sonin.mn
Буддын сургуульд “Бүх хүн зовлонтой учирдаг. Тийм учраас зовлонгоос ангид орших зам үгүй” гэж бичсэн байдаг. Энэ нь хүн амьд л байгаа бол зовлон бэрхшээлтэй үргэлж учирна гэсэн үг. Тиймээс зовлон, асуудал, бэрхшээл гэдэг нь чухал биш харин тосон ирж буй саад бэрхшээлийг хэрхэн даван туулах, өөрт ашигтайгаар эргүүлэн хувиргаж чаддаг байх нь л чухал юм.
 
Шинэ мянган гарсантай зэрэгцээд монголчуудын дунд IQ хэмээх ойлголт гарч эхэлсэн. "Монголын оюуны чадварын IQ" төвийн тэргүүн доктор, профессор Ц.Дэмбэрэл гуай энэ талын мэдлэг, мэдээллийг монголд түгээхийн тулд бүхий л амьдралаа зориулж яваа хүн. Түүний ачаар монголчууд IQ хэмээх оюун ухааны ойлголтын талаар мэддэг болсон. Харин сүүлийн арван жилээс хүмүүсийн дунд EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдан чиглүүлэх чадварын тухай ойлголт гарч эхэлсэн. Зарим нь EQ бол IQ-аас ч чухал гэж ярьцгаадаг.
 
Тэгвэл дэлхий нийтэд EQ гэх ойлголтоос ч чухал нэгэн ухагдахуун гарч ирээд байгаа нь AQ юм. Энэ бол Adaptive Quotient (AQ) буюу хувь хүний дасан зохицох чадварын индекс аж. 
 
Уг чадвар нь хүнийг амжилт үзүүлэхэд гол нөлөө үзүүлдэг гэж гаднын орны судлаачид үзэх болжээ. Дасан зохицох чадвар гэдэг нь аливаа тулгарч буй бэрхшээлийг даван туулах арга замыг олж чаддаг, бусдаас суралцах, юмсыг бодитоор нь хүлээн авч дүгнэж чаддаг байхыг хэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, аливаа өөрчлөлтийн эсрэг тэмцэх бус өөрчлөлтийг хэрхэн өөртөө ашигтай байдлаар эргүүлж болох арга замыг олох чадвар гэж тодорхойлжээ.
AQ-тай хүний зан байдлыг дараах байдлаар тодорхойлдог аж. Үүнд, асуудлыг бодитоор хүлээж авдаг, сониуч, шинийг санаачлагч, насан туршийн суралцагч, алдаанаасаа суралцдаг, мэдэхгүй зүйл рүүгээ гар дүрэх зоригтой, эргэн тойрноо ажигладаг гэх зэрэг чадварууд ордог гэжээ.
Сүүлийн үед ажил олгогч байгууллагууд хүний нөөцийн бодлогодоо AQ-г ажилчдаасаа шаардах болжээ. Мөн ажил горилж байгаа хүмүүст ч дан ганц боловсрол, мэдлэгийн түвшин гэхээсээ илүү AQ-ийн чадварыг нь харгалзан авч үздэг жишиг тогтоод байна. Түүнээс гадна хувь хүний ч бус байгууллагын AQ-г стратегийн төлөвлөгөөндөө тусгаж, цаашдын үйл ажиллагааны чиглэлдээ оруулдаг болжээ. Ялангуяа цар тахлын нөхцөл байдал нь AQ-г ямар чухал болохыг компаниудад ойлгуулсан байна. Нөгөөтэйгөөр AQ бол хүнийг тэсвэр тэвчээртэй, уян хатан зан чанартай болгодог. Хүн ч гэлтгүй дэлхий даяар салбартаа тэргүүлдэг компаниуд, засгийн газрууд гүйцэтгэл, бүтээмж, инновац зэрэг шинж чанаруудаа сайжруулахын тулд AQ-г бүх шатны төлөвлөлтдөө ашигладаг болжээ.
 
Тухайлбал, бараг бүхий л бизнес эрхлэгчид 2020 онд цар тахал дэлхий даяар тархана гэж төсөөлөөгүй бөгөөд хэн ч ийм зүйлд бэлэн биш байлаа. Цар тахлын үед компаниуд оршин тогтнохын тулд тодорхой шийдвэрүүдийг шуурхай гаргах, хөл хорионы үед ажилчдаа гэрээс нь ажиллуулах зэрэг шинэ хэв маягтай нүүр тулсан. Өмнө нь алсын зайнаас ажиллах боломжгүй гэж боддог байсан компаниудын удирдлагууд шинэ төлөвлөгөө, шинэ боломжтой зайлшгүй тулгарч, тухайн өөрчлөлтөд дасан зохицох шаардлагатай болсон. Энэ цагаас эхлэн дэлхийн томоохон компаниуд хэтийн төлөвлөгөөндөө ирээдүйд учрах болзошгүй бэрхшээлд дасан зохицох AQ-г заавал оруулдаг болсон байна.
Угаас ирээдүйд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ юу ч тохиолдлоо гэсэн учран ирэх бэрхшээлд бэлтгэлтэй байж болно. Үүнийг л AQ гээд байгаа юм. Түүнээс гадна AQ-ийн гол санаа нь ирээдүйд ямар ч асуудалтай учирсан өөрт ашигтай үр дүнг нь бий болгож чаддаг байх тийм чадварыг хэлж байгаа юм.
 
Технологийн AQ
 
Мэдээллийн энэ эрин зуунд технологийн хөгжил маш хурдацтай явагдаж байна. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн iphone гар утсыг худалдан авснаараа та өөрийгөө технологийн хөгжилтэй хөл нийлүүлж байна гэж бодож байвал энэ нь эндүүрэл. Технологийн хөгжлийг өөртөө ашигтайгаар эргүүлж, үр дүнг нь мэдэрч чаддаг хүн хэчнээн билээ. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлийн үеийн iphone гар утас барьчхаад түүгээрээ та зөвхөн ярьж, зураг авч байгаа бол яг үнэндээ танд технологийн AQ-ийн талаар ямар ч ойлголт байхгүй байна гэсэн үг. Тиймээс хэрэглэж байгаа технологио хэрхэн өөрт ашигтай байдлаар ашиглах, онцлог давуу тал гээд бүх зүйлийг нь судалж үзсэний үндсэнд худалдан авалт хийгээрэй гэж зөвлөх байна.
 
Ирээдүйд үйлдвэрлэлийн салбарын бүхий л шатанд хиймэл оюун ухааны технологи шингэх болно. Хүний оролцоо одоогийнхоос 70 хувиар буурна гэсэн тооцоолол бий. Технологид гарах энэхүү өөрчлөлтөд харин та бэлэн үү. Ирээдүйд үүнээс ч илүү технологид дасан зохицохыг биднээс шаардах болно.
 
Мөн орчин цагтайгаа хөл нийлүүлж, шинээр гарч буй хувцасны загвар, тренд болж буй үгс, кино, урлаг, дуу хөгжим гээд таны эргэн тойронд өрнөж буй нийгмийн өөрчлөлт, шинэ бүхэнд өөрийгөө бэлтгэж, түүнд дасан зохицож, шинэ үеийн хандлага өөрчлөлтийг мэдэрч чаддаг байх нь ч AQ-г эзэмших гол чанаруудын нэг юм.
Угаас хүн бүхэн өдөр бүр ямар нэгэн өөрчлөлттэй нүүр тулдаг. Тиймээс учран ирэх асуудлуудад хэн дасан зохицож чадна тэр илүү их амжилттай байна гэсэн зарчим юм. Хүссэн ч, хүсээгүй ч та өөрчлөлттэй нүүр тулах болно. Хэн ч үүнээс ангид оршиж чадахгүй. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Энэ нь AQ-г эзэмших суурь ойлголт юм. Өөрт тань тохиолдож байгаа өөрчлөлт бүрийн эсрэг тэмцэх бус харин ч сайнаар хүлээн авч, өөдрөг байдлаар өөрийгөө цэнэглэж чадаж байвал өөрийгөө өндөр AQ-тай юм байна гэж тооцож болно.
Английн нэрт сэтгэл зүйч Паул Столцийн хэлснээр IQ нь XX зууны хүмүүст чухал байсан. EQ нь энэ цагийн хүмүүст чухал. Харин AQ нь бүх л цаг үед бүх насны хүмүүст чухал. Тиймээс AQ-тэй хүн л энэ их хотжилт, завгүй амьдрал дунд хамгийн их амжилттай байж чадна” гэжээ.
Хувь хүний AQ-г гурав ангилдаг байна.
 
Үүнд:
 
Бага AQ-тай хүн. Урам зориг, эрч хүч, гүйцэтгэл, тууштай байдлын түвшин бага. Бэрхшээлийн өмнө бууж өгөх хандлагатай.
Дундаж AQ-тай хүн. Боломжийг дутуу ашигладаг. Түүний хувьд асуудал бүрийг уулын чинээ болгон чухал ач холбогдол өгдөг.
Өндөр AQ-тай хүн. Үйл явдлын учир дарааллыг олж, тунгаан боддог бөгөөд хэрхэн өөрт ашигтайгаар эргүүлж болох хэтийн төлөвийг олж чаддаг. Ямар ч бэрхшээлийг үл харгалзан урагш ахих боломжтой. Тиймээс та өөрийгөө аль түвшний AQ-тай гэдгээ дараах зан чанаруудыг уншаад мэдэх боломжтой юм.
 
Боловсролын AQ
 
“The Importance of Educational Adaptability” буюу “Боловсролын дасан зохицох чадварыг чухалчлах нь” номын зохиогч, АНУ-ын Колумбын их сургуулийн эдийн засаг, боловсролын ухааны профессор Хэнри Левиний үзэж байгаагаар уламжлалт тодорхойлолтоор авч үзвэл боловсрол нь бүтээмж өсгөх, суралцагчдад ур чадвар эзэмшүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготой. Гэтэл өнөө цагт ажилчид нь дасан зохицох чадвартай байж л бүтээмж сайжирдаг гэсэн шинэ үзэл санаа бий болжээ. Тиймээс уламжлалт тодорхойлолт эдүгээ чухал бус болсон хэмээн профессор тайлбарласан байна.
 
Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, ойлгох чадвар нь ажилчдын дасан зохицох чадварт чухал үүрэгтэйг Кембрижийн их сургуулийн багш Йохен Менге үзжээ. Аливаа өөрчлөлт бүхэн хүнд дарамтад өртлөө гэсэн бодол төрөх, зайлж холдмоор санагдах гэх мэт сэтгэл хөдлөлийн мэдрэмж үүсгэдэг. Энэ нь байх ёстой зүйл бөгөөд гол нь сэтгэл хөдлөлөөрөө өөрийгөө дасан зохицох чадвартай гэсэн итгэл бий болгоорой. Угаас хором мөч бүрээр өөрчлөгдөн хувирч буй ертөнцөд дасан зохицохоос өөр зам үгүй. Шаналлаа гээд бид зогсоож дийлэхгүй гэдгийг санаарай.
Түүнчлэн хүн бүрд айдас бий. Дасан зохицох үе ирэх бүрд ч айдас бий болдог. Тиймээс айдсаа даван туулж байж дасан зохицох юм. Өөрөөр хэлбэл, дасан зохицож чадаж байна гэдэг нь айдсаа даван туулж чадаж байна гэсэн үг.
Мөн юмс бүхэн өөрчлөгддөгийн адил хүн ч гэсэн өөрчлөгддөг. Хэрвээ та өөрийгөө хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж боддог бол үүнийгээ тархинаасаа авч хаяарай. Өөрчлөгдөж байж л хүмүүс өсдөг, боловсордог, амжилт үзүүлдэг зарчимтай.
 
Ахмад М.МӨНХЗОРИГ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин