sonin.mn
2023 оны “Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлтэй холбоотойгоор өнөөдөр БХЯ, ЦХХХЯ, БШУЯ-ны мэргэжилтнүүд хэвлэлийн бага хурлыг ЦДБЭЧ-ын “Соёмбо” танхимд зохион байгууллаа.
 
2023 оны “Оюутан-цэрэг”-ийн бүртгэлийг “E-Mongolia” систем гар утасны аппалейкшн, веб портал сайт, төрийн үйлчилгээний оператораар дамжуулан 3 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулна. Түүнчлэн14-ний өдрөөс шалгуур хангасан оюутнууд харьяа дүүргийнхээ Цэргийн штабт өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулан 20-ны өдрөөс эрүүл мэндийн үзлэгт хамрагдах юм. 
 
БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн хурандаа С.Рагчаадорж хэвлэлийн бага хурлын үеэр “Тус хөтөлбөрт хамрагдаж буй оюутанд сургалтын явцад 1,5 сая төгрөг зарцуулдаг. Оюутан цэрэг сургалтад жилд 1000 орчим оюутан залуусыг хамруулж байсан бол улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн жилээс эхлээд уг сургалтад төсөвлөгдөх мөнгө ихээхэн танагдсан. БХЯ-ны хувьд оюутан цэрэг сургалтад хамруулах оюутнуудын тоог аль болох ахиу байлгахад ямар нэг асуудал байхгүй хэдий ч батлагдсан төсөв хязгаарлагдмал байгаа учир энэ жилийн хувьд зөвхөн нийслэлийн их, дээд сургуулиудаас 200 орчим оюутныг хамруулах төлөвтэй байна” гэдгийг онцолсон юм. 
 
Түүнчлэн Боловсролын ерөнхий газрын цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир “Одоогийн байдлаар Монгол Улсад боловсролын 69 дээд байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байгаагийн 64 нь Улаанбаатар хотод байршилтай байна. Энэ жилийн хувьд эдгээр их, дээд сургуулиас оюутнуудын сурлагын голч дүн, холбогдох мэдээллүүдийг энэ оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авч оюутан цэргийн сургалтад хамрагдах шалгуур үзүүлэлтийг хангасан оюутнуудын мэдээллийг Е-Mongolia системд оруулж байна. Бидэнд ирүүлсэн мэдээллээр их, дээд сургуульд суралцаж буй 22 мянга гаруй оюутан байгаагаас 8 мянга гаруйг эрэгтэй, 14 мянга гаруйг эмэгтэй оюутнууд эзэлж байна. Үүний 4887 нь 2.8-аас дээш голчтой буюу шалгуур үзүүлэлтийг хангасан гэсэн мэдээлэл байна” гэлээ.
 
Онцлоход "Оюутан-цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлд хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах шаардлагыг хангасан байхыг анхаарна уу! 
 
-Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р дамжааны оюутан байх;
 
-Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
 
-2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
 
-Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх зэрэг болно.