сонин mn
ЗЮЦЮАНЬ. /TASS/. БНХАУ-ын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар сансрын гурван нисэгч бүхий "Шэньжоу-12" хөлгөө дэлхий орчмын тойрог замд байгуулж буй станц руугаа хөөргөлөө.
Хөлгийг хуваарийн дагуу орон нутгийн цагаар 09 цаг 22 минутад Ганьсу муж болон Өвөр Монголын өөртөө засах орны (Хойд Хятад) хил дээр байдаг Зюцюань сансрын буудлаас “CZ-2F” зөөгч пуужингаар хөөргөсөн байна.
"Тойрог замын станц ашиглалтад орсны дараа бид олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, гүнзгийрүүлэх бодолтой байна" гэж жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газрын даргын туслах Зи Цимин хэллээ. Түүний хэлснээр, Хятадын станц нь "сансрын шинжлэх ухааны лаборатори болох ёстой бөгөөд түүний үүрэг бол бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйлчлэх явдал юм".
 
Тойрог замын төслүүдийн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхтэй холбоотой асуудлуудыг боловсруулахын тулд БНХАУ нь НҮБ-тай байнга нягт холбоотой ажиллана гэж тэрбээр мэдэгджээ.  
 
Хятад улс сансрын станцаа хоёр үе шаттайгаар барьж буй бөгөөд тус бүрд нь зургаан удаа хөлөг хөөргөхөөр төлөвлөсөн байна. 2021 онд тойрог замд технологиудыг турших бол 2022 онд угсралтын ажлыг гүйцэтгэнэ.
"Шэньжоу-12" нь эхний үе шатны дөрөв дэх хөөргөлт бөгөөд үүний дараа ойрын зургаан сард ачааны нэг, жолоодлогот нэг хөлгийг дэлхийн орчмын тойрог замд илгээх аж. Хятадын сансрын нисэгчид сансарт гурван сарыг өнгөрүүлэхдээ хүрээлэн буй орчны параметрүүдийг хянаж, тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг шалгах юм байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг