sonin.mn
Энэ сарын 11-нд “Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр” тохионо. Эл тэмдэглэлт өдрийг угтан ахмад Т.Лхагванямыг онцолъё хэмээн зорилоо. Тэр бээр Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн электроникийн инженерээр ажиллаж байна. Түүнийг онцолж байгаагийн учир нь Зэвсэгт хүчний агаарын цэрэгт ашиглагдаж байгаа техник, хэрэгслийг шинэчилж, дижиталчилах их үйлсийг эхлүүлээд байгаа залуусын нэг юм. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний түүхэнд нэн шинэ хуудас нээж байгаа залуу офицер гэж хэлж болно. Гэхдээ энэ том ажлынх нь талаар өгүүлэхээс өмнө түүний тухай товч дурдъя.
 
Тэрбээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрж, аймгийнхаа ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолбор сургуулийг 2008 онд төгсөөд тухайн жилдээ БХИС-ийг сонгон суралцжээ. Сонгосон ч гэж дээ, харин БХИС түүнийг сонгосон гэхэд буруудахгүй байх. Учир нь Т.Лхагваням дунд сургуульд байхдаа хөнгөн атлетикийн шаггүй тамирчин байжээ. Багадаа мориноос унаж, хөлөө хугалснаас болж ангийнхаа хүүхдүүдэд их шоолуулдаг байсан аж. Тэгээд л өөрийгөө ялан дийлэхийн тулд хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн нь түүнийг сайн тамирчин болоход нөлөөлжээ. Ингээд Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээний 100 м-ийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртэж өндөр амжилт гаргасан тул БХИС-иас урилга илгээсэн байна. Түүнээс биш цэргийн хүн болох талаар төсөөлөл ч байгаагүй аж.
 
 
Ингээд 2008 онд БХИС-д холбооны инженер мэргэжлээр суралцаад 2010 онд курсээрээ Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тэнхим рүү шилжиж, радиотехникийн мэргэжлээр суралцаж 2013 онд төгсжээ. Сонсогч байхдаа сургуулийнхаа танхимд урсдаг самбар хийсэн нь түүний анхны электроникийн бүтээл байлаа. Ингэхдээ хичээл завсарладаг цагуудаа программчлаад сургуулийн хонхтой холбочихсон байна. Тухайн үедээ шинэлэг санаа байж. Харин ганц дутагдалтай тал нь батарейгүй, шууд разеткэнд залгадаг учир цахилгаан тасрахаар бүх цаг нь тэг болоод зогсчихно. Багш нар нь ч мэддэг, “Лхагваа гүйгээрэй, цагаа тааруулаарай” гэдэг байжээ. Сонсогч байх хугацаандаа “Алдар” спорт хорооны хөнгөн атлетикийн дасгалжуулагч Х.Уянгаа багшийн удирдлагад дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан спортын олон удаагийн тэмцээнд оролцож, хамгийн хурдан тамирчнаар шалгарч байсан түүхтэй. Сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 353 дугаар ангид томилогдож, 2013-2018 онд пуужин чиглүүлэх офицер, радиотехникийн батарейны зэвсэглэл техникийн орлогчийн албан тушаалыг тус тус хашжээ. Энэ хугацаандаа эд хэрэгслийг нь угсарч, өөрөө программыг нь бичиж, гар утас зохион бүтээсэн байна. Мөн Зэвсэгт хүчинд анх удаа нисгэгчгүй нисэх хэрэгсэл, пуужин, онгоцны макет хийдэг “Таван од” клубыг өөрийн санаачилгаар байгуулжээ. Тэр бээр энэ тухай ярихдаа “2015-2016 онд БНӨСУ-д энхийг сахиулсан. Тэгээд ажиллагааны мөнгөнөөсөө тодорхой хувийг гаргаад клуб байгуулахаар шийдсэн. Түүнээс биш май гээд хэн мөнгө өгөх билээ. Юм хийх сонирхолтой, шинийг хийж бүтээе гэсэн залуусыг клубтээ элсүүлж, бид олон ч бүтээлийн ард гарсан. Ялангуяа пуужингийн цель болох онгоцны макетуудыг хийдэг байсан” гэсэн юм. Дараа нь 2018-2021 онд Агаарын цэргийн командлалын агаарын довтолгооноос хамгаалах хэлтсийн радиотехникийн албанд автоматжуулалтын офицероор ажиллаж байгаад одоогийн албанд томилогджээ. XXI зуун гарснаар дэлхийн олон улс аж үйлдвэрийн технологио аналогоос дижитал системд шилжүүлж байна. Орчин үеийн бүх л зэвсэглэл, техник дижитал системд шилжиж, илүү өндөр нарийвчлал, ашиглалттай болсон. Тэгвэл энэ жишгээр манай улсад Агаарын цэрэгт ашиглагдаж буй зэвсэглэл, техникт шинэчлэлт хийх зорилго бүхий гар, сэтгэл нийлсэн залуус ажиллаж байна. Тэд техник, хэрэгслүүдийг аналогоос дижитал руу хөрвүүлэх, удирдлагын системийг автоматжуулах гол зорилготой юм. Одоогоор тэдний хийсэн хамгийн амжилттай техник нь холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилго бүхий “Цуурай” төхөөрөмж юм. Энэ тухай тэрбээр “Агаарын цэрэгт ашиглагдаж байгаа холбооны станцуудыг өөрсдийн хүчээр шинэчлэх, байлдааны жижүүрлэлтийн бэлэн байдлыг хангахуйц, цэргийн алба хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор холбооны төхөөрөмж хийе гэж шийдэн судалгаа, шинжилгээний ажлаа эхлүүлсний дараа загвар зохион бүтээх, программ хангамжийн хөгжүүлэлтийн ажлуудыг дэс дараатайгаар хэрэгжүүлсэн.
 
 
 
Ингээд “Цуурай” төхөөрөмжийн эхний хувилбар болох “G2LT” загвар гарснаас хойш хэд хэдэн удаа загвар, алдааг шинэчлэн сайжруулснаар тус төхөөрөмжийг бүтээсэн. Хөдөө орон нутаг дахь салбарууд, агаарын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд амжилттай туршсанаар үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэх боломж бий болсон.
 
 
 
Улмаар Агаарын цэргийн харьяа анги, салбаруудын дотоод нөөц бололцоогоор санхүүжүүлж, бид өөрсдийн гараар төхөөрөмжөө амжилттай үйлдвэрлэн эдүгээ Агаарын цэргийн харьяа бүх анги, салбаруудад ашиглагдаж байна" хэмээсэн юм. Тэд эхлээд хамгийн жижиг, авсаархан байдлаар төхөөрөмжийг хийж гүйцэтгэжээ. Гэсэн ч хэтэрхий жижиг учир засвар үйлчилгээ хийхэд төвөгтэй байсан аж. Тийм болохоор овор хэмжээг нь томсгож, засвар хийхэд хялбар болгосон байна.
“Цуурай” төхөөрөмжийн нэгэн давуу тал нь авсаархан, хөнгөнөөс гадна, гэмтлээ өөрөө тодорхойлоод дэлгэцээрээ мэдээлдэг. Ширхэг бүрийг нь өөрсдөө хийгээд, программаа ч өөрсдөө бичсэн болохоор сэлбэг, хэрэгсэл нь ч олдоц ихтэй, засварлахад ч амар гэнэ. Хэрэглэж үзсэн хүмүүсийн хувьд сонсгол маш сайн, хэрэглэхэд хялбар байна гэж удаа дараа сэтгэгдлээсээ хуваалцдаг ажээ. Электроникийн энэ мэт төхөөрөмжүүдийг хийхэд маш их хөрөнгө, санхүүжилт, хугацаа шаарддаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ тухай Т.Лхагваням ярихдаа “Нэг пуужин, холбооны төхөөрөмж хийгээд туршихад л программаас эхлээд түлш, дотоод эд ангиас эхлүүлээд программын алдаа, эд ангиуд бүгдийг солих, дахиад шинээр эхлэх, дахин дахин бүтэлгүйтэх зэргээр олон асуудалтай тулгарна. Энэ бүхний ард төсөв, хөрөнгө чамгүй шаарддаг. Энэ асуудлыг Агаарын цэргийн командлалын удирдлага болон харьяа анги, салбаруудын бие бүрэлдэхүүн зөвөөр ойлгож, бидний ажлыг дэмжиж байдагт би болоод манай хамт олон талархаж явдаг" гэлээ. Бид шинжлэх ухаан, инновацын хөгжил гэх үгсийг элбэг сонсох болсон. Угтаа бол инновац гээд байгаа зүйл нь өнөөдөр бидний өдөр тутмын амьдралыг улам хөнгөвчилж байгаа электроникийн хөгжилд суурилж байна. Тиймээс энэ залуусын Зэвсэгт хүчний хөгжилд хийж байгаа ажлууд нь багагүй хэмжээний амжилт дагуулжээ.
 
 
 
Тухайлбал, 2019, 2020 оны Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Батлан хамгаалах салбарын инновацын шилдэг бүтээл шалгаруулах уралдаан”- нд тэд үүрэн телефоны сүлжээ ашиглан радиотелеграфын дохио дамжуулах “Цуурай”, агаарын орон зайн хяналтын автоматжуулсан удирдлагын систем болох “Phoe nix-2020” бүтээлүүдээрээ тэргүүн байр эзэлж байжээ.
 
 
 
Мөн ахмад Т.Лхагваням 2019 онд Агаарын цэргийн командлалын “Шилдэг мэргэжилтэн”-ээр шалгарсан байна. Тэдний хийж байгаа эдгээр электроникийн бүтээлүүдийн
дүнд олон хүний хөдөлмөр хөнгөвчлөгдөж, илүү үр дүнтэй ажиллах боломж, нөхцөл бүрдэх болно. Инновац гэдгийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийг зорьж байгаа Т.Лхагваням шиг олон залуус төрөн гарч Зэвсэгт хүчнийхээ хөгжлийг урагшлуулна гэдэгт итгэлтэй байна.
 
 
Ахмад М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин