sonin.mn
Энэ сарын 15-нд буюу өчигдөр Узбекистаны Самарканд хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзаж, Хятад Оросын харилцаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцжээ.
 
 
Энэ үеэр Ши Жиньпин: "Энэ он гарснаас хойш Хятад, Орос үр ашигтай стратегийн хэлхээ холбоотой байж ирлээ. Хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа тогтвортой урагшлан, спортын солилцооны жилийн ажиллагаа ч системтэй эхэлж, орон нутгийн болон хүмүүнлэгийн солилцоо нэмэгдэж ирлээ. Мөн олон улсын тавцан дахь зохицуулалт сайжирч, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалж ирсэн байна. Дэлхий, эрин үеийн өөрчлөлт, түүхийн хувьсалтын өмнө Оросын талтай хамт том гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлан, өөрчлөлт ихтэй дэлхий ертөнцөд хувь нэмрээ оруулахад Хятадын тал бэлэн байна. Оросын талтай өөр өөрийн амин чухал ашиг сонирхлын асуудлаар харилцан ойлголцож, худалдаа, хөдөө аж ахуй, дэд бүтцээ харилцан холбох зэрэг салбар дахь бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр талаараа ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, БРИКС зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, талуудын эв нэгдэл, харилцан итгэлцлийг бэхжүүлэн, бүтээлч хамтын ажиллагааг өргөтгөж, бүс нутгийн аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалан, өргөн олон хөгжиж байгаа орон болон шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалах хэрэгтэй" гэжээ.
 
В.Путин удалгүй болох гэж байгаа ХКН-ын 20-р их хурал амжилттай болохыг хүсэн, Ши Жиньпин даргын удирдлагатайгаар Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил тасралтгүй шинэ амжилт олно гэдэгт итгэж байна гэсэн байна. Мөн: "Өнөөгийн дэлхий ертөнцөд их өөрчлөлт гарч байна, Орос Хятадын найрамдал, харилцан итгэлцэл бол цорын ганц өөрчлөгдөшгүй зүйл байгаа бөгөөд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бат бэх хэвээр байна. Орос Хятад аль аль нь шударга зүй зохистой олон улсын дэг журамтай байхыг зорьж байгаа бөгөөд олон улсын харилцааны үлгэр жишээ болж байна. Оросын тал “Нэг Хятад”-ын зарчим эрс баримталж байгаа бөгөөд зарим орон Хятадын амин чухал ашиг сонирхлын асуудлаар өдөөн хатгалга хийж байгаа үйлдлийг шүүмжилж байна. Хятадын талтай хоёр талын хэлхээ холбоо зохицуулалтаа гүнзгийрүүлж, эдийн засаг худалдаа, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөхөд Оросын тал бэлэн байна. Мөн ШХАБ-ын гишүүн орнууд харилцан дотоод хэрэгт үл оролцох үндсэн дээр хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлын нэр хүндтэй индэр байгуулахад Оросын тал бэлэн байна" гэжээ.
 
Г.Бямба