийгэмд ноёрхох болсныг үгүйсгэх аргагүй. Эрхгүй үүрэг, үүрэггүй эрх аль ч улс оронд хэвийн байдлаар үйлчилдэггүй гэдгийг бид мэднэ. Түүхэн цаг үе бүрд хүмүүн төрөлхтний цоо шинэ үе нийгмийн амьдралд түрэн орж ирдэг бодит байдлаас үүдэн ёс зүйн судалгаа тухай бүрдээ л шинээр хийгдэж олон талт агуулгаараа баяжиж байх ёстой юм байна. Өнөөдөр ёс суртахууны асуудлыг нийгмийн болон хувь хүний сэтгэл зүйтэй холбон судлах хэрэгцээ гарч байна гэж би ухаарах болсон. Өнөөгийн манай нийгмийн амьдрал олон талаараа хэлбэрдэлтийн давалгаанд автаад байгаа бодит байдлыг дагаад хувь хүний зан авир, мөн чанар нь бүдгэрэхийн хэрээр гаднах өнгөний жүжиглэлт их болчихлоо. Сайн сайхан дүр эсгэж жүжиглэдэг чадвар ч гэх юм уу, “авьяас” гэж арай хэлж болохгүй байх, ямар боловч хүмүүсийн жинхэнэ дотор чанарыг танин мэдэхэд ээдрээ, өнгөлгөө ихтэй болсон. Нэгэнт ийм цаг үеийн бодит байдалтай тулгарсан  нийгмийн ёс суртахууны судалгаа илүү гүнзгийрч философи, социологи, сэтгэл судлал, эрх зүй, эдийн засаг гээд олон талтай болох шаардлага тулгарч байгаа юм болов уу гэж би бодоход хүрч байна. 
 
Таны номд “цэрэг бие хүн” гэсэн ойлголт дурдагдсан байснаар барахгүй, ийм хэв маягийн бие хүний шинж чанаруудыг цохон тэмдэглэсэн байхыг олж уншлаа. Цэрэг хүний хөдөлмөрийг бие хүний төлөвшилтэй хэрхэн уяж болох вэ? 
 
-Монголын нийгмийн давхраажилтын үйл явцыг товч авч үзэхдээ манай нийгмийн янз бүрийн нийтлэгүүдийн дотроос цэргийнхний бие хүн төлөвшлийн онцлог шинжүүдийг түүвэрлэн уншигчдын сонорт хүргэж, мэргэн ухаанд нь толилуулъя гэж би зорьсон юм. Цэргийнхний хааж буй алба, хөдөлмөр өөрийн өвөрмөц онцлогтой болохыг цэргийн эрдэм ухаанд чармайн суралцаж, ажил, амьдралын өөрийн гэсэн туршлага, чадвартай болсон, энэ албаныхаа үр ашгийг хүртэж явааг манай ахмад болон дунд, залуу насны генерал, офицер, ахлагч, хугацаат албаны цэрэг, түрүүч, байлдагчид л мэднэ. Цэргийн алба хаагаагүй, хүнд хэцүү, хариуцлагатай, нэр хүндтэй болохыг зүрх сэтгэлээрээ мэдрээгүй хүн өөрт нь хүртээж үлдээсэн үнэ цэнтэй эрхэмлэлүүдийг бүрэн ухаарч чадахгүй болов уу гэж би боддог юм. Тухайлбал, цэргийн бэлтгэл сургуулилт, дадлага, цэргийн албаны хуваарилалт, нарийн нягт зохион байгуулалт, өдөр тутмын амьдралын хэв маяг, дэг журмын явцад хэвшиж тогтдог бие сэтгэлийн хатуужил, тэсвэр тэвчээрээрээ бусад ажил мэргэжил эрхэлдэг хүмүүсээс онцгой ялгарч, зан үйлдэл нь насан туршийн эерэг дадал зуршил болж төлөвшдөг. Эх орноо батлан хамгаалах үүрэгтэй цэргийнхэн тавигддаг аливаа үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь бүрэн төгс биелүүлэх, гүйцэтгэх чадвараараа мөн л бусад ажил, алба эрхлэгчдээс ялгарч тодордгийг хэлэх нь зүйтэй. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалахад хэзээд бэлэн байдаг үзэл санааны итгэл үнэмшилтэй болж, эх орныхоо үнэ цэнийг илүүтэй мэдэрч, Монголын нутагт төрж өссөнөөрөө бахархах эх оронч үзэл санааны эрхэмлэл, мэдрэмжтэй болдог нь үе үеийн монгол цэргийн нэг онцлог шинж. Ер нь ямар ч цолтой цэргийн алба хаагч жирийн иргэний амьдралд шилжиж, дараагийн ажил, мэргэжлийн талбарт юу хийх, хэрхэн хөдөлмөрлөхөд өөрийгөө бэлтгэх давхар ухаантай амьдардаг.  Энэ мэт онцлог шинжүүдээр тодруулж цэрэг бие хүний асуудлыг товч авч үзэн бусдын анхааралд хүргэх оролдлого хийсэн юм.
 
 
Эх сурвалж: "Соёмбо"  сонин