Тив дэлхийг дамнасан хөнөөлт цар тахал болоод улс хоорондын стратегийн маргааны үндсэн дээр бий болсон дайны хор уршиг сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж буйг бид бэлхэн харчхаж болж байна. Үүнээс үүдэж хамгийн ихээр хохирч буй зүйл нь мэдээж томоохон гүрнүүдийн эдийн засаг. Цаашлаад хүмүүсийн амьдралын хэмнэлд ч эргэлт хийх нь гарцаагүй болов. Энэ нь манай Монгол мэтийн жижиг зах зээлтэй, хөгжил буурай орны хувьд бүр ч том аюул дагуулж буйн нэгэн жишээ нь үнийн огцом өсөлт, инфляц юм гэдгийг бид яг одоо бодитоор мэдэрч буй шилжилтийн үед тулж иржээ.

Мөнгө, хүнс, бараа бүр цаашлаад эрүүл мэнд ч үгүй болсон энэ дорой нийгэмд олныг хамарсан бухимдал ихээр бий болохын зэрэгцээ улстөржсөн, амбиц хөөсөн инфлюнсеруудын үйлдэлд дургүйцсэн хүмүүс цахим орчинд өөрсдийн байр сууриа илэрхийлэхэд түүнийг нь дагаж намирах хүмүүсийн урсгал ихсээд байна уу даа гэсэн өрөвдөлтэй зураглал харагдах шиг.
Гэтэл тэнд..., Монголын өмнөд говь нутагт сүндэрлэн буй төмөр замын бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтийн ямар их боломж бололцоо, эдийн засгийн хүндхэн асуудлаа хэрхэн даван туулах арга зам, шийдэл болох талаар анзаарах сөхөө бидний цөөхөн монголчуудад үнэндээ байна уу гэлтэй. Чухам энэ бүтээн байгуулалт манай орныг “аврах” хамгийн бодит үр дүн болно гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй биз ээ.

Угтаа бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тодорхой бүс нутагт хөгжүүлэх уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн олон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр багтсан. Далд уурхай, цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэр, үйлдвэр-технологийн парк, эрчим хүч, зам тээврийн сүлжээ, дэд бүтцүүд гэх мэтийн хамгийн "гол дүр" болох "Шинэ төмөр зам" төсөл нь Тавантолгойн орд газраас урагш болоод зүүн зүгт гэсэн замналаар БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч экспортын шинэ гарцуудыг бий болгох юм. Ингэснээр Монгол Улсын эдийн засагт бодит үр өгөөж болох томоохон төсөл бодит ажил болж чадна. Төслийн хүрээнд эхний ээлжид дэлхийн стандартад нийцсэн 1800 орчим километр төмөр замыг шинээр барьж ашиглалтад оруулахаар тооцоолсон бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын гол ажиллах хүч нь Зэвсэгт хүчний алба хаагчид гэдгийг энд дурдахгүй өнгөрч болохгүй.
Ээн тусах наран, ээрэн өнгөрөх салхинаас өөрцгүй өмнийн цэнхэр говийн анир гүм тал “амь” орж байгаа юм шиг л харагдах...
Энд хүн хүч, машин, техник оволзож, цаг хугацаатай өрсөн ажиллаж буй тэрхүү зураглалаар дүүрэн гурван жилийг ардаа орхиход Зэвсэгт хүчний алба хаагчид улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ хөгжлийн галаар түүчээлж, түүний цангинан чимээлэх дууг бодит ажил болгож явсан нь нэн бахархалтай. Ийнхүү 2019 онд эхэлсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 километр төмөр замын бүтээн байгуулалтын нийт ажлын 70 орчим хувь буюу доод бүтцийн болон бусад ажлыг Зэвсэгт хүчин амжилттай хийж гүйцэтгэсэн нь төр, засаг болоод олны итгэлийг түргэн хугацаанд олж авч, дараа дараагийн томоохон төслүүдэд оролцох гүүр хаалга болж чаджээ. Тиймдээ ч Монгол Улсын Зэвсэгт хүчин дараагийн "зогсоол" болох Зүүнбаян-Ханги чиглэлийн бүтээн байгуулалтад өнгөрсөн хавраас эхэлж энэ сарыг хүртэл голлох үүрэгтэйгээр оролцон төлөвлөгөөт ажлаа түргэн хугацаанд хүлээлгэж өгсөн баярт мэдээтэй уншигч Та бүхэнтэй учран золгож байна.

Ийнхүү тус ажлын гүйцэтгэлтэй танилцахаар Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайханаар ахлуулсан ажлын хэсгийн хамт миний бие нэгэн баг болж өмнийн их цэлгэр говийг чиглэн хүлгийн жолоо заллаа. Угтаа бол Улаанбаатараас Дорноговийн Зүүнбаян, цаашлаад Өмнөговь аймгийн Цогтцэций сум хүртэлх 1800 орчим километр замыг туулах “даалгавар”-тай бид явах замдаа уг бүтээн байгуулалтын төслийн үр өгөөжийн талаар ам бахдан хөөрөлдөцгөөв.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,3 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, ердөө хагас жилийн дотор ашиглалтад оруулахаар зорьж буйг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байсныг Барилга-инженерийн цэргийн чадварлаг алба хаагчид бодит үр дүн болгож чаджээ.
Энэхүү төмөр замын олон давуу талыг нэрлэж болно. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксожсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Харин Ханги боомт нь газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладгаараа стратегийн туйлын чухал ач холбогдолтой аж. Ханги-Мандлын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэх томоохон алхам болж чадна гэдэг тооцоолол тус бүтээн байгуулалтыг цогцлоох ажлыг ханцуй шамлан хийсэн барилгачин дайчдын зориг зүрхийг илүүтэй хурцалж, эх орноо хөгжүүлэх юм сан гэсэн мөрөөдлийг нь илүүтэй бадраана. Тиймдээ ч энэ газар ямар нэгэн ажлын хийдэл байсангүй, өөрийн ажлаа ягштал хийж, удирдлагууддаа улам бүр үнэлэгдэхийг тэд урьтал болгон ажилласан нь шуудхан мэдрэгдэж байсан гэх амттай яриаг бид тэрүүхэндээ хүүрнэж явлаа.
Уг төмөр замын бүтээн байгуулалт цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болгож буйгаас гадна Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаараа онцлог. Мөн эл төмөр зам ашиглалтад орсноор Оюутолгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүсэд буй ашигт малтмалын ордуудын үнэлэмж өсөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэх, Монгол Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгох, экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх, байгаль, экологийн хувьд ч сөрөг нөлөөгүй тээвэрлэлт хийгдэж эхлэх зэрэг асар том давуу тал болох тухай өгүүлэх бригадын генерал С.Ганбямбын яриа өмнө сунайх урт замыг богиносгох шиг санагдана. Тэрээр үргэлжлүүлэн “Энэ том ажилд ханцуй шамлан орсон Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн харьяа ангиуд өнөөдөр зорьсныхоо ард гарж байгаа нь үнэхээр сайшаалтай. Тус бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд манай залуучууд үнэхээр сэтгэл гаргаж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн. Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчин Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтад оролцох үүргээ нэр төртэй гүйцэтгэсний нэг том илрэл болж чадаж байна. Бидний сүүлийн жилүүдэд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлууд болох авто зам, төмөр зам, жишиг сум байгуулах ажлууд төр, засаг болон ард иргэдээс өндөр үнэлгээ авч чадаж байна” хэмээн хэлснээрээ Зэвсэгт хүчнийхний биелүүлсэн үүргийг дахин бататгаж, нөр их ажлын ард гарсан алба хаагчдаараа бахархах сэтгэлийнх нь илрэл аж.
Зүүнбаян-Ханги чиглэлийн Төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцах замын турш Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан төслийн хэрэгжилтийг хангахад Зэвсэгт хүчин хэрхэн оролцсон талаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тайлбарлаж явав. Түүний хэлж байгаагаар “Монгол Улсын Зэвсэгт хүчин болон “Монголиан транс лайн” компанийн хооронд гэрээ байгуулагдаж энэхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр бид ажлаа хүлээлгэн өгч байна гэхээр сайхан юм. Нийт 4,57 сая м.куб газар шорооны ажил буюу доод бүтцийн, 35 километр дээд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрээс нь 13.5 мянган м.куб бетон зуурмагийн нийлүүлэлтийг Зэвсэгт хүчний 110, 339 дүгээр анги, 27 байрлалд угсармал дугуйн хоолой, 36 байрлалд дөрвөлжин хоолой, 63 байрлалд үерийн ус өнгөрүүлэх хоолойг Зэвсэгт хүчний 110, 340, 341, 342, 7781 дүгээр анги хийж гүйцэтгэсэн. Нэгэн онцлох бүтээн байгуулалт бол манай алба хаагчид 78 метрийн урттай хоолой, 5,5 метрийн өргөн 2,75 өндөртэй 3 хос дөрвөлжин гүүрэн хоолойг 9 байршилд барьж байгуулсан нь томоохон туршлага болон үлдсэн. Энэ хугацаанд манай Зэвсэгт хүчнээс 1000 гаруй алба хаагч оролцсоны дотор хугацаат албаны дайчид багтаж өөрсдийн гэсэн мөнгөн хуримтлалыг бий болгож чадсан” гэв. Мөн цаашлаад барилга-инженерийн цэргүүдийн хувьд эндэх ажлаа эцэс болгохын зэрэгцээ шуудхан л “Богдхан” төмөр замын төсөлд үргэлжлүүлэн оролцохоор бэлтгэл ажлаа хангаж нийслэл Улаанбаатар тийш цуваа татуулж буй гэдгийг тэрээр дурдаж байсан юм.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцох “Богдхан төмөр зам” төсөл нь Рашаант өртөөнөөс салаалан Богдхан уулын урд хэсгээр тойрч Мааньт өртөөтэй холбогдох 144.9 километр төмөр зам бөгөөд түүнийг дагалдах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл гэв. Маршрутын хувьд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгаар дамжин өнгөрөх аж.
Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа төмөр замын туннел, эсткадан (том хэмжээний гүүр) гүүрэн байгууламжийг бүтээн байгуулах юм байна. Уг төсөл хэрэгжсэнээр экспорт, импортын болон транзит тээврийн орлого багадаа хоёр дахин нэмэгдэж, гадаад худалдааны эргэлтийг эрчимжүүлэх чухал хүчин зүйл болно. Мөн орон нутагт нийт 1800 орчим ажлын байр шинээр бий болж төмөр замын трассын дагуух хотын дүүрэг, суурин газрууд, сумдын суурьшмал хүн амын тоо нэмэгдэх, эдийн засгийн хөгжил богино хугацаанд эрчимжих, хүн бүхэнд хүртээмжтэй, чанартай нийгмийн дэд бүтцийн цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой соёл, аялал жуулчлал, ногоон хөгжил бүхий суурьшлын бүс бий болон, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зэрэг давуу талыг дурдаж болно. Мөн хот доторх төмөр замын гарам дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс үүдэн авто замыг хоногт дунджаар 230 минут хаадаг бол энэ тоог 84.8 хувиар бууруулах давуу талтай энэхүү бүтээн байгуулалтын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр манай Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийн алба хаагчид ажиллах болсныг хурандаа Х.Батсайхан онцолж байлаа.
Дорноговиос Өмнөговийн чиглэл дэх бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний гүйцэтгэх ажлыг “Төслийн удирдлагын нэгж I, II” хэмээн ангилна. Эхнийх нь хурандаа Д.Энхцогоор удирдуулсан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт бол дараагийн нэгж болох дэд хурандаа Б.Намхайдоржоор удирдуулсан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтын төмөр замын өртөөний үйлдвэрлэлийн бүсийн барилга угсралтын ажил юм. Одоогоор энэ ажилд Зэвсэгт хүчний 338, 339 дүгээр анги оролцож байгаа бөгөөд Вагон засварын цех, уурын зуухны барилга, гүний худаг, зэхэлтийн депо, гаалийн хяналтын талбай зэрэг бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Тус ажлын гүйцэтгэл энэ оны 11 дүгээр сарын сүүл гэхэд бүрэн ашиглалтад орохоор төлөвлөгджээ.
Ийнхүү бид алба хаагчдынхаа хийж хэрэгжүүлсэн, бүтээн байгуулсан ажилтай танилцах томилолтоо эцэс болгож хотын зүг жолоо эргүүллээ. Монгол эх оронд маань олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэгээхэн жишээ нь энэ. Өмнийн говьд нүргэлж буй ирээдүйн хөгжлийг урин дуудсан энэ чимээг та бид сонсох хэрэгтэй. Ингэж л байж тэнд ажиллаж буй залууст урам зориг болох учиртай. “...манайд аль эрт үеийн хоцрогдсон төмөр зам хэрэггүй..., ...бензинээ гаргаж чадахгүй газрын тосны үйлдвэрээр яах юм...” гэх мэт хэт шүүмжилсэн, өөнтөгч үгс бишгүй сонсогдож байна. Харин ч үгүй юм гэдгийг монгол залуус өөрсдөө нотлох цаг айсуй. Тиймээс хүн бүрийн хувьд энэхүү бүтээн байгуулалтад хуруугаа ч болов дүрэх хэрэгтэй болохоос хошуугаа билүүдэх нь хамгийн халгаатай.
Бид хөгжлөө тодорхойлж, цаашлаад бүтээн байгуулалтаа цогцлоохтой зэрэгцээд дараа дараагийн боломжууд гарч ирнэ гэдгийг зарим иргэд ойлгохгүй байх шиг. Хөгжил гэдэг бол хэн нэгэн их мэдэгчийн аманд багтаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн алаг эрээн цаасан дээр эрээ цээргүй бичигддэг зүйл огт биш. Энэ бол олон жилийн дараахыг харсан мега төсөл хөтөлбөрүүдээр эхэлдэг жамтай. Үүний нэгэн хэсэг нь Зэвсэгт хүчний оролцоотойгоор өнөөдөр хэрэгжиж буй “Шинэ төмөр зам” төсөл юм гэдгийг ойлгоосой. Хөгжлийн гал биднийг ирээдүйд чиглүүлж байна. Нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэр, Монголчуудаа! Санаа сайн бол заяа сайн байдаг болой.
Дэслэгч Т.ИДЭР
"Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Хувийн хэвшлийн хийж чадаж байгаа ажилд төр оролцох хэрэггүй. Зэвсэгт хүчнээс өмнө хувийн хэвшил хийсэн.
хувийн хэвшил л гэнэ тэд ер нь монголд чухам юу бүтээсэн юм,улсаас авилгаар мөнгө авч үйлдвэр барьсан нэртэй, цементийг хар,одоо үнээ нэмж яаж шантаажилж бна,хэрэв тэр өгсөн мөнгөөрөө улс өөрөө 2 үйлдвэр нэмж барьсан бол ийм юм болохгүй байв,монголын арми хийх ёстойгоо л хийж бна,бүү хуцацгаа
Новш царайосан эргүү шинелийн голоо өөрөө хуцалгүй зайлаарай
Huviinhan hiij chadahgui l de buun tsavchaa hiine he he
Хувийн хэвшил нэрийн доор хужаагийн бөөс хуцахгүй шүү! Монголын зэвсэгт хүчний цэрэг, офицерууд хийж бүтээж, мөнгө нь монгол хүний халаасанд орохыг эсэргүүцээд байгаа гадны бууны нохдыг ойлгох ч хүсэл алга. Монгол газар нутагт монгол хүн л эзэн байх эрхтэй!!!
Ийм том бүтээн байгуулалтыг үндэсний компаниудаар хийлгэх ёстой юмаа ! "У армии свое дело" гэж мэдэх үү ! Цэргийн нууц нэрээр талхыг 25000-аар шаха ж генерал, хурандаа нар цадна даа, Женко тэдэнд хичээл заасан ш дээ !
Хувийн компани гэж хятад эзэдтэй хулгайч нараа хэлээд байна уу?! Зэвсэгт хүчний тушаалаар нэг хүн шиг хөдөлдөг цэргүүдээр доод суурь бүтцийг хийлгэж, улсын мэдэлд төмөр замыг байлгаж чадсан Женко Баттулга түмэн гавьяатай шүү!!!
Хумуус ажилгуй цалингуй бх Женко цэргээр дараа нь хоригдлуудаар хийлгэх нь Сталин шиг новшнууд
huviin hevshliinhen mongiig ni avaad hulhidana ayultai hulgaichuud
Bidnii hoorondoo margaldah yahab?ganzhan ynen ni manai ylas ene hezyy chag yeiig l yr byteeltei daban tyylaj hojih ni chyhal baina,byteen baigyylalt bol ynen saihan hereg,enyyniig ard tymen algaa toson hyleen absan,odoo ylam l idebhjuulej labsryylah eersdeen bid chini yumaan hiigeed syrchih ni saihan olz men biz dee!!!yyn deer manai ard tymen baharhabal zohino....
Зөөх юмгүй байж мөнгө цавчаад л байх
Цагаан далайн сувагийн үлгэр байхаа- ашмглалтгүй алдөгдал Сталин өөрөө нэг удаа шалгаж аялсан гэдэг байх
Их чухал ажил амжуулсан юм биш үү? Урамгүй үгээр ямагт муу талаас нь хараад байх чинь тусгүй л байна даа! Төмөр замаа өөрсдөө хийгээд сурна гэдэг чинь их ололт байхгүй юу?Бид дандаа муучлахыг л бодох юм. Дандаа мөнгө цувчуулж,цавчаа хийнэ гэж юу байх вэ дээ? Одоо сайн хянаж байгаа биз дээ!!!
Төмөр замын осол 2 ч удаа наад замууд дээр чинь гарсан байх аа. Замын чанар, технологийн гологдолоос болоогүй гэдэгт залбирна. Энэ талаар эсвэл үгүй тухай бас улсын нууц учир нийтэд ярьж тайлбарлахгүй байна уу? Нийтийн итгэл үнэмшил том дэмжлэг шүү дээ!
Монголын зэвсэгт хүчний эх оронч цэрэг, офицеруудын яруу алдар бадартугай!!!
Тэр мөрөөдлийн хоосон галандаа өнөө муу ядруухан зэвсэгт хүчин гээд байгаа зэвсэггүй хүчин нь өөрөө түрүүлээд шатчихна.
Ямарваа нэгэн бүтээн байгуулалтын ажил гэдэг ирээдүй тийш хандсан гэгээлэг сайхан ажил байдаг. Амжилт гаргасан байна үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амжилт хүсье
Энэ амжилт бол бахархал, бас хөгжил, ёслон мэхийж байна. Цаана чинь улсаа хамгаалах хэрэг гарвал эхнэр, хүүхэд, эх ороноо орхиод явах \гадаад руу зугтах\ эрчүүд олон божээдээ. Бичиж байгаа нь сэтгэлд сэвтэй.
Өнгөрсөн нийгмээс санаа авч, цэргийн хүчээ дайчилсан байх! Энх тайван цагт цэргийн хүчээ ийм л ажилд оролцуулах нь зөв! Барилгын цэргийн залуучууд ч ажил хийж сурна. Мэргэшсэн хүмүүс бий болно.Төмөр зам, барилгын мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ. Олон талын ач холбогдолтой! Харин төмөр зам ашиглалтанд орсны дараа дотоод гадаадын тээврээ зөв зохицуулж,олон улсын транзит тээвэр болгон ажиллуулах хэрэгтэй юм даа!