sonin.mn
Түүний удамд цэргийн ч, урлагийн ч хүн байгаагүй. Харин тэр өнөөдөр Монголын Зэвсэгт хүчний ахлагчийн албанд хоёргүй сэтгэлээр 25 жил зүтгэж явна. Мөн түүний энгэрт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм цол тэмдэг гялалзан байна. Түүнчлэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Үлээвэр найрал хөгжмийн салааны жагсаалын дарга, ахлах хөгжимчин, ахлах ахлагч Г.Батбаяр даян дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд гурвантаа оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэсэн энхийг сахиулагч юм. Энэ бол түүний хичээл зүтгэл, хөлс хүч, авьяас чадвар, хүсэл тэмүүллээрээ бий болгосон амьдралын зам, амжилтын жим юм. Энэ бүхний ард амьдралд нь түшиг, амжилтад нь ташуур болж байдаг халамжит хань, гурван сайхан нуган үр нь сэтгэлийн амар амгаланг эдлүүлж, аз жаргалыг сөгнөнхөн байдаг аа...
 
Оны өмнөхөн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр  энгэрээ мялаасан ахлагч залуу маань саяхан “Бүрээн дуулал” уран бүтээлийн тоглолтоо Зэвсэгт хүчний хэмжээнд төдийгүй Дотоодын цэрэг, мөрдэс нэгт нөхдөдөө толилуулсан билээ. Түүний тоглолт дуу хуур халгиж, инээд нулимс цалгиж, бахархал омогшил бадарч, бодрол ухаарал сүлэлдсэн үнэхээр гэгээхэн, гэгэлгэн үдшийг бэлэглэсэн юм.
 
 
Тэр бээр Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн босгоор алхаж, эрдмийн аяныхаа суурийг тавихдаа мөн дуу хөгжим, урлагийн замналаа давхар эхэлжээ. Нэгдүгээр ангийн жаахан хүү хэрэндээ л толгой даан шийдвэр гаргаж, аав ээждээ ч хэлэлгүй дуу хөгжмийн дугуйланд шалгуулаад үзсэн нь амжилтыг олж, шалгарсан долоон хүүхдийн нэг болжээ. Өрөө дүүрэн хөгжмийн зэмсэг бүхий дугуйландаа орвол буланд байрлуулсан ногоон өнгийн бөмбөр өөрийн эрхгүй анхаарлыг нь татаж, хоёр цохиураа бариад нэг л тийм зүүд мөрөөдлийн ертөнцөд саатсан гэнэм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Алтан бүрээ” хөгжмийн их наадамд тус сургууль дөрвөн жил дараалан түрүүлэхэд тайзны хойморт дөрвөн мөчөөрөө бөмбөр дэлдэн суугаа бяцхан хүүгийн авьяас билэг эрхгүй жин дардаг байсан талаар түүний дуу хөгжмийн багш Ц.Цэгмид сэтгэл догдлон өгүүлсэн нь бий. Харин залуудаа Ардын Армийн алба хаагч байсан багш нь дугуйлангийнхаа хүүхдүүдэд Цэргийн хөгжмийн сургуулийнхны тоглолтыг үзүүлсэн нь бяцхан хүүгийн дотор нуугдаж байсан бас нэгэн хөгийг сэргээж бүрээчин, тэр дундаа цэргийн хөгжимчин болох туйлын хүслийг нь бадраажээ. 
 
Дөрөвдүгээр ангийн жаалхүү мөн л бие даан шийдвэр гаргаж, өөрөө хайж явсаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хөгжмийн тусгай салааны хөгжимчин сурагчаар элсэхээр шалгалт өгөөд тэнцжээ. Энэ удаа харин хүүгийнхээ авьяас билигт итгэсэн аав ээж нь дуртайяа зөвшөөрсөн гэдэг. Харин шалгаруулалтад тэнцсэн ч жижиг биетэйгээсээ болоод золтой л хасагдчихаагүй гэдэг. Ангийн захирагч, төрийн хонжин хурандаа Ж.Дүүрэнжаргал шалгарсан таван хүүхдийг хүлээн авч уулзахдаа түүнийг илт голж “Энэ жаахан хүүхдийг авахгүй ээ” гэхэд нь нүдийг нь нулимс бүрхээд иржээ. Тэгтэл хурандаа “Энэ хамгийн өндөр оноотой Батбаяр гэж хэн бэ?” гэхэд нь хүү гараа өргөвөл захирагчийн ширүүн төрх зөөлөрч, өхөөрдсөн аястай дух руу нь зөөлөн няслангаа “Ийм юм зөндөө үзнэ шүү дээ, чадах уу, чи” гэжээ. Ингэж тэр бээр Зэвсэгт хүчинтэй амьдралаа холбосон. Мөн Төрийн торгон цэрэг-Хүндэт харуулын анги гэгдэх Зэвсэгт хүчний 032 дугаар ангитай хувь заяагаа нэгтгэснээс хойш өнөөг хүрчээ. Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуульд суралцан төгсөөд ч төрөлх ангиасаа сэтгэл буруулаагүй аж. “Миний хүүхэд нас энд өнгөрсөн учир сэтгэлд маш дотно, ойрхон байдаг. Шалган нэвтрүүлэх цэг, Соёлын төв, цэргийн гал тогоо, хоёр давхар дотуур байр минь одоо ч яг л хэвээрээ. Цэргийн хөгжмийн удирдаач, эсвэл өөр ажил хийгээд явах санал, боломж байсан ч бүрээгээ үлээгээд, бөмбөрөө цохиод л явах минь надад юу юунаас илүү сэтгэлийн жаргал өгдөг” хэмээн хөгжимчин залуу өнөө ч сэтгэл хангалуун өгүүлэх. Түүнийг хүмүүс “Жаахан цэрэг” гэж дуудахыг нь сонсоод сониучирхан асуувал “1999 онд манай ангийн 75 жилийн ойн баярын тоглолтоор Дүүрээ захирагч маань намайг жижигхэн биетэй, хэвлүүхэн зантай юм гээд Д.Дашдондовын шүлэг, С.Тараагийн хөгжим “Жаахан цэрэг” дууг ЦДБЭЧ-ын тайзан дээр дуулуулсан нь надад энэ алдрыг хайрласан юм даа” гэж дурсамж сөхсөн юм. 
 
“...Жаахан цэрэг том болно
 
Жагсаалын цэргийн түүчээ болно...” хэмээн хэвлүүхэн дуулж байсан жаахан хүү төдийлөн өндөр, нуруулаг болоогүй ч хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, авьяас билгээ хөгжүүлж явсаар өнөөдөр бие даасан тоглолтоороо өөртөө бахархал оршоож, түмэн олондоо өөрийгөө тунхаглалаа. Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн төрийн хийгээд салбарын хүндэтгэлийн бүхий л үйл ажиллагаанд тус ангийн үлээвэр найрал хөгжмийнхөн оролцдог болохоор түүний тоглолтын бэлтгэл тун давчуухан хугацаанд удирдлага, хамт олон, найз нөхдийнхөө тус дэмээр тун амжилттай болж өнгөрчээ. Ялангуяа тоглолтын ар талыг найдвартай даасан ЦДБЭЧ-ын ССХМА-ны дарга дэд хурандаа Р.Өнөржаргал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хөгжимчин ахлах ахлагч Б.Баярбат нартаа талархаад баршгүй гэнэ. Шөнө хагасалсан тоглолтын бэлтгэлийнх нь үеэр халуун хоол цай хийгээд бариад ирсэн салааныхны ар гэрийнхэн ч гэсэн анхны бүхнээ тамгалах гэж хэрэндээ тэвдэж байсан залууд сэтгэлийн эрч хүч, дэм түшиг болсон гэдэг. Мөн тоглолтын өмнөх өдөр отгон нуган үр нь мэндэлж, баяр дээр нь баяр нэмсэн сайхан мэдээтэй. 
“Бүрээн дуулал” уран бүтээлийн тоглолт дутуугүй дүүрэн, дуусахад харамсам болсон. Түүний эрч хүчтэй бөмбөрийн цохилт өнгө өнгийн гэрлийн тусгал, хөгжмийн хэмнэлээр сацрах усны үзүүлбэртэй хоршин нүргэлж байсан. Нарийн бүрээнийх нь торгон аялгуу үзэгчдийн сэтгэлийг эзэмдэн, уярааж байсан. Шинэхэн сурсан саксафон хөгжмийнх нь донжтой аяз тэр үдшийг эрхэмсэг төгөлдөрт урвуулж, ер бусын амар амгалан, уянга найрыг бүрдүүлэнхэн байсан.
 
 
Үзэгчдийн хойморт урилгын суудалд тухалсан хоёр сайхан ижий нь, анхны бүхнийг харамгүй зааж сургасан хоёр багш нь баярын нулимсаа барьж дийлэхгүй, хүүгийнхээ, шавийнхаа хүндлэлийн дээдийг хүртэнхэн жаргасан. 
 
 
Мөн түүний тоглолтод уригдсан мэргэжил, мөрдэс нэгт анд нөхдөд нь Зэвсэгт хүчний ангийн цэргийн хөгжим гэгч ямархан чухал, ямархан их нөөц боломжтой, хөг аялгууны чадалтай байдгийг үлгэрлэн харуулж чадсаныг энэ ташрамд өгүүлэхгүй өнгөрч үл чадна. Хүн хүсвэл, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцвэл боломж гэдэг хязгааргүй, амжилт гэдэг ойрхон байдгийг түүний ажил, амьдралаас харж болно. Тэр бээр Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бие бүрэлдэхүүнтэй ОХУ-ын Хабаровск хотод зохиогдсон “Амурский Волный” олон улсын цэргийн хөгжмийн наадамд амжилттай оролцсон. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчидтэй хамт ХАЧА-ийн Дуу бүжгийн чуулгын алдарт тайзан дээр тоглож байсан.
 
 
Түүнчлэн “Зэвсэгт хүчний тэргүүний ардын авьяастан” урлагийн наадмын хошой аварга, “Цагаан сар Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээний дөрвөн удаагийн тэргүүн байр, “Тэргүүний жагсаалч, дүрэмч анги” шалгаруулах уралдаан, “Монгол цэргийн жавхаа” уралдаануудын тэргүүн байрыг анги, хамт олныхоо хамт эзэлж байв.
 
 
Мөн 2010 онд Сьерра Леон Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаа, 2012 онд Афганистан Улсад ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан ажиллагаа, 2017 онд БНӨСУ-д НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаануудад үүргээ амжилттай гүйцэтгээд иржээ. Монгол Улсад зохион байгуулсан Олон улсын “Аравт” морин цэргийн уралдаанд анх удаа морин дээрх үлээвэр найрал хөгжмийн үзүүлбэр, Хабаровск хотод үзүүлсэн Майкл Жексоны бүжигтэй хосолсон үзүүлбэр, оросуудын талархлыг хүлээсэн “Катюша” дууны аялгуут үзүүлбэр гээд үлээвэр хөгжмийн ачаар сэтгэлийн таашаал эдэлж, авьяас чадвараа сорьсон онцгой цаг мөч түүнд олон бий. Мөн түүний авьяасын уурхайг улам дэлгэрүүлэх шинэ сорил, хүмүүний сэтгэлийн утсыг хөндөх шинэ хөг аялгуу, уран бүтээлийн онгод хийморь бүхэн маргаашийн өдрийг тосон буй билээ.
 
 
 
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин