сонин mn
ЖАКАРТА. /Xinhua/. Индонезийн Засгийн газар Баруун Ява мужид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст зориулан шинээр аюулгүй газарт олон зуун байшин барихаар төлөвлөж байна гэж тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах хороо ням гарагт мэдэгджээ.
 
Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны дарга Сухарьянтогийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснээр, Нийтийн аж ахуй, нийтийн орон сууцны яамны хэрэгжүүлэх хоёр га газарт шинэ байшингуудыг барих ажил ирэх долоо хоногоос эхлэх ажээ.
 
“Газар хөдлөлтийн улмаас гэр орон нь ноцтой нурж сүйдсэн, цаг уур, уур амьсгал судлал, геофизикийн газруудын хориглосон газруудад амьдарч буй оршин суугчдыг нүүлгэхийг нэн тэргүүнд чухалчилна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
 
Нийт 200 байшинг шинэ байршилд сэргээн байгуулна гэж Чианжур хотын засаг захиргааны тэргүүн Херман Сухерман хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. Сухарьянтогийн хэлснээр, эвдэрч сүйдсэн ч сэргээн босгох боломжтой байшингуудад Засгийн газрын зүгээс 50 сая хүртэлх рупигийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
 
Өнгөрсөн даваа гарагт Баруун Ява мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо ням гаргийн байдлаар 321-т хүрч нэмэгдэж, 11 хүн сураггүй хэвээр байгаа бол 73 874 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 62 628 байшин барилга эвдэрч сүйдсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг