Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд энхийг дэмжих ажиллагаанд 20 гаруй жилийн хугацаанд нийт 117 цэргийн баг, давхардсан тоогоор 21000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, очсон газар бүртээ “Монгол цэрэг” гэсэн брэндийг бий болгож чадсан бөгөөд өнөөдөр Монгол Улс нь НҮБ-д цэрэгт хандивлагч орнуудын жагсаалтад 23 дугаарт бичигдэж, БНӨСУ, Баруун Сахар, БНАКонгоУ, Йемэн Улс зэрэг найман газар явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний нийт 900 орчим цэргийн алба хаагч өнөөдөр үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин Бүгд Найрамдах Ирак Улс, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багуудыг илгээсэн нь Монгол Улсын Батлан хамгаалах стратегийн хувьд нэн чухал ач холбогдолтой шийдвэр байсан бөгөөд төрийн бодлогоор НҮБ болон хөрш орнууд, гуравдагч гүрний дэмжлэгтэйгээр эх орноо батлан хамгаалах чиглэлийг баримталж, аюулгүй байдлаа хангах зөөлөн хүчний аргыг далайцтай хэрэгжүүлж эхэлсэн явдал байв.
Үүнийг бид Зэвсэгт хүчний шинэчлэл, өөрчлөлтийг эрчимжүүлэх хөгжлийн шинэ үе шат хэмээн үздэг. 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн аймшигт алан хядах ажиллагаа дэлхий нийтийг цочроож, улс орнууд хүчээ нэгтгэх уриалгын дагуу Монгол Улсын төр, Засгийн газраас тэрхүү террорист үйл ажиллагааг эхнээс нь тууштай эсэргүүцэж, өөрийн байр сууриа илэрхийлж байв. 2003 онд олон улсын терроризмын эсрэг тэмцэлд Иракийн дайны дараах сэргээн босголт, энхийг сахиулах болон хүмүүнлэгийн ажиллагаанд туслах зорилгоор цэргийн багаа анх удаа Иракт илгээж, Польш Улсын тэргүүлсэн дивизийн бүрэлдэхүүнд олон улсын цэргийн багуудтай хамтран үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Афганистаны армийг хөгжүүлэх хөтөлбөр”-т өөрийн Зэвсэгт хүчний хөдөлгөөнт сургалтын багийг оролцуулсан нь дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдал, энхийг дэмжих үйл явцад бодит хувь нэмрээ оруулах зоримог алхмууд байсан юм. Өдгөө 20 жилийн өндөрлөгөөс харахад манай Зэвсэгт хүчний нэр хүнд нь цэргийн баг, хүн нэг бүрийн бэлтгэлжилттэй шууд холбоотой явж ирсэн. Зэвсэгт хүчний удирдлагаас цэргийн ажиллагааны онол, практикт тулгуурласан оновчтой шийдэл, хуучнаа шинэчлэн сайжруулахын төлөөх идэвхтэй эрэл хайгуулын үр дүнд улам төгөлдөржиж, хөгжингүй орнуудын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй бүх түвшинд гар нийлэмжтэйгээр үүргээ амжилттай гүйцэтгэж ирснээс харж болно.
Энэхүү амжилтын гараа нь гэнэт бий болоогүй нь тодорхой. Манай Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний удирдлагуудын зүгээс багагүй хугацаанд судалсны эцэст энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцон үүрэг гүйцэтгэх нь зүйн хэрэг бөгөөд цэргээ бэлтгэн илгээх боломжтойг тодорхойлсон байдаг. Улмаар 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” Монгол Улсын хууль батлагдан гарсан.
Энэхүү хууль батлагдсанаар Монгол цэрэг 1945 оноос хойш анх удаа гадаад оронд үүрэг гүйцэтгэх эрх зүйн үндэс бүрдэж, гадаадын орнуудаас зохих тусламж, дэмжлэгийг авах боломжийг бий болгосон нь цаашдын ахиц, дэвшилд чухал нөлөө үзүүлсэн. Манай улсын Зэвсэгт хүчний хувьд өөрийгөө сорьж үзэх анхны томоохон энхийг дэмжих ажиллагаа нь “Иракийн эрх чөлөө” ажиллагаа байлаа. Энэхүү ажиллагаанд 2003 оны 9 дүгээр сараас 2008 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 10 ээлжийн цэргийн багт 1200 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн баг бүр өөр өөр хугацаа, онцлог нөхцөл, цагийн байдалд үүрэг гүйцэтгэсэн.
Тухайлбал, 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Чарли бааз руу тэсрэх бөмбөг ачсан ачааны машинтай амиа золиослогч халдсаныг дэд ахлагч Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нар таслан зогсоосон. Мөн манай II ээлжийн цэргийн багийн ажиллагааны хяналтын офицер, дэд хурандаа Б.Түвшинбаярын санаачилсан “Баазын байрлал, түүний хамгаалалтын бүдүүвч, макет”-ийг “Чарли” баазад ирсэн гадаадын цэргийн удирдлагууд, төлөөлөгчид ихэд сонирхон өндрөөр үнэлэн, бусад баазуудад хийж, хэрэгжүүлэхийг чиглэл болгож байсан.
Цаашилбал, цэргийн багийнхан баазын аюулгүй байдлыг хангах, инженерийн саадын системийг сайжруулах, баазтай зэргэлдээ эргэн тойронд амьдрах ард иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, хүүхдийн тоглоомын талбайг байгуулж өгсөн нь баазын аюулгүй байдлыг хангахад эергээр нөлөөлсөн байдаг. Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны түүхэнд урт хугацаанд үргэлжилсэн ажиллагаа бол Афганистанд явагдсан олон үндэстний цэргийн ажиллагаа бөгөөд АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний “Тогтвортой эрх чөлөө”, НАТО-гийн тэргүүлсэн “Олон улсын аюулгүй байдлыг хангах хүчин” болон “Шийдвэртэй дэмжлэг” гэсэн гурван үе шаттайгаар явагдсан. Үүнээс оргил үе гэж тодорхойлж болох 2009 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистан дахь олон үндэстний цэргийн ажиллагаанд АНУ, ХБНГУ, Бельгийн Вант Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран нэг ээлждээ цэргийн таван багийг зэрэг илгээн оролцуулж байсан нь хүн ам, Зэвсэгт хүчний нөөц багатай улсын хувьд нэлээд хүчин чармайлт шаардаж байсныг эргэн санах нь зүйтэй.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анхлан илгээсэн АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 13 ээлжид 270 гаруй, мотобуудлагын хамгаалалтын ротын 22 ээлжид 2600 орчим, ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан мотобуудлагын ротын 23 ээлжид 2700 гаруй, Бельги Улстай хамтарсан нисэх зурвасын хамгаалалтын салааны долоон ээлжид 380 орчим, Нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээний сургалтын бүлгийн найман ээлжээр 50 орчим, нийт давхардсан тоогоор 6000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн нь Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, зэвсэглэл техникийг сайжруулах, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн.
Мөн цэргийн багаар үүрэг гүйцэтгэх явцад цэргийн удирдлагын бүрэлдэхүүний оператив, тактикийн түвшний мэргэжлийн ур чадвар эрс дээшилж, олон улсын эвслийн цэргийн болон бүсийн командлалуудад томилогдон үүрэг гүйцэтгэх болсон явдал юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд Ирак, Афганистанд явагдсан энхийг дэмжих ажиллагаа нь Монгол цэргүүд багаар үүрэг гүйцэтгэх явцдаа цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх замаар практикт тулгуурлан шийдвэрийн хувилбаруудыг боловсруулж, шийдвэрээ дахин бодит цагийн байдал дээр турших байдлаар эрсдэлийг бууруулан гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлэх, хөгжүүлэлт хийх өргөн боломжийг удирдлагын бүрэлдэхүүнд олгосон гэж үздэг. Эндээс бид өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг давхар бий болгосноор салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн.
Ирак, Афганистанд явагдсан энхийг дэмжих ажиллагааны цэрэг-улс төрийн ач холбогдол:
Монголын Зэвсэгт хүчний цэргийн баг Ирак, Афганистанд үүрэг гүйцэтгэснээрээ НҮБ, Олон улсын бусад байгууллагууд, дэлхийн тэргүүлэгч гүрнүүд болох АНУ, ОХУ, БНХАУ, мөн ХБНГУ, Япон, Солонгос, Энэтхэг, Франц зэрэг орноос Монгол Улсад хандах хандлагад эерэг нөлөө үзүүлсээр байна. Энэ нь алсдаа Монгол Улсын Зэвсэгт хүчин шаардлагатай тохиолдолд эвслийн хүчнээс цэрэг-улс төрийн дэмжлэг хүсэх эрхээ баталгаажуулсан хэрэг юм. Монгол Улс дэлхий дахины энхийн үйлсэд хувь нэмрээ оруулсаар ирсэн өнгөрсөн 20 жилийн хүчин чармайлт нь манай төр, засгийн алсыг харсан зөв бодлого, тодруулж хэлбэл, зарим судлаачдын үзэж томьёолсноор Зэвсэгт хүчний энэхүү шийдвэр нь “жижиг улсын том бодлого” болжээ.
Цэргийн удирдлагын бүтэц, тогтолцооны шинэчлэлд оруулсан хувь нэмэр:
Энхийг дэмжих ажиллагааны мэргэжсэн бүрэлдэхүүнтэй анги, салбаруудын дараагийн шатны хөгжил нь Монгол Улсын Зэвсэгт хүчний жинхэнэ мэргэжлийн гэгдэх Тусгай хүчний цэрэг үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн явдал юм. Зэвсэгт хүчний удирдлагаас бие бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг, бие даан үүрэг гүйцэтгэх жижиг нэгжүүдийн маневрлаг, өндөр чадавхтай болгох зорилтыг тавин ажилласнаар Монголын Зэвсэгт хүчний офицерууд олон үндэстний штабт ажиллах ур чадвар нэмэгдэж, түүгээр дамжин харилцан ажиллагаанд оновчтой “G” /Ж/ систем бүхий цэргийн штабын бүтэц, зохион байгуулалтыг нэвтрүүлэн хөгжүүлэх, цэргийн мэргэжлийн болон ажиллагааны удирдлагын зааг ялгааг тогтоон, хөгжлийн баримт бичгүүдэд хөгжлийн чухал заалтуудыг тусган хэрэгжүүлж ирсэн нь өдгөө бидний мэдэх “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт уламжлагдан тусгагдаж, төрийн цэргийн байгууллагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.
Тэрчлэн АНУ-ын Төвийн командлалд үүрэг гүйцэтгэсэн генерал, офицерууд АНУ төдийгүй НАТО-гийн орнуудтай стратегийн судалгаа, цэргийн ажиллагааны төлөвлөлтийг хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний гадаад харилцаанд холбогч гүүр болж, хамтын ажиллагаагаа бусад оронтой өргөжүүлэн шинэ түвшинд гаргахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Улмаар өөрийн цэргийн багуудын стратегийн удирдлага, төлөвлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх, үндэсний командлалыг АНУ, Польш, Германы талын стратегийн болон оперативын командлалтай холбох, шаардлагатай мэдээллээр цэргийн дээд удирдлагыг хангах, өөрийн цэргийн багуудын тулгамдсан асуудлыг талуудтай харилцан зохицуулж, шийдвэрлэх үүргийг амжилттай хэрэгжүүлсэн. Цаашид цэргийн хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр салбарын гадаад харилцаа улам бүр хөгжиж, цэргийн идэвхтэй харилцаатай орны тоо өнөөгийн байдлаар 39-д хүрсэн ба цэргийн зэвсэглэл, техникийг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэхэд ахиц гарч, Монгол Улсын гадаад бодлого, харилцаанд эерэг нөлөө үзүүлсээр байна. Түүнчлэн 2006 оноос хойш НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд манай улсын 980 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч бие даан болон цэргийн багуудад үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ нь НҮБ-ын энхийн ажиллагаанд цэрэг хандивлагч нийт 126 улс орноос нийт энхийг сахиулагчдын тоогоор 24, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар манай улс Ази тивдээ тэргүүлж буй нь бидний бахархал билээ. Мөн эвслийн цэргийн ажиллагаан дахь орнуудын харилцан итгэлцэл өндөр түвшинд хүрч Зэвсэгт хүчний зүгээс бас нэг зоримог алхам хийсэн нь анх удаа эмэгтэй цэргийн алба хаагчдыг Афганистан руу илгээсэн явдал юм. ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан хамгаалалтын ротын бүрэлдэхүүнд анх удаа эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээр эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо нэмэгдсэн. Энэ нь манай салбарын хувьд энхийг дэмжих ажиллагаагаар дамжин жендерийн асуудлыг эртнээс онцгойлон анхаарч, тууштай дэмжиж ирсний илрэл юм.
Цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоонд оруулсан хувь нэмэр:
Монгол Улс Ирак, Афганистанд цэрэг илгээснээрээ НАТО-гийн сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн, НАТО-гийн Сургалтын хөдөлгөөнт болон төслийн багууд нь манай улсын энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв, цэргийн сургууль, академи зэрэг цэргийн дээд боловсрол олгож буй байгууллагуудтай хамтран ажиллаж, НАТО-гийн стандарт, цэргийн дээд шатны удирдлага, зохион байгуулалт, хамтын ажиллагааны талаар хамгийн сүүлийн үеийн тодорхой мэдлэгийг олгож, харилцан туршлага солилцдог болжээ. Цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг бодит байдалд ойртуулахын тулд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний сургалтын бүлэг ажиллагааны газар оронд хэрэглэгдэх өөрсдийн зэвсэг, техникийг ашиглан Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалд зохион байгуулж ирсэн нь манай алба хаагчдад өгөөжтэй, бидний хувьд шинэлэг, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж, үүрэг гүйцэтгэлтэд үр дүнгээ өгсөн.
Үүний нэгэн адил Монголын Зэвсэгт хүчин өөрийн артиллерийн болон нисдэг тэрэгний сургалтын хөдөлгөөнт багаа илгээж Афганистаны үндэсний армийн офицер, гэрээт цэргүүдийг сургаж бэлтгэсэн нь анх удаа хилийн чанадад сургалтын багаа явуулсан тохиолдол ба манай улсын цэргийн мэргэжилтнүүдийн заах арга зүйг нэмэгдүүлсэн ач холбогдолтой байв.
Энхийг дэмжих ажиллагааны бэлтгэл, сургалт нь цэргийн алба хаагчдын болон байгууллагын үүрэг гүйцэтгэл, чадавхыг нэмэгдүүлэхэд голлон чиглэгддэг учраас хуулиар хүлээсэн Зэвсэгт хүчний үндсэн үүргийн бэлтгэлжилтэд онцгой ач холбогдолтой юм. Ялангуяа энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бүрэлдэхүүний дийлэнх хэсэг нь ахлагч нараас бүрдэж байна. Энэ нь Монголын Зэвсэгт хүчин мэргэжлийн армийн жишигт ойртож байгааг харуулах нэг үзүүлэлт мөн билээ.
Цэргийн ар тал, хангалтын шинэчлэлд оруулсан хувь нэмэр:
Цэргийн алба хаагч, багуудын үүрэг гүйцэтгэх газар орны онцлог, цаг агаар, улирлын байдлаас шалтгаалж хүнс, хувцас хэрэглэлийн нэр, төрөл, материалын чанар, хангалтын арга, хэлбэрт эрс өөрчлөлт орж, дэлхийн бусад орны жишигт нийцүүлэн сайжирч байна. Тухайлбал, урьд нь мөрдөж байсан хүнсний нормд нэмэлт өөрчлөлт оруулж, хүнсний бүтээгдэхүүний нэр, төрлийг 45-аар буюу 1.7 дахин, цэргийн алба хаагчийн гүйцэтгэх үүргийн онцлогт нийцсэн, эрүүл зөв хооллоход чиглэсэн нормын тоог 4-өөр тус тус нэмэгдүүлсэн, цаашид ч мөн шаардлагатай өөрчлөлтийг хийхээр байна. Мөн цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, хэрэглэлийн нэр төрөл, зориулалт, загвар, хийц үндсэндээ бүрэн шинэчлэгдэж, орчин үеийн чиг хандлага, гүйцэтгэх үүргийн онцлогт нийцэх болсон. Ажиллагааны хүнд нөхцөлөөр туршигдсан цөлийн шар гутлыг өдөр тутмын хангалтад оруулж, цэргийн алба хаагчдын ахуйн хэрэглэл, хээрийн нөөшилсөн хүнс шинэ шатанд гарсан, орчин үеийн шаардлагад нийцсэн агсамж, хантааз, байгаль, цаг агаарын ямар ч нөхцөлд өмсөж болох хүрэмтэй болж, нөгөө талаараа олон улсын жишигт хүрэхүйц үндэсний үйлдвэрлэгчидтэй болж хөгжихөд түлхэц үзүүлсэн гэж үзэж болно.
Түүнчлэн цэргийн анги, байгууллагын хотхоны стандартыг шинэчлэн, гадаадын цэргийн баазуудын жишиг байдлаар өөрчлөн, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчныг сайжруулахын зэрэгцээ хоол үйлдвэрлэл, үйлчилгээний соёл нэвтэрч, бие бүрэлдэхүүн анги, салбартаа ая тухтай байх, үүрэг гүйцэтгэлтийн үед сэтгэл хоёрдолгүй байх зэрэгт эерэг үр дүнг үзүүлээд байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд Ирак, Афганистанд явагдсан энхийг дэмжих ажиллагаа нь чухал нөлөө үзүүлсэн байна. Монгол цэргүүд багаар үүрэг гүйцэтгэх явцдаа олзворлосон мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх замаар практикт тулгуурлан шийдвэрийн хувилбаруудыг боловсруулж, шийдвэрээ дахин бодит цагийн байдалд турших байдлаар эрсдэлийг бууруулан гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлж ирсэн нь бид өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг давхар бий болгож чадсан.
Монгол Улс 2003 оноос цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулсан энэхүү 20 жилийн хугацаанд гаргасан хичээл зүтгэл, байгуулсан алдар гавьяа, хуримтлуулсан арвин их дадлага туршлага нь Монгол Улсын хөгжлийн нэгэн тулгуур багана болсоор ирсэн төдийгүй цаашид ч улам бүр батжин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна.
Өдгөө монгол цэргийн цагийн байдлын болон цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх мэргэжлийн өндөр ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, чанд хатуу сахилга бат, тэсвэр хатуужил, идэвх зүтгэлтэй үйл ажиллагааны үр дүнд бид “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх нэр хүнд, өндөр хариуцлагыг хүлээсэн нь Зэвсэгт хүчний хөгжил, дэвшлийн тод илэрхийлэл болж байна.
ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.ӨСӨХБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Гадаадад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудын захирагч нар гэж новшийн амьтад ээлжээс ирэнгүүтээ БХЯ, ЗХЖШ-ын дарга нар болох бүх генералуудынхаа өрөөгөөр бэлэг сэлт барьж ордог нь үнэн шүү. Тэр хэмжээгээрээ алдар цол албан тушаалыг худалдаж авдаг нь чухам үнэн.Энэ Өсөхбаяр ч тэдний нэг. ХБНГУ-д Цэргийн академи төгссөн хэрнээ ирэнгүүтээ Дотоодын ҮБХИС-ийн БХУдирдлагын академи төгссөн.ХБНГУ-д юу сурч ирсэн юм бол. Аягүй бол төгсөөгүй ч ирсэн байж магад. Манай дарга тухайн төгсөгчийн диплом олж авсан мэдлэг чадвар чухал биш өөрт нь өгөх бэлэг сэлт хээл хахууль л чухал байдаг. Анги байгууллагуудаар энэ генерал явахдаа мөнгөн аяга бэлгэнд авдаг.Ер нь ганц энэ ч биш Батлан хамгаалахын бүх дарга нар бэлэг сэлтэнд дуртай.Ангиудын туслах аж ахуйн генерал хурандаа нарын цуслах аж ахуй болсон. Өвлийн идшээ ангиудаас бэлдүүлдэг.