sonin.mn
Өнөөдөр ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуульд суралцах II ээлжийн бие бүрэлдэхүүнийг ҮБХИС-аас үдэн гаргах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа С.Ванчинхүү, хэлтсийн дарга Д.Содномдаржаа, ҮБХИС-ийн сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Ө.Эрдэнэ-Очир нарын хүндэт зочид оролцлоо. Суралцагчдын эцэг, эхийг төлөөлж БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Ганбат бие бялдар, хүсэл зориг, оюун ухаанаараа шалгарч, эрдэм сурахаар мордож буй залуустаа амжилт хүсээд “Хүний нутагт бие биедээ түшиг болж, ядарсан нэгнээ өөд татаж, задарсан нэгнээ засаж залруулж, эрдэм номдоо шамдаж, эрүүл мэндээ хичээж, эрдмийн их далайгаас сувдыг нь шүүрч, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, манлайлж явахыг эцэг хүний хувьд, Зэвсэгт хүчний офицер хүний хувьд хүсэн ерөөж байна” гэлээ. 
 
 
Дараа нь БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа С.Ванчинхүү суралцагчдад хандсан Батлан хамгаалахын сайдын үүрэг даалгаврыг уламжилсан юм. Тэр бээр “Дэлхий нийтэд тархаад буй коронавируст цар тахлын улмаас та бүхний суралцах үйл ажиллагаа багагүй хугацаагаар хойшлогдсон ч Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласнаар өнөөдөр та бүхэн эрдмийн аяндаа мордож байна. Та бүхэнд бие биедээ дэмтэй байж, өөрийнхөө болон нөхдийнхөө эрүүл мэндийг сахин хамгаалж, өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга бат, сурлагаар бусдыгаа манлайлж, эх орныхоо, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, цэргийн эрдэмд шамдан суралцахыг үүрэг болгож байна” гэв. 
 
Ийнхүү цэргийн академи, их, дээд сургуульд суралцах II ээлжийн бие бүрэлдэхүүн ОХУ-ыг зорихоор аян замдаа мордсон юм. Монгол Улс болон ОХУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа нь тэртээ XX зуунаас эхэлж, хуучнаар ЗХУ-д цэргийн мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж ирсэн арвин түүхтэй бөгөөд 2007 оноос эхлэн ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуульд жил бүр 50-100 орчим цэргийн алба хаагчийг суралцуулахаар илгээж, өнөөдрийн байдлаар Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчин, Хил хамгаалал, Төрийн цэргийн байгууллагын төлөөлөл болох 340 гаруй цэргийн алба хаагчийг ОХУ-ын 14 хотод 30 гаруй цэргийн мэргэжлээр суралцуулан бэлтгэж байна.
 
 
ОХУ-ын Воронеж хотын Нисэхийн дээд сургуулийн төгсөх курсын оюутан Б.Ганзоригийн аав, ээж хүүгээ үдэхээр хөдөө орон нутгаас ирээд байхтай таарлаа. Нисэхийн аэродромын инженер мэргэжлээр төгсөх хүүгээ зургаа дахь жилээ үдэж буй ээж “Анхны жил Төмөр замын буудлаас хүүгээ үдээд уйлаад зогсож байсныг бодвол цаг хугацаа хурдан юм аа, төгсөөд ирэх дөхсөн байна. Урьдын л адил хүүдээ “Олон түмэнтэйгээ эвтэй яваарай” гээд, эрүүл мэндээ анхаарч, дархлаагаа байнга дэмжиж явахыг хичээнгүйлэн захилаа даа” гэлээ.
ОХУ-ын Цэргийн их сургуулийн Цэрэг улс төрийн академийн сонсогч, ахмад Б.Уранбаатар эхний жил хэлний бэлтгэлдээ суралцаад ирсэн бөгөөд энэ жилээс Улс төрийн ажилтан-сэтгэл зүйч гэсэн үндсэн мэргэжлээрээ суралцахаар явж байна. Цаашид эзэмшсэн мэргэжлээрээ, ялангуяа сэтгэл зүйчийн ажлын хүрээнд Зэвсэгт хүчинд олон талын үйл ажиллагаа зохион байгуулах нөхцөл боломж их байгааг олж харж байгаа талаараа дурдаад, илүү өргөн хүрээнд хичээнгүйлэн суралцах болно гэж эрдмийн аяны өмнөх сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
 
 
Воронеж хотын Нисэхийн дээд сургуульд Нислэгийн ашиглалтын инженерээр сурахаар анхны жилдээ явж буй дэд ахлагч Г.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Зэвсэгт хүчин жилээс жилд хөгжиж байгаа. Тиймээс би тэрхүү хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, алсаас удирдах зэвсэг, техникийг сонирхон судалж, сайн сураад, ирээдүйд аав шигээ сайн офицер болно. Миний аав Зэвсэгт хүчний хурандаа хүн” хэмээн үе дамжсан цэргийн хүүгийн сонголтоо бахархангуй өгүүлсэн юм. 
Краснодар хотын Цэргийн нисэхийн дээд сургуульд нисэхийн инженер мэргэжлээр суралцахаар мордож буй дэд ахлагч Г.Сэргэлэнбаатар “Суралцах хуваарь авснаасаа хойш цар тахлын нөхцөл байдлаас бүтэн нэг жилийг тэсэж ядан өнгөрөөлөө. Маш их баяртай байна. Ихийг сураад, эх орондоо сайн боловсон хүчин болоод ирнэ” гэв.