сонин mn
Их Британийн цог жавхлант хатан хаан II Элизабеттэй салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол болж байгаа нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Үүнтэй холбогдуулан Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Золбоотой ярилцлаа.
 
-Британийн хатан хаан II Элизабет хаан сэнтийд заларсны цагаан алтан ойн баяр өнгөрсөн зун болж дөрвөн өдөр үргэлжилсэн. Хатан хааны төр барьсан ойгоос гадна британичууд өнгөрсөн 70 жилээ эргэж харах цаг үе тохиолоо. II Элизабетийн эрин үеийг хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Хүн төрөлхтний түүхэнд тасралтгүй 70 жил хааны титэм зүүсэн хүн ховор. Тэдний нэг нь Британийн хатан хаан II Элизабет. Нийт хүн төрөлхтний түүхээр авч үзвэл ямар улсыг хүлээж аваад ямар болгож үлдээв гэж харвал их олон талаас нь ярьж болох байх. Дэлхийн II дайны дараа “Төмөр хөшиг”-өөр тусгаарласан ертөнцөд түүний гүйцэтгэсэн үүрэг, өнөөдрийн XXI зууны эхний 20 жилийн түүхийг оруулаад тооцвол нэлээн их цаг, цаас орно. Энэ талаар олон судалгаа дүгнэлт бий. Судлаачийн хувьд хатан хааныг агуу хүн гэж боддог. Зөвхөн нэг улс биш хамтын нөхөрлөлийн 15 орны өмнө өдий зэрэгтэй нэр хүнд, үлгэр дууриал хувь хүний байр суурийг хадгалж чадна гэдэг эмэгтэй хүнд  ховор заяах тохиол.
 
II Элизабет хувь хүн талаасаа мундаг ажил хэрэгч, манлайлагч байсан гэдэг. Хошин шогийн нарийн мэдрэмж өндөртэй. Хувцаслалт загвар талаасаа ч ХХ зууны эмэгтэйчүүдийг өнгөлсөн хүмүүсийн дунд хатан хаан маргаангүй багтана. II Элизабет эмэгтэйчүүдийг манлайлалд уриалан дуудаж, үлгэрлэдэг байсан болохоос орчин цагийн ойлголтоор “хэт популист” хүмүүстэй адил феминист хүн байгаагүй шүү. Улсынхаа түүхэнд гурван эмэгтэй ерөнхий сайдыг томилохыг ёсчлон баталж, эхний хоёртой нь хамтарч ажилласан. Энэ утгаараа эмэгтэйчүүдийн манлайлалд сайн жишиг тогтоож чадсан гэж боддог.
 
Орчуулагч Г.Лхагвадуламын монгол хэлээр орчуулсан “Английн хаад, хатад” номонд Их Британийн сүүлийн 1000 жилийн түүхэнд төр барьсан хаад, хатдын түүхэн намтар бий. Тодруулбал, уг номын сүүлийн хэсэгт тус улсын 60-аад жилийн түүхийг нэлээн сайн дүгнэсэн намтарчилсан бүтээл бий. Тэр дунд  II Элизабет  их сонин хувь зохиолтой хүн байсныг харуулсан баримтыг үзэж болно. Тухайлбал, миний ажигласнаар хатан хаанд бараалхана, уулзана гэдэг дэлхийн долоон тэрбум хүний маш цөөхөнд нь тохиох ховор тохиол гэж болохоор байдаг. Гэтэл Британийн нэг хотоос залуу хосууд хуримын урилга илгээсэн юм билээ. Харин хуримын өдөр хатан хаан гэнэт яваад очсон нь залуу хосуудад том хүндэтгэл болсон түүх бий. Ийм энгийн хүн байж гэдэг. Яахав, барууныхны давуу тал бол эзэн хаан, томоохон лидерүүдийнхээ амьдралыг уран сайхны аргаар хүнд хүргэх чадвартай л даа. Хүсвэл Netflix дээр байгаа "Crown" олон ангит киноноос олон сонирхолтой түүхийн талаар мэдэж болно.
 
-Энэ хугацаа Их Британи  колонийн их гүрнээс Европын нөлөө бүхий орон болж өөрчлөгдсөн амжилт, бас сорилтын хугацаанд ганхалгүй явж ирлээ?
 
-Британийн эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн нэг том үүрэг бол монголчууд их гүрнээ байгуулаад мандан бадарч байх үед “Магна карта” хэмээх баримт бичгээр эзэн хааны эрх мэдлээ хязгаарлаж, газрын эздийн үүрэг хуваарилж өгсөнтэй холбоотой гэдэг. Дэлхийн улс төрд анхны Үндсэн хуульт гэх ангилалд багтдаг “Магна карта” баримт бичгийн гол үүрэг бол хаант засаг, гүйцэтгэх засаглалын хуваарийг зааглаж өгсөнд оршдог гэдэг. Яг Үндсэн хууль гэдэг нэрээрээ байдаггүй учраас хүмүүс тэр бүр мэддэггүй байх талтай. Хаан болон газрын эздийн хооронд байгуулсан гэрээ учраас Үндсэн хуулийн чанартай гэж эрх зүйчид тайдбарласан байдаг юм.
 
“Магна карта” хэмээх энэхүү баримт бичгийг бидний өвөг дээдэс, эрт үеийн монголчууд тодорхой хэмжээнд мэддэг байсан нь сонин шүү. 1924 онд анхны Монгол Улсын анхдугаар “Үндсэн хууль”-ийн төслийг боловсруулахаар МАХН-ын Намын төв хороо, Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан комисс Хэмжээт эрхт хаант засаглалтай улс орнуудыг жишээ болгох үүднээс тэдний  “Үндсэн хууль”-ийг орчуулж судалж байсан баримт өнөөдөр Үндэсний төв номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Тэр дунд Британийн “Магна карта”-ын монгол хэлээрх 100-гаад жилийн өмнөх орчуулга бий. Харамсалтай нь эцсийн дүндээ ЗОУ-ын “Үндсэн хууль”-ийн орчуулгаар явсан болохоос биш тэр үеийн сэхээтнүүд маань хаант засаглалын онцлогийг сонирхож, орчуулж байсныг харж болно. Тэр үеийн “Магна карта”-ийн үндсэн санаа ХХ зуунд II Элизабетийн үед илүү төгөлдөршсөн гэж хэлж болно. Ер нь эзэн хаан гэхээр бүхнийг мэдэх биш улс орны эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх ёстой гэсэн санаа л даа. Сүүлийн үед хийж байсан зарим нэгэн социологийн судалгааны дүнгээс харахад жирийн британи иргэн “эзэн хаан”-тай байхыг нэр төрийн хэрэг гэж үздэг гэсэн дүгнэлт байх юм билээ. Гүйцэтгэсэн үүрэг, хийж бүтээсэн ажил үйлсээрээ хатан хаан ХХ зууны түүхийг бичилцсэн алдартнуудын нэг яах аргагүй мөн. 
 
 -Хатан хаан II Элизабет түүхэнд ямар чухал байр суурь эзэлдэг байсныг салах ёс гүйцэтгэх ёслолоос харж болохоор байна. Британийн нэрт ерөнхий сайд Уинстон Черчиллиэс хойш анх удаа төрийн бүрэн хэмжээний оршуулгын ёслол болж байна гэдгийг онцолж байна?
 
-За яг тэгж хэлж болохгүй байх. Дэлхийд танигдсан улс төрч Британид олон байсан. Гэхдээ л тэдний дотроос хатан хааныг үдэх ёслол дэлхий нийтэд түүх болж бичигдэж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хатан хааны гэр бүлийн холбогдолтой үйл явдал дэлхийн түүхэнд хамгийн хамгийн гэсэн ангилалд бичигдэн үлддэг жишиг тогтчихлоо. Тухайлбал, хатан хааны ач хүүгийн хуримын ёслолыг телевизээр дэлхийн хамгийн олон хүн үзсэн байдаг. Үүнтэй адил хатан хааныг оршуулах ёслол XXI зууны эхний 20 жил дэх том үйл явдал болон тэмдэглэгдэн үлдэж магадгүй. Мөн III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслол бас л анхаарал татсан үйл явдал болох биз. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн Британи гэдэг улс дэлхийд ямар үүрэг гүйцэтгэж, ямар байр суурьтай байгааг харуулж байгаа хэрэг. Саяхан та бидний харсан мэдээгээр дэхийн хэмжээний хөл бөмбөгийн од 14 цаг дугаарлаж байж хатан хаантай салах ёс гүйцэтгэж байна гэдэг бол тэрбээр ард түмэндээ хувь хүн, хатан хаан гэдэг утгаараа ямар хүндэтгэл үзүүлэх хэмжээнд байсныг илэрхийлж байгаа хэрэг болов уу. Аль ч төрлийн санал асуулгаас харвал британичуудын үзэл бодол савлах нь маш бага, тогтвортой байдаг нь өндөр түвшинд боловсорсон, иргэншсэн ард түмний соёл, илрэлийн шинж гэж боддог шүү. 
 
-Салах ёс гүйцэтгэх ёслолд манай улсаас Ерөнхий сайд оролцож байна. Үүнийг шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байна?
 
-Дипломат харилцаа тогтоосноос хойших 59 жилийн түүхэнд манайхаас томилогдсон 15 элчин сайд жуух бичгээ хатан хаанд өргөн барьсан байдаг. Манайхаас очсон төрийн өндөрлөгүүдийн айлчлалуудад ч ач холбогдол өгч хүлээн авч уулзаж ирсэн. Манай улсаас дэлхийд танигдсан сонгодог урлагийн томоохон зүтгэлтнүүд ч II Элизабеттэй уулзсан талаараа дурсан ярьсан байдаг. Тийм уулзалтууд төрийн ёслол талаасаа гэрэл зургаас эхлээд бүгд нарийн дэг жаягтай явагддаг гэсэн шүү.
 
Талийгч цог жавхлант хатан хаан зэрэг дээд зиндааны хүмүүсийн оршуулгын ёслолд оролцоно гэдэг тухайн улс орны гадаад харилцааны нэг илэрхийлэл болж өгдөг. Өнгөрсөн зууны хагаст Английн ерөнхий сайдаар олон ажил ажилласан Уинстон Черчиллийн оршуулгын ёслолд тухайн үеийн БНМАУ, Хятадын төлөөлөл оролцоогүйд сэтгэл дундуур үлдсэн талаар  Британийн хэвлэлд бичсэн байдаг шүү. Тухайн үеийн улс төрийн нөхцал шалтгаанаар оролцож чадаагүй байх л даа. Гэхдээ британичуудаас сэтгэл дундуур үнэлгээ авсан нь үнэн юм. Хэдийгээр өнөөгийн дэлхий ертөнц огт өөр болсон ч өнөөдрийн үйлдэл гадаад бодлого, хоёр улсын цаашдын харилцааны  илэрхийлэл болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Олон улсын нөхцөл байдал бэрхшээлтэй үед Монгол Улс Ерөнхий сайдын түвшинд оролцсон нь зөв хандлага чиглэл болон үлдэнэ л дээ. Монгол Улс олон улсын харилцаанд өнгө төрхөө тодорхойлж байгаа хэрэг гэж харж байгаа. Ерөнхий дүр зургаар харвал хатан хааны оршуулга Британи болон АНУ тэргүүтэй өрнөдийн бүлэг, дэлхийн улс орны хэчнээн хувийг өөртөө татаж байгаагийн илрэл юм. Товчхоноор өнөөгийн олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлж байна гэж хэлж болно. ОХУ, Украины хэрэг явдалтай холбоотой болон бусад шалтгаанаар зарим улс орон уригдсангүй.
 
-Дараагийн өв залгамжлагч тодорсон. Ханхүү Чарльз хамгийн сүүлд парламентыг нээхэд хатан хааныг төлөөлж титмийг нь залж, дэргэд нь суусан. Өв залгамжлах үйл явц хэрхэн зохицуулагддаг вэ?
 
-Чарльз өв залгамжлах нь аль хэдийнэ тодорхой болсон. Хатан хаан II Элизабет амьд сэрүүндээ залгамжлагчаа тодруулсан. Гэхдээ нэршлийн хувьд 70 настай Чарльзыг монгол хэлээр “ханхүү” гэх нь оновчтой юу, үгүй юу гэдгийг бид бодмоор юм шиг.
 
Ханхүү гэхээр монгол үгэнд ихэвчлэн залуу хүнийг илэрхийлдэг. Анзаарсан бол саяхан хүртэл бид “Их  Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс” гэж ярьдаг байлаа. Шинэ журамласан толиор “Нэгдсэн хаант улс” болгон өөрчилсөн. Монгол хэлээр “king”-гийн орчуулгыг ван гэж орчуулсныг залруулж, шинэчилсэн хэрэг л дээ. Үүнтэй адил “ханхүү”-г залгамжлагч гэдгээр нь авч явбал оновчтой байж мэднэ. Өрнө, дорнын ойлголт нэр томъёо заавал тулж байх албагүй. Шашин дээр ч мөн адил тийм тохиолдол цөөнгүй бий.
 
Тухайлбал, зарим хэвлэлд “пап лам” гэж бичсэн тохиолдол байж л байдаг. Уг нь огт өөр ойлголт л доо. Цаашид бага багаар засаж залруулаад явах нь зүйтэй. Ер нь өв залгамжлал хүү нарын дэс дарааллаар уламжлан тогтсон дэгийн дагуу зохицуулагддаг. Харин ХХ зуунд хүн төрөлхтний түүхэнд гарч ирсэн давуу тал бол хүний эрхийг хүндэтгэх буюу тухайн хүн хаан ширээ залгамжлах эрхээсээ татгалзаж болох сонголтыг өгсөн. Энэ дагуу хааны удмаас өв залгамжлах эрхээсээ татгалзсан тохиолдол ч хэд хэд бий.
 
-Ханхүү Чарльзаас юу хүлээх вэ. Улс орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлдөг, ямар бодлого баримтлах талаар судлаачдын дүгнэлт ямар байгаа бол?
 
-Хэлэхэд арай эрт байна. Гэхдээ 70 настай Чарльзыг өнөөгийнхөөс өөр “шинэ” хүн болгож өөрчлөх боломжгүй. Чарльзын нийгэмд гүйцэтгэсэн үүрэг буюу ногоон хөгжил, экологи, хүний эрх талаас харвал хатан хаан II Элизабеттэй харьцуулах боломжгүй. Тиймдээ ч ээжтэй нь харьцуулж, тэр хэмжээний зүйл шаардах хэцүү болов уу. Хааны хувьд өндөр дээд нэр хүнд, үлгэр дууриал үзүүлэх байдлаа алдахгүй хадгалж явах нь чухал. Хаан ямар байхаас Британи дэлхийд ноёлох эсэх нь хамаарахгүй шүү дээ. Хааны үүрэгт хамаарах өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгээд л явах байх. 
 
-Хатан хааны гэр бүлтэй холбоотойгоор маргаан байдлаар цухас гарч ирдэг нэг зүйл нь бүгд найрамдах засаглал. Хамтын нөхөрлөлийн орнуудад хаант засаглалыг халъя гэсэн санаа үе үе цухалзаж байдаг. Хамгийн сүүлд Австралийн шинэ ерөнхий сайд Энтони Албанез эрхэмсэг хатан хааныг төрийн тэргүүний суудлаас огцруулж магадгүй гэсэн таамаглал гараад байсан. Ийм нөхцөл бүрдэх боломжтой юу?
 
-Хамтын нөхөрлөлийн улсууд гэдэг бол татвар, хураамжаа төлөөд явдаг нэгдсэн улс биш. Сайн дурын буюу түүхэн уламжлалаа дагасан нэг бүлэгт багтвал Хамтын нөхөрлөлийн нийгэмлэгийн гишүүн байдаг. Хамтын нөхөрлөлийн оронд ихэнх нь хуучин Британийн колонид байсан орнууд. Энэ нөхөрлөлд харьяалагдана гэдэг нь эдгээр улс оронд ямар нэг төвөг учруулж, дарамт болдоггүй байх. Харин ч эсрэгээрээ нэр төрийн хэрэг. Аль нэг улс орон хамтын нөхөрлөлөөс гаръя гэснээрээ илүү хожино гэж бодохгүй байна.  Харин хамтын нөхөрлөлийн орнуудын нийгэмлэгээс гарч магадгүй нэг зүйл нь ИБУИХУ өнөөгийн түвшинд байж чадах уу гэдэг сонин асуулт л даа. Нийт ард түмний санал асуулга тухайлбал ирээдүйд Шотланд Нэгдсэн хаант улсын бүрэлдэхүүнд байх уу гэдэг асуудал гарч ирнэ. Тэр үед нөхцөл байдал арай өөрөөр харагдах байх.
 
-Ерөнхий дүр зургаар харвал Монгол, Британи хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
 
-Өнөөгийн түвшинд байж болох хамгийн сайн, түүхэн цаг үедээ байна. Ирэх жил Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. 1963 онд тухайн үеийн хамгийн өндөр хөгжилтэй өрнөдийн улс орнуудаас хамгийн түрүүнд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн улс шүү дээ. Энэ 60 жилийн түүхийн хагасаас илүүд нь манай улсын чөлөөт зах зээлийн нийгмийг дэмжиж ирсэн улс бол Британи. Газар зүйн хувьд алс хол, түүхэн уламжлал талаасаа харилцаа холбоо багатай учраас зарим нэг улс оронтой харьцуулахад өндөр түвшинд хамтардаггүй байж мэднэ. Гэхдээ манай улсад үзүүлж байгаа тусламжийг мөнгөн дүнгээр биш юм аа гэхэд боловсрол, соёл, шинжлэх ухааны тал дээр үзүүлж байгаа дэмжлэг, хамтын ажиллагаа маш сайн. Монгол Улсын гадаад харилцааны тулгуур зарчим болох гуравдагч хөршийн тоонд Британи зайлшгүй багтдаг гэдэгтэй маргах боломжгүй.
 
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин