sonin.mn
I. Метамодернизм
 
Та бид их сонирхолтой цаг үед амьдарч байгаа билээ. Энэ цаг үе юугаараа сонирхолтой вэ? гэхээр чухамхүү яг энэ цаг үед дэлхийд бүхэл бүтэн шинэ чиг хандлага бий болж, нийгмийн харилцаа, хүний амьдралыг улам бүр хүчтэй тодорхойлж эхэлж байна.
 
Энэхүү чиг хандлагыг “Метамодернизм” хэмээн нэрлэх аж. “Метамодернизм” хэзээ эхэлсэн бэ? гэдэг талаар олон санаа бодол байдаг. 2010 онд Нидерланд болон Норвегийн хоёр эрдэмтэн “Метамодернизм” гэсэн гарчигтай ном бичсэнээр энэхүү нэр томъёо харьцангуй сайн хүлээн зөвшөөрөгдөж, эрдэмтэн судлаачид түүний тухай идэвхтэй ярьж, бичиж эхэлсэн байна.
 
Тэгвэл “Метамодернизм” гэж юу вэ? Энэ үгийн “Мета” хэмээх угтвар нь “Дундах”, “Хоорондох” гэдэг утга санааг илэрхийлнэ. Тэгвэл “Метамодернизм” юуны “дундах”, “хоорондох” урсгал вэ? “Метамодернизм” бол 18-р зуунаас буюу Рене Декартын “Би бодож байна, би эргэлзэж байна, тийм учир би оршиж байна” хэмээн хэлсэн үгээр эхэлж, Дэлхийн 1-р болон 2-р дайны дундах үед мухардалд орсон гэж тооцогддог “Модернизм” хэмээх урсгал болон түүнийг үгүйсгэн залгаж гарч ирсэн “Постмодернизм” хэмээх урсгалын “дундах урсгал” мөн ажээ.
 
“Модернизм” бол шинжлэх ухаан нийгэмд ихээхэн чухал байр суурь эзлэнэ хэмээн үздэг урсгал мөн. “Модернизм”-ийн үед аливаа юм хөгжин дэвшинэ, эрдэм боловсролтой хүн хөгжлийн хөдөлгөгч хүч мөн, ирээдүй өнөөдрөөс илүү сайн сайхан болно гэсэн ойлголт давамгайлж байсан байна.
 
Харамсалтай нь өнгөцхөн харахад эдгээр зөв мэт санагдах үзэл бодол явсаар “нэг үнэн байна” гэсэн логик дүгнэлтэд хүрч, нэг үнэн фашизм, коммунизм зэрэг хэлбэрийн дарангуйлалыг төрүүлж, шинжлэх ухааны хөгжил дэвшил сайн сайхан ололтуудын зэрэгцээ цөмийн зэвсэг үйлдвэрлэж, цөмийн зэвсгийг хэрэглэснээр олон зуун мянган хүний амь нас эрсдэж, эрчимтэй хөгжлийн хойноос улайран хөөцөлдсөнөөр байгал орчин сүйтэж, өнөөдөр газар дэлхий, хүн төрөлхтөн экологийн гүн гүнзгий хямралт байдалд орсон байна. Ерөнхийлвөл “Модернизм” сайн зорилгод хүрэхийн тулд муу арга хэрэглэж болно хэмээн үзэх бөгөөд энэ урсгал ирээдүй рүү тэмүүлнэ. “Модернизм”-ын сайн зорилгод ямар ч хамаагүй аргаар хүрэхийг хүлээн зөвшөөрдөг чиг хандлага хөгжил дэвшилд биш харин мухардалд оруулжээ.
 
Энэ бүх сөрөг байдлыг даван туулахын тулд “Постмодернизм” хэмээх урсгал гарч ирсэн байна. “Постмодернизм”-ын үед үнэн байхгүй, худал байхгүй, тухайн цаг хугацаанд таалагдсан үг, үйлдэл үнэн болно, таалагдаагүй нь худал болно, гэхдээ энэ хоёр хэзээ ч байраа солих боломжтой хэмээн үзнэ.
 
“Постмодернизм” хөгжил дэвшил байхгүй учир зорих зорилго байхгүй, харин үйл явц чухал хэмээн үзнэ. Түүнчлэн үг, үйлдэл зөвхөн тоглоом мөн учир аливаад ихээхэн доог тохуутай хандана.
 
“Постмодернизм”-ын үеийн хүн бол нарцис хүн, тэрээр өөртөө хүчтэй дурласан байх бөгөөд алхам тутамдаа өөрийгөө “селфиднэ”. Энэ цаг үед улс төр, нийгэм, эдийн засгийн байдал байнгын хямралтай байдалтай байна.
 
“Постмодернизм” одоо цаг үеийг илүү чухалчилна. Эцэстээ “Постмодернизм” “нигилизм” буюу бүхнийг үгүйсгэсэн үзэл болон хувирснаар мухардалд орно.
 
“Модернизм”, “Постмодернизм”-ын аль аль нь мухардалд орсон учир энэхүү хямралт байдлаас гарахын тулд шинэ гарц шаардагдах нь аргагүй. Энэхүү гарцын нэр нь “Метамодернизм” юм.“Метамодернизм” нь “Модернизм” ба “Постмодернизм”-ын дундаас шинэ “синтез”-ийг бий болгож байгаа юм. Энэхүү синтезийг аль аль урсгалын сайныг нь авч, мууг нь орхиж байгаа хэмээн хэт хялбаршуулан ойлгож үл болно. “Метамодернизм” хэмээх энэхүү синтез нь илүү нарийн, илүү ээдрээтэй үзэгдэл мөн.
 
“Метамодернизм” өмнөх хоёр урсгалын аль алиных нь шинжийг өөртөө зэрэг агуулна. Энэ нь итгэл найдвар (hope) ба идэвхгүй байдал (melancholy), цагаан цайлган байдал (naivetй) ба хэт ихийг мэдэхийн ачаалал (knowingness), бусдыг хайрлан өрөвдөх сэтгэл (empathy) ба бусдын хэрэг өөрт огт хамаагүй хэмээх хандлага (apathy), тэмүүлэл бүхий хөдөлгөөн (movement based on aspiration) ба зорилгогүй тогтуун байдал (stillness based on aimlessness) зэргийг өөртөө нэгэн зэрэг агуулж байна гэсэн үг. Харин ийнхүү өөр өөр шинж чанарыг өөртөө агуулахдаа тэдний энгийн нийлбэрийг биш харин тэдний дундаас бий болсон “синтез”-ийг илэрхийлнэ.
 
Гэхдээ хамгийн чухал нь “Метамодернизм” хөгжилд итгэх итгэлийг сэргээж байна хэмээн хэлж болно. “Метамодернизм”-ын үед хүмүүс мэдээллийг цагаан цайлган сэтгэлтэй (informed naivete)-гээр хүлээж авна, тэд аливаад прагматик мөртлөө идеалист сэтгэл (pragmatic idealism)-ээр хандана, аливааг шогч боловч чин сэтгэл (ironic sincerety)-ээр хүлээн авна. Хүн төрөлхтөн түүхийн цаг хугацаанд янз янзын урсгалыг даган баримталж, мухардалд орсон үедээ заримаас нь татгалзаж, шинэ гарц эрэн хайж, шинэ урсгалыг нээж ирсэн байдаг билээ. Хүн хэмээх бодгаль ийнхүү шинэ, хуучин урсгалын дунд эрэл хайгуул хийж явахдаа цаг хугацаа болон орон зайн тодорхой баримжаатай байсаар иржээ.
 
Тухайлбал, “Модернизм” нь ирээдүй рүү тэмүүлсэн урсгал мөн учир түүнийг баримтлагчид санаа бодлоороо ирээдүйд амьдарна, тэд өнөөдрийг шүүмжилнэ, тэд зорилгодоо хүрэхийн тулд ямар ч хамаагүй үнэ цэнэ төлөх, ямар ч арга хэрэглэхэд бэлэн байна. Тэд эцэстээ сайн сайхан ирээдүй бүхнийг зөвтгөнө хэмээн үзнэ.
 
Харин “Постмодернизм” нь өнгөрсөн болон ирээдүйн аль алинд нь үл итгэх тул, түүнчлэн түүнд зорилго байхгүй, түүний хувьд үнэн ба худал аль аль нь байхгүй, үнэн бол таалагдах таалагдахгүйн богино хугацааны зөрүүн дээр бий болж, эсхүл алга болж байдаг хувирамтгай үзэгдэл мөн гэж үзнэ. “Постмодернизм” үйл явцыг эрхэмлэх учир өнөөдрөөр амьдрана.
 
“Постмодернизм”-ын хүн өнөөдөр амьдарч байгаа өөртөө л дурлана, түүнд өнөөдөр өөрт нь тулгамдсан асуудал энэ дэлхийн хамгийн том асуудал мөн юм шиг санагдана. “Постмодернизм” өнөөдөртэйгээ зууралдана. Хүн төрөлхтөн өнгөрснөөрөө амьдрах нь бас байна. Энэ бол “Модернизмын өмнөх үе”-ийн баримтлан эрхэмлэдэг цаг хугацаа юм. “Модернизмын өмнөх үе”-д өнгөрсөн цаг хугацаа сайхан санагдана, тэр цаг үеийг эрхэмлэдэг хүмүүс өнгөрснийг зөвтгөнө, өнгөрсөн рүү тэмүүлнэ, өнгөрсөн бүхнийг магтан дуулна. Ийнхүү хүн төрөлхтөн, даян дэлхий гурван цаг хугацаанд хуваагдан амьдардаг хүмүүс, үндэстэн, улс орноос бүрдэх бөгөөд тэдгээр нь хоорондоо ойлголцоход хүндхэн байдаг нь нууц биш билээ.
 
Аливаа нийгэм ийнхүү өөр өөр цаг хугацаа, түүнийг дагаад өөр өөр орон зайд амьдардаг, өөр өөр үнэ цэнэтэй зүйлийг эрхэмлэдэг хүмүүсээс бүрдэх бөгөөд тухайн түүхэн цаг хугацаанд тэдний аль нэгийнх нь баримтлалын цогц давамгайлна.
 
Тэгвэл өнөөгийн хямралт байдлаас гарахын тулд энэхүү гурван цаг хугацаа, орон зайг нэгтгэн аль аль цаг хугацаанд зэрэг амьдарч сурах шаардлага тулгарч байна. Эс тэгвээс хүн төрөлхтөн үргэлж нэг цаг хугацааг нөгөөгөөр нь сольж, аль нэг цаг хугацаа нь тухайн түүхэн цаг үед давамгайлж, ингэснээр хоорондоо зөрчилдөж, нийгэм байнга хямралын байдалтай байх болно. Чухамхүү ийм чадвар, ийм шинж чанарыг “Метамодернизм” хэмээх шинэ урсгал өөртөө агуулсан байна гэж хэлж болно. “Метамодернизм” бол өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цаг хугацаанд нэгэн зэрэг амьдрах, энэ гурван цаг хугацааг нэгэн зэрэг мэдрэх, нэгэн зэрэг ойлгох боломжийг олгоно. “Метамодернизм”-ын “Мета” хэмээх угтвар үг “өнгөрсөн”, “одоо”, “ирээдүй” гэсэн гурван цаг хугацааны “дундах”, энэхүү гурван цаг хугацааны “хоорондох” гэсэн утга санааг илэрхийлж байгаа нь санаандгүй хэрэг огт биш билээ.
 
Энэхүү “Метамодернизм”-ын шинэ урсгал “өнгөрсний ой санамж”, “ирээдүй рүү тэмүүлсэн эрдэм мэдлэг”, “одоод төрж буй мэдрэмж”-ийн аль алийг нь нэгэн зэрэг илэрхийлнэ. Гэхдээ “Метамодернизм” бол энэхүү гурван цаг хугацааны энгийн нийлбэр биш, харин тэдгээрийн “синтез” мөн билээ. Ийм учир эрдэмтэн судлаачид “Метамодернизм” бол мэдээлэл бүхий цагаан цайлган сэтгэл (informed naivete), прагматик мөртлөө идеалист сэтгэл (pragmatic idealism), шогч боловч чин сэтгэл (ironic sincerety) хэмээн томъёолон тодорхойлж байгааг дахин сануулах нь илүүдэхгүй гэж бодож байна. Тодруулвал эсрэг тэсрэг, эсхүл өөр өөр утга санаа бүхий үгүүдийг нийлүүлсэн тодорхойлолт гарган ирж байна. “Метамодернизм” бол гурван цаг хугацааг зэрэг ухаарсан “шинэ мэдлэг”, гурван цаг хугацааг зэрэг мэдэрсэн “шинэ мэдрэмж”, гурван цаг хугацааг зэрэг багтаасан “шинэ чадвар” мөн.
 
II. Бодисаттва
 
Ийнхүү гурван цаг хугацааны дунд нэгэн зэрэг амьдардаг бодгаль байж болох уу? Байж болдог бол хэн бэ? хэмээн асууж эрж хайвал та бидний соёл шашны нэгэн салшгүй хэсэг болсон, та бид олонтаа сонссон, ерөнхийд нь хэн бэ гэдгийг төсөөлдөг “Бодисаттва” гэсэн нэр орж ирнэ.
 
Үнэхээр Бодисаттва бол өөрөө гэгээрсэн ч бусдад гэгээрэхэд нь туслахын тулд энэ ертөнцөд бүх хүн гэгээрэх хүртэл эргэн эргэн төрсөөр байгаа бодгаль мөн билээ. Бодисаттва нэгэнт гэгээрсэн учир өөрийг нь өнгөрсөнтэй холбож байсан үйлийн үрээ нимгэлж чадсан буюу өнгөрсөнтэй холбоотой хэвээрээ ч түүний хүлээснээс салж чадсан, нэгэнт гэгээрсэн учир ирээдүйн цаг үетэй холбоотой болсон, өнөөдөр энэ ертөнцөд зовж зүдэрсэнд туслах зорилгыг агуулж байгаа учир энэ цаг үед амьдарч байгаа нэгэн мөн билээ.
 
Тэгэхээр “Метамодернизм”-ын цаг үе бол гурван цаг үед нэгэн зэрэг амьдарч байгаа Бодисаттва нарын цаг үе хэмээн хэлж болно. Бодисаттва нарын дунд хамгийн алдартай нь Жанрайсиг бурхан мөн гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Энэхүү Олон улсын яруу найргийн арга хэмжээг санаачлан зохион байгуулах ажилд бие сэтгэлээ зориулж буй эрхэм хүн бол Монголын алдартай яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо юм. Г.Мэнд-Ооёо бид хоёр олон жилийн өмнө танилцсанаас хойш Монголын соёл урлаг, утга зохиолын амьдралд чухал ач холбогдолтой олон үйл хэргийг хамтдаа бүтээж ирсний нэг нь яахын аргагүй Мигзэджанрайсиг бурханыг бүтээх ажил байсан юм. Энэхүү Жанрайсиг бурханыг урлан бүтээх ажилд Г.Мэнд-Ооёо бид хоёрын хамт Монголын тухайн үеийн төр засгийн зүтгэлтнүүд, лам хуврагууд, уран бүтээлчид, урчууд, нийт ард түмэн идэвхтэй оролцсоныг энэ сайхан завшааныг тохиолдуулан дурсан санахад сайхан байна.
 
Тэгвэл Жанрайсиг бурхан зэрэг Бодисаттва нарын онцлог шинж юу вэ?
 
Жинхэнэ Бодисаттва “Модернизм”-ын өмнөх үеийн хүн лүгээ адил өөрийгөө Бурхан тэнгэрт бүрэн даатгаж, зөвхөн итгэл, сүжгээр аврагдахыг боддог, гагцхүү өнгөрсөн цаг хугацаанд амьдардаг нэгэн биш билээ.
 
Жинхэнэ Бодисаттва “Модернизм”-ын үеийн хүн лүгээ адил өөрийгөө Бурхан тэнгэрийн оронд тавьж, нүгэл, буяныг өөрөө тогтоон бусдыг хүчээр жаргаах гэж зүтгэдэг, оюун ухаанаараа ирээдүйд амьдардаг нэгэн биш юм.
 
Жинхэнэ Бодисаттва “Постмодернизм”-ын үеийн хүн лүгээ адил хэнд ч, юунд ч үл итгэдэг, зөвхөн өөртөө дурладаг, зорилгогүй, аливаа юмыг тоглоом шоглоом мэт үздэг, гагцхүү өнөөдрөөр амьдардаг нэгэн биш билээ. Жинхэнэ Бодисаттва бүхнийг бусдад даатгадаггүй, өнгөрсөн цаг үеийн хүлээсэнд баригддаггүй, өөрөө үзэмжээрээ нүгэл, буяныг тогтоодоггүй, бусдыг хүчээр, бүр хүчирхийллийн аргаар жаргана гэсэн харгис бодлыг хэрэгжүүлэхийн төлөө улайран зүтгэдэггүй, ирээдүй хэмээх цаг үеийг зорьж байгаа нэрийдлээр өнөөдрийн аливаа юм, үзэгдлийг үгүйсгэдэггүй, зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовдоггүй, харин бусдын сайн сайхны төлөө гэсэн өгөөмөр сэтгэлд хөтлөгдөн бүгдэд дээд зэргийн нигүүлсэнгүй буяны сэтгэлээр хандаж, зовлон жаргалыг нь хуваалцан туслаж байдаг бодгаль мөн юм.
 
III. Буддизм (Зен Буддизм) ба Утга зохиол
 
“Метамодернизм” өөр өөр, тэр байтугай бүр эсрэг тэсрэг утга санаатай ойлголтуудыг нийлүүлэн нэгэн цоо шинэ ухагдахууныг бий болгодог билээ. Энэхүү шинэ ухагдахуун чихэнд содон сонсогдож, оюун ухаанд этгээд бодол төрүүлнэ. Тухайлбал, эрдэмтэн судлаачид “Метамодернизм”-ыг тодорхойлохдоо энэхүү урсгал бол мэдээлэл бүхий цагаан цайлган сэтгэл (informed naivete), прагматик мөртлөө идеалист сэтгэл (pragmatic idealism), шогч боловч чин сэтгэл (ironic sincerety)-ээр илэрхийлэгдэнэ гэсэн байдаг.
 
“Метамодернизм-тэй адилхан даян дэлхийд хятадаар Чань буддизм, японоор Зен буддизм хэмээн алдаршсан Буддын шашны нэгэн урсгалд ийнхүү өөр өөр, эсрэг тэсрэг утга санаа бүхий үг, ухагдахууныг холбон нийлүүлж, тэдний синтезийг үүсгэснээр “сатори” буюу “гэгээрэл”-д хүргэхийг номлодог билээ.
 
Тухайлбал, Барууны орнуудад энэхүү Зен хэмээх Буддизмын урсгалын нэгэн сургаал содон сонсогддогоороо, этгээд санаа агуулснаараа ихээхэн алдаршсан байдаг. Энэ бол “Хэрэв зам дээр явж буй Буддатай тааралдвал түүнийг устгах нь зөв” гэсэн сургаал билээ. Нээрээн энгийн хүний хувьд зам дээр явж байгаа Буддатай тааралдвал өөрийгөө азтайд тооцож, түүнд мөргөнө. Буддаг устгах тухай өчүүхэн төдий санаа бодол тэр хүний тархи толгойд орж ирэхгүй. Гэтэл Чань (Зен) буддизмын том лам хувраг Линьцзы зам дээр тааралдсан Буддаг устгах тухай сургаж байна гэдгийн цаана ямар утга учир байна вэ? гэдгийг бодох хэрэгтэй.
 
Эрдэм номтой лам хувраг ийм сонин хачин утга санаатай сургаалыг зүгээр айлдаагүй нь ойлгомжтой. Гол санаа нь хүн гэгээрэхийн тулд Будда ба түүний сургаал номлолыг өөрийн бие, санаа бодолдоо оруулах, өөр дотроо төрүүлэх ёстой байдаг. Гэтэл Будда өөр дотор нь орохгүй, тухайн хүний бие, сэтгэлийн гадна, зам дээр явж байна гэдэг бол тэр хүн Буддагийн сургаал номлолыг өөрийн болгоогүй, болгохыг хүсээгүй, хичээгээгүй, Буддагийн сургаалаас хол хөндий байна, улмаар тухайн хүн гэгээрэхгүй гэсэн үг юм. Тийм учир гадна талд байгаа Буддаг устгана гэдэг бол гэгээрэхийн тулд Буддаг дотроо төрүүлнэ гэж байна хэмээн ойлгож болно.
 
Хүн төрөлхтөн олон арван мянган жилийн турш тэнгэрийг ширтэн ажиглаж, нар, сар, оддын хөдөлгөөнийг судалж, өвс ногоо ургах, үхэх, дахин ургахыг харж, өөрөө будаа тарьж, хоол хүнсээ залгуулж байхдаа үнэн хэрэгтээ үхлийн цаана шинэ амьдрал буй болдгийг гүн гүнзгий ойлгож, энэхүү ойлголт нь олон олон үлгэр домог, сургаал номд тусгагдан үлдсэн байдаг билээ.
 
Ийм учир Буддаг устгана гэдэг нь Буддаг жинхэнэ ёсоор өөр дотроо төрүүлнэ, өөр дотор төрсөн Будда бол жинхэнэ Будда мөн гэдгийг мэргэн лам номлосон нь энэ ажээ. Та бид Буддагийн их дүйчэн өдрийг жил бүр тэмдэглэдэг. Энэ жил зургадугаар сарын 4-ний өдөр тэмдэглэнэ. Манайд энэхүү баяр баярын өдрүүдийн жагсаалтад орж бүх нийтийн амралтын өдөр болсон байгаа. Их дүйчэн өдөр бол Будда мэндэлсэн, Будда гэгээрсэн, Будда энэ ертөнцөөс хальж одсон гурван том үйл явдал нэг өдөр тохиосныг илэрхийлнэ. Их дүйчэн өдөр Будда төрснийг болон Будда ертөнцийн мөнх бусыг үзүүлснийг аль алийг нь багтааж байна. Тэгэхээр та бид энэ чухал өдрийг тэмдэглэхдээ хүртэл Будда ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэдэг нь Тэрээр төрсөн хэмээхийг, Будда төрсөн гэдэг нь энэ ертөнцөд мөнх орших зүйл байхгүй хэмээхийг илэрхийлж байна гэж хүлээн авах ёстой юм. Энэ тухай Зен буддизмын хэмээх тодотголтой яруу найргийн нэрт төлөөлөгч, алдарт яруу найрагч Мацуо Башё “Будда үхсэн (ертөнцөөс хальсан) өдөр” гэсэн хайку буюу гурван мөрт шүлэг бичсэн байдаг.
 
Англиар:
 
-“Buddha’s death day,
-Wrinkled hands join,
-The prayer beads sound.”
 
Монголоор (үгчилсэн орчуулга):
 
-Бурхан багшийн их дүйчэн (үхсэн) өдөр
-Үрчгэр арьстай хоёр гарын алгыг хавсаргах
-Эргүүлж байгаа эрхний чимээ сонсдох.
-Мацуо Башёгийн шүлгүүд ямар нэгэн юмны гаргасан дуу чимээ сонсдож байгаагаар төгссөн байдаг.
-Түүний хамгийн алдарт хайкуд ингэж бичсэн байна:
 
Англиар:
 
-“Old Pond
-A frog jumps into
-The sound of water
 
Монголоор (үгчилсэн орчуулга):
 
-Хөагшин цөөрөм рүү
-Мэлхий үсрэв
-Усны цүл цалхийх дуу
 
Башёд үг дутсан, үг олдоогүйдээ шүлгээ ингэж төгсгөж байсан биш. Тэрээр хүний оюун ухааныг үгээр сарниулах биш харин дуу чимээгээр төвлөрүүлэх зорилготой байсан бизээ. Хятадаар Чань, японоор Зен хэмээх Буддын шашны урсгалын нэр санскрит “Дияана” гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэхүү үгийн олон утга санааны гол нь “бясалгах, “төвлөрөх” болно.
 
Тэгэхээр яруу найраг, утга зохиол бол эсрэг тэсрэг үг, утга санаа, мэдрэмжийг нийлүүлэн амилуулах, ингэснээр цоо шинэ мэдлэг, мэдрэмж, чадварыг төрүүлнэ. Тэдгээрийг нь заавал үгээр биш дуу чимээгээр илэрхийлнэ, бүр хамгийн гүн гүнзгий утга санаатай үгээс илүү гүн гүнзгий утга санааг үг биш дуу чимээ агуулна, хамгийн чанга дуу чимээнээс илүү чанга дуу чимээг нам гүм (silence) байдал илэрхийлнэ.
 
Та бид ихээхэн сонирхолтой цаг үед амьдарч байна. Хүн төрөлхтөн, даян дэлхий, улс орнууд, нийгмийн амьдрал, харилцааг тодорхойлох цоо шинэ урсгал та бидний нүдний өмнө, та бидний оролцоотойгоор, эс оролцоотойгоор төрөн тогтож байна. Энэхүү цоо шинэ урсгалыг үгээр дүрслэн тодорхойлж болно, зарим үед нам гүм байдалд оюун ухаанаа төвлөрүүлэн яруу найргаар бясалгавал шинэ цаг үеийг ухааран ойлгоход илүү амар хялбар байж магадгүй.
 
Анхаарал тавьсанд баярлалаа.
 
 
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.ЭНХБАЯР
 
 
2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин