sonin.mn
Эрдэнэт үйлдвэр, хувь хүний хөгжлийн чиглэлд хөрөнгө оруулалт хийж, Шинэ ажилтны дасан зохицох боломжийг хангах, Манлайлал, авьяас чадварыг хөгжүүлэх, "Залгамж" буюу туршлага өвлүүлэх, Залуу ажилтныг дэмжих зэрэг дөрвөн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн оноос өдийг хүртэл жилийн турш хэрэгжсэн хөтөлбөрүүд үр дүнгээ дүгнэж, цаашдын бодлого зорилтод тусгах санал, өгөөжөө тодорхойлж байна. 
 
 
Өнөөдөр "Залгамж" хөтөлбөр үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангаа хэлэлцэж, төслийн багийнхан бүтэн жилийн ажилдаа дүн тавилаа. Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийг “Монгол Улсын баатар”  хамт олон болоход ахмад, туршлагатай ажилтнуудын хувь нэмэр, үр бүтээл том орон зай эзэлдэг юм. Тэдний арвин туршлага, мэдлэг чадвараас залуу ажилтнууд, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх нь нэн чухал зорилт болж буй тул хүний нөөцийн алс хараагаа "Залгамж " хөтөлбөрт чиглүүлэх болсныг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр онцоллоо. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан төслийн баг, “Залгамж” хөтөлбөрөө ажлын байран дахь багш шавийн хамтын ажиллагаа, нягт холбоо уялдааг бэхжүүлж, ахмад үеээ хүндэтгэх, эрүүл мэнд сэтгэл зүйн сургалтаар амьдралын идэвхтэй чанарыг сайжруулах, оролцогчдоор дамжуулан олон ажилтанд нөлөөлөх гэсэн дөрвөн чиглэлээр хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд залгамж чанар бэхжиж, цаашид тасралтгүй үргэлжлэх учиртайг хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр өгөөж харуулсныг төслийн багийн ахлагч, ЗХНБГ-ын Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд тайландаа тодотгов. 
 
 
“Залгамж” хөтөлбөрийнхөн, Сэтгэл судлалын үндэсний төвтэй хамтран, ажилтнуудынхаа сэтгэл зүй, урам зоригтой ойрхон ажилласан нь өвөрмөц бөгөөд сонирхолтой болсон байна. Энэ талаар тус төвийн захирал Б.Ууганцэцэг хөтөлбөрийн туршид хийсэн олон төрлийн судалгааны явцын мэдээлэлдээ дурьдаж, сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ үеэр хөтөлбөрийн амин сүнс болох багш шавийн хамтын ажиллагаа  цаг үеээ олсныг оролцогч Авто тээврийн цехийн багш ажилтан П.Гантулга, шавь ажилтан Ц.Эрдэнэсүх нар бусдыгаа  төлөөлөн өгүүлсэн бол ҮЭ-ийн холбооноос тэргүүний оролцогчдод дурсгалын зүйл гардууллаа. Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдээс сонгож шалгаруулсан нийт 73 оролцогчтой “Залгамж” хөтөлбөр дэвшүүлсэн зорилт, үүргээ биелүүлж чадсаныг хөтөлбөрийн явцын олон эерэг өөрчлөлт харуулсан. “Уламжлал шинэчлэлийг хослуулж, хүний нөөцөө бүрдүүлэх нь туйлын чухал бодлого учраас үүнийг бодит ажил болгоход "Залгамж " хөтөлбөр хамгийн зөв шийдэл байлаа” гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн эл төслийн үр дүнг үнэлэв. 
 
 
 
 
М.Балжинням
Фото Б.Баттөгс