sonin.mn
Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны Сайд бөгөөд Командлагчийн 1964 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн н/174 дүгээр тушаалаар Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн анхны 028, 065 дугаар ангиуд байгуулагдсан түүхтэй. 
1964 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайдын Н/174 дүгээр тушаалаар “Армийн радиотехникийн тусгай батальон” нэртэйгээр Улаанбаатар хотын орчим Улиастайн аманд  байгуулж 1965.9.1-ний өдрөөс 24 цагийн “Байлдааны жижүүрлэлт”-д шилжсэнээр эх орныхоо цэлмэг хөх тэнгэрийг тольдон харж, сахин хамгаалах “Агаарын харуулчдын" бахдам сайхан  албыг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй.
 
1969 оны 7 дугаар сарын 15-ны өдөр БНМАУ-ын БХЯ-ны сайдын тушаалаар тус батальоныг “Радиотехникийн тусгай хороо” болгон өргөтгөж 2002 онд Монгол Улсын төрийн цэргийн бодлого, Монгол Улсын Засгийн Газрын хөтөлбөр, Зэвсэгт хүчнийг чадварлаг болгох бодлогын хүрээнд ижил төстэй ангиудыг бүтэц, зохион байгуулалтаар нэгтгэх бодлогоор ЗХЖШ-ын даргын 257 дугаар тоот тушаалаар Зенитийн пуужингийн 028 дугаар ангитай нэгтгэн “Пуужин-радиотехникийн хороо” болгон зохион байгуулсан.
 
 
2011 онд  Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын болон ЗХЖШ-ын даргын тушаалаар ангийг “Радиотехникийн хороо”-ны шинэ бүтцэд шилжүүлж, тус ангиас зенитийн пуужингийн дивизионыг салган Зэвсэгт хүчний 353 дугаар ангийг шинээр байгуулсанаас хойш Зенит-пуужингийн ангиуд нь байлдааны пуужингийн харвалтыг 17 удаа онц дүнтэй гүйцэтгэсэн.
 
Ардын Армийн Зенитийн пуужингийн 028 дугаар анги 1964 онд, 134 дүгээр анги 1970 онд тус тус байгуулагдаж, Улсын нийслэл, онц чухал объектыг агаараас халхлах үүрэгтэйгээр байлдааны жижүүрлэлтийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд байлдааны харвалттай тактикийн хээрийн сургуулийг Монгол Улсын нутаг дэвсгэрт 3 удаа, ЗХУ-ын нутаг дэвсгэрт /хуучин нэрээр/ нийт 14 удаа явуулж, тогтмол сайнаас онц дүнтэй буудаж байсан ба Ардын Армийн тэргүүний онц ангиар удаа дараа шалгарч байв.  Өдгөө тус ангийн суурин дээр Зэвсэгт хүчний 353 дугаар ангийг 2012 онд шинээр байгуулж, ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлсэн зенитийн пуужингийн цогцолборыг зэвсэглэлдээ хүлээн авсан ба нийслэл хотыг агаараас халхлах үүрэгтэйгээр байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж байна. 
 
 
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн үе үеийн цэргийн алба хаагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, залуу хойч үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, Агаарын цэргийн үйл ажиллагааг сурталчлах, ажлын туршлага солилцох, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайдын 2013 оны тушаалаар 8 дугаар сарын 11-ний /Ардын армийн радиотехникийн тусгай батальон байгуулагдсан/ өдрийг Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин