sonin.mn
СТОКХОЛМ. /DW/. Хөгжмийн стриминг үйлчилгээний “Spotify” компани дэлхий даяарх ажиллах хүчнийхээ 6 хувийг буюу 600 ажилтнаа цомхотгохоор болсон талаараа даваа гарагт мэдэгдлээ.
 
Шведийн нийслэл Стокхолм хотод төвтэй тус компани 10 мянга орчим ажилтантай бөгөөд үйл ажиллагааны зардал, орлогын зөрүүг бууруулах зорилтын хүрээнд дээрх шийдвэрийг гаргажээ.
 
“Spotify” компанийн гүйцэтгэх захирал Даниэль Экийн мэдээлснээр, өнгөрсөн онд үйл ажиллагааны зардал нь орлоготой харьцуулахад хоёр дахин өссөн байна. Тэрбээр орлогын өсөлтөөс урьдаар хөрөнгө оруулалтад түлхүү анхаарал хандуулснаа хүлээн зөвшөөрөөд, өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн алхмуудын хариуцлагыг өөртөө бүрэн хүлээж байгаагаа мэдэгджээ.
 
“Spotify” нь цар тахлын хөл хорионы үеэр огцом нэмэгдсэн эрэлт хэрэгцээг хангахын тулд технологийн салбарын бусад компаниудынхаа нэгэн адил ажиллах хүчнээ өргөжүүлэн тэлээд байсан юм.
 
2017 онд “Spotify” 3000 орчим ажилтантай байсан бол түүнээс хойших жилүүдэд гурав дахин нэмэгдэж, 2022 оны эцсийн байдлаар нийт ажилтны тоо 9800 давсан байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбоотойгоор сүүлийн саруудад технологийн салбарт тэргүүлэгч “Amazon”, “Meta”, “Google”, “Microsoft” тэргүүтэй компаниуд мөн ажиллах хүчний цомхотгол хийгээд байгаа юм.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг