sonin.mn
ЮНЕСКО-д бүртгэлтэй, дэлхийд чансаа өндөр “World Ballet Grand Prix” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртэж байсан балетчин бол М.ТЭЛМЭН юм. Хоёр жилийн өмнө тэрбээр Монголын балетын урлагт шинэ амжилт тогтоосон бөгөөд өдгөө хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр эрх чөлөөний оронд ажиллаж, амьдарч байна. Саяхан түүний харьяалагдаж буй балетын компани “Хунт нуур” бүжгэн жүжгийг үзэгчдэд толилуулахад М.Тэлмэн Шут-ын дүрд амжилттай гоцлон тоглосон. Дэлхийн балетын од У.Бат-Эрдэнийн шавь тэрбээр хэдэн сарын өмнө “Ajkun Ballet Thea­tre” –т ажиллахаар гэрээ байгуулжээ. Ингээд түүнтэй онлайнаар ярилцсанаа сийрүүлэн хүргэж байна.
 
-АНУ-д цар тахал дэгдсэнээс хойших анхны бүжгэн жүжгийг “Ajkun Ballet Theatre” тавилаа. Та “Хунт нуур” бүжгэн жүжигт ямар дүрийг бүтээсэн бэ?
 
-Дэлхийн улс орнуудад цар тахал гарснаас хойш бүхий л салбар амаргүй нөхцөл байдалтай тулгарлаа. Бизнес, урлагийн байгууллагуудын хувьд ч их хүнд цаг хугацааг үдэж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан урлагийн байгууллагууд тоглолт хийхгүй болсноор балетын жүжигчдийн хувьд формоо хадгалахад амаргүй байсан. Харин сүүлийн хэдэн сар Америкт коронавируст халдвар намжиж, зарим мужийн балетын компаниуд цөөн тооны үзэгчтэйгээр тоглолтоо хийж эхэлсэн. Мөн зарим компани онлайн хэлбэрээр үзэгчдэдээ тоглолтоо хүргэж эхлээд байна. Үүний нэгэн адил миний харьяалагддаг “Ajkun Ballet The­atre” цар тахлын дараах анхны “Хунт нуур” бүжгэн жүжгийг үзэгчдэдээ хүргээд удаагүй байна. Миний хувьд “Хунт нуур” бүжгэн жүжгийн Шут-ын дүрд амжилттай тоглолоо.
 
-Та “Ajkun Ballet Theatre” –т харьяалагдаад хэдий хугацаа өнгөрч байна вэ?
 
-Нэг их удаагүй. Би “Ajkun Ballet Theatre”-тай өнгөрсөн арванхоёрдугаар сард гэрээ хийсэн. Энэ хэдэн сарын хугацаанд “Хунт нуур”-аас гадна “Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглоод байна. Тун удахгүй Америкийн өөр муж руу гала тоглолтод оролцохоор явах гэж байгаа.
 
-Таны ажил, амьдралын гараа “Kirov Academy of Ballet”-ын сургуульд тэтгэлгээр суралцсантай салшгүй холбоотой байх?
 
-Би Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежийг 2017 төгсөж “Kirov Academy of Ballet”-ын сургуульд суралцахаар ирсэн. Шинэ орчинд дасан зохицоход надад хүндрэлтэй зүйл байгаагүй. Сургуульдаа орж бэлтгэл сургуулилалтаа хийгээд найзуудтай болсон учраас хүндрэлтэй асуудал тулгараагүй гэж боддог.
 
-Тэр үеэс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Ямар зорилго тавьж байгаа тухайгаа уншигчдад маань сонирхуулж болох уу?
 
-Америкт ирснээс хойш бараг дөрвөн жил өнгөрчихжээ. Хийхээр зорьж байгаа зүйл надад олон бий. Эхнээс ч зорилгоо биелүүлээд явж байна. Одоо бол аль болох олон бүжгэн жүжигт тоглож, уран бүтээлүүд дээр ажиллахыг хүсэж байна. Тодруулж хэлбэл, уран бүтээлчийнхээ хувьд илүү өсөж хөгжмөөр байна.
 
-Таны багш бол дэлхийн балетын од У.Бат-Эрдэнэ. Энэ эрхэмтэй хэрхэн танилцаж байсан талаараа сонирхуулна уу?
 
-Би багштайгаа анх Монголд байхдаа уулзаж байлаа. Багш маань Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежид ирж Бүжгийн тэнхимийн оюутнуудтай уулзаж, ярилцаж байсан юм. Тухайн үед би асуулт асууж байснаа одоо ч гэсэн санаж байна. Өмнө нь you­tube –ээс бичлэгийг нь л үздэг байсан хүнтэй уулзаад маш их баярласан. Учир нь, тухайн үед “Энэ хүнтэй уулзаж үзэхсэн” гэж боддог байсан юм. Харин одоо хүндэлж, бахархдаг тэр хүнийхээ шавь нь болсондоо өөрийгөө их азтайд тооцдог. Ийм мундаг хүнээр удирдуулан багшлуулах нь хүн болгонд олдох аз завшаан биш юм.
 
 
-Багшаасаа ямар эрдмийг нь өвлөн авахыг хүсдэг вэ?
 
-Багш маань 1987 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн хүн шүү дээ. Надад өөрийнхөө сурч мэдсэн болгоноо заадаг. Хөлийн байрлалаас авахуулаад гарын хуруу хүртэлх бүх барил ямар байх ёстойг нэгбүрчлэн хэлж сургадаг. Мөн толгойны байрлал, хөгжмөө сонсох, амьсгаагаа хуваарилах гээд бүхий л зүйлийг маань хэсэгчлэн заадаг хүн дээ. Багшийн зан чанар нь гэвэл, аливаад тууштай, хэр баргийн зүйлд бууж өгөх дургүй. Багшид маань хийж чаддаггүй үсрэлт, техник, эргэлт гэж байдаггүй тийм л ховорхон авьяастай хүн. Тийм ч болохоор өөрийн мэдсэн сурснаа надад харамгүй зааж байгаа гэж боддог.
 
-Мэргэжлээрээ олон жил сурлаа. Танд уран бүтээлчийн хувьд дэлхийн томоохон уралдаан тэмцээнд оролцох бодол бий юү?
 
-Мэдээж байлгүй яах вэ. Одоохондоо цар тахлаас шалтгаалан тэмцээнүүд хараахан эхлээгүй байна. Ер нь надад оролцохоор төлөвлөж байгаа хэд хэдэн тэмцээн бий.
 
-Чөлөө завгүй бэлтгэл сургуулилалтын хажуугаар зав гарвал хаана очихыг хүсдэг вэ?
 
-Таны хэлсэнчлэн одоогоор маш завгүй байна. Гэхдээ зав гарвал далайн эрэг дээр очиж амрах дуртай болоод байгаа. Их амар тайван, сайхан шүү.
 
-Тэгвэл дэлхийн балетын шилдгүүдээс хэнээс нь үлгэр дуурайл авч, бүтээсэн дүрийг нь шимтэн үздэг бол?
 
-Би энэ цаг үед оршин буй бүжигчдийн бүжиглэхийг үзэж сонирхохгүй байгаа. Харин аль болох өөрт хэрэгтэй гэж бодсон хүмүүсийн тоглолтыг үзэж үлгэр дуурайл авдаг болсон. Тухайлбал, би Владимир Васильев, Юрий Владимиров нарын тоглолтыг үздэг.
 
-Та“World Ballet Grand Prix” уралдаанаас алтан медаль хүртсэн. Тиймээс тань шиг энэхүү уралдаанд оролцохыг хүсдэг залууст зөвлөгөө өгөөч?
 
-“World Ballet Grand Prix” уралдаанд маш сайн бэлтгэж байгаад оролцох хэрэгтэй. Тиймээс бэлтгэлээ сайн хийгээрэй гэж хэлье.
 
-Таны хамгийн их хайрлаж бахархдаг зүйл юу бол?
 
-Мэдээж гэр бүл минь. Мөн өөрийгөө хайрлах ёстой гэж боддог. Яагаад гэвэл, би өөрийгөө хайрлаж байж эрүүл энх байна. Эрүүл энх байвал хайртай хүмүүстээ он удаан жил анхаарал халамж тавьж чадна гэж боддог юм.
 
-Төгсгөлд нь, таны гэр бүлийн талаар асууя. Тэд таныг хэр их дэмждэг вэ?
 
-Аав, ээж маань намайг юу ч хийсэн дэмждэг болохоор энэ нь маш их түлхэц болж өгдөг. Бас дүү нар маань намайг харж байгаа учраас би илүү их хичээх ёстой гэдгээ өдөр бүр мэдэрдэг. Тэднийхээ ирээдүйд бага ч гэсэн хувь нэмэр болохыг хүсдэг юм.
 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин