sonin.mn
“Хүйтэн дайн”-ы үеэс дэлхийд их хэмжээгээр хуримтлагдаад байсан үй олноор хөнөөх  зэвсгийн гол нэг төрөл болох химийн зэвсгийг хурааж, бүрмөсөн устгах зорилготой Химийн зэвсгийн конвенц хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхэлсний 25 жилийн ой өнөө жил тохиож байна. Тэрчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч мэргэжлээрээ анх удаа олон улсын байгууллагад ажиллаж эхэлсний 25 жилийн ой давхцан тохиож байгаа юм. Үүнтэй холбогдуулж олон улсын Химийн зэвсэг хориглох байгууллагад Монгол Улсаас анхлан мэргэжлийн шинжээчээр долоон жил ажилласан цэргийн химич, доктор (Ph.D), бэлтгэлд байгаа бригадын генерал М.Хүрлээтэй ярилцлаа.    
 
Юуны өмнө та Химийн зэвсгийн конвенцын талаар манай уншигчдад ойлголт өгнө үү?  
 
-“Химийн зэвсгийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, нөөцлөх, хэрэглэхийг хориглох, түүнийг устгах тухай” конвенц буюу товчоор Химийн зэвсгийн конвенц 1997 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш 25 жилийг үдэж байна. 
Химийн зэвсгийн конвенц болон түүний хэрэгжилтийн тухай ярихын тулд “Үй олноор хөнөөх зэвсэг”-ийн талаар цухас дурдах хэрэгтэй болов уу. Цэргийн нэр томьёонд хүн амыг олноор нь нэг дор үхэлд хүргэх аюултай зэвсгийг “Үй олноор хөнөөх зэвсэг” гэдэг бөгөөд түүнд цөм, хими, биологи (бактериологи)-ийн зэвсэг гэх гурван төрөл багтдаг юм. Тэдгээрээс цөмийн зэвсэг гэдэг нь химийн хүнд элемент уран, плутонийн цөмийн хуваагдах гинжин урвал, хөнгөн элемент устөрөгч (дейтери, тритий)-ийн халуун цөмийн нэгдэх (синтезийн) урвалын үр дүнд ялгарах асар их энергид хөнөөх хүчин зүйл нь үндэслэгдсэн зэвсгийг хэлдэг. Химийн зэвсэг гэж хүн, амьтны бие организмын хэвийн үйл ажиллагааг огцом алдагдуулж, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй химийн хорт бодисын хоруу шинж чанарт хөнөөх хүчин зүйл нь үндэслэгдсэн зэвсгийг, өөрөөр хэлбэл гоц хортой химийн төрөл бүрийн бодисоор цэнэглэсэн байлдааны төрөл бүрийн галт хэрэгслүүдийг хэлж байгаа юм. Харин биологи (бактериологи)-ийн зэвсэг гэж хүн, амьтны бие организм, ургамлын эд эсийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, үй олноор нь үхэлд хүргэх үйлчилгээтэй, гоц халдварт өвчин үүсгэгч бичил биетэн (микроорганизм)-үүдийн хоруу чанарт хөнөөх хүчин зүйл нь үндэслэгдсэн зэвсгийг хэлдэг. Энэхүү гурван зэвсэг тус бүр нь дотроо бас төрөл зүйл болон ангилагддагийг энд нарийвчлан дурдах хэрэггүй байх. 
 
Химийн зэвсгийн нөөц болоод түүний устгалын тухай тодруулахгүй юу? 
 
 
 
-Химийн зэвсгийн конвенц хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлсэн тэр үед АНУ, ОХУ тэргүүтэй нэлээд олон улс оронд нийт 8 670 000 орчим нэгж байлдааны төрөл бүрийн галт хэрэгсэл болон янз бүрийн багтаамжтай төхөөрөмжид савласан нийт 72304 тонн байлдааны зориулалттай химийн хорт бодис хуримтлагдаад байсныг албан ёсоор тогтоож, тэдгээрийг хурааж бүрмөсөн устгахаар албажуулсан байдаг юм.
 
Тэр үеэс хойш өнөөг хүртэлх 25 жилийн хугацаанд олон улсын Химийн зэвсэг хориглох байгууллага үйл ажиллагаагаа албан ёсоор тасралтгүй явуулж, дээрх химийн зэвсгээс 71614 тонныг буюу 99 хувийг нь бүрмөсөн устгаж дуусгаад байна.   
 
Та Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад мэргэжлийн шинжээчээр цөөнгүй жил ажилласан шүү дээ. Зэвсэгт хүчнээс бараг анхдагч нь байх шүү, тийм ээ? 
 
-Тэр тухай эргэн санахад тухайн үеийн манай улсын нийгмийн байдал эрхгүй бодогддог юм. “Социализм” гэдэг тэр өнгөрсөн нийгмийн үед Монголын Ардын Армийн алба хаагч бүү хэл эгэл жирийн иргэн ч “социалист лагерийн орнууд”-аас бусад улс оронд, ялангуяа “Хөрөнгөтөн” гэгдэж байсан оронд аялал жуулчлалаар ч явах эрхгүй, хатуу хяналт хязгаартай байлаа шүү дээ. Гагцхүү 1990-ээд онд Монгол оронд өрнөсөн ардчиллын ач буянаар тэр хязгаарлалт байхгүй болж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын алба хаагчид хүртэл алба болон амины ажлаар гадаадад чөлөөтэй зорчих өргөн боломж нээгдсэн юм. 
 
 
Миний хувьд тэр үеэс буюу 1997 онд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа цэргийнхээ үндсэн мэргэжлээр НҮБ-ын харьяа олон улсын байгууллагад ажиллаж, цэргийнхний салхийг нь хагалж, араасаа олон залуусыг дагуулах хувь надад тохиосонд баяртай, бас бахархалтай байдаг юм.
Химийн зэвсгийн конвенцыг амьдралд хэрэгжүүлж, дэлхийд асар их хэмжээгээр хуримтлагдаад байсан гоц аюултай зэвсгийг хурааж, хүн, амьтан, байгаль орчинд халгүйгээр өөрийн мэргэжилтнүүдийн байнгын хяналтад бүрмөсөн устгаж дуусгах чиг үүрэгтэй олон улсын Химийн зэвсэг хориглох байгууллага Нидерландын Вант Улс (Голланд)-ын Гаага хотод байгуулагдаж, тэнд ажиллах мэргэжлийн хүмүүсийг Химийн зэвсгийн конвенцын гишүүн орнуудаас 1997 онд анх шалгаруулж авахад тэнцэж, тэнд мэргэжлийн шинжээчээр ажиллах эрх олж авснаа эргэн санахад таатай байна. 
 
Олон улсын байгууллагад химийн шинжээчээр ажиллана гэдэг тийм ч хялбархан санагдахгүй байна. Мэдээж эрсдэлтэй олон газарт томилолтоор ажилласан байх ... 
 
-Тэнд долоон жил ажиллахдаа химийн зэвсэгтэй улс орнуудад нийтдээ мянга гаруй хоног томилолтоор ажиллан тэдний химийн зэвсгийн агуулах, хадгалалтын баазуудад шалгалт хийж, устгалын байгууламжуудад хяналт тавьж, гоц аюултай хэдэн мянган тонн хорт бодис, байлдааны хорт бодисоор цэнэглэгдсэн олон сая ширхэг их бууны сум, пуужин, онгоцны бөмбөг, юүлэх төхөөрөмж, газрын мина, гар гранат зэрэг байлдааны галт хэрэгслүүдийг хүн, амьтан, байгаль орчинд аюулгүйгээр устгахад биечлэн оролцож, амжилттай  ажилласан. Тэр байгууллагад ажилладаг химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчид хийх ажлынхаа чиг үүргийн хувьд өндөр эрсдэлтэй байдгаас гадна тухайн цаг үед дайн байлдаантай улс орнуудын “халуун цэг”-үүдэд ч ажиллаж, үүрэг гүйцэтгэх шаардлага тулгардаг учир тэднийг давхар эрсдэлтэй орчинд ажилладаг хүмүүс гэж ойлгож болно. 
 
Танаас гадна манай улсаас ямар хүмүүс дээрх байгууллагад ажилласан байдаг юм бэ? 
 
-Тэнд надаас гадна 1997-2007 онд ГХЯ-ны дипломат ажилтан Д.Ганбаатар агсан шуурхай төлөвлөлтийн хэлтэст ахлах мэргэжилтнээр, хожим миний дараа химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр 2004-2015 онд манай Зэвсэгт хүчний Химийн цэргийн хурандаа З.Нармандах доктор (Ph.D), 2005-2015 онд хурандаа Д.Эрдэнэцогт нар амжилттай ажилласан юм. Товчхондоо бидний дөрвөн монгол мэргэжилтэн олон улсын тус байгууллагад нийлбэр дүнгээрээ 38 жил тасралтгүй ажилласан гэсэн үг. 
 
Олон улсын химийн зэвсэг хориглох байгууллага Нобелийн шагнал хүртэж, та бүхэнд ч талархлын сертификат ирж байсныг санаж байна. Энэ бас л онцлох үйл явдал шүү дээ ... 
 
-Тийм ээ. Олон улсын Химийн зэвсэг хориглох байгууллага 2013 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн юм. Тус байгууллагыг тийм амжилтад хүрэхэд оруулсан бидний хувь нэмрийг үнэлж, бид дөрөвт “Нобелийн талархлын сертификат” ирүүлсэн нь дурсгалтай, бас Монголын боловсон хүчний чадавхыг өндөр үнэлсэн явдал гэж бид баярлаж басхүү бахархдаг юм.  
 
 
Химийн зэвсгийн конвенцын ач холбогдлын талаарх таны дүгнэлтийг ярилцлагынхаа төгсгөлд тодотгоё ... 
 
-Өнгөрсөн зууны “хүйтэн дайн”-ы уршгаар дэлхийд асар их хэмжээгээр хуримтлагдаад байсан “Үй олноор хөнөөх зэвсэг”-ийн гол нэг төрөл нь болох химийн зэвсгийг харьцангуй богино хугацаанд ийнхүү хурааж, бүрмөсөн устгаж дуусгах бодит нөхцөлийг бүрдүүлж чадсанд энэхүү конвенцын ач холбогдол оршиж байгаа юм. Цаашдаа үй олноор хөнөөх зэвсгийн үлдсэн хоёр төрөл болох цөмийн зэвсэг, биологи (бактериологи)-ийн зэвсгийг химийн зэвсгийн энэ жишгээр хурааж, устгаж, аюул заналхийлэлгүй болгоход дэлхийн хүн төрөлхтөн үргэлжлүүлэн тууштай тэмцэж нааштай үр дүнд хүрнэ байх гэж найдаж байна. Ер нь элдэв төрлийн, тэр тусмаа ийм үй олноор хөнөөх аймшигт зэвсэг, дайн дажин огтхон ч хэрэггүйг өнөөгийн Орос-Украины цэрэг дайны байдал ч харуулж байна шүү дээ.  
 
 
Хошууч Д.МЭНДБАЯР 
Эх сурвалж: "Соёмбо" сонин