sonin.mn
Уртын дууны үнэ цэн, ач холбогдол болон Цэвцгэр хурдан шарга дууны талаар Гавьяат жүжигчин, Улсын филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатартай ярилцлаа.
 
-Юуны өмнө таниас уртын дууны утга, ач холбогдлын талаар асуумаар байна. Уртын дуу дуулдаг хүний хувьд давхар судалдаг байх?
 
- Эхлээд уртын дууны тухай яръя. Монгол ардын уртын дуу монгол үндэстэн түүхийн тавцанд тодрон гарч ирсэн үеэс хэлбэр, хэв шинжээ олж ирсэн. Монгол ардын уртын дуу бол монгол үндэстний, монгол туургатны, монголчуудын үндэсний өв соёл бөгөөд өөрсдөө зохиож дуулсан дуулаачийн томоохон хэмжээний бүтээл юм. Монгол ардын уртын дуу гэж нэрлэсний учир нь урт удаан настай, урт удаан аялгуутай, он удаан жил дуулагдах, мөнх буюу дүүрэн сайхан гэсэн утгатай гэдэг. Энэ төрөл нэг талаараа түүх, соёлын үнэт өв, нөгөө талаараа Монголын урлагийн хамгийн анхдагч нь. Уртын дуугаа дагаад морин хуур, хөөмий, тууль хайлах үүссэн гэж үзэж болно. Би  судлаач биш. Гэхдээ Монголын уртын дуугаа судалдаг хүн.
 
- Та Цэвцгэр хурдан шарга дууныхаа тухай ярьж өгөхгүй юу. Ямар үүх түүхтэй дуу вэ?
 
-Цэвцгэр хурдан шарга дуу зүүн чигийн нутагт зохиогдсон  юм шиг байгаа юм. Дууны үгэндээ “вайдуу” гэдгийн оронд “байна аа”, “ивий дээ” ч гэж хэлж болдог. Цэвцгэр хурдан шарга дууг хоёр янзаар дуулдаг. Нэг нь боржигон хэлбэрээр, “Цэвцгэ-э-эр хурдан шаргыг-уу-өө, цэлмү-ү-үлэн барин засаж-ээе-ээ” гэж дуулдаг. Нөгөө нь “Цэвцгэр-ээе-аа” гээд халх аялгуугаар дуулдаг. Ийм хоёр хэлбэрээр бидний одоогийн мэдэж байгаагаар дуулагддаг.
Энэ дууг Монголын үе үеийн томчууд дуулсан. Жишээлбэл, Жигдзавын Дорждагва гэдэг XX зууны манлай дуучин. Түүнээс хойш Дундговийн тэгшийн хонхорын аялгууг барьдаг Дадьсүрэн гэдэг өвгөн боржигон хэлбэрээр дуулж байгаа. Энэ дууг Монголын найрын түрлэгт гурван түрлэг дуулж байж хангалттай гэж үздэг. Харин одоо бол дуунууд концертийн хэлбэрт орсон учир хагас түрлэг буюу эхний дөрвөн мөртийг дуулаад орхиж байгаа. Энэ дуу дуулаачаас хоолойны уран чадвар, хоолойны бяр, мэх бүхнийг шаарддаг.
Цэвцгэр хурдан шарга бол Монголын айзам уртын дууны хамгийн том хэлбэр бөгөөд гүн ухааны дуу мөн. Цэвцгэр хурдан шарга гээд хурдан шарга морийг хэлэх боловч амраг хайрыг илэрхийлсэн дуу. Ер нь монгол ардын уртын дуу бол хүний хорвоогийн тухай дуу юм. Судалж үзвэл маш сонирхолтой. Шарга гэдэг нь морь, хурдан шарга гэвэл хурдан морь гэж ойлгоно. Гэхдээ энэ бол хүний хорвоогийн тухай дуу. Хүний тухай дуу. Монгол ардын уртын дуу хүний хорвоогийн өнө мөнх бишийг агуулсан, орчлон ертөнцийн байх, байхгүйг ойлгуулах гэсэн байдаг.
 
 
 
Уртын дуу нэг ёсондоо дуулаачийн том бүтээл. Мөн уламжлал зан заншлын өв байж болно. Монгол ардын уртын дуу нийгэмд ухаарал өгөх, зөв зүйтэй явуулах нөлөөтэй.
 
 
 
Уртын дуу дотроо олон янз байдаг. Цэвцгэр хурдан шарга дууны хувьд төв халх ба боржигон аялгуугаар бидний одоогийн мэдэж байгаагаар дуулагддаг. Өмнө нь өөр хэлбэрээр дуулагдаж байсныг үгүйсгэхгүй. Боржигон аялгуу гэдэг бол Хэнтийн Бор өндөр-Говьсүмбэр аймаг-Булганы Дашинчилэн хүртэл зурвас газар оршдог. Тийм тодорхой хэсэг газар. Харин төв халх хувилбар нь Монголын бүх ард түмэн дуулах хэмжээний нийтлэг байдаг.
 
-Таны урын санд энэ дуу хэр удаж байна вэ. Олон түмэнд хэрхэн хүрсэн бэ?
 
-Би энэ дууг Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгад байхдаа дуулж байсан. Одоогоор 10 гаруй жил дуулж байна. Хүмүүсийн мэдэж байгаа хоёр хувилбарын аль ч хувилбараар нь дуулдаг. “Түмэн эх” чуулгад байхдаа гадаадын жуулчдад дуулж өгдөг байсан.
 
-Сүүлийн үеийн залуучууд уртын дуу, ардын дууг тэр бүр дуулахаа болилоо гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Түрүүн хэлсэнчлэн, уртын дуу бол түүхийн олон зуун жил саад, хямралыг давсаар ирсэн монгол үндэсний өв соёл. Сүүлийн үеийн залуучууд уртын дуугаа сонсохгүй байгаад их харамсаж байна.
Гэхдээ цаг өөр болох байх. Харин хүмүүс маань уртын дууг ойлгох хэмжээнд хүрч очихгүй байна. Уртын дуу минь сайхан, уртын дуу гоё гээд бичээд л байгаа болохоос уртын дуугаа ойлгодог хүн цөөхөн болсон. Энэ нь нэгдүгээрт, миний буюу уртын дуучдын буруу ч юм уу гэж бодогддог. Мөн энэ талаар судалгаа шинжилгээ хийж, түгээн дэлгэрүүлэхгүй байгаа хүмүүсийн ч буруу юм уу. Залуучууд үүнийг судлахгүй байна. Монгол ардын уртын дуу дуулж байгаа хүнийг юу гэдгийг ойлгох тал дээр тааруу байгаа юм.
 
Цэвцгэр хурдан шарга
 
Цэвцгэр хурдан шаргыгаа вайдуу зээ
Цэлмүүлэн засаж уная
Цэвэрхэн гол шиг авхай тантайгаа вайдуу зээ
Цэнгэн найрлаж жаргая
    Цэлмэсэн сарны гэрэл мэт вайдуу зээ
    Цэцэн тунгалаг ухаантай
    Цэвэрхэн гол шиг авхай тантай вайдуу зээ
    Цээжний үгээ хүүрнэе
Хэлэхээрээ л бэлэн зантай тэр минь вайдуу зээ
Гэнэтхэн зантай ч билээ л
Гэнэтхэн суугаад бодохноо нь вайдуу зээ
Гэмшиж гуниглах нь янзтай л 
    Хамт ойрхон суухад вайдуу зээ
    Хагацашгүй амраг
    Харин холдоод одоход вайдуу зээ
    Хуурамч ертөнц болуузай
Энд ойрхон суухад вайдуу зээ
Энгийн хүн адил
Тэнд холдоод одоход вайдуу зээ
Санан эрэгдэх янзтай
    Зунд нь барьсан гүүний шим вайдуу зээ
    Зонхова бурхны рашаан
    Зориглоод ирсэн авгай танд вайдуу зээ
    Зоог болгон баръя
Эрдэм билэг хоёрыг вайдуу зээ
Нарийвчлан судлалтай
Арга залхуу хоёрыг орхиж вайдуу зээ
Ашдын туйлд хүрэвсүүц
    Сайрхах маань биш л вайдуу зээ
    Сайхан залуу насандаа
    Санасан санаагаа хүүрнэн вайдуу зээ
    Сайхан амар жаргая
Нарийн хөх морь чинь вайдуу зээ
Наадам юунд сойлттой
Насан болсон ээждээ вайдуу зээ
Намрын сэрүүнээр золгоё
    Хүссэн хүслийг хангагч вайдуу зээ
    Чандмань эрдэнэ
    Эрсэн хүслээ хангаж вайдуу зээ
    Энх амар жаргая.
 
 
Г.Мичидмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин