sonin.mn
Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч, төгсөх ангийн хүүхэдтэй хэн бүхний хүлээлт, итгэл найдвар, баяр гунигийг жилдээ нэг удаа сориод авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтын дуулиан намжаагүй байна. Энэ жил Нийгмийн ухааны хичээлээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан сурагч нийслэлийн хэмжээнд 8, улсын хэмжээнд 37 байгаа нь энэ чиглэлээр өрсөлдөөн ширүүн бөгөөд шалгуур өндөр байдгийг харуулна. Тэдгээр цөөхөн сурагчийн нэг нь жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагч Б.Билэгдэмбэрэл байсан нь үүсэн байгуулагдаад 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй цэрэгжүүлсэн сургалттай энэхүү дунд сургуулийн хувьд төдийгүй ирээдүйн офицер, ахлагчдыг бэлтгэдэг их сургуулийн хувьд томоохон амжилт юм. Анхны 800 оноотон сурагчийг бэлтгэн дасгалжуулсан “Тэмүүжин Өрлөг” сургуулийн Түүх-нийгмийн ухааны багш Оюундаваагийн Болдсайхантай уулзаж ярилцлаа. 
 
Юуны өмнө танд Олон улсын багш нарын өдрийн баярын мэнд хүргэе. Багш гэргийтэй болохоор таны хувьд, танай гэр бүлийн хувьд ч энэхүү баяр маш ач холбогдолтой, өргөн хүрээнд болдог болов уу. 
 
-Баярлалаа. Энэ баяр бол манай гэр бүлийн хувьд хамгийн бахархалтай, хүсэн хүлээдэг баяр минь билээ. Миний хань Г.Үүрцайх мөн “Тэмүүжин Өрлөг” сургуульд монгол хэл бичиг, уран зохиолын багшаар ажилладаг. Өнөөдөр ажиллаж байгаа манай багш нарын гол цөм буюу ихэнх багш нар 2013 онд тал талаас цуглан бүрэлдсэн. Эдгээр залуучууд дундаас хоёр хос  төрөн  гарсны нэг нь бид хоёр юм. Тэгэхээр бидний ажил, амьдралын гараа “Тэмүүжин Өрлөг” сургуультай салшгүй холбоотой. 
 
Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авна гэдэг тухайн сурагчийн төдийгүй бэлтгэсэн багшийн хувьд бахархам амжилт шүү.
 
-Энэ нь багшийн тодорхой арга барил боловч хүүхдийн өөрийнх нь хичээл зүтгэлээс мөн хамаарна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд улс орон даяараа цахимаар хичээллэсэн. Хэдийгээр цахим хичээл орон даяар амжилттай зохион байгуулагдсан ч сурагчид тодорхой хэмжээний агуулгын хоцрогдолтой болж эхэлсэн. Энэ жил манай сургуулиас ЭЕШ-д бэлдэж байгаа хүүхдүүдээ онцгойлон анхаарч нэг сарын хугацаатай вакум сургалтыг өөрийн сургуулийн материаллаг баазад тулгуурлан зохион байгуулсан нь тун оновчтой шийдэл болсон. Манай төгсөгчид математик, физик, нийгмийн ухаан, англи хэл зэрэг хичээлээр ЭЕШ түлхүү өгдөг учраас эдгээр хичээлийн багш нар нэг сарын хугацаанд сурагчидтайгаа хамт байрлаж, сургалтаа явуулсан. Үүний ч үр дүнд гарч 12А ангийн сурагч Б.Билэгдэмбэрэл маань нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авч сургууль болон багш нараа баярлуулсан үйл явдал болсон. Мөн Б.Идэрболд, Э.Хос-Эрдэнэ, Б.Гантулга, Т.Дашдондов гээд нэлээд хэдэн сурагч 90-98 хувийн гүйцэтгэлтэй байсан гэхчлэн энэ удаагийн төгсөлтийнхний сурлагын чанар маш өндөр байлаа.
 
Анхны 800 оноотон маань хаанахын оюутан болсон бэ?
 
-Б.Билэгдэмбэрэл маань цэргийн бус энгийн сонголт хийсэн, одоо МУИС-ийн Нийгмийн ухааны сургуульд элсэн суралцаж байгаа. Саяхан тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдсан гэж ярьсан. 
 
Элсэлтийн ерөнхий шалгалтаас гадна томоохон олимпиад, уралдаан тэмцээнүүд өөрийгөө сорих нэн чухал талбар. Энэ талаар таныг бас нэлээд шаргуу, бас ч амжилттай яваа нэгэн гэж хардаг.
 
-Олимпиад, уралдаан, тэмцээн бол хүүхдүүдийг хөгжүүлэх нэг талын хөшүүрэг юм. Би 2016 оноос хүүхдүүдээ олимпиад, уралдаан, тэмцээнүүдэд нэлээд шаргуу бэлдэж эхэлсэн. Шавь нарын амжилт жилээс жилд ахисаар байна. Одоогоор сурагчид маань улс, нийслэл, дүүргийн олимпиадуудад нийт 30 орчим удаа шагналт болон тусгай байрт шалгараад байна. Томоохон амжилтуудаас дурдвал, 2018 онд сурагч Б.Ихбаяр нийслэлийн түүхийн олимпиадаас хүрэл медаль хүртэж, улсын олимпиадад амжилттай оролцсон. Мөн 2019 оны БЗД-ийн түүх, нийгмийн ухааны олимпиадад шавь нар маань амжилттай оролцож, хоёр сурагч алт, нэг сурагч хүрэл медаль хүртэж, нэг сурагч тусгай байрт шалгарсан гэх зэрэг бахархам амжилтыг үзүүлсэн. Сурагчдаа олимпиадад амжилттай бэлтгэх, сургалтын чанарыг сайжруулахын тулд 2018 онд “Нийгмийн ухааны сорил” тестийн эмхэтгэлийг боловсруулан сургалтад ашиглаж байна. Ирэх онд нийгмийн хичээлийн бүхий л ойлголтыг багтаасан схемчилсэн загвар, заавраас бүрдсэн дараагийн гарын авлагаа хэвлэлд бэлтгэж байна. Он цаг өнгөрөхийн хэрээр багш хүнээс олон талын мэдлэг чадвар шаарддаг цаг үе иржээ. Тиймээс өөрийн мэргэжлийн чиглэлийн тэмцээн, уралдаанд оролцож, байнга өөрийгөө сорихыг хичээдэг. Нийслэл, дүүргийн багш нарын олимпиадад шагналт болон тусгай байрт нэлээн хэдэн удаа шалгарч байсан. Мөн 2018 оны түүхийн улсын олимпиад, 2019 оны нийгмийн олимпиадуудад амжилттай оролцсон. 
 
Таны сургалтын өвөрмөц арга барилын талаар шавь нараас тань олонтоо сонсож байсан. Хичээлээ схемчилж заадаг нь сонирхолтой бөгөөд үлдэцтэй байдаг гэсэн.
 
-Нийгмийн хичээлийн хүрээнд хэдэн зуу, мянган хийсвэр онолын ойлголтууд байдаг, тэднийг зүгээр онолоор нь хүүхдүүдэд ойлгуулах хэцүү. Тэгэхээр түүнийг илүү амьдралтай холбож ойлгуулах нь хичээлийн үр дүн хийгээд хүүхдийн мэдлэгт дөхөмтэй. Миний хувьд схем, хүснэгтээр заах нь үргэлжилсэн урт текст, онолын хүнд ойлголтуудыг сурагчдад ойлгуулахад амархнаас гадна эмх цэгцтэй тархинд суулгаж өгдөг юм шиг санагддаг. 
 
 
Ер нь яаж яваад “Тэмүүжин Өрлөг” сургуультай хувь заяагаа холбочхов оо?
 
-Би 2012 онд МУБИС-ийг Түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөөд Дорноговь аймгийн 3 дугаар арван жилийн сургуульд багшаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Төгссөн жилээ сургуулийнхаа түүхийн магистрантурт элсэн суралцаж эхэлсэн. Энэ үед “Тэмүүжин Өрлөг” сургуульд түүх нийгмийн ухааны багшийн орон тоо байгаа тухай тэнхимийн багшаасаа мэдээд анх ирж байлаа. Ирж уулзахаасаа өмнө цэргийн сургууль байдаг гэдгийг мэддэггүй байв.
 
Тэгээд цэргийн сургууль ямар санагдав даа?
 
-Анх дан эрэгтэй сурагчидтай тулж харьцахад содон байлаа. Их хөдөлгөөнтэй байсан. Одоо бол энгийн сургуулийнхантай сургуулийнхныгаа харьцуулахаар илүү бахархдаг. Хүүхдүүд маань өглөө бүр Монгол Улсын Төрийн далбаа болон Үндэсний Батлан Хамгаалах Их Сургуулийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлснээр нэг өдрөө эхлүүлдэг. Жагсаалын бэлтгэл, цэрэгжилтийн хичээл, нэг командад орж байгаа хүүхдүүдээ хараад үнэхээр огшдог. Бид хүүхдүүддээ зөв юм сургаж байна даа гэж боддог. Эрхийг сурахаар бэрхийг сур гэж үг байдаг шүү дээ. Бид 12 настайгаас нь хүүхдүүдийг элсүүлэн аваад хэрхэн биеэ зөв авч явах арга барил, тэсвэр тэвчээр, биеийн болоод сэтгэлийн хатуужил, үг сонсох, хүнтэй харилцах, мэндлэх хүндлэх ёс зэрэг энгийн ерөнхий боловсролын сургуульд тэр бүр олгодоггүй мэдлэгүүдийг олгодог. Хамгийн гол нь, энэхүү бэлтгэл, сургуулилтаас шантрахгүй хичээж байгаа хүүхдүүдээрээ бахархдаг. “Тэмүүжин Өрлөг” сургуулийн маань гол зорилго нь оюуны өндөр чадавх, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй эх оронч үзэл бүхий иргэнийг нийгэм, Зэвсэгт хүчиндээ бэлдэхэд оршдог. Ингэснээр ерөнхий эрдмийн болон цэргийн анхан шатны мэдлэгийг олгох сургалтыг зохион байгуулдаг. Энэ сургуульд ажиллаж байгаа багшийн хувьд өөрөөрөө бас маш их бахархдаг. Манай сургуулийн эхний хоёр төгсөлтийн хүүхдүүд маань Зэвсэгт хүчний офицер, ахлагч болон амжилттай ажиллаж явна. Манай төгсөгчид бие бялдар, багаар ажиллах, шийдвэр гаргах чадвар хийгээд хүнлэг байдлаараа бусдаас хавь илүү гэж хардаг. 
 
 
 
Чухам багш мэргэжлийг яагаад сонгосон юм бэ? 
 
-Хүүхэд байхаасаа археологич болохыг мөрөөддөг байлаа. 2008 онд ЭЕШ өгөөд аймагтаа нэлээн дээгүүр 793 оноо аваад, МУИС-ийн археологийн ангид орно гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан ч хуваарь ирээгүй. Тухайн үед төгсөгч бидэнд мэдлэг, мэдээлэл дутмаг байсан бололтой. Уг нь Улаанбаатар их сургуульд археологичийн анги байсан юм билээ. Тэгээд МУБИС-д Түүх, нийгэм судлалын багшаар сурч байгаад хөрвөнө гэсэн бодолтойгоор орж байлаа. Гэвч өнөөг хүртэл хөрвөөгүйгээр барахгүй түүх нийгмийн багшийн ажилдаа  илүү дурлаж, сонирхолтойгоор ажиллаж байна даа. Өөрөө сургууль төгсөж байсан үеэ бодож, төгсөгч хүүхдүүддээ их сургуулиудын талаарх мэдээ мэдээлэл, хэрхэн орж суралцах, хэрхэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, ямар нөхцөл боломж байдаг талаар байнга судалж, зөвлөж байхыг хичээдэг дээ. 
 
Багш хүний хувьд таны ажил албандаа баримталдаг гол зарчим юу вэ?
 
-Би багшийн ёс зүй болон дараах хэд хэдэн зүйлийг чухалчлан үздэг, баримталж ажиллахыг ч хичээдэг.  Нэгдүгээрт, багш хүн зан чанарын хувьд хэт уян хатан, хэт хатуу байж болохгүй, үлгэр жишээ байх хэрэгтэй. Хоёрдугаарт, шавьдаа гологдохооргүй мэргэжлийн мэдлэг ур чадвартай байж, түүнийгээ алхам тутамдаа хөгжүүлж байх хэрэгтэй. Гуравдугаарт, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагатай байх. Жишээ нь, сошиал ертөнцөд хэлэх үг, хийх үйлдлээ цэгнэж байхгүй бол зуу зуун шавь нар маань харж байдаг. Тэгэхээр багш хүний үйлдэл бүр хяналттай байх ёстой гэж боддог. Багш болсон анхны жилүүдэд өөрийгөө яригч, илтгэгч байх ёстой гэж боддог байлаа. Харин одоогоос сайн сонсогч байхын чухлыг ойлгоод байгаа. Шавийнхаа бодож, санаж сэрж байгааг ойлгож, шинэ санааг нь сайн сонсох хэрэгтэй. Багшийн хувьд шавьдаа үлгэр дуурайлал болж явах л гол зарчим минь юм даа.
 
Бид эзэмшиж амжаагүй байхад хоцрогддог мэдлэгийн цаг үед амьдарч байна. Ийм хурдтай эрин үед орчин үеийн багш хүн ямар байх ёстой юм бэ?
 
-Шинэхэн багш байхад хичээлийг агуулгын хувьд номоосоо л заах ёстой гэж боддог, мөн хичээлдээ идэвхтэй оролцож байгаа сурагчидтайгаа л тулж харьцдаг зэрэг дутагдалтай талууд ихээхэн байсан нь харагддаг. Өнөөгийн багш нар хүүхэд бүртэй тулж харьцаж, хүүхдэд өөрт нь ойрхон сэдвээр хичээлээ заах хэрэгтэй. Хүүхэд бүрийн “Би чадна” гэсэн итгэлийг нь сэргээж өгч байх хэрэгтэй. Өнөөгийн сурагчид биднээс ч илүү мэдээллийн өргөн сувагтай байна. Заримдаа мэдэхгүй зүйл асуух тохиолдол ч гардаг. Тэр үед мэддэг юм шиг худлаа мэдээлэл өгөхөөс илүү судалж байгаад дараа нь илүү мэдээлэл өгдөг. Ингэснээр надад ч гэсэн мэдлэг болж өгдөг.
 
Ажил, амьдралын гараагаа эхэлсэн хамт олныхоо талаар энэхүү баярын өдөр онцгойлон яриач ...
 
-“Тэмүүжин Өрлөг” сургуулийнхаа үе үеийн удирдлага, ахмад багш, хамт олондоо маш их баярлаж, талархаж явдаг. Өнөөдрийн миний болон шавь нарын минь амжилт ололт бол энэ сургуулийн хамт олон, уур амьсгал, хамт олны төлөвшилтэй холбоотой. Нэг нэгнээ дэмждэг, урам хайрладаг, бие биеийнхээ найдвартай ар тал болж чаддаг нь миний хамт олны давуу тал. Өнөөг хүртэл гаргасан амжилт, ахиц гаргахад минь нөлөөлсөн хүмүүсийг дурдахгүй байхын аргагүй. Залуухан багш намайг угтаж авч, урамшуулан ажиллуулж байсан захирал асан В.Дашпунцаг, У.Тунгалаг-Оюун багш нарын маш олон хүмүүст баярлаж явдаг. Өнөөдөр “Тэмүүжин Өрлөг” сургуулийнхаа зургаан төгсөлтөөс нэг анги дааж төгсгөжээ. Хоёр дахь ангиа энэ жил төгсгөхөөр ажиллаж байна. Шавь нар маань сайхан офицерууд болж, амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж яваа нь манай сургуулийн хамт олны  минь бахархал юм даа. 
 
Багш хүний баялаг гэвэл ...
 
-Шавь нар юм даа. Нийгэмдээ үнэ цэнтэй хүн бэлтгэх, хувь хүний үлгэр дуурайл болохуйц зан чанарыг суулгаж өгөх зэрэг нь тэр баялгийг бий болгох багшийн ур чадвар юм. Багшийн баялаг бол зөвхөн шавь нь л юм. Багшийн эрдэм шавиас гэдэг дээ. Тиймээс шавь нараа амьдарч буй цаг үедээ хөл нийлүүлсэн мундаг хүн болоосой гэж хүсдэг, түүний үндсийг маш сайн тавихыг хичээдэг. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн, шавь нарынхаа төлөө гэсэн сэтгэлтэй, тэдэндээ үлгэр дуурайлал болсон тийм хүнийг л багш байх ёстой гэж боддог. Бүх мэргэжилтнийг багш төрүүлэн гардаг. Тийм учраас багш хүн үлгэр дуурайлалтай байх хэрэгтэй. Багшийн мэргэжил эзэмшээд, диплом гардсан хүн бүр багш байдаггүй шүү дээ. Багшаараа ажиллаад, жаргал зовлонг нь мэдрээд, шавь нартайгаа тулж харьцаж байж жинхэнэ багш болдог юм шиг санагддаг. Энэ ташрамд, сэтгэл огшоосон нэг явдлаа саналаа.
 
Юу вэ, яриач ...
 
-2019 онд Монголын багш нарын VII их хурал дээр төрөлх Өмнөговь аймгийн Манлай сумынхаа дунд сургуульд анх А үсэг заалгаж байсан Т.Энхтуул багштайгаа таарсан. Манай багш орон нутгаа төлөөлөөд, би БЗД-ийнхээ багш нарынхаа төлөөлөлд багтаж, Төрийн ордонд уулзаж байхад нэг тийм бахархмаар сэтгэгдэл төрж, нулимс цийлгэнэж байсан. Тэр үед миний дотор “Сайн багш болох” гэсэн мөнхийн зорилго мөн л сэргэж билээ. Багш болох амархан, харин сайн багш болохын төлөө хичээж зүтгэж л явна даа. Хичээл сургуулиас гадна мэргэжлийнхээ тэмцээн уралдаанд амжилттай оролцох, цаашлаад түрүүлэх, жил бүр 800 оноотой хүүхдүүд бэлтгэх, ур чадвараа нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тавин хичээн суралцаж байгаа нь   сайн багш болох гэсэн зүтгэлийн минь нэгээхэн хэсэг юм даа. 
 
Та хоёр охинтой аав хүн, багш гэр бүлийн өрхийн тэргүүн хүн. Монголд өнөөдөр багшийн хөдөлмөрийн үнэлэмж нь сэтгэл хоёргүй ажиллаж амьдрах, сэтгэл хангалуун байх гэсэн шалгуурыг хангаж байна уу? 
 
-Гэр бүлийн хоёр хүн хоёулаа багш байхын давуу тал нь бие биеийнхээ мэргэжлийн онцлогийг мэдэрч ойлгодог. Маш сайн зөвлөгч байхаас гадна тулгамдсан асуудал болон шинэ санаагаа хуваалцаж тодорхой шийдэлд хүрч чаддаг. Харин сул тал нь гэвэл өнөөгийн нийгэмд багшийн хөдөлмөрийг үнэлэх байдал, бас өнөөх цалин хөлсний асуудал юм даа. Гэхдээ өөрөө болон шавь нараа амжилтад хүргэхэд манай сургуулиас тодорхой ур чадварын нэмэгдэл, урамшууллыг сайн өгдөг. Төсвийн байгууллага гэхэд хамгийн сайнаараа л дэмждэг. 
 
Хүн хань ижил, үр хүүхэдтэй болохдоо мэдээж хязгааргүй их баярладаг. Нэг ийм үг байдаг даа. “Чиний амьдралд шантармаар үе таарвал үр хүүхэд рүүгээ эргээд нэг харчхаарай” гэж... Хичээж амьдрах, өөр зүйлд сатаарахгүй явахын шалтгаан үр хүүхдүүд минь байдаг. Ер нь эцэг эх хүн өөрийнхөө эзэмшсэн боловсролоос нэг шат, түүнээс илүү боловсрол эзэмшүүлэхийг зорьдог нь бидний үр хүүхдийнхээ төлөө хийх хамгийн том хөрөнгө оруулалт байх. Тиймээс хүүхдүүдээ өндөр боловсролтой болгохыг л хичээдэг. 
 
Тэгвэл шавь нартаа байнга захиж хэлдэг үг юу вэ?
 
-Хувийн ашиг сонирхлын төлөө биш нийтийн төлөө сэтгэл зүрх чинь тэмүүлж байвал чи өөрийгөө зөв хүн, зөв замаар явж байна гэж бодоорой гэж хэлдэг дээ. 
 
Д.Гүнжилмаа
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин