sonin.mn
ВИЛЬНЮС. /Reuters/. Цагаачид олноороо бөөгнөрсөнтэй холбоотойгоор Литва улс Польш, Беларусьтай залгаа хил рүү цэргээ татаж байна гэж тус улсын Дотоод хэргийн сайд Агне Билотайте даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
 
 
 
Тус хоёр улстай залгаа хил рүүгээ хэчнээн тооны цэрэг илгээснийг тэрбээр тодорхой дурдаагүй байна. Литва улс нь зүүн өмнөд хэсгээрээ Беларусьтай, баруун урд талаараа Польш, Оросын Калининград мужтай хиллэдэг.
 
 
 
Литва улсын Дотоод хэргийн яам мөн Ази, Африкийн орнуудаас хууль бус цагаачдын томоохон урсгал Польшийн хил рүү шилжиж байгаатай холбогдуулан тус улсад онц байдал тогтоох санал гаргахаар төлөвлөжээ.
"Хилийн бүсэд байдал хурцадаж байгааг харгалзан бид хил орчмын бүс нутагт онц байдал тогтоох асуудлыг хэлэлцэхийг Засгийн газарт санал болгоно" гэж Билотайте мэдэгсэн байна. Литвад одоогоор цагаачлалын хямралтай холбогдуулан онцгой байдлын илүү зөөлөн дэглэм хэрэгжиж байгаа ажээ.
Польшийн хилийн ойролцоо Беларусийн нутаг дэвсгэрээс хууль бусаар нэвтрэх гэж буй 3-4 мянга орчим цагаач цуглараад байгаа тухай Польшийн тусгай албаныхны ажлыг зохицуулах асуудал хариуцсан сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Станислов Жарын даваа гарагт мэдээлжээ. "Бид Польшийн хил дээр юу болж байгааг ажиглаж байна. Литва ч мөн ийм халдлагад өртөхийг үгүйсгэхгүй, тиймээс хилийн хамгаалалтад хүчээ дахин байршуулж байна" гэж Билотайте онцлон тэмдэглэсэн байна.
Беларусь-Польшийн хил дээр үүссэн цагаачлалын хямрал наймдугаар сараас хойш үргэлжилж байгаа юм. Польшийн эрх баригчид Беларусь улсыг Польш, ЕХ-ны эсрэг дайсагнасан хос үйл ажиллагааныхаа хүрээнд зориудаар цагаачдад дарамт бий болгосон гэж буруутгажээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг