sonin.mn

ШИНЭ намын даргын зөвлөх, судлаач А.Бархүүтэй ярилцлаа.


Хэдийгээр хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч өнөөдөр 1992 онд батлагдсан Үндсэн хууль хэрэгжсэн хэвээрээ байна. 1992 оны Үндсэн хуулийг нөөцөө шавхсан, шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй гэх судлаачид байдаг. Нөгөө талдаа маш сайн Үндсэн хууль болсон, өнөөдөр ч үүргээ гүйцэтгэх боломжтой гэж дүгнэх хүмүүс ч бий. Таны хувьд 1992 оны Үндсэн хуулийн талаар ямар бодолтой байдаг вэ?


Үндсэн хууль бол зөвхөн улстөрчид, судлаачид ярьдаг сэдэв биш. Монгол Улсын иргэн бүрт хамаатай юм. Харамсалтай нь жирийн иргэд Үндсэн хуулийн асуудлыг огт сонирхдоггүй. Үндсэн хууль хэдэн бүлэг, ямар заалтуудтай вэ, үндсэн концепц нь юу вэ? гэхээр хэн ч мэддэггүй. Иргэд ч гэлтгүй улстөрчид, УИХ-ын гишүүдээс асуухад ч мэдэхгүй байх тохиолдол байдаг шүү дээ.


Тийм учраас нэгдүгээрт, иргэдийг Үндсэн хуулийн талаар мэдлэгтэй болгох тал дээр анхаарах нь зайлшгүй шаардлагатай юм.


Хоёрдугаарт, 1990 онд Монгол Улсын хүн ам 2 сая гаруй байсан бол өнөөдөр 3,5 сая болчихлоо. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг ямар байсан билээ? Нэг хүнд ногдох ДНБ 500 ам.доллар ч хүрэхгүй байсан бол одоо 6000 ам.долларт хүрчихлээ. Нийгэм, эдийн засгийн бүх харилцаа зах зээл талаасаа ч, өрх талаасаа ч, төр талаасаа ч огт өөр түвшинд оччихлоо. Бүх зүйл өөрчлөгдчихөөд байхад яагаад анхны Үндсэн хуулиараа яваад байгаа юм бэ? 1992 оны 1-р сарын 12-нд батлагдсан Үндсэн хууль маань шилжилтийн үүргээ гүйцэтгэчихсэн гэж би харж байна. Тухайн үед Үндсэн хуулийг батлалцаж байсан АИХ-ын зарим депутатуудын хэлсэн үгэнд бид өөрсдөө ч Үндсэн хуулийн концепцоо сайн ойлгохгүй байна. Гэхдээ шилжилтийн үеийг даваад гарах Үндсэн хуулийг батлах нь зөв юм гэсэн эх сурвалж байдаг юм билээ.


Гуравдугаарт, хувийн аж ахуйн нэгж дээр жишээ аваад хэлэхэд хяналтгүй байдал хэрээс хэтэрсэн. Хэрэв компани хяналтгүй бол дампуурна шүү дээ. Гэтэл өнөөдөр төр ямар ч хяналтгүй болчихлоо. Өнөөдөр байгаа УИХ-ын 76 гишүүний дээр мөнх тэнгэр л оршиж байгаа мэт байна. Тэднийг хэн ч хянадаггүй. Ямар ч хяналтгүй, намуудаас бүрдсэн парламент өнөөдөр ямар хэмжээнд нэр хүндээ алдчихаад байгааг, ард түмэн тэдэнд үл итгэх болсон байгаа нь Үндсэн хуулийн хямралд аваачиж байна. Өнөөдрийн системийг өөрчилнө гээд бид хувьсгал хийж чадахгүй. Буун дуу гаргаж болохгүй. Тийм учраас соёлтойгоор, иргэддээ ээлтэйгээр өөрчлөлт, реформ хийе гэвэл Үндсэн хуулиас л эхэлж хийнэ. Өөр арга зам байхгүй. Шуудхан хэлэхэд шилжилтийн үеийн Үндсэн хуулийн хугацаа нь дууссан. Үүргээ хангалттай гүйцэтгэсэн. Сайн хууль хийсэн. Одоо бидэнд хөгжил, дэвшлийг авчрах шинэ үеийн үндсэн хууль хэрэгтэй.


Үндсэн хуулийг өөрчлөх бол төрийн тогтолцоо, засаглалын талаар ярих нь зайлшгүй байх. Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал хоёрын аль нь тохирно гэж үзэж байна вэ? Парламентынн засаглал дотроо хоёр танхимтай байх ёстой юу? 


Улстөрийн намуудын хувьд өөрсдийн үзэл баримтлалаа дагаад зарим нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг нь ч бий. Сонгодог парламентын засаглалыг дэмждэг намууд ч байна. Ард түмэн ч үүн дээр хуваагдмал байх суурьтай байдаг шүү дээ. 1992 оны Үндсэн хуулийг батлаж байх үед ч АИХ-ын депутадууд засаглалын хэлбэр дээр 50, 50 хувийн харьцаатайгаар санал нь хуваагдаж байсан байдаг. Тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат парламентын засаглалтай улс байх нь зөв гэдэг дээр тогтож, 1992 оны Үндсэн хууль батлагдсан юм билээ.



Миний хувьд Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал тохиромжтой биш гэж боддог.



Жинхэнэ ардчилсан төрийг байгуулья гэвэл ард түмэн өөрөө засагладаг, ард түмэн нь хянадаг, засгийн тодорхой эрхээ ард түмэн нь мэддэг буюу сонгодог парламентын хэлбэр, тэр дотроо дээд доод хоёр танхимтай. Дээд танхимд нь ард түмэн өөрсдөө сонгогдож, суудаг. Доод танхимд нь улстөрөөр дамжуулж төрөө байгуулдаг систем буюу сонгодог парламент нэн тохиромжтой гэж хардаг. Зарим судлаачид, улстөрчид хоёр танхимтай парламент зөвхөн холбооны улсуудад л байдаг гэж ярьдаг. Гэхдээ үгүй юм билээ. Дэлхийн 160 гаруй улс хоёр танхимтай парламенттай явж байна. Монгол Улс шиг төр нь үнэ цэнээ алдсан, нэр хүндгүй болчихсон энэ байдлыг үгүй хийе гэвэл заавал хяналттай болгох хэрэгтэй. Жинхэнэ ардчилсан нийгэмд ард түмэн өөрсдөө төрөө байгуулна. Монгол Улс өнөөдрийн энэ байдлаасаа гарах гарц нь намуудаас биш ,ард түмэн нь сонгогддог дээд танхимтай, хоёр танхим бүхий парламент байгуулж чадвал тэр л зөв сонголт гэж би итгэж явдаг. Тийм ч учраас хоёр танхимтай, сонгодог парламентын төрийн эрх барих дээд байгууллага болгож, парламентын засаглалтай улс байх ёстой гэж боддог. 



Монгол Улсын улстөр, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал дээр Үндсэн хуулиа өөрчлөөд, хоёр танхимтай парламенттай боллоо гэхэд иргэдийн бухимдаад байгаа асуудлууд, Монголын нийгэм сайн талруугаа өөрчлөгдөх боломж бий юу? Зөвхөн нэг хууль батлаад энэ бүхэн өөрчлөгдөх үү? Эсвэл өөр хүчин зүйлүүд нөлөөх ёстой юу?


Системийг өөрчлөхгүй бол цаашдаа үнэхээр явахгүй нь. Үндсэн хуулийн реформ зайлшгүй хэрэгтэй байна. Хяналттай төртэй болъё гэдэг санаа явж байна. Буруу зүйл биш байх. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг заавал бүх ард түмнээрээ хэлэлцэж шийдэх ёстой. Ганц нам, хэдэн улстөрийн хүчин, бүлэглэлүүд, хэдхэн баян хүмүүсийн шийдэх асуудал огт биш. Үндсэн хуулиа одоогийнхоор нь үлдээх юм уу, реформ хийх юм уу, эсвэл нэмэлт, өөрчлөлт оруулах юм уу гэдгийг бүх ард түмнээрээ л хэлэлцэж шийдэх ёстой гэж боддог.


Бүх ард түмнээр хэлэлцүүлэх ёстой Үндсэн хуульд 2019, 2023 онуудад санамсаргүй түүврийн аргаар тодорхой тооны хүмүүсийг Төрийн ордонд цуглуулж, зөвлөлдөх санал асуулга гээчийг зохион байгуулж байгаад нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Тэдгээр хүмүүсийг үнэхээр санамсаргүй түүврийн аргаар сонгосон юм болов уу? Ер нь энэ зөвлөлдөх санал асуулгын ард юу болсон бэ?


2017 онд батлагдсан зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг ашиглаад 2019 онд Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт хийх санал авсан. 2023 оны хоёр том өөрчлөлт хийхдээ зөвлөлдөх зөвлөгөөнөөр ард түмнээс санал авсан. Ингэхдээ түүврийн аргаар 1000 гаруй хүн цуглуулаад, та бүхэн бол 3,5 сая иргэний төлөөлөл юм. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох уу? Сонгуулийн хэлбэрийг хагас пропорциональ болгох уу? гэдэг асуудлыг асуусан. Зөвлөлдөх зөвлөлийн арга бол Хойд Америкт хэрэглэгддэг арга. Гэхдээ орон нутгийн шинж чанартай асуудлуудыг шийдэхдээ л энэ аргыг хэрэглэдэг. Жижиг мужууд дээрээ хөрөнгө оруулалтын, дэд бүтцийн ажил хийхдээ санал асуулга явуулах шаардлагатай үед энэ аргаар асуудлыг шийддэг.



Түүнээс биш олон улсад том асуудлуудыг, тэр тусмаа Үндсэн хуультай холбоотой асуудлыг энэ аргаар хэзээ ч шийддэггүй. Харамсалтай нь МАН ийм аргаар Үндсэн хуультай холбоотой асуудлыг шийдэж байгаа нь зарчмын хувьд буруу.



Зүүн өмнөд Азийн орнууд зөвлөлдөх зөвлөгөөний аргаас татгалздаг шүү дээ. Улс орны хэмжээний томоохон асуудлыг энэ аргаар шийдэх нь зөв биш гэж боддог.


Нэг жишээ хэлэхэд, 2023 онд Үндсэн хуульд оруулсан 2 том өөрчлөлт буюу УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах гээд асуудлыг зөвлөлдөх зөвлөлийн аргаар орж ирсэн хүмүүсийн 71 хувь нь эхний санал асуулга дээр нэмэлт өөрчлөлт оруулахгүй, Үндсэн хуулийн цоо шинэ реформ хийх ёстой гэдэг саналыг өгсөн юм билээ. Энэ санал нь эрх баригчдын ашиг сонирхолд нийцээгүй учраас тухайн үед санал асуулга зохион байгуулсан хүмүүс нь энэ шийдвэрийг авч хэлэлцээгүй. Тэдгээр хүмүүст 2 цаг лекц уншиж, хоолонд оруулсан. Ингээд дараа нь дахин санал хурааж, Үндсэн хуульд оруулах 2 өөрчлөлт дэмжигдсэн үр дүн гарсан байдаг. Хаврын чуулганаар батлагдаад явсан. Ард түмэн 76 гишүүн 126 боллоо гээд зарчмын зөрүү гарахгүй гэж хэлж байна. Түүнээс биш ард түмэн УИХ-ын гишүүдийн тоог нэмээд өгөөч гэж ерөөсөө хэлээгүй шүү дээ. Төлөөллийн ардчиллыг сайжруулж байна гэж яриад байгаа хэдий ч манайд төлөөллийн ардчилал алдагдчихсан. Нэгэнт тойргоос сонгогдсон гишүүн төсвөө хуваарилж аваад, 4 жил тэр тойргоо усалсаар байгаад л дуусдаг. Гэтэл тангараг өргөхдөө Монголын бүх ард түмний төлөө ажиллана гэдэг. Үндсэн хуульдаа нийцэхгүй, төлөөллийн ардчиллаа эвдсэн зүйл яваад байна. Тийм учраас Үндсэн хуультай холбоотой асуудал дээр бүх ард түмнээсээ асууж байж шийдэх хэрэгтэй. Гэхдээ л бидэнд Үндсэн хуулийн реформ хийхээс өөр арга байхгүй. Эцсийн шийдвэрийг ард түмэн л гаргана. Саналыг нь асуугаад, иргэд хийе гэвэл төр засаг зохион байгуулаад хийх ёстой. 


Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, УИХ дээр яаралтай горимоор хэлэлцэж баталсан. Энэ хуулийн концепц нь хэр зөв байсан бэ? ШИНЭ намын зүгээс энэ хуулийг одоогийн УИХ батлах нь зохимжгүй гэдэг мэдэгдэл гаргасан шүү дээ. Яагаад ийм мэдэгдэл гаргах болов?


ШИНЭ нам “Баялгийн сангийн тухай хууль”-ийг эсэргүүцээгүй, дэмжиж байгаа. Мөнгөө хуримтлуулж, ирээдүйдээ зориулъя, мега төслүүдийг санхүүжүүлье гэдэг бол буруу зүйл биш. Гэхдээ ШИНЭ нам үүн дээр өнөөдрийн парламент нэр хүндээ алдчихлаа. Тусгай сангуудийн асуудалд их гарлаа. Хөгжлийн банк, нүүрсний хулгайд олон гишүүд нэр холбогдлоо. Гэх мэт олон асуудлуудаас болж парламентийн нэр хүнд уначихсан үед баялагтай холбоотой асуудлыг яаралтай горимоор шийдэх нь ёсзүйн хувьд буруу гэдгийг ШИНЭ намын дарга Ц.Гантулга шүүмжилж хэлсэн. Үүнийг нь 100 хувь дэмжиж байна. Дараагийн парламентаар хэлэлцэгдээд, илүү төгс төгөлдөр хууль болсон бол сайн байлаа. Харамсалтай нь хэт олонхиороо түрий бариад энэ удаагийн парламент яаралтайгаар энэ хуулийг хийлээ. Миний харж байгаагаар улс төрийн оноогоо ахиулж, унасан рейтингээ өсгөх гэсэн арга юм уу гэж харагдсан. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд захирамж гаргаж Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж байсан. Та энэ ажлын хэсэгт орж ажилласан хүний хувьд, та бүхний боловсруулсан хуулийн төсөл нь өнөөдрийн хэрэгжиж байгаа Үндсэн хуулиас ямар ялгаатай, давуу талтай юм бэ? Хэрэв энэ төсөл нь хууль болж батлагдсан тохиолдолд Монголын улстөр, эдийн засаг, нийгэмд ямар өөрчлөлтүүдийг авчрах вэ?


2022 оны 7-р сарын 20-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн реформ хийх талаар санаачилга гаргасан. Захирамж гаргаад, Үндсэн хуулийн төсөл боловсруулсан байсан улстөрийн намуудыг уриад, Үндсэн хууль судлаач нар, идэвхтэй хүмүүсийг оролцуулан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан томоохон ажлын хэсэг байгуулсан. Ингээд тус ажлын хэсэг гурван сар орчим ажиллаж, Үндсэн хуулийн төслийг боловсруулан бэлдээд, 2022 оны 10-р сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулж өгсөн. Тухайн үедээ энэ ажил олон нийтэд хангалттай хүрч чадаагүй. Учир нь тухайн үед Үндсэн хуульд оруулах 2 том өөрчлөлт ид яригдаж байсан учраас Шинэ Үндсэн хуулийн реформ хойш тавигдаад, нийгэмд хүрч чадаагүй юм. Төсөл л болж гарсан зүйл шүү дээ. Энэ төсөл бүх ард түмнээр хэлэлцэгдэх ёстой. Ард түмэнд очих ажлыг төрийн зүгээс зохион байгуулж хийх ёстой гэж хардаг.



1960 оны Үндсэн хууль гэхэд л 1992 оныг хүртэл маш олон удаа өөрчлөлт орсон байдаг. Жил бүр өөрчлөлт хийсэн байдаг. 1940 оны Үндсэн хууль ч мөн адил олон удаа өөрчлөлт хийгдсэн. Онцлогуудаас нь дурдвал 1960 оны Үндсэн хуульд улстөрийн намын тухай ойлголт орж ирсэн байдаг. Нам төвтэй Үндсэн хууль болсноороо онцлогтой. Харин 1992 оны Үндсэн хууль харьцангуй төр төвтэй болсон. Гэхдээ төр нь хяналтгүй, гүйцэтгэх засаглалын давхардал бий болсон. Ерөнхийлөгчийн засаглал гээд завсрын институци гүйцэтгэх засаглал руу ороод ирсэн байх жишээтэй. Ерөнхийлөгч нь өөрийн мөрийн хөтөлбөртэйгээр, бүх ард түмнээс сонгогддог. Төсвийн хөрөнгөөр мөрийн хөтөлбөрөө биелүүлэх гэж хичээдэг гэх мэт. Гэтэл гүйцэтгэх засаглалийн нэг хэлбэр болох Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийнхөө ажилтай тийм сайн уялдаж чаддаггүй. Ерөнхийлөгч нь гадаадад Монгол Улсаа төлөөлөөд явчихдаг. Гэрээ хэлцэл хийчихдэг. Яг гадаад дотоодтой ажиллах институци нь буюу ГХЯ нь Ерөнхий сайддаа хамаардаг. Төсвийн дийлэнх хэсгээ Ерөнхий сайд нь захиран зарцуулдаг байх жишээтэй.



Манай засаглалын гажуудал эндээс явсан. Хууль тогтоох засаглал, шүүх засаглал, гүйцэтгэх засаглалууд бие биенээсээ хараат бусаар, тусдаа оршиж байж ардчилал тогтдог.



Монголд бүгд хоорондоо холбоотой байгаа шүү дээ. Хууль тогтоох засаглал буюу парламентын гишүүд нь гүйцэтгэх засаглал буюу Засгийн газартаа орчихсон. Сангийн сайд нь өөрөө УИХ-ын ЭЗБХ-ы гишүүн байх жишээтэй. Төсвөө оруулаад, өөрөө УИХ-даа суугаад тэр төсвөө баталж байдаг. Өөрөө боловсруулаад, өөрөө хянаад, өөрөө баталж байгаа нь логикийн хувьд ямар ч хяналтгүй байгаа юм. Онолоороо ардчилсан засаглал тус тусдаа байх ёстой байтал манайд бүгд хараат болчихсон. Шүүх засаглалыг Ерөнхийлөгчийн институц томилж байна. ШЕЗөвлөл дээр нь ч улстөрийн томилгоо явж байдаг. Энэ бүхнийг байхгүй болгосон, жинхэнэ онолын дагуу хараат бус болгосон, ард түмний хяналтыг тогтоосон, хүний эрхийг дээдэлсэн, төр төвтэй биш, хүн төвтэй хуулийн төсөл бол бидний ажилласан Үндсэн хуулийн төсөл болж чадсан. Тухайн үед уг хуулийн төслийг бичиж байхад гүтгэлэг, доромжлол, мушгин гуйвуулсан, улстөржсөн мэдээ, мэдээллүүд маш их явсан. Үндсэндээ уг Үндсэн хуулийн төсөл нь хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн, маш сайн төсөл болсон гэж хардаг. 


2023 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хуулиараа ахиад найман жилийн турш Үндсэн хуулиар оролдож болохгүй болчихсон байгаа шүү дээ?


Тэр бол Үндсэн хуулийг хамгаалах органик хууль шүү дээ. Органик хуулийг улс эх орноо гээд, ирээдүйдээ санаа зовдог улстөрийн хүчин сонгогдоод, 2024 онд шинэ парламент байгуулагдах үед өөрчилж болно шүү дээ. Хэрэв тийм сонирхолгүй бол энэ хууль яваад л байна. Гэхдээ өнөөдөр төр, ард түмэн хоёрын дунд том хана босчихоод байна шүү дээ. Энэ хана яагаад боссон гэж бодож байна? Хананы нэг талд төр нэртэй баахан бүлэглэл, баячууд нийлээд бодлого боловсруулж, улсыг удирдаж байна. Тэд нар ард түмнийг ойлгохгүй. Ойлгохыг ч хүсэхгүй байна. Халамж нэрээр тэр ханаа давуулж жоохон юм чулуудаад өгчихдөг. Нөгөө халамжийн системээрээ гурил, будаа, талон тараадаг. Систем өөрөө ийм байна шүү дээ. Ард түмэн үүнийг өөрчлөхийг хүсэж байгаа. Тэр хана байх ёсгүй. Төр гэдэг нь ард түмэн өөрсдөө байх ёстой юм. Төр ард түмнээс эх сурвалжтай гэдгийг Шинэ Үндсэн хуулийн төсөлд бичээд өгчихсөн байгаа. Төрөө ард түмэн байгуулж, дээд эрх мэдлээ авдаг, доод танхимаа хянана гэдгийг тус хуулийн төсөлд биччихсэн.


Системийн өөрчлөлтийг бид зоригтой хийх хэрэгтэй. Зөвхөн улстөрийн намаар дамжуулж төрөө барьдаг, нам нь олигархууд болчихсон, олигархууд нь тендер авдаг, нүүрсний хулгай хийдэг, Хөгжлийн банкаа хуваагаад идчихдэг, тусгай сангуудаа цөлмөдөг байж болохгүй. ЖДҮСан гэхэд л тухайн үед эрх барьж байсан намын гишүүд 1, 1 тэрбум төгрөг авчихсан. Гэтэл 2024 онд тэдгээр хүмүүс ахиад УИХ-д нэр дэвшинэ гээд явж байна. Үүнийг өөрчлөхгүй юм уу? Өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн реформыг зоригтой хийх хэрэгтэй. Засаглалыг жинхэнэ утгаар нь ард түмэнд өгч байж, ард түмэн төрөө хянаж байж энэ асуудал шийдэгдэнэ. Тоталитари хууль байж болохгүй. Хүний эрхийг дээдэлсэн, эрх чөлөөг эрхэмлэсэн, хүн төвтэй, иргэн төвтэй, жинхэнэ ардчилсан Үндсэн хууль хийж чадвал хөгжлийн Шинэ Үндсэн хууль ирнэ. Тэр цагт л Монгол Улс хөгжиж, өнөөдрийнх шиг үрэлгэн төсөвтэй, гарын салаагаараа урсгадаг байдал үгүй болно.


Үндсэн хуулиараа ингэж ойрхон, ихээр оролдох нь зөв үү? Буруу юу? Тэглээ гэхэд сайн, эсвэл муу ямар үр дагавар гарах бол?


Оролдоно гэдэг нь их муухай үг. Ямар нэгэн юмаар оролдоод байна гэж. Энэ бол оролдож байгаа асуудал огт биш. Хүмүүст хандаж хэлэхэд энэ бол бүтээгдэхүүн сайжруулалт. Бүтээгдэхүүн сайжруулалт нийгмийн хөгжлөө дагаад байнга явагдаж байх ёстой. Энэ бол өндөр хөгжилтэй, иргэний нийгэм төлөвшсөн, ардчилал өндөр хөгжсөн орнуудад нийгмийн захиалгаар байнга явагддаг зүйл.



Үндсэн хуулиар ойрхон оролдох нь муу гэдэг яриаг төрд гарсан хулгайч нар, олигархууд өөрсдийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд хүмүүсийн тархийг угааж байгаа, буруу мессеж өгч байгаа хэрэг юм.



Үндсэн хууль гэж бурхан шиг хүн биччихсэн, ерөөсөө оролдож болохгүй, оролдох юм бол та нар баларна шүү гэдэг худлаа, буруу мессежийг байнга өгч байдаг. Итали, Израйлийн Үндсэн хуулийг хараарай. Жишээ татаж ярихад Польш Улс Монгол шиг социалист улс байж байгаад капиталист улс болсон. 


Тухайн үедээ 1992 оны Үндсэн хууль шиг хуулиа баталсан. Удалгүй 1996 онд энэ хууль буруу болжээ гээд дахин шинэ Үндсэн хуулийн реформ хийж, тийм ч учраас өнөөдөр Европын холбооны хамгийн хүчирхэг эдийн засагтай улсуудын нэг болчихлоо. Ард түмний амьдрал нь сайжраад, ДНБ нь эрчимтэй өсөж байна. Тийм учраас Үндсэн хуулийг өөрчилж болдоггүй юм гэж ярих нь хамгийн буруу. Уг нь үүнийг улстөрчид зоригтой хэлэх ёстой. Гэтэл улстөрчид нь өөрсдөө Үндсэн хуулиа мэдэхгүй байна. Мэдэхгүй учраас Үндсэн хууль ярихаар тойрч зугтаадаг. Хэдэн судлаачид хэлээд л байдаг. Жижиг хүрээнд учраас олон нийтэд хүрэхгүй байгаа юм. Уг нь улстөрчид гаргаж ирж ярих ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийх гэж үзсэн, зориг гаргасан. Харамсалтай нь тэр нь явсангүй. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүчтэй гэдгээ харуулж, Үндсэн хуулийн реформыг дахиад ярих хэрэгтэй гэж бодож байна.


Танд баярлалаа


Ярилцсан М.Чойжал