sonin.mn
БЭЭЖИН. /BBC/. Хятадад ковидтой тэмцэх засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэх нь улам нэмэгдэж, эсэргүүцэгчид улс төрийн шинжтэй, засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагсах болжээ. Өнгөрсөн амралтын өдөр Шанхай хотын гудамжинд олон мянган хүн жагссан бол Бээжин, Нанжин хотын их сургуулиудын оюутнууд жагсаал зохион байгуулсан байна. Хятадын томоохон хот бөгөөд дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг Шанхай хотод болсон жагсаалын үеэр "Ши Жиньпин яв!", "Коммунист намынхан яв!" хэмээн хашхиралдаж байжээ. Ийм уриа лоозонгууд нь Хятадын хувьд нэн ховор бөгөөд засгийн газар болон төрийн тэргүүнийг шууд шүүмжлэх нь эмгэнэлтэйгээр төгсдөг билээ.
 
Гэхдээ саяхан үргэлжилнэ гэж мэдэгдсэн Ши Жиньпиний "тэг ковид" бодлогод сэтгэл дундуур байгаа нь улам бүр нэмэгдэж байгааг Засгийн газар ихээхэн дутуу үнэлсэн бололтой гэж ажиглагчид үзэж байна. Шанхай хотод болсон эсэргүүцлийн жагсаалын нэгэн оролцогч “ВВС”-д ярихдаа, хүмүүс гудамжинд цуглахыг хараад "ихэд цочирдож, сандарсан" хэмээгээд Хятадад ийм цар хүрээтэй эсэргүүцэл гарч байгаа анхны тохиолдол нь энэ гэжээ. 
 
Өөр нэг жагсагч хэлэхдээ, тэд цагдаа нараас жагсаалын талаар ямар сэтгэгдэлтэй байгааг асуухад "та нартай л адил" хэмээн хариулжээ. Гэвч тэд төрийн дүрэмт хувцас өмсдөг тул ажлаа л хийж байна гэж жагсагч хэлсэн байна.  Гэсэн ч цагдаагийнхан хүч хэрэглэсэн талаар бусад жагсагчид ярьсан байна. Жагсаалын үеэр найзыг нь цагдаа нар зодсон, бас бусад хүмүүс рүү нулимс асгаруулагч цацсан гэж жагсагчдын нэг “Ассошиэйтед Пресс” агентлагт ярьжээ.
 
Хэдийгээр ням гаргийн өглөө гэхэд Шанхай хотод эсэргүүцэл намжсан ч жагсаал болсон гудамжуудад олон арван цагдаа, хувийн хамгаалалтын ажилтнууд, энгийн хувцастай цагдаа нар нэмэгдэж ирснийг "ВВС" тэмдэглэсэн байна. 
 
Өрөмч хотод гал түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан гэрэл зураг, дүрс бичлэг интернэтэд тавигдсан бөгөөд үүнээс одоогийн эсэргүүцэл эхэлж, Бээжин, Нанжины их сургуулиудын оюутнууд эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлжээ.  Нийслэл хотын Цинхуа их сургуульд болсон ийм жагсаалд олон зуун хүн оролцсон гэж нэгэн оюутан “AFP” агентлагт ярьсан байна. Жагсагчид хоосон цаас барин зогссон бөгөөд энэ нь Хятадын цензурийг эсэргүүцэж буйн шинэ бэлгэдэл болж, хүмүүс мөн эрх чөлөө, ардчилалд уриалан хашхирч байсан гэнэ. 
 
Эсэргүүцэл эхлэх болсон шалтгаан
 
Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Өрөмч хотод коронавирусний эсрэг хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаалын дүрс бичлэг өмнө нь Хятадын олон нийтийн сүлжээгээр гарчээ. Тус хотод олон давхар орон сууцны барилгад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гал гарч, 10 хүн амиа алдсаны дараа эсэргүүцэл дэгдсэн байна.  Дүрс бичлэгт олонх нь маск зүүсэн оршин суугчид бүрий болмогц хотын гудамжинд цугларч, эрх баригчдын төлөөлөлтэй зөрчилдөн "Ковидын хөл хориог дуусга!" хэмээн хашгиралдаж байсан байна. Өөр нэг бичлэгт, хотын албаны ажилтнуудын барьж буй хамгаалалтын хашааг олон хүн давж, эвдэж байгааг харуулжээ.
 
Өрөмч хотод гарсан гал түймэр нь сүүлийн саруудыг хатуу хөл хорионд өнгөрүүлсэн хятадуудын хувьд аймшигт үйл явдал болсон юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, орон сууцанд хөл хорио тогтоож, цоожилсон байсан тул оршин суугчид гадагш гарах боломжгүй байжээ. Харин үүнийг эрх баригчид няцаасан ч олны эсэргүүцэл, түгшүүрийг зогсоож чадаагүй байна.
 
Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, олон сая хүн гурван жилийн туршид хөдөлгөөнөө хязгаарлуулж, өдөр бүр ковидын шалгалтад орохоос залхаж эхэлжээ. Энэхүү бухимдал Хятадын томоохон хотуудаас эхлээд Шинжаан, Төвөд зэрэг алслагдсан бүс нутгийг хамарч, их сургуулийн оюутнууд, үйлдвэрийн ажилчид, жирийн иргэд зэрэг нийгмийн бүхий л салбарыг нэгтгэжээ.
 
Энэ бухимдал нэмэгдэхийн хэрээр ковидын эсрэг арга хэмжээг эсэргүүцэх жагсаал улам бүр нэмэгдсээр байна. Гэхдээ энэ амралтын өдрүүдэд болсон жагсаал цуглаанд цугларсан хүмүүс Засгийн газар болон Ши Жиньпинийг ил тод шүүмжилсэн нь Хятадын хувьд ер бусын үзэгдэл юм.
 
Зарим нь Хятадын төрийн далбаагаа барин эсэргүүцлээ илэрхийлж, төрийн дууллаа дуулж, ард түмнийг “босохыг” уриалжээ. Энэ бол эх оронч үзлийн илрэл бөгөөд Ши Жиньпиний "тэг ковид" бодлогоос болж хохирч буй нутаг нэгтнүүдтэйгээ эв санаа нэгтэй байгаагийн илэрхийлэл, босож хөдлөхийг уриалж буй уриалга гэж ажиглагчид үзэж байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг