sonin.mn
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-гийн Монгол Улсад айлчилна. 
Хотол даяараа цэнгэж тэмдэглэсэн түүхт их ойн дараа манай сайхан оронд зочлож буй гадаадын анхны хүндэт зочин эрхэмсэг ноён Ван И бидний хувьд хуучин анд нөхөр билээ. 2018 оны наймдугаар сарын 23-25-нд, 2020 оны есдүгээр сарын 15-16 нд Монгол улсад тус тус албан ёсны айлчлал хийсэн нөхөрсөг андын гуравдахь айлчлалын тухай манай улс төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа нь дамжиггүй юм. 
 
Дэлхий дахиныг хамарсан аюулт цар тахлын нөлөөгөөр улс орны эдийн засаг нийгмийн байдал амаргүй эгзэгтэй, олон улсын нөхцөл байдал өдөр ирэх тусам хурдан өөрчлөгдөж урьдчлан тааварлашгүй үед холын зочны үгийг сонсож ойрын нөхөрлөлөө бататгадаг найрсаг монгол зангаараа угтан авах бидэнд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд нэн чухал айлчлал болно гэж итгэж байна. 
 
 
 
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И нар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрэх байх.
Манай нийгэм олон нийтийн зүгээс энэхүү айлчлалын үед яригдаж болох магадлалтай эдийн засгийн харилцаа, худалдаа хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх чиглэлд сонирхон анхаарал хандуулж буй гурван сэдвийг хөндөхийг хичээе.
 
 
 
Нэг: Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 
 
Баруун бүс нутгийн эрчим хүчний найдвартай эх үүсвэр болох Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийн санхүүжилтийн асуудлын эцэслэсэн үйл ажиллагааг нь эрчимжүүлнэ. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний том төслийн түүх нь тэртээ 1964 онд тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд Ховд гол дээр усан цахилгаан станц барих боломжтой гэсэн судалгаа хийж байснаас эхлэлтэй юм. 2015 онд ЭХЯ Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийн нэгжийг байгуулснаар ажилд ахиж гарч улмаар 2018 онд Монголын тал дахин судалж, уг станцыг барих шийдвэр гарган БНХАУ-аас Монгол Улсад олгох хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх бөгөөд одоогоор батлагдсан ТЭЗҮ-гээр 90 МВт хүчин чадалтай, жилд 366 сая кВт*цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм. Тендерт шалгарсан “Power Construction Corporation of China”, “Power China Chengdu Engineering Corporation” компаниудын түншлэл 271 сая ам.доллароор бүтээн байгуулахаар тохирсон бөгөөд барилга угсралтын ажил 61 сар үргэлжлэх аж. Уг усан цахилгаан станц ашиглалт орсноор баруун бүсийн болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах бөгөөд их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ. Баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь хангагдана. Улсын төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэнэ. Цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 330 мянган тонноор багасгана. Усан цахилгаан станцын барилгын угсралтын ажлын үед 800–1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60 –80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
 
Энэ айлчлалын хүрээнд төвийн бүсийн эрчим хүчний нэгэн том эх үүсвэр болох Багануурын цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг эцэслэн шийднэ гэсэн хүлээлт байна. “Багануур Пауэр”ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг ашиглан концессын хэлбэрээр, (Барих-Ашиглах-Шилжүүлэх) 634,317,000 ам.долларийн өртөгтэйгээр барьж байгуулснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээ, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна Дорнод бүс, Өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах шинэ эх үүсвэр бий болж, системийн найдвартай ажиллагаа хангагдах бүрэн боломжтой болно. Төвийн бүсийн эрчим хүчний системийн 2026-2030 оны хэрэглээний өсөлтийг бүрэн хангаж жилд 2.160.00 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэн Зүүн өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газруудад, аж үйлдвэрийн төслүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах эх үүсвэрийн боломж бүрдэнэ.
 
 
 
Хоёр: Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх 
 
Дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт удааширч хямралт байдалд тулж ирээд буй энэ үед улс орнуудын тэр тусмаа хөрш улсуудын харилцаа хамтын ажиллагаа туйлаас чухал билээ. Манай хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулахад нэн тэргүүнд хилийн боомтын нэвтрэх хурдыг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаад байна. Хоёр талын худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн хамтын ажиллагаагаа ажил хэрэгчээр эрс нэмэгдүүлэх хүлээлт өндөр байна. 
 
Цар тахлын хүндрэлтэй үед талууд шуурхай ажиллаж Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулснаар Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж байгаа нь манай эрдэс баялгийн экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж бид үзэж байна.
 
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үед талууд тохиролцсон хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, ложистикийн асуудлаар албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурах хүлээлттэй байгаа. 
Хоёр талын харилцаа. хамтын ажиллагааг аль болох хэвийн өрнүүлэхэд анхаарч өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээг боломжит хэлбэрээр зохион байгуулж, хоёр улсын хилийн боомтуудад хэрэгжүүлж байсан "Ногоон гарц"-ын түр журмыг дахин эхлүүлж зорчигч урсгалыг нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал түлхэц болно.
 
Монгол Улс 2021 онд 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 9.2 тэрбум, импорт 6.8 тэрбум ам.доллар байсан бол БНХАУ-тай 2021 онд 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 63.%-ийг эзэлж байна.
Харин 2022 оны эхний 2 сарын байдлаар Монгол Улс дэлхийн 45 улсад бараа бүтээгдэхүүн экспортолсноос БНХАУ-д 73% буюу 860 сая 156 мянга 800 ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна.
 
Гурав: Шийдлээ хүлээсэн бусад асуудлууд
 
Энэ удаагийн айлчлалаар яригдахаар шийдлээ хүлээж буй хоёр улсын эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй доорх хэдэн асуудлыг хөндөж ярих нь цаг хугацааны хувьд боломжтой юм:
 
Үүнд : 
 
➢ Монголбанк болон БНХАУ-ын ардын банк хоорондын своп хэлэлцээрийн хугацааг сунгах 
 
➢ Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн , махны экспортыг өмнөх жилүүдийнхээс хэд дахин илүүгээр нэмэгдүүлэх ажил
 
➢ Урд хөрш рүү гарах хилийн боомтын тоог нэмэгдүүлснээр бараа бүтээгдэхүүний эргэлт, хэмжээ дагаад өснө. Үүнээс шалтгаалж улсын эдийн засгийн тэлэлт, гадаад валютын нөөц нэмэгдэх боломжтой
 
➢ Мөн айлчлалаар уламжлалт задгай тээвэр болон зорчигч тээврийн хилийг нээхээр ярилцаж тохиролцох боломжийг эрэлхийлэх
 
Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэх өндөр ач холбогдолтой юм. Мөн энэ удаагийн айлчлалаар гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах, тов гаргах асуудлаар санал солилцож эхний алхам хийгдэнэ гэж бодож байна.
 
       
 
 Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү