sonin.mn
Уржигдар буюу 1-р сарын 13-нд болсон БНХАУ-ын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “Америкийн Төрийн департамент тайлан гаргаж, Хятад улс өмнөд тэнгист бүрэн эрхтэй гэдэг бол хууль бус бөгөөд олон улсын хуулийн ямар ч үндэслэлгүй гэжээ. Энэ талаар Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулжээ.
 
Тодруулбал тэрээр: "Америкийн талын мэдээ болон холбогдох судалгааны тайлан нь олон улсын хуулийг мушгин гуйвуулж, үнэн худлыг хутган, бүс нутгийн байдлыг хурцатгах оролдлого хийж байна. Юуны өмнө Хятад улс бол “НҮБ-ын тэнгис далайн конвенц”-ыг үүсгэн байгуулагч орнуудын нэг байж, олон жилийн турш уг конвенцод хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай байр сууриа мөрдөн хэрэгжүүлж ирсэн. Харин Америк энэхүү конвенцод нэгдэхээс татгалзсаар байгаа мөртлөө улс орнууд энэ конвенцийг зөрчлөө хэмээн шүүмжилж, өөрийгөө шүүгч мэт өргөмжилж байгаа нь давхар стандарттай улс төрийн явуулга байж, олон улсын хуулийн засаглалыг бусниулж байна.
Хоёрдугаарт, Дүнша, Шиша, Жүнша зэрэг олтригууд, мөн өмнөд тэнгисийн бусад арал олтригийг оролцуулсан усан хилд Хятад улс бүрэн эрхтэй бөгөөд энэ бүхэн нь түүхэн маш олон гэрч баримттай байдаг ба “НҮБ-ын дүрэм”, “НҮБ-ын тэнгис далайн конвенц”-ыг оролцуулсан олон улсын хууль тогтоомжтой нийцдэг.
 
Гуравдугаарт, Өмнөд тэнгисийн асуудлаарх арбитрын үйл хэрэг болон түүний шийдвэр гэгчийг Хятад улс ерөөс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэхүү байр суурь ямагт тодорхой байж ирсэн. Арбитрын шүүх "бүрэн эрхт улс орны зөвшөөрөлтэй байх" гэсэн зарчмыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хуулийг гажуудуулсан шийдвэр гарган, “НҮБ-ын тэнгис далайн конвенц”, олон улсын ерөнхий хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, түүний шийдвэр нь хууль бус. Иймээс ч Хятад улс хүлээн зөвшөөрөхгүй.
 
Дөрөвдүгээрт,  Хятад болон АСЕАН-ы орнуудын хамтын хүчин чармайлтаар Өмнөд тэнгисийн байдал ерөнхийдөө тогтвортой байна. Америк бүс нутгийн гаднах улсын хувьд Өмнөд тэнгист байнга өдөөн хатгалга явуулж, бүс нутгийн улс орнуудын хооронд үл ойлголцол бий болгож байгааг олон улсын хамтын нийгэмлэг маш тодорхой харж байгаа. Хятад улс АСЕАН-ы орнуудтай хамтран Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, бүс нутгийн хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэх болно" гэсэн байна.
 
Г.Бямба