sonin.mn
Алсаас тасарч огторгуйд шингэх мэт хязгааргүй уудам орон зайд хөтөлдөг,  гайхалтай хөг увидасыг шингээсэн монгол түмний  үнэт өвийн нэг бол уртын дуу  билээ. Тиймээс  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Урлаг” буландаа “Соёмбо” чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Э.Болормааг урилаа. 
 
ДЭЛХИЙД УРТЫН ДУУНЫХАА ХӨГ ЭГШГИЙГ ТҮГЭЭЖ ЯВАА НЭГЭН
 
Тэрбээр 2010 онд Хөгжим бүжгийн сургуулийг Ардын жүжигчин Д.Түвшинжаргал багшийн  удирдлага дор төгсчээ. Сургуулиа төгссөнөөс хойш  уртын дуу, ардын дуугаар 12 жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж буй нэгэн. 
 
Энэ хугацаанд “Домог” чуулгын хамт дэлхийн язгуур урлагийн их наадамд оролцож тэргүүн байр  эзэлсэн юм. Мөн “Хөсөгтөн”, “Арга билэг”, “Морин хуурын чуулга” зэрэг үндэсний урлагийн хамтлагтай хоршин дэлхийд уртын дууныхаа хөг эгшгийг   түгээж явна. 
 
Тэрбээр энэ тухайгаа “Уртын дуугаа бусад улс оронд дуулахад тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчууд илүү шимтэн сонсдог. Магадгүй монгол гэсэн сэтгэлгээ цусанд нь булгилж, эх орон, аав, ээжээ санасан сэтгэлийг нь уртыг илүү хөглөдөг болов уу. Дуугаа дуулаад тайзан дээрээс буусны дараа над дээр ирээд “Эх орондоо байхдаа уртын дууг ийм сайхан гэдгийг нь мэддэггүй байжээ” гэж хэлдэг” гэв. Харин бусад орны хүмүүс уртын дуу дуулахаар “Яаж ингэж дуулаад байна”,  цохилгыг нь яаж ийм  уран тансаг хийгээд байна”  гэж гайхан асуудаг  аж.
 
“УРЛАГ ХҮНД ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЖ, ӨӨРЧИЛЖ  ЧАДДАГ ГАЙХАЛТАЙ УВИДАСТАЙ”  
 
Янагийн сайхан харц шиг 
Яргуй нүүдэллэн мишээсэн
Ханшийн ногоо  ярайсан
Хаврын тал минь  нялхарна............. гэсэн сонсох бүрийд хөдөөгийн тал нутаг, ой шугуй, гол горхи, амар тайвныг мэдрүүлэх “Дөрвөн цагийн тал”  дууг тэрбээр  тун ч гайхалтай дуулсан юм. Үүнээс гадна  монгол хүмүүний аманд аялагдаж, сэтгэлд хоногшсон “Уйдашгүй эх орон”  “Малчдын баяр”, “Бүсгүй хүний заяа”,  “Үлэмжийн чанар” “Уяхан замбуу тивийн наран” зэрэг олон сайхан ардын болоод уртын дуугаар үзэгчдийн сонорыг  мялааж явна. Түүний урын санд уртын дуу ардын дуу нийлсэн 50 гаруй уран бүтээл байгаа аж.
 
Тэрбээр “Би уртын дуу, ардын дуу чиглэл рүү түлхүү уран бүтээлээ туурвихыг эрмэлздэг. Уртын дуу айзам,  бэсрэг,  уртавтар гэсэн  төрөлтэй. Аль ч төрлөөр нь уртын дуучид дуулж чадна.
 
Мэргэжлийн сургуульд сурах явцдаа болон  уран бүтээлээ туурвих хугацаандаа өөрийгөө олдог. Миний хоолойд уртын дуу  илүү тохирсон юм шиг санагддаг. Дуулалтын хувьд уртын дуу техник, амьсгаа,  дасгал сургуулилт шаарддаг онцлогтой.  Тухайн үеийн тайзан дээрх мэдрэмжээс шалтгаалж уртын дууны хэмжээ, дуулалт ялгаатай байдаг” гэсэн юм. 
 
Тайзан дээр дуулах, үзэгчид шимтэн сонсох, баяр хүргэж алга таших бол уран бүтээлч хүний  хамгийн  сайхан мэдрэмж гэдгийг тэрбээр онцоллоо. Тэрбээр “Соёмбо” чуулгад  ажилладаг учраас  хорих байгууллагын хүмүүжиж байгаа  хүмүүст  урлагийн  үзүүлбэр үзүүлдэг.
 
Урлаг соёлоо түгээгээд уран бүтээлээ хүргээд явж байхад энэ хүмүүс  илүү шимтэн үздэг. Энэ мөчид  урлаг хүнд эерэг нөлөөлөл үзүүлж, өөрчилж  чаддаг гайхалтай увидастай  зүйл гэдгийг ойлгодог” гэсэн юм.
 
Э.Болормаа уул ус, ургамал ногоо, жигдэрсэн Архангай аймгийн Хангай сумын уугуул. Энэ л сайхан нутгаас уртын  дууг түгээх  ховорхон  авьяасыг  олж, тасарч эгшиглэсэн авьяас юм.  Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэдэг.  Тухайн хүний төрж өссөн газар нутгийн онцлогоос шалтгаалж,  авьяас билэгт нь нөлөөлдөг  байх.  Надад уртын дуу дотроо бэсрэг,  цохилго ихтэй, дуу дуулахад илүү тохирдог гэдгийг дуучин Э.Болормаа онцолж байлаа. 
 
П.Амгаланбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин