sonin.mn
Туркийн зүүн өмнөд болон Сирийн баруун хойд хэсэгт өчигдөр өглөө болсон газар хөдлөлтийн улмаас Туркт 3381 хүн, Сирид 1592 хүн, нийтдээ 5000 орчим хүн амь үрэгдэж, олон арван мянган хүн шархдаад байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч нуранги дор хэдэн хүн амьд эсэх нь тодорхойгүй байна.
Тухайн өдрийн 13:30 цагийн орчимд Туркийн төв хэсэгт 7.7 баллын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болж, Туркийн Диярбакир, Шанлиурфа, Анкара, Адана хот, Гүржийн Батуми хот, Сирийн нийслэл Дамаск болон Латаки мужид чичиргээ мэдрэгдсэн байна. Энэ өдөр Арменд 3 балл, Казахстанд 5.4 балл, Тайваньд 5.1 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгджээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл мөн Иордан, Ливи, Аргентин, Чили, АНУ, Мексик, Курилын арлууд дээр мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас Туркт 6216 барилга нурж, 20426 хүн шархадсан бөгөөд газар хөдлөлтөд нэрвэгдсэн 338 мянган хүнийг голдуу их дээд дунд сургуулийн дотуур байранд нүүлгэн шилжүүлээд байна.
 
Газар хөдлөлтийн бүс руу Европын орнууд, ОХУ, Беларусь, Украин аврах баг, хүмүүнлэгийн тусламж илгээж байна. Тухайлбал, ОХУ нь Турк, Сири руу аврагчдаа илгээсэн бол Израил Турк руу майхан, эм, хөнжил илгээж байгаа төдийгүй Сирид ч туслахад бэлтгэж байна хэмээн Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэж байна. Гэвч Сири улс Израил улсаас тусламж хүссэн гэдгээ үгүйсгэж байна.
 
 
Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв