сонин mn
АНУ-ын Калифорния мужаас сонгогдсон Конгрессын гишүүн Юнг Кимийн санаачилж өнгөрсөн хоёрдугаар сард өргөн барьсан хураангуй нэршлээр “БНХАУ-ыг цаашид хөгжиж буй орон гэж үзэхгүй байх тухай” хуулийн төслийг хэлэлцээд олонхын саналаар дэмжин баталлаа.
Энэ хуулийг батлан гаргаснаас хойш АНУ-ын холбогдох яам, агентлагууд, мөн АНУ болон БНХАУ гишүүнээр нь нэгэн зэрэг багтаж буй олон улсын байгууллагууд БНХАУ-ыг хөгжиж буй улс орны ангиллаас гаргаж, өндөр хөгжилтэй улс орны ангилалд оруулахыг даалгажээ.
 
Ийнхүү ангиллыг өөрчилсөнөөр БНХАУ Дэлхийн банк, Олон улсын Санхүүгийн корпорац, Олон улсын Валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг банк санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй зээл авах эрх нь дуусгавар болох юм.
 
Дэлхийн Банкны хувьд өнгөрсөн оны статистик тоо мэдээлэлд тулгуурлан гишүүн улс орнуудын ангиллыг жил бүрийн зургаадугаар сард шинэчлэн тогтоодог тул энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш БНХАУ-ыг өндөр хөгжилтэй улс орнуудын ангилалд оруулах нь тодорхой болж байна.
 
 
Үүний эерэг үр дагавар нь БНХАУ-ын жил тутам авч ашиглаж байсан ихээхэн хэмжээний хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр суларч, улмаар бага болон бага дунд орлоготой улс орнуудад ногдох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн хэмжээ нэмэгдэх талтай юм.
 
 
Дэлхийн банкны статистик тоо мэдээллээс авч үзвэл 2016-2018 онд Дэлхийн банкнаас хөгжлийн зээлийн шугамаар БНХАУ-д нийт $7.89 тэрбум ам.долларын буюу ихээхэн хэмжээний зээлийг олгохоор баталж байжээ.
 
Стратегийн судалгааны хүрээлэн бэлтгэв