sonin.mn
 9-р сарын 24-нд БНХАУ-ын Төвдийн Өөртөө Засах Орны гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг Лхас хотноо "Төвд анагаах ухааны тухай Хятад-Монголын эрдэм шинжилгээний хурал"-ийг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулжээ.
 
 
Монгол, Хятад хоёр улсын уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой уг хуралд ТӨЗО-ны Төвд анагаахын эмнэлгийн гурван мэргэжилтэн "Төвд анагаах ухаан болон Төвд зурхайн харилцаа холбоо", "Төвд эм заслын түүх болон үндсэн онол", "Таван рашаан заслын эмчилгээ" гэсэн сэдвээр илтгэл тавьсан байна.
 
Мөн  Монгол Улсын "Манба-Дацан" уламжлалт эмнэлэг ба "Оточ Манрамба" дээд сургуулийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч Д.Нацагдорж болон "Оточ Манрамба" Дээд Сургуулийн эмч, оюутны 200 орчим төлөөлөл хэлэлцүүлэгт цахимаар оролцжээ.
Хэлэлцүүлгийн эцэст илтгэл тавьсан гурван эмч төвд зурхай, төвд анагаах ухаан, дэвтээлэг засал зэрэг холбогдох сэдвээр Монголын талын мэргэжил нэгтнүүдийн асуултад хариулсан байна.
 
Н.Пүрэвжав