sonin.mn
Энэ удаагийн хобби буланг ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийн мэргэжилтэн, хошууч Б.Аваадоржийнхоос бэлтгэн хүргэж байна. Тэрээр зоос, орон орны цаасан мөнгөн, түлхүүрийн оосор, хөргөгчний наалт, медаль, энгэрийн тэмдэг зэргийг цуглуулдаг. Сүүлийн үед зажем цуглуулж эхэлжээ. Явсан газар бүрээсээ л нэг мөнгөн дэвсгэрттэй үлдэх нь түүний хүсэл. Түүнчлэн олон улсын хамтарсан хээрийн сургууль, дадлагад оролцсон бусад орны цэргийн алба хаагчид түүнийг саналыг найрсгаар хүлээн авч өөрсдийн орны мөнгөн дэвсгэртээ монгол мөнгөөр солилцдог аж. Нэг ёсондоо хэн хэндээ дурсгал болгож үлдээж буй хэрэг л дээ. Ийм хүмүүс эргээд уулзахдаа сэтгэл дүүрэн байцгаах биз гэсэн бодол төрлөө.
 
Зоосны тухайд олон орны, өөр хоорондоо давтагдашгүйгээрээ ялгарах аж. Ил гаргаж үзүүлсэн нь л 250 гаруй байв. Бидний хэлж заншсан мөнгөний гахай гэдэг шиг мөнгөний нохой бас түүнд байх юм.
 
Хүүхэд байхаасаа хойш ийм зүйл хараагүй удсан болоод ч тэр үү их дотно сэтгэгдэл төрүүлэв. Ил гараагүй зооснуудаа түүнд хадгалдаг гэнэ. Зоос тухайн улсын соёл, ёс заншил, уламжлал, бэлгэдэл гээд үндэстнийхээ өвөрмөц шинж төрхийг агуулсан байдаг. “Bank of Uganda” гэсэн бичигтэй зоосны голд Анколе үхрийг товойлгон босоо байдлаар дүрсэлжээ. Анколе-Ватусси үүлдрийн үхэр бол дэлхийн хамгийн том эвэртэй үхэр юм. Үүгээрээ Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн байдаг. Үхрийн эвэрний урт нь 2.4 метр, тойргийн урт нь 70 см хүрдэг байна. Эвэрнийх нь уртаар тэдний үнэ цэнийг тодорхойлдог бөгөөд хамгийн урт эвэртэйг нь хамгийн ариунд тооцдог аж. Энэ мэтчилэн цуглуулгатай байх нь танин мэдэхүйн талаасаа ч ач холбогдолтой гэдгийг Б.Аваадорж хэлж байсан.  
 
 
 
 
 
Цуглуулгаа арвижуулахад гол дэмжлэг үзүүлдэг хүн нь түүний ээж М.Золгэрэл. Эмхэлж цэгцлэх, хүүхэд багачуудын гар хөлөөс зайдуухан байлгах, арчилж тордох, зориулалтын тавиур сав хийлгэх гээд гал тогоог нь барьдаг аж. Тэрээр “Хүүгийн маань эмээ өвөө Орос руу ажлаар их явдаг байсан. Тэгэх бүрдээ л сонин, содон зүйл авчирна. Би ч багын зоос, марк цуглуулдаг хоббитой байлаа. Мөн хань маань янз бүрийн энгэрийн тэмдэг цуглуулдаг байсан. Б.Аваадоржийн цуглуулганы үндэс суурийг ингэж тавьсан байх гэж боддог. Ер нь тэгээд тэр үеийн юмс одоо ч олдох нь ховор шүү дээ” гэв. Хуучны юм цаг хугацаа өнгөрөх тусам өнгө орж, үнэ цэн нь өсдөг гэдэг дээ. Энгэрийн тэмдгүүд нь ёстой л нүд хужирлам. Том жижиг, гоёмсог, хуучин энгэрийн тэмдэгтүүд нь өнгөрсөн үеийн түүхийг их бага хэмжээгээр өөртөө агуулжээ. Жишээлбэл, 1980 оны Москвагийн зуны олимпын үеэр гарсан энгэрийн тэмдэг байна. Үүнийг харахад “Токио-2020” олимпын наадам явагдаж буй энэ цаг үеийг бүр ч амттай болгох төдийгүй өнгөрсөн түүхийг нэхэн сануулах шиг болов. Тодолбол, ЗХУ-ын Москва хотод зохиогдсон энэхүү наадамд 81 орны 5503 тамирчин 22 спортын 203 төрөлд 628 медалийн төлөө шандсаа сорьжээ. Хүйтэн дайны үед болсон энэ олимпод зөвхөн Социалист лагерийн орнууд орсон түүхтэй бөгөөд Монгол Улсын баг тамирчид байт харваа, бокс, чөлөөт ба сонгомол бөх, буудлага, дугуй, хүндийн өргөлт, жүдо бөхийн төрөлд 43 тамирчин, 9 дасгалжуулагч, 2 эмч, 10 гаруй албаны хvний хамтаар оролцжээ. Үүнээс чөлөөт бөхийн 74 кг-ын жинд Ж.Даваажав мөнгө, 57 кг-ын жинд Д.Оюунболд хүрэл,  жүдо бөхийн 65 кг-ын жинд Ц.Дамдин мөнгө, 71 кг-ын жинд Р.Даваадалай хүрэл медалиар тус тус энгэрээ мялааж 80 орноос 22 дугаар байрт бичигдсэн байдаг. Түүхийн аялал энэ хүрээд зогссонгүй.  
 
Өнөө жил Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиосон. Үүнийг давтдагийн учир нь хошууч Б.Аваадорж үргэлжлүүлэн "САНСРЫН БААТРУУД-АНГИ НЭГТЭЙ АНД НАР" гэх бичигтэй энгэрийн тэмдгийг үзүүлсэнд байв. Үл ялиг элэгдэж хуучирснаас бусдаар бүрэн бүтэн хадгалагдсан энэхүү тэмдгийн голд нь Орос, Монголын сансрын нисгэгчдийг дүрсэлжээ. Бас л өнгөрсөн түүхийн гэрч.  Дараагийн онцлох нь Бригантина хөлөг онгоцны энгэрийн тэмдэг. Хошууч Б.Аваадорж багадаа малгайныхаа оройд энэ тэмдгийг хатгачихаад тоглодог байснаа ч хуучиллаа. Харах бүрийд л хүүхэд насных нь дурсамж зурайдаг гэнэ. 
 
 
 
 
 
Хошууч Д.Аваадоржийг БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай "UNMISS" ажиллагаанд IX ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэхэд нь захирагч, дэд хурандаа Д.Баттүвшиний дурсгаж өгсөн энгэрийн тэмдэг мөн хүндтэй байр суурь эзэлдэг. Тэрээр хилийн чанадад мэргэжил, арга зүй, удирдлагаар бүрэн дэмжиж ажилласан дэд хурандаа Д.Баттүвшинд талархдаг гэдгээ илэрхийлсний зэрэгцээ ажиллагааны газар орны сонин хачин, үүрэг гүйцэтгэлтийнхээ талаар цухас хуучлав.  Түүний аав Увс аймгийн Цэргийн хэлтсийн дарга, ҮБХИС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн тактикийн багшаар ажиллаж байсан хурандаа Д.Бадамдорж аж. Харин түүний ээж М.Золгэрэл 015 дугаар ангиас гавьяаныхаа амралтад гарсан байна. Хошууч Б.Аваадоржтой нийлээд гурван үеийн цуглуулагчид. Бас нийгэм, цаг үеийн түүхийг их бага хэмжээгээр төлөөлөх биет өвийг хадгалж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.  
 
Төгсгөлд нь хошууч Б.Аваадорж “Ер нь цуглуулгатай байхын тулд тодорхой цаг хугацаа, эрэл хайгуул, боломжийн хэрээрээ мөнгө зарцуулах шаардлагатай. Гэхдээ хоббитой байна гэдэг сайхан. Хүний амьдралыг илүү сонирхолтой, зорилготой болгодог. Авдаг мэдрэмж нь л өөр. Цуглуулгаа харахаар стресс тайлагдаад байгаа мэт санагддаг” гэв.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин