Цэрэг дайчид гэхээр л орон нутгийнхаа хөрөнгө оруулалтаар туслуулах гээд гүйж явдаг, цэрэг татлага болохоор төр, ард түмний холбогч нь болж, Зэвсэгт хүчнээ сурталчлан дайчилгааны хүний нөөцийг бүрдүүлж гүйдэг Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүрт мөрдэс нэгт нөхөд, сайхан сэтгэлт түмэн олны тусламж юу юунаас илүү хэрэгтэй боллоо.

2023 оны гуравдугаар сард элэгний цироз хэмээх өвчнөөр оношлогдож, гадаадад цаг алдалгүй яаралтай эмчлүүлэхэд 200-250 сая төгрөгийн зардал шаардлагатай болсон тул та бүхнээсээ тусламж хүсэж байна.
Дэд хурандаа Б.Оюунтүлхүүр нь Зэвсэгт хүчинд 24 дэх жилдээ алба хааж байгаа, ажлын гараагаа 2003 онд Зэвсэгт хүчний 234 дүгээр ангиас эхлүүлсэн офицер. Тэрээр Орхон хүрээний цэргийн анги байгууллага бүртээ нутгийн удирдлагуудаас тусламж дэмжлэг үзүүлэхэд гүүр нь болж, хүний төлөөх, албаныхаа төлөөх сэтгэлтэйгээрээ онжавууддаа төдийгүй Зэвсэгт хүчиндээ танигдсан залуу. Саяхандаа л гэхэд Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид иж бүрэн хөгжмийн зэмсэгийг орон нутгаасаа гаргуулж, Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа дайчны гэр бүлд иж бүрэн өргөө цагаан гэр олгуулсан гээд түүний ажлаасаа гадна бусдын төлөөх үйлс нь хязгааргүй билээ. Бидний онжав одоогоор Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул Зэвсэгт хүчний мөрдэс нэгт нөхөд, ҮБХИС-ийн үе үеийн төгсөгчид, энхийг сахиулагч дайчид, сайхан сэтгэлт түмэн олныг найзад минь амьдрал бэлэглэхийг хичээнгүйлэн хүсэж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Сэтгэгдэл0