sonin.mn
Алтан навч хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа гэж дуулагддаг намрын эхэн үе.
 
Хичээл сургууль эхлэхэд хүүхэд, залуус хөл хөөрцөг болоод цаанаа л баясгалантай. Байгаль дэлхий өнгөө хувиргаж, модод алтан шаргал, ягаан хүрэн дээлээр ижилсэнэ. Үдийн нар халуу төөнөж, элчтэй гэж жигтэйхэн ч үүр шөнөдөө жиндэх маягтай. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах энэ үед хэн хүнгүй л өвлийн бэлтгэлээ базаана. Хуучин цагийн намар аа гэж. Та бидний аав, ээж, эмээ өвөөгийн үед. Ер нь бол Социализмын үед л дээ. Тариа ногоо, жимс жимсгэнэ бүрэн боловсорч хүн ардын хүнс тэжээл болох энэ үед “Ургацын далай” хэмээх дуу улс даяар цуурайтаж, хөдөлмөрчин олныг тариалангийн талбайд комбайн, трактортай нь уриалан дууддаг байсан гэх. Тэр алтан үеийг санагдуулам үйл явдал саяхан улс орон даяар өрнөөд, одоо зарим нэгнийх нь чихэнд яриа хэлбэрээр хүрч байна. Өнөө жил сургууль сургуулийн оюутан залуус нутаг, нугын ах нарын хамтаар ундарсан их ажлыг “Ургацын далай” дуутай сүлэлдүүлэн эх орныхоо хөрсөнд ургасан тариа ногооны шимийг үзэн, хөдөлмөрийн далайд умбаж сэтгэл өөдрөг буцацгаасан сурагтай. Залуу насныхаа эрч хүчээр довтолгон дайрсан илгээлтийн эзэд маань тэр үеийн улс ажил хөдөлмөрийн амтанд яагаад тэгтлээ их дурладаг, мөн нийгмийн амьдрал хэрхэн хурдтай, хүчтэй уйдах ч завгүй өнгөрдөг байсныг зах зухаас нь гадарласан юм санж. Ерөнхийдөө л хуучин нийгмийн сайн талыг нэг цонхоор харж чаджээ.
 
Илгээлтийн эздийн төлөөлөл болох алтан шаргал намрыг ажлын талбарт угтсан дэд ахлагч Х.Өлзийбаатар, дэд ахлагч Б.Рэнцэнжүгдэр, Б.Баттөр, М.Мөнх-Эрдэнэ нартай цухас хөөрөлдлөө. Тэд ҮБХИС-ийн АБДС-ийн 3 дугаар курсийн сонсогчид юм. Та бид сайн мэднэ дээ, Жаргалантын сангийн аж ахуй гэж Төв аймаг төдийгүй Монголдоо брэнд гэгдэхээр газар. 
 
 
Х.Өлзийбаатар Жаргалант суманд ногоо хураах ҮБХИС-ийн I, II курсийн оюутнуудыг чиглүүлж, хариуцаж ажиллах томилолт аваад үүргээ гүйцэтгэсэн. Нийтдээ 80 га газарт төмс хураасан гэнэ. Х.Өлзийбаатар өмнө нь ургац хураалтад гурван удаа явсан, энэ ажилд шинэдэхгүй яг тохирсон томилгооны эзэн болж таарав. Хэрхэн богино хугацаанд өндөр хөдөлмөрийн бүтээмжтэй ажиллах вэ гэдгийг алхам тутамдаа сонсогчдод чухалчилсан гээд жанжин шугамаа танилцуулах нь цаанаа л нэг хэрсүү гэмээр. Тэрээр үргэлжлүүлэн “ҮБХИС-ийн 50 гаруй сонсогч эхэндээ хэн хэнийгээ сайн танихгүй ч, хөдөлмөрийн амтыг мэдрээд ирэхийн цагт хамтын хүч, тус дэм хэрэгтэй гэдгийг мэдэрсэн байх. Манай сонсогч нарын нөхөрлөлийн холбоо илүү бат болсон болов уу гэж боддог” хэмээв. Х.Өлзийбаатар өмнө нь ҮБХИС-ийн Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг телеграфын нууцалсан холбооны техникчээр төгсөж, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид жил гаруй хугацаанд ажилласан, сурсан мэдсэнээрээ үеийнхнээсээ төө илүү. Аав нь ахлах ахлагч цолтой цэргийн хүн, өөрөө ирээдүйд офицер болох зорилго тавьж АБДС-д суралцаж байгаа гэх. Энэ ярианы үзүүрээс атгахад Х.Өлзийбаатар “Бага байхын л цэргийн хүн гэхээр дотно санагддаг байлаа. Биеийн тамир, спортоор хүний хойно ороод байдаггүй байсан минь ч цэргийн хүн болоход эергээр нөлөөлсөн байх гэж боддог. Аавыгаа дүрэмт хувцастайгаа явахыг хараад л цэргийн хүн болох чин хүсэлдээ бат хөтлөгдсөн. Аавынхаа адилаар Зэвсэгт хүчний ариун жагсаалд орж, анги байгууллагад ажиллаж үзлээ. Хүн өөрийгөө болоогүй мэт голж байвал ихийг хийж бүтээнэ гэдэгт би итгэдэг. Цаашид сурч, хөгжиж дэвших ёстой гэсний үндсэн дээр дараагийн зорилгоо офицер болох гэж тодорхойлсон” гэлээ. Анги, байгууллагад байхдаа ахлах даргаасаа үүрэг авдаг байсан бол одоо сургуульдаа бусдыгаа чиглүүлэх, удирдан зохион байгуулахад гаршиж байгаа нь тун чиг олзуурхууштай. Энэ талаар “Би анги, байгууллагад очоод хугацаат цэргүүдтэй ажиллана. Түүнээс урьтаж бусадтай харилцаж ойлголцохын зэрэгцээ тэднийг удирдлагаар хэрхэн хангах, бие болоод сэтгэл зүйг нь яаж тогтвортой  байлгах, техник хэрэгсэлтэй зөв харьцуулах гээд олон зүйлийг өөртөө дадал болгон хэвшүүлж байна” хэмээн их л урамшсан аястай хэлнэ лээ.  Хамгийн том хөрөнгө оруулалт бол өөртөө хийж буй хөрөнгө оруулалт гэдгийг Х.Өлзийбаатар ярианаас түвэггүй ойлгох шиг. Эргээд ургац хураалтын тухай ярианд оров.
 
Ногоо хурааж байсан газрын ойролцоо байрласан МУБИС, ХААИС-ийн оюутнуудад ҮБХИС-ийн сонсогчид цэргийн сургуулийн онцлогоо харуулж, өглөө оройдоо нэгдэж, удирдлага зохион байгуулалтаараа эрхгүй ялгарчээ. Түүнчлэн ажил хийхдээ хурдан, хөнгөн шингэн байж ёстой л гав шав хийсэн бололтой дог. Мөн Х.Өлзийбаатар сайн сортын төмсийг хэрхэн ялгах, ер нь яаж ногоо тариалж, арчлах гээд ахуй талаас нь ч хүн амьтны хэл амыг сугалчих шахаад л судалсан гэнэ. Нэрэлхэхээр нэрээ ид гэдэг дээ. Дандаа л ажил ярина гэж юу байх вэ. Х.Өлзийбаатар дараа нь Сандуйбазар, Лхагвасүрэн гэх хоёр хүүгийн талаар ам нээв. Бүхнийг хамтдаа хийж, ард нь гарцгаадаг ажилд махруу, тусархаг, хөгжилтэй хөгжөөнтэй хоёр гэнэ. Дэгсдүүлбэл, уйлсныг инээлгэж, инээснийг нь элэггүй болгоцгоодог юм байх. Х.Өлзийбаатар тэдний ачаар ургацын талбайд инээд хөөр ер тасраагүй гээд үе үехэн нүүрэндээ инээмсэглэл тодруулахад өнөөх хоёр гайхлыг нь нэг харах сан гэх бодол давхцав. 
Энэ жил ҮБХИС-ийн 100 жилийн ой тохиож байгаа. Нэг л удаа тохиох энэ түүхэн цаг үетэйгээ золгосон тус сургуульд суралцаж байгаа нь Х.Өлзийбаярыг баярлуулах нэг шалтгаан. Олон зүйлийг сурч мэдэхийн зэрэгцээ бас өөрөө хийж, бүтээж бодитоор үлгэрлэж яваа нэгэн. Х.Өлзийбаатар улсын хэмжээний Робокон тэмцээнд оролцож дэд байрт шалгарсан амжилт үзүүлж байжээ. Тэгвэл энэ амжилтаа бататгаж ахиулах, техник технологи, инновацаар түүчээлэх, мэдлэгээ бусадтай хуваалцаж хамтдаа урагшлах алсын хараатай гэдгээ ч ирээдүйн Х.Өлзийбаатарт уламжилсан. Ийм нэгэн залуу удахгүй ҮБХИС-ийн бүтээгдэхүүн болж, Зэвсэгт хүчиндээ зүтгэх нь. 
 
Багаасаа цэргийн сургуультай ойрхон өссөн дэд ахлагч Б.Рэнцэнжүгдэр. Долоодугаар ангид байхдаа "Тэмүжин Өрлөг" сургууль суралцаж, 2018-2019 онд ҮБХИС-ийн Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг артиллерийн тагнуулч төгсжээ. Ингээд үргэлжлүүлэн АБДС-д системийн аюулгүй байдлаар суралцаж байгаа ажээ. Мөн л Төв аймгийн Жаргалант сумын нутагт томилогдсон байна. Х.Өлзийбаатарын адилаар талбайн ажлыг явуулах, ногоо хураалтад оролцож байгаа бүрэлдэхүүнийг цэрэгжилтээр авч явах, зохион байгуулах үүрэгтэй. Б.Рэнцэнжүгдэр “Тэнд ногоо тариалдаг хүн олон байдаг юм билээ. Бидэнд хандаж, дүү нар цэргийн сургуулийн сонсогчид гэсэндээ арай л өөр байна шүү. Хоногоор явуулдаг ажлыг цагаар нугалаад л гэж билээ” гэх нь нутгийн иргэд тэдний ажлыг үнэлсэн нэг хэмжүүр юм. Нэг хүн өдөртөө 40 гаруй шуудай төмс хураах нормтой. Энэ нормоо биелүүлнэ, хажуугаар нь цэргийн алба явагдана гээд алтан шаргал намрын эхний хэдэн хоногийг сонсогчид уйдах завгүй өнгөрөөснийг Б.Рэнцэнжүгдэр хэлсэн. Түүний хувьд түс тас яриатай, төв царайтай байх агаад айлын том гэсэндээ үүрэг хариуцлагыг их багаасаа үүрч иржээ. Өөрөө цэргийн хүн болоод ч тэр үү дүү нараа соёлч, нийтэч, зөв боловсон хүмүүс болгож төлөвшүүлэхийн тулд ахын үгийг захиасыг хоногштол хэлж, ёстой л тултал үздэг гэх.        
 
Тэрээр “Эхлээд Оросын “Цэргийн сургууль” дараа нь “Тусгай салаа” кинонууд цэргийн хүн болох үндэс суурийг минь тавьсан. "Тэмүжин Өрлөг" сургуульд сурснаар багаасаа бие даах чадвартай болсон гэж боддог. Аав ээж минь ч намайг их бөөцийлөлгүй байсаар би 8 дугаар ангиасаа л биеэ дааж эхэлсэн” гэхэд бусад нь ч тийм ээ, шийдвэрийг богино хугацаанд оновчтой гаргадаг шүү гээд ам уралдацгаан хошуу нэмэрлэнэ. 
 
"Тэмүжин Өрлөг" сургуульд суралцаж байхад аав нь “Цэргийн хүн болох юм бол гутлаа тослохоос эхэл” гэж хэлдэг байжээ. Б.Рэнцэнжүгдэр хэсэгтээ л тослоогүй гэнэ. Нэг өглөө сэрээд хартал гутлыг нь гялалзтал зүлгэж, тослоод тавьсан байж гэнэ. Бас тоостой гутлыг нь хажууд нь зэрэгцүүлээд тавьжээ. Олон үгийн шаардлага байсангүй, энэ л түүнд хангалттай санагдаж нэгийг бодогдуулахад даруй өнөөх тоостой гутлаа арчаад тосолсон аж. Одоо нэг дүү нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хаадаг, энэ сард халагдах юм санж. 
“Цэрэгт ирээд удаагүй байхад нь утсаар ярихад дуу нь гарахгүй, онцын зүйл яриагүй. Сүүлдээ гоё, сайхан байна. Албандаа дассан гээд л амаа халтал ярьсан. Уулзах ч дөхөж л байна” гээд дүүгээ хүлээсэн сэтгэлээ ил гаргав.     
Хөгжилтэй, найрсаг зангаа үе үе цухалзуулах нь М.Мөнх-Эрдэнэ. Түүнийг харахад ямар ч үед өөрийгөө зоригжуулаад инээ гэдэг үг санаанд орно. М.Мөнх-Эрдэнэ Жаргалант сумын Загдал багийн нутагт очжээ. Ингээд төмс хурааснаар хээрийн нөхцөлд хэрхэн байрлах, яаж хооллохыг сурч авахаас гадна ажлын дөр сууна гэдэг олон давуу талтай гэдгийг үеийнхэндээ уриалан дуудах маягтай хэлэв. Залгуулаад “Манай өвөө, аав цэргийн мэргэжлийн хүмүүс. Уг нь би жүжигчин болохыг хүсдэг байлаа. Гэхдээ удмын халаагаа авч ҮБХИС-д элссэн. Төсөөлснөөс огт ондоо байсан. Цэргийн сургуулийн сонсогчид гэхээрээ их нямбай юм байна гэсэн бодол төрсөн. Бас үг, үүрэг хоёрыг дааж явдаг хүүхдүүд шиг санагдаж билээ. Тэгээд цэрэгжилт ийм болгодог биз дээ гэж бодсон” гэлээ. Түүний жүжигчин болох хүсэлтэй байсан нь бусдыг хөгжөөдөг унаган зангаас нь болжээ. Ярилцаж суухад “Мөнхөө хэн нэгнийг инээлгэхгүй л бол Мөнхөө биш болно” гээд хөөргөнө, хажуугаар нь бас цаашлуулна. М.Мөнх-Эрдэнэ анхандаа цэргийн хүмүүсийг их зандрангуй харьцдаг гэж ойлгодог байсан бол сургуульд нь суралцсанаар их зүйлийг ухаарсан гэв. Хамгийн чухал нь хүндлэл гэж ямар сайхан зүйл болохыг мэдэрчээ. Тэрээр айлын отгон хүү. Айлын бага гээд эрхлэх, давуу эрх эдлэх тал байдаг уу гэхэд “Бий шүү” гээд шулуухан хэлээд араас нь инээд шидэх нь тэр. 
 
Сүүлд нь Б.Баттөр тунаж үлдлээ. Багын эмч эсвэл цагдаа болох мөрөөдөлтэй байсан ч цагийн салхи түүнийг наашаа эргүүлжээ. Энэ сургуульд элссэнээр Б.Баттөрийн тууштай, суръя, мэдье гэсэн чин хүсэл нь өмнөхөөсөө илүү оргилох болсныг хамгийн түрүүнд онцолж байсан. Б.Баттөр гурван хүүхэдтэй айлын том нь. Аав ээж нь Сэлэнгэ аймгийн Заамар суманд амьдардаг эгэл жирийн малчин улс. “Айлын том хүү зөв явахгүй л бол дүү нар маань харж суугаа. Анх оюутан болоход гэрийнхэн маань үдэж өгөхдөө их олон зүйлийг захисан. Тэрийг нь дотроо үргэлж бодож явдаг. Аав ээжийнхээ захиасыг ёсчлон биелүүлэхэд цэргийн сургуулийн онцлог ч их нөлөөлсөн” хэмээх нь түүний сэтгэл их л өег байгаа гэлтэй. Ер нь Б.Баттөр хэдэн жилийн өмнөх өөрийгөө харьцуулахад олон талаараа ялгардаг гэнэ. Хүнтэй боловсон харилцах, биеэ зөв авч явах, үг даах, өл дааж сурахаас эхлээд л өөрчлөлт олон бий гэнэ шүү. Аав ээжийнхээ хэлсэн үгэнд бол бүр ч их урамшиж, алсдаа хичээнэ гэж боддог. Дөнгөж үүр хаяарахтай зэрэгцээд орноосоо босдог Б.Баттөрийг аав нь “Миний хүү ч эртэч гэж жигтэйхэн. Үд гэхэд ажлаа овоо сайн нугалчихдаг болж. Хойшид алзахгүй ээ” гэж магтдаг. Ээж нь ч бас урмын үгээр мялаадаг гэнэ.       
  
Тэрээр ургац хураалтад М.Мөнх-Эрдэнийн хамтаар нэг багт очсон юм байна. Өмнө нь нэг удаа ургац хураалтад явж байсан багахан туршлагатай. Тэр үедээ бол шинэ цэрэг гэдэг шиг ногоо хураахдаа бүх зүйлийг сониучирхаж байгаад л өнгөрөөж. Харин энэ удаад түүний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл бол эх орны хөрсөнд ургасан шинэхэн төмсний нарны туяанд нэвчин шаргалтах нь, газраас ханзарсан хэсэг хар шорооны үнэр, хааяа нэг гангар гунгар хэмээн алсыг зорих шувуудын цуваа гээд байгаль эхийн цогцлоосон юм бүхэн л өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрүүлжээ. Бас ногоо тариалдаг хүмүүсийн хөдөлмөрийг ойлгодог, хүндэлдэг болсон нь гойд санагдав. Мөн “Өглөөний цэвэр агаарт, ургах нартай уралдаж босно гэдэг юутай сайхан гээч. Эртэч хүн ихийг үзнэ гэгчээр, эртлэн босохоор тэр өдрийн ажилдаа нэг их түүртээд байдаггүй юм билээ. Хотод ч бүгчимдээд, өглөөдөө толгой сэргэг биш байх үе олон шүү” хэмээсэн юм.
Намар цагийн сонин сайхан сонсогчдын нүдээр ингэж буув.
Ургацын талбайд мандахын улаан нарыг жаргах хүртэл цуцалтгүй ажиллаад ирсэн илгээлтийн эзэд маань баялаг түүх, бахархах гавьяатай эрдмийн өргөөнийхөө нэгэн зууны түүхийг ийн чимлээ.  
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин