sonin.mn
Алс холын Африкаас “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаанд оролцож байгаа Бүгд Найрамдах Зимбабве Улсын баг тамирчдыг алсын зайн маршид гарахаас нь өмнө  ярилцлаа.
 
Ахлагч Чимбузи Тондрай:
 
-Сайн байна уу, намайг Чимбузи Тондрай гэдэг. Эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Зимбабве Улсынхаа Зэвсэгт хүчинд 2007 оноос хойш үүрэг гүйцэтгэж байна. Уулын тусгай морьт хороонд 2010 оноос хойш өнөөг хүртэл алба хааж байна. Манай морьт тусгай хорооны зорилго нь машин техник хүрдэггүй уулархаг бүс нутагт үүрэг гүйцэтгэх юм. Монгол Улсад ирээд алсын зайн маршийн маршрут, цэгүүдийн даалгавруудтай танилцахад бидний өдөр тутамдаа гүйцэтгэдэг ажил байсан. Тэгэхээр бид алсын зайн маршийн цэгүүдийн даалгаварт огтоосоо ч түүртэхгүй гэсэн үг. Газар орны хувьд ч хүндрэл нь харьцангуй гайгүй санагдлаа. Гэхдээ бодитоор туулахад мэдээж амаргүй байна байх. Бидний хувьд морьт хорооны дайчдын хувьд энэ төрлийн уралдаанд оролцох хүсэл тэмүүлэл хэзээнээс л байсан.
 
Тэгээд 2019 онд Монгол Улсад улсад анхлан зохиогдсон “Аравт” уралдаанд ажиглагчаа илгээн оролцуулаад боломжтой гэж үзсэн тул өнөөдөр багаараа хүрэлцэн ирээд байгаа нь энэ. Бид эх орондоо бэлтгэлээ маш удаан хугацаанд бэлтгэсэн. Монголд хүрэлцэн ирснээс хойш хэдий богино хугацаанд морьтой дадлагыг гүйцэтгэсэн ч гэсэн зааварлагч багш нар маш сайн зааж өгсөн. Монголчуудын онцгой нэг чанар нь сэтгэлээсээ сайн заадаг, сурсан эсэхийг нь шалгадаг гэж хэлмээр байна. Миний хувьд гурван хүүдээ “Аравт-2022” уралдааны медальтай очихыг хүсэж байна. Чадна гэдэгтээ ч итгэл дүүрэн байна. 
 
Ахлагч Помаен Игнишус:
 
-Монгол хэмээх сайхан оронд хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Энэ уралдаанд орох шийдвэр гарах хүртэл Монгол Улсын талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Дарга маань Монгол Улсад зохион байгуулагдах “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаанд бид оролцоно гэж дуулгасны дараа интернэтээр хайж үзсэн. Уудам газар нутагтай, байгалийн үзэсгэлэнтэй  улс гэдгийг нь тэгж мэдсэн. 
 
Онгоцноос буугаад бүх зүйл онцгой сайхан санагдсан. Тал хээр нь ногооноор хучигдаж, байгаль орчин нь үзэсгэлэнтэй юм. Хүмүүс нь нөхөрсөг, найрсаг, тусч ард түмэн юм байна. Монгол морины хүч чадал, тэсвэр тэвчээр нь үнэхээр бас гайхамшиг. Хол газар туулаад байхад огтоосоо ядардаггүй юм билээ.  Анх ирэхэд Монголын цэргийн дарга “Манай адуу хагас зэрлэг, ааштай шүү” гэсэн ч унаад үзэхэд тэгж санагдаагүй. Уралдааны нээлт болон бэсрэг наадам биднийг гайхшируулсан шүү. Ялангуяа бяцхан хөвгүүд морийг эрэмгий гэгч нь унаж байгааг хараад цочирдсон. Манай улсад нас биед хүрснийхээ дараа л морь унаж сурдаг. Би гэхэд морьт хороонд алба хааж эхэлснийхээ дараа унаж сурсан. Монгол Улсын зан заншил зарим талаараа манай улсынхтай төстэй байна. Зимбабве иргэд бөх барилдаж, үндэсний зоогоороо ийм төрлийн наадам бас хийдэг. Алс холын анд нөхөд биднийг уралдаандаа урьж оролцуулан, халуун дотноор үйлчилж байгаа Монгол Улсын цэргийнхэндээ маш их баярлалаа. Бидний гол зорилго уралдаандаа түрүүлэх билээ.
 
 
"АРАВТ-2022" Хээрийн сонин