сонин mn
СХД-ийн 25-р хорооны Иргэн Э.О өөрт тулгараад буй асуудлаа манай редакцид дэлгэлээ.
 
Тэрээр: "Би Сонгино Хайрхан Дүүргийн 25-р хорооны иргэн. 2018 онд цус харваад хүний асаргаанд орсон. Хөдөлмөрийн чадвараа 80% алдаад, гэртээ байдаг болсон. 2021 оны 06 сарын 11-нд охин маань хороон дээрээ очиж, 25,000 төгрөг төлөөд, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн. Гэтэл охины маань хариу эерэг гарсан. Ингээд хариу эерэг гарангуут корона тусчихаж гээд тухайн үед гэртээ байсан хүмүүс бүгд тусгаарлагдсан. Миний хувьд вакцины 2 тундаа бүрэн хамрагдаад 23 хоночихсон байсан. Харин манай охины найз вакцинд огт хамрагдаагүй байсан. Ингээд хамт байсан учраас бид 3 нэг дор өөрсдийгөө тусгаарласан. 06 сарын 11-нээс хойш 7 дахь хоног дээрээ явж байна. Энэ хооронд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Охин маань 06 сарын 10-ны орой 37,5 хэм хүрч халуурсан. Бага зэрэг бөөлжсөн байсан. Тийм учраас 06 сарын 11-ний өглөө түргэвчилсэн шинжилгээ өгсөн. Ингээд хамт тусгаарлагдсан 3 хүний нэг нь вакцин огт хийлгээгүй. Нөгөөх нь 20 гаруй жил тамхи татсан, цус харваад асаргаанд байдаг. Дээрээс нь коронатай гэх охин маань намайг асардаг. Харвалт өгөөд, зүүн тал маань мэдээгүй болчихсон учраас хоол идэх, хувцаслах гээд бүх зүйлийг маань охин маань хийж өгдөг. Ингээд аав ээж, ах дүү нар маань миний биеийн байдлыг мэдэх учраас энэ хүн нас барах нь тодорхой болчихлоо гээд сандарцгаасан. Гэтэл надад өнөөдрийг хүртэл ямар ч шинж тэмдэг илрээгүй.
 
Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гэж гарсан охин маань 06 сарын 11-ний орой бага зэрэг халуураад, ханиалгаж байсан. Гэтэл 06 сарын 12-ны өдрөөс эхлээд зүв зүгээр болчихсон. Хамт тусгаарлагдсан, вакцин хийлгээгүй хүүхдэд мөн ямар ч шинж тэмдэг илрээгүй. Гэсэн ч намайг хүндэрчих вий дээ? гээд өрхийн эмч маань эм, витамин хүргэж ирээд, гэр бүлийнхэн маань эмчийн бичсэн жороор бүх эм танг авчирч өгч байсан. Энэ хооронд надад 2 удаа шинжилгээ хийсэн. Хоёулаа сөрөг гарсан.
 
Бүх баримт нь надад байна. Хамт тусгаарлагдсан хүүхэд 2 удаа ходоодны хагалгаанд орсон, антибиотик хэрэглэж болохгүй заалттай учраас вакцин хийлгээгүй байсан. Ингээд бид гурав 4*6 хэмжээтэй байшинд тусгаарлалт хийх боломжгүй, харин ч нөгөө хариу нь эерэг гарсан хүүхдээрээ хоол хийлгээд, бие засах гээд бүх зүйл дээрээ туслуулж байгаагаараа би тусах магадлал өндөр байлаа. Энэ хооронд ямар ч шинж тэмдэг илрээгүй. Гэсэн ч бид иргэний үүргээ биелүүлээд, хорооноос хэсгийн ахлагч маань эм авчирч, хогийг маань зөөж асгаад, усыг маань дөхүүлээд гэх мэтээр яг л корона туссан хүний адил дэглэм сахисан. Энэ олон Монголчуудыг өдөрт 2000, 3000-аар нь гаргаж ирээд байгаа түргэвчилсэн оношлуур чинь худлаа юм биш үү? Намайг асарч байгаа өсвөр насны охин маань би ээжийгээ алчихлаа гээд сэтгэл санаа нь хүнд байсан. Энэ олон хоногийн турш  сэтгэл зүйгээр минь хүртэл ямар муухай тоглож байгаа юм бэ?
 
Үнэхээр энэ түргэвчилсэн оношлуураар хүмүүсийг өдөрт 2000, 3000-аар нь гаргаад байгаа юм уу? Эсвэл худлаа яриад байгаа юм уу? Би ойлгохгүй байна. Миний найзын 7 настай хүүхдийг мөн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад, эерэг гээд гарчихсан. Гэтэл ямар ч шинж тэмдэг байхгүй. Эерэг гээд гарчихсан юм бол тэр хүнээ тусгаарлаж байгаад ПГУ шинжилгээ хийж болдоггүй юм уу?
 
Та ханиадтай байна гэдэг ч юм уу? Та ийм байдлаас болж халуурсан байна гээд ялгаж болдоггүй юм уу? Ингэж түргэвчилсэн оношлуураар хүмүүсийг зовоож, тоглож байгаа байдлаа зогсоож болдоггүй юм уу? Манай охин үнэхээр корона туссан юм бол авч үлдээд, ПГУ шинжилгээ хийж баталгаажуулаад харуулж болдоггүй юм уу? Гэтэл одоо хэрэглэсэн эм тариа нь дараа, үнэхээр корона туссан үед бид нарт үйлчлэхгүй бол яах вэ? Надад вакцин хийхгүй байж байгаад, 3 дахь хөл хорионы дараа зорилтот бүлгийн хүн гээд вакцинд хамруулсан. Миний хувьд Хятад вакцинаас айж байсан. Гэхдээ л би хийлгэсэн. Ингээд вакцин хийлгээд, ердөө 30 минутын дараа бүх биеэр юм туураад, нүднээс нулимс гоожоод, СХД-ийн эмнэлэг дээр түргэний машинаар очсон. Тэгээд танд харшил өгсөн байна гээд надад тариа, дусал хийсэн. Гэсэн ч би хүнд хэлээгүй. Төр засаг маань хийж байгаа юм байна. Би эрүүл байхын тулд хийлгэх ёстой гээд. Гэтэл дээрээс нь корона туссан гэж ингэж зовоох ямар шаардлага байгаа юм бэ? Миний охиноос 06 сарын 11-ний өдөр нэг л удаа, 25,000 төгрөгөөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Эерэг гарсан. Ахиж манай охиноос шинжилгээ аваагүй. Ингээд нэгдүгээр хавьтал гээд 2 хүний нэг нь 3 удаа хагалгаанд орсон, вакцин хийлгээгүй, 20 настай хүн, нөгөө нь би хөгжлийн бэрхшээлтэй, вакцины 2 дахь тунгаа хийлгээд 23 хонож байсан ийм 2 хоёр хүн шинжилгээ өгсөн. Гэтэл бид хоёрын хариу сөрөг гараад байдаг. Ямар ч шинж тэмдэг байхгүй. Түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан гээд корона туссан хүнийг явуулчихсан бол яах вэ? Тэр хүн эрүүл гэж бодоод, гадуур яваад, хайртай хүмүүсээ өвчлүүлбэл яах юм бэ? Монголчуудыг тоогоор айлгая гэж бодсон юм уу? Эсвэл хольж хутгаад байгаа юм уу? Эсвэл бүр юу хийж байгаагаа ч мэдэхгүй байгаа юм уу? Огт ойлгохгүй байна.
 
Хятад вакцины хувьд сөрөг нөлөө байсан. Эхний тунгаа хийлгээд, миний шөрмөс татаад, хоолой сөөгөөд, цээж хөндүүрлээд, тэр өдрөө даралт маш их өссөн. 05 сарын 25-нд би 2 дахь тунгаа хийлгэсэн. Вакцин хийлгээд, 15 минутын дараагаас, нулимас гоожоод, бүх бие загатнаад, маажсан газар бүр дээр гүвдрүү гарч, юм туурсан. Надад баримт нь байна. Түргэвчилсэн оношлуурыг болиулах, болиулдаггүй юм гэхэд эерэг гарсан хүмүүсийг нь ПГУ шинжилгээ авч баталгаажуулах асуудал байж болдоггүй юм уу?
 
Түргэвчилсэн оношлуур худлаа юм байна гэдгийг би биеэрээ мэдэрчихээд сууж байна даа. Манай охинд дахиж шинжилгээ хийгээгүй шүү. Бодит байдал яг ийм л байна." гэв.