Өчигдөр жижүүрээр томилогдон ээлжид гараад хоёрхон цагийн нойр авсан Б.Оргилын бие нозоорно, унтмаар санагдана. Өнөөдөр Нээлттэй өдөртэй болохоор эргэлтээр ирэх аав ээж, ахан дүүсээ хүлээн догдолж байгаа нөхдийнхөө өмнөөс баярлавч гэрээс нь хэн нэгэн ирж амжихгүй гэсэн учир сэтгэл бүр гундуухан. Гэтэл жагсаалын талбай зүглэн ирж яваа олны дунд цэв цэнхэр хувцастай хайртай өвөө нь алхаж явааг харлаа. Аньсага чийгтээд ирэв. Ахиулан сайн харвал найз охин нь яаран яаран алхана. Тэгмэгц өөрийн эрхгүй тэргүүн өргөж, харц төв алсыг харан цэгцэрч, биеийн судас шөрмөс чангарч, нойр сэргээд ёстой л “чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө үхье гэж эх орондоо хэлмээр” санагдаж, цээж огшоод ирэв. Насаараа цэргийн дарга явсан өвөө Б.Баатархүү нь хэзээний л сүрдэм, ихэмсэг төрхтэй ч зээ хүүгээ олж хараад нулимсаа барьж дийлэлгүй сууна. Өвөө хүүдээ ямар том бэлэг, яасан их эрч хүч авчирснаа өөрөө ч үл мэднэ. Ангийн охин, алдрайхан хайр минь...
Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар оюутнуудтай уулзах үеэр залуучуудын гаргасан арван чухал асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан. Иймээс энэ жил Засгийн газрын шийдвэрээр хамрагдах оюутныг 1500 болгож нэмэгдүүлсэн нь нийгэмд эрэлт хэрэгцээ нь өндөр байгаа “Оюутан цэрэг”-ийн үйл ажиллагааг улам өргөжүүлжээ.
Тэгээд ч цэргийн мэргэжлийн боловсрол олгох сургалтын хээрийн гаралтыг Улаанбаатар хотод хоёр, хөдөө орон нутагт тав, нийт долоон төвөөр зохион байгуулаад хагас сарын хугацаа өнгөрч байна. Амралтын өдрөөр зохион байгуулсан Нээлттэй өдөрлөгийн үеэр бид Шархадны сургалтын төв болон Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг түшиглэн зохион байгуулж байгаа хээрийн гаралтын сургалтын үйл явцтай танилцаж, оюутан цэргүүд болон тэдний эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонирхсон юм. Оюутан цэргүүдийн онолын бэлтгэл сургалт хоёр сарын хугацаанд МУИС, ШУТИС, ХААИС-д зохион байгуулагдах үеэр оюутнуудтай уулзсан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үе тэнгийнхнээсээ сурлага хөдөлмөр, харилцаа хандлагаараа шалгарсан шилдэг залуустаа Монгол Улсын иргэний үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй хааж, эх орны хүндэт алба болсон цэргийн албанд шамдан буйд баяр хүргээд энэ дөрвөн сарын хугацаанд олон аавын хөвгүүдтэй хамт хичээллэж, хээрийн гаралтад гарч, найзалж нөхөрлөж, багаар ажиллах чадварт суралцаарай гэж чухалчлан захихыг сонордсон, цагаан цамц, хар зангиагаар ижилссэн залуучууд өнөөдөр жагсаалын талбайд цэрэг хувцастай жигдрэн зогсож, хээрийн салхинд хөрслөг бор болж, цэргийн бэлтгэл эр бие жагсаж, цог золбоотой харагдана. Оюутан цэргүүд цэргийн боловсрол олгох хээрийн гаралтаар 11 төрлийн мэргэжил эзэмшихээс гадна хувь хүний зохион байгуулалт, тэсвэр хатуужил, бие бялдрын хөгжил гээд олон чадварыг олж авна.
Төмөр замын политехникийн коллежийн дөрөвдүгээр курсийн оюутан, IV ротын II салааны бага дарга Дүгэрсайханы Тэлмэн, байлдагч Дүгэрсайханы Тэргэл гэж ихэр цэрэгтэй уулзлаа.
Вагоны инженер, ашиглалтын инженер болохоор суралцаж буй залуус маань “Оюутан цэрэг”-ийг алдаж болохгүй алтан боломж гэсэн юм. Оюутны он жилүүддээ давхар цэргийн албаа хааж, олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэж, цэргийн дүрэм журам болон бие даах чадварт суралцан, сэтгэл зүйн хат сууж, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болоод амжиж байгаа болохоор гэж нэмж тайлбарлалаа. 2017 онд “Оюутан цэрэг”-т хамрагдсан байрны ахынхаа “гол нь онц сур” гэсэн зөвлөгөөний дагуу арван жилийн сурагч байхаасаа хичээсэн тэдний хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөл талаар болсонгүй. Өнөөдөр цэргийн албанд хоёулаа зогсож байгаадаа үнэхээр баяртай байгаа нь харцнаас нь андашгүй байлаа.
“Цэрэг гэдэг зэрэг юм” гэсэн үгийн утгыг бодитоор мэдэрч байгаагаа хэлээд “Хий гэснийг хийгээд, бай гэсэн газар байгаад, хичээж мэрийхэд цэргийн албанд элдэв бэрхшээл, хэцүү хатуу зүйл огтхон ч алга” гэж цоглогхон өгүүлсэн хөвгүүд хүний дайтай өсгөж хүмүүжүүлсэн аав ээждээ баярлаж, талархаж явдгаа илэрхийлж, харин хүлээж суугаа найз охиддоо хайртай гэдгээ цэргийн сониноор маань шувуу болгон дайлаа.
Ер нь номын дуу сонсож, их дээд сургуулийн орчинд байж байгаад ирсэн залуусын хэнтэй нь ч уулзсан яриа хөөрөө тохь, өөрийгөө илэрхийлэх чадвар сайн, харилцаа хандлага эерэг төвшин байдал нь өөрийн эрхгүй анхаарал татаж байлаа. Жаахан бүрэг ичимтгий нэг нь сургалтын энэ багахан хугацаанд ч гэлтгүй өөрчлөлт ордгийг найз залуугаа эргэж ирсэн “Их засаг” их сургуулийн оюутан Д.Энхжингийн ярианаас анзаарлаа. Тэр “Найз залуугаа санаад шөнө орондоо уйлдаг байлаа. Утсаар ярьж, интернэтээр холбоо барьж болохгүй болохоор улам санадаг. Хайр маань их борлосон байна, жинхэнэ эр хүн шиг гоё, үг хэл нь цэгцтэй болсон байна” гээд эрхлэнгүй харлаа. Түүний найз залуу байлдагч Б.Итгэл мөн “Их засаг” их сургуульд Олон улсын эрх зүйч мэргэжлээр сурдаг. Тэрээр ард амьдралд их дураараа нөхөр байснаа нуулгүй хэлж, энд ирээд илүү хариуцлагатай, басхүү хүнтэй харьцахдаа нээлттэй болж байгаа өөрчлөлтөө өөрөө ч анзаарчээ.
.jpg)
Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой “Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн есөн жилийн хугацаан 7000 гаруй оюутан суралцагчийг хамруулан цэргийн мэргэжил олгож, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгээд байна. Тэдгээр залуусын 60 гаруй хувь нь төрийн албанд ажиллаж байна гэж бодохоор залуу үеийнхэнд ямар их хэрэгтэй, үр дүнтэй ажил болсон нь харагдана.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах 18-25 насны залуус маань их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр курст суралцдаг, сургалтын голч дүнгийн шаардлагыг хангасан, цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах хүсэл сонирхолтой байхаас гадна эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн хувьд өөртөө хатуу шаардлагатай байхыг хээрийн гаралт, сургалтыг удирдан хэрэгжүүлж, оюутан цэргүүдтэй тулж харьцаж байгаа офицер, ахлагч нар чухалчлан захиж байна лээ
Мөн уг хөтөлбөрт хамрагдсан залуус эрүүл амьдралын хэв маягт суралцаж, тамхи татах, утсанд донтох, эрүүл бус хооллох зэрэг хорт зуршлаас татгалзахад хангалттай хугацаа болох талаар эцэг эхчүүд өгүүлж байсан. Хийжүүлсэн ундаа, түргэн хоолонд донтсон илүүдэл жинтэй залуу “Оюутан цэрэг”-ийн анхны сургалтад хамрагдаад, халагдахдаа жин хасаж, сэтгэл зүйн хувьд эрүүлжиж чадсандаа баярлаж, эцэг эх нь ч тусгайлан ирж талархаж байсныг уг сургалтын анхны ээлжид багшилж байсан сургагч ахлагч А.Баяртогтох дурсаж байсан юм. Сүхбаатар аймгийн Онгон сумаас урд шөнө ирсэн А.Алтансаргай эмээ болон түүний охин, ач зээ нийлсэн нэгэн гал анхаарлыг минь татсан учир очиж яриа өдлөө. Тоолбол нас, төөлбөл бие чацуу тэрсхэн залуус бүгд эмээгийн ач зээ гэнэ. Түүний ач хүү С.Эрдэнэбаатар нь 2017 онд “Оюутан цэрэг”-т алба хаасан бөгөөд одоо алба хааж буй зээ хүү М.Пүрэвсүрэнгээ эргэж ирээд байгаа нь энэ. Цэргийн мэргэжлийн номын дуу сонсож, бэлтгэл сургуулилтдаа хамрагдсан хоёр сар гаруйхан хугацаанд хөрслөг бор царайтай, булчин сууж буй хөөрхөн цээжтэй, хэвлүүхэн яриа хөөрөөтэй болсон төдийгүй “Онц буудагч” болж амжсан зээгээрээ эмээ бахархана.
Зургаан жилийн өмнө ШУТИС-ийн оюутан байхдаа Шархадны сургалтын төвд “чацга” ногоон хувцастай, бакалтай жагсаж явснаа С.Эрдэнэбаатар дурсаад уг хөтөлбөрөөс маш их зүйл сурч, амьдралаа өөр өнцгөөс харах боломж олгосон төдийгүй сургалтаа дүүргээд өөрийн хүслээр Батлан хамгаалахын их сургуульд элсэн суралцаж төгсжээ.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн үеэр тэр өөрийгөө хүмүүстэй харьцах төрлийн хүн гэдгээ таньж, их сургуулиа төдийгүй ирээдүйн хүсэл мөрөөдлөө хөрвүүлж, инженер бус нийгмийн чиглэлээр ажиллаж байна. Архаг оюутан цэрэг маань I ротын I салааны хамгийн урд алхаж яваа дүүгээ хараад “Батальон миний дүүгийн араас алхаж явна” хэмээн бахархжээ. “Их засаг” их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан М.Пүрэвсүрэн эхний арав хоног жагсаалын бэлтгэлдээ ихэд шамдсан нь талаар болсонгүй, “жагсаалын чиглүүлэгч”-ээр томилогджээ. Түүнд галын бэлтгэл, 5 км-ын марш ихэд таалагдаж байгаа гэнэ. Болдог бол аранз, буугаа үүрээд байлдмаар л санагдаж байна гээд цагаахан инээмсэглэж байна. Инээхэд нь тэгшхэн цагаан шүднүүд нь тодхон ялгарч харагдах нь нүүрний арьс нь нэлээд борлосныг илтгэнэ. “Арван минут ч зүгээр зогсож чаддаггүй тэвчээргүй нэгэн байсан бол одоо хоёр цаг ч хөдөлгөөнгүй номхон зогсож чадна гэж итгэл дүүрэн өгүүлнэ билээ. Бас нэг хөгжилтэй зүйрлэл хэлсэн нь гэрийнхнээ багагүй инээлгээд авав. “Цагийн хоолондоо одоо л дасаж байна. Хооллох цаг дөхөөд ирэхээр л өлсөх мэдрэмж төрөөд “шар гэрэл” асна. Хоолондоо ороод “банкаа дүүргэж” аваад биеэ цэнэглэчихнэ. Дараагийн хоол хүртэл дажгүй” гэсэн залуу гэртээ байхдаа гэдэс иддэггүй байсан гэнэ. “Одоогоор гэдсэн хоол өгөөгүй л байна, өгвөл иднэ дээ” гэж сөргүүлж асуухаас минь өмнө өөрөө хариулчихна билээ.
.jpg)
Тэрбээр өмнө нь “Төрийн дуулал”-аа тогтож ер анзаарч байгаагүй гээд “Өглөө “Зэрэгц, дундаа” командтайгаар төрийн далбаагаа мандахыг харж, Төрийн дууллаа дуулахаар өөрийн эрхгүй огшиж, нулимс цийлгэнэж, монгол хүн болж төрснөөрөө улам омогшдог. “Хайртай Монгол орноо мандуулъя аа” гэхээр л улсынхаа төлөө ямар нэг юм хийж, өөрийгөө зориулмаар ч юм шиг санагддаг” гэж сэтгэлийн үгээ хуваалцсан юм. Монгол Улсын шилдэг прокурор болох хүсэл мөрөөдөлтэй залуу маань “Манай үе тэнгийнхэн ихэнхдээ нялцганасан зантай, за би ч ялгаагүй дээ, тийм л байсан. Ер нь цэргийн албаа хаагаад үзчихсэн нь л дээр шүү гэж хэлье дээ. Өөрийгөө ч, онжавуудаа харсан ч өөрчлөлт нүдэн дээр гарсаар байна. Сургалтаа дуусгаж, тангаргаа өргөхөд бүр ч гоё болно доо” гэх нь ирээдүйдээ яаран тэмүүлэх энэ цагийн залуусын түгээмэл өнгө төрх гэлтэй.
.jpg)
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Үндсэн хуулинд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх заалтыг зөрчсөн Оюутан цэрэн хөтөлбөр. Хувь заяаны эрхээр хотын захын гэр хороололд, хөдөө сумын төвд эсвэл малчны гэрт эгэл жирийн ядуу ажилчин малчны хүү болон төрсөн нь буруудаж тэдний хүүхдүүд жилийн дөрвөн улирлын турш цэргйин албын биеэр хааж, өвлийн хүйтэн жавар, хаврын шороон шуурга, зуны аагим халуун, намрын сэрүүн бороонд даарч хөрж, халж хатууждаг. Энэ Оюутан цэрэгт зуны дэлгэр цагт 2-хон сар гурилдаж байгаа новшнууд бол эх орноо хамгаалах иргэнйи үүргээ биелүүлэхийн тулд биш төрийн албанд орж авлигач болохын тулд хаамаар аядаж байгаа юм. тэгээд ч энэ хөтөлбөрт хамрагдах гэж бөөн хээл хахууль болдог нь нууц биш.
Энэ оюутан цэрэг гэж ард тумнээ доромжлосон лоожон маягийн юмаа болиоч, хэрэв хаахгуйд хурвэл эд нараар 10 сая толуулж, эх орондоо ашиг оруул, тэр байтугай нэг жилийн цэргийн албаа болиулж, 2 жил болгон цэргийн тоог нэмэгдуулж, их орны бутээн байгуулалтанд оролцуул, угаасаа тор засаг лоозон маягийн ажил хийж байхаа боль!!! Дандаа оорсдийнхоо сонгуулийн ажилд зориулсан эх орныхоо хогжил дэвшилд садаа болсон ажил хийдгээ та нар боль!!!