sonin.mn
ЛОНДОН. /The Times/. Хөрөнгө оруулагчид хоёр дахь жилдээ сансрын технологийн салбарын гарааны бизнест их хэмжээний хөрөнгө оруулсан талаар Их Британийн “The Times” сонин мэдээлжээ. 
 
2022 онд сансрын технологийн төслүүд 8.9 тэрбум орчим ам.долларын санхүүжилт авсан нь өмнөх оныхоос бага боловч өнгөрсөн жилүүдэд авсан санхүүжилтээс хамаагүй их юм гэж тус сонинд бичжээ. Сансрын технологийн хөрөнгө оруулалтын “Seraphim Space” компанийн шинжээчдийн үзэж байгаагаар, хөрөнгө оруулалтын хэмжээ урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн байдал сайжрахын хэрээр өсөх гэнэ. 
 
Сансрын технологид оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр АНУ тэргүүлсэн хэвээр байна. Их Британи, Энэтхэг, Австрали, Герман улсууд мөн энэ салбарт томоохон хөрөнгө оруулагчдын тоонд орж байна.
 
“Сансрын технологи өдгөө үнэхээр олон улсын хэмжээнд хүрсэн, Ази, Европ байгуулсан гэрээ хэлцлийн тоогоор Хойд Америкийг гүйцэж байна” гэж “Seraphim Space”-ийн гүйцэтгэх захирал Марк Боггет хэлжээ. Түүний хэлснээр, 2022 онд Азид байгуулсан гэрээ хэлцлийн тоо 80 хувиар, Европын орнуудад 50 хувиар нэмэгдсэн байна. 
 
2023 оны хувьд хөрөнгө оруулалтын гол чиг хандлага сансрын өргөн зурвасын сүлжээ, Сар луу нислэг үйлдэх сонирхол сэргэж буйг арилжааны хэлбэрт оруулах, Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор улс орнуудын батлан хамгаалах төсөв өсөн нэмэгдэж буйг сансрын компаниуд ашиглаж эхэлсэнтэй холбоотой байх төлөвтэй байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг