сонин mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зуны эхэн сард Орхон аймагт ажиллах үеэрээ үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, Засгийн газрын тогтоолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд гардуулсан. Ингэснээр, Монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжих хууль, эрх зүйн боломж нээгдсэн юм. Үйлдвэрлэл, технологийн паркийн бүрэлдэхүүнд эхний ээлжинд катодын зэс үйлдвэрлэх, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэл, хүхрийн хүчлийн болон эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барьж байгуулах төсөл багтаж байна. Эдгээр ажлын явцын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн дарга П.Ганбаттай ярилцсан юм. 
 
-“Уул уурхай-Металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн хамгийн чухал, зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төслийн ажлын явц ямар шатанд явна вэ? 
 
-Эртнээс яригдсан энэхүү төсөл өдий хүртэл хэрэгжээгүй гол шалтгаан нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрээс гарах хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулах асуудал хүндрэлтэй байсантай холбоотой. Байгалийн хийг ашиглаж элементийн хүхэр үйлдвэрлэх технологи дэлхийн практикт байдаг боловч манай орны хувьд байгалийн хий байхгүй тул хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан.  Тиймээс бид судлаад, дээрх хийг нүүрсний нунтгаар ангижруулан элементийн хүхэр үйлдвэрлэх патент эзэмшдэг БНХАУ-ын “China ENFI Engineering” компанитай уг    технологиор үйлдвэрлэлийн туршилт явуулах гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд цаад компани маань одоо ажиллаж байгаа металлургийн үйлдвэр дээр үйлдвэрлэлийн туршилт явуулан элементийн хүхэр гаргахаар бэлтгэлээ хангаж байгаа. Шинэ тоног төхөөрөмжүүд суурилуулаад, үйлдвэртэйгээ яаж холбохоо шийдээд элементийн хүхэр гаргах үйлдвэрлэлийн туршилт хийнэ. Үүний дараа бидний зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ дээр энэ хэсгийнхээ тодотголыг хийгээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ТЭЗҮ-гээ хамгаалах юм. “China ENFI Engineering” компанийнхан хийсэн ажлын мэдээллээ бидэнд хоёр долоо хоног тутамд ирүүлж байгаа. Одоогийн байдлаар нарийвчилсан зураг төслийн ажил 70 хувьтай, тоног төхөөрөмжийн худалдан авалт 50 хувьтай явна. Туршилт ирэх 12-р сард эхлэх төлөвлөгөөтэй. Уг ажил 2022 оны гуравдугаар сард дуусах юм. Паркийн хэмжээнд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулахад хамгийн чухал ажил энэ. 
 
-Өөрөөр хэлбэл янз бүрийн урвалд ордоггүй тогтвортой элемент гаргаж авна гэсэн үг үү? 
 
-Тийм. Элементийн хүхэр нь хадгалах, тээвэрлэх, борлуулахад  хүндрэл  багатай гэж ойлгож болно. Элементийн хүхэр химийн үйлдвэрийн үндсэн түүхий эд шүү дээ. Барилгын материалд бас ашиглаж болдог.  
 
-Катодын зэсийн үйлдвэр барьж байгуулах төслийн ажлын явц ямар шатанд явна? 
 
-Үйлдвэр, технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй бас нэгэн том төсөл нь катодын зэсийн үйлдвэр барьж байгуулах юм. Ил уурхай дахь исэлдсэн хүдрийн овоолгуудад хуримтлагдсан хүдрийн нөөц, “Эрдэнэтийн-Овоо” ордын баруун хойд ба төвийн ордын уурхайгаас ирээдүйд ашиглах явцад үүсэх исэлдсэн хүдрийн нөөцөд үндэслэн SX/EW технологиор барих үйлдвэрийн хүчин чадлыг жилд 10 мянган тонн катодын зэс байхаар тооцоолон инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах тендер зарласан. Гүйцэтгэгч компани шалгараад гэрээ байгуулагдсан. Компанийн төлөөлөгчид ирж уулзаад ажлаа эхлүүлээд явж байна. 
 
 
-Үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? 
 
-Энэ жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Үйлдвэрлэл, тех-нологийн паркийн дэд бүтэц, зам харилцааны асуудлыг оруулаад явж байгаа. Дэд бүтцийн инженерийн нарийвчилсан зураг төслийн техникийн даалгавар боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд байгуулагдсан. Ажлын хэсэг авто зам, төмөр зам, ус хангамж-ариутгал татуургын систем, цахилгаан хангамж гэсэн дөрвөн чиглэлээр техникийн даалгавар боловсруулан батлуулж, худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байна. Гүйцэтгэгч компаниудыг шалгаруулах ажил яг одоо ид явагдаж байна. Мөн ҮТП-ийн дэд бүтэц барьж байгуулах суурь судалгаа, инженер геологи, хөрсний судалгааны ажил хийгдэж байгаа. Энэ ажил 2021 оны 12-р сард дуусна. Өвлийн улиралд зураг төслийн ажлаа дуусгаад, хавраас бүтээн байгуулалтаа эхлүүлэх зорилго чиглэлтэй ажиллаж байна.
 
-Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэл, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр паркийн бүрэлдэхүүнд багтаж байгаа. Эдгээр төслийн явцын талаар мэдээлэл өгөөч? 
 
-Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих ажилд Үйлдвэрийн бодлогын газар, Ил уурхай хяналт тавин ажиллаж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ачаа бараа нь хил дээр саатсанаас ажил нь жаахан удааширсан. Гэхдээ одоо жигдрээд явж байна. Тоног төхөөрөмжүүд нь үйлдвэрлэгдээд дууссан. Татан авалт хийгдэж байна. Засвар механикийн заводын хувьд машин үйлдвэрлэлийн суурь болгон хөгжүүлэх өргөтгөл шинэчлэлийн нарийвчилсан ТЭЗҮ болон инженерийн зураг төсөл боловсруулах том ажил хийгдэж байна. Өнгөрсөн наймдугаар сард байгуулсан гэрээг 2022 оны эхээр дүгнэх юм. Засвар механикийн заводоо бүс нутгийн, цаашлаад Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл явуулах, ажиллах хэмжээнд өргөтгөн шинэчилж, дэлхийн хамгийн шилдэг технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
 
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.      
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс