sonin.mn
“3ууны мэдээ” сонины энэ удаагийн “Би номныхоо тухай” буланд Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, зохиолч М.Уянсүх уригдаж, “Аварга мод” романыхаа содон, сонирхолтой ертөнц, утга агуулгыг хүргэлээ.
 
“Аварга мод” бол миний анхны роман
 
-Эхлэл нь аль 1990-ээд онд тавигдсан гээд бодохоор бас хамгийн удаан бичигдсэн зохиол гэж боддог. Юу гэхээр, би анх 1991 онд нэг тууж бичих гэж үзээд бүтэлгүйтсэн юм. Тухайн үедээ бүтэн жил тойрон нухсаар байгаад 1992 оны хавар бичиж дуусгасан боловч өөрт минь нэг л гологдоод байхаар нь устгасан. Зарим гар ноорог нь одоо ч бий. Устгасан тэр туужийн санаанаас хожим нь “Жаргах нарны туяа”, “Гөрөөчний намар”, “Ин уулын домог” гэсэн гурван том өгүүллэг бичсэн.
 
Энэ гурав нийлээд “Хуучин ертөнцийг томъёолсон тэмдэгт үгсийн хураангуй” нэртэй гурван бүлэгт зохиол болсон нь бараг бэсрэг туужийн хэмжээтэй. Өөрөөр хэлбэл би анхнаасаа маш өвөрмөц нэг тууж бичих тухай их удаан бодож явсан болохоор “Хуучин ертөнцийг томъёолсон тэмдэгт үгсийн хураангуй”-гаа бичээд санасандаа хүрлээ л гэж бодсон юм.
 
Гэтэл тэр зохиол маань дахин задраад “Аварга мод” романы дэд дэвтэр болсон. Ер нь би роман бичих тухай огт бодож байсангүй. Туурвил зүйн тийм нүсэр төрөлд өөрийгөө сорьж үзнэ гэхээс зүрхшээж халирдаг байлаа. Өгүүллэгийг бол 1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр анх бичиж эхлэхдээ маш товч бичих гэж хичээдэг байв. Гэсэн ч нас ахих тусам зарим өгүүллэгүүд маань урт бичигддэг болов. Бас яг тэр үеэс эхлэн Г.Аюурзана зохиолч таарах болгондоо л “Одоо нэг роман бичиж үз ээ. Яг бичдэг үе шүү” гэдэг байв. Тэгэхэд нь би “Өө, тэр тухай ёстой бодож үзээгүй, би барахгүй байх аа” гэдэг байлаа. Гэсэн атлаа дотроо роман бичих тухай хааяа бодно. Тэгэж явсаар 2017 онд юу нь бүү мэд, нэг юм ноороглож эхэлсэн нь “Аварга мод” роман.
 
30-аад жилийн эрлийн үр дүнд бүтсэн зохиол
 
-Эхлээд би “Тэргэл сар ба хөх хулгана” нэртэй бэсрэг роман бичсэн юм. Дэд дэвтрийн тухайд бүр зүүдлээ ч үгүй явлаа. Гэтэл романаа хэвлэлд өгөхөөр шийдсэн яг тэр өдөр дэд дэвтэр бичих санаа толгойд орж ирэхэд эхлээд гайхаж, дараа нь эргэлзэж, сүүлдээ бичиж дийлэхгүй гэж өөрийгөө ятгаж үзээд нэмэр болоогүй. Одоо бодоход уран бүтээлийн тавилан гэж байдаг бол “Аварга мод” роман тэр тавиланг туулсан мэт санагддаг. Товч хэлэхэд “Аварга мод” романыг 30-аад жилийн эрлийн үр дүнд бүтсэн зохиол гэж хэлж болно.
 
Үйлд явдлын хувьд өөрийн үзэж туулсан амьдралаас ургуулж бичсэн болохоор уншигчдын сэтгэлд илүү хүрсэн байх гэж боддог. Уншигчид надаас “Зохиолд гарч байгаа амьдрал таны амьдрал мөн үү” гэж их асуудаг. Түүнд нь би “Яг миний амьдрал биш, амьдралаасаа ургуулж бичсэн зохиол” гэж хариулдаг.
 
Түүнээс гадна роман хэвлэгдсэнээс хойш их олон уншигч Дархан хотыг зорин ирж, Толгойт хороолол, гол баатрын явдаг зам, Модот гудамж, шүлгийн сандлыг үздэг болсонд баярладаг. Зохиол маань зарим талаар ээдрээтэй ч амин сүнс нь бодит амьдралаас, зүрх сэтгэлийн гүнээс төрсөн болохоор уншигчдад ойр байдаг юм болов уу даа.
 
“Аварга мод”  олон сүлжээс бүхий зохиол
 
-“Аварга мод” роман бол яруу найрагч болохыг мөрөөдөж тэмцсэн жирийн нэг эрийн туулж яваа амьдралаар дамжуулан ертөнцийн сав шим хийгээд хүний оршихуйг гүнзгий эргэцүүлэхийг хичээсэн бүтээл. Мөн хувийн намтар, дурсамж, түүхийн бичвэрүүд, яруу найраг, шашин, гүн ухаан, хайр дурлал, үлгэр домог, хууч яриа, сонгодог зохиолуудын эшлэл гээд олон сүлжээс бүхий зохиол. Анхны хэвлэл нь дууссан энэ зохиолыг “Чимээ” хэвлэлийн газраас өнгөрсөн онд дахин хэвлэсэнд талархаж явдаг. Түүнээс гадна “Аварга мод” романаа бичиж дуусангуут би дахиад роман бичихгүй гэж өөртөө бараг ам тангараг тавих шахсан юм. Магадгүй, маш их зовж зүдэрч байж энэ зохиолоо бичсэн болоод тэгсэн байж мэднэ. Тэглээ гээд бас л миний дур зоргоор болсонгүй. Анхны романыхаа дараа “Үр нахиа”, “Оройн дээд” романуудаа хэвлүүлээд, одоо дахиад нэг романаа хэвлэлд өгөх гээд сууж байна. Анхны романаасаа авсан урам зориг минь надад тийм их эрч хүч хайрласан байх, бас “Аварга мод” романаа санасан хэмжээндээ бичиж чадсан гэж өөртөө итгэж, түүндээ урамшсан байх. Тэгэхээр яадаг ч байсан нэг хэсэгтээ роман биш гэхэд, тууж бичиж үздэг ч юм уу гэсэн шүү бодож сууна даа.  
 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин