sonin.mn

 

"Ачит ээж таныгаа санаж зүүдэлж явна даа
Алс холын нутгаас очиж амжихгүй л байна даа
Санаснаар биш дээ хорвоо болохгүй л юм ээж ээ
Сайн явна гэдэгт минь эргэлзэлгүй итгээрэй... ” хэмээх сайхан үгтэй дуугаар түмэндээ танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Одмааг ярилцлагынхаа зочноор урилаа. Цэргийн чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүний эмчилгээний зардалд зориулж байгууллагынх нь нөхөд хандивын тоглолт хийжээ. Монголын урлаг соёлын байгууллагад 30 гаруй жил зүтгэсэн тэрбээр залуу уран бүтээлчдийг дадлагажуулах үйлсэд хувь нэмрээ оруулсан гавьяатай нэгэн юм.
 
 
-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Танд зориулж өнгөрсөн долоо хоногт тоглолт хийжээ. Тоглолтын сурталчилгаа тааруу болчихсон уу, хүмүүс тэр болгон мэдээгүй юм билээ?
 
-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид надад зориулж “Захгүй хөх тэнгэрийн дор” нэртэй тоглолт зохион байгууллаа. Миний эмчилгээний зардалд зориулж нөхөд маань ийм сайхан зүйлийг санаачлан хийсэн. Тоглолтод чуулгын үе үеийн уран бүтээлчид оролцсон. Олон ч байгууллага, албан газраас сэтгэлийн өглөг өгсөн.
 
 
Энэ удаагийн тоглолтыг далимдуулан хүсч явсан зүйлээ биелүүлсэн. Би гавьяат жүжигчин Д.Тунгалагийн “Захгүй хөх тэнгэрийн дор” дууг дуулъя гэж боддог байсан юм. Тэгээд л бодон бодон энэ дуугаар нь тоглолтоо нэрлэж дууллаа. “Захгүй хөх тэнгэрийн дор дээр үеийн дуу шүү дээ. Тиймээс энэ дууг дүрсжүүлээд олон түмэнд дахин хүргэе гэсэн бодол ч байна.
 
 
-Уучлаарай. Та гадаад уруу явж эмчилгээ хийлгэх гэж байгаа юм уу?
 
-Монголдоо эмчлүүлнэ. Миний хөл өвдөөд гурван жил болж байна. Эндээ эмчлүүлбэл хүүхдүүдээрээ ч сахиулчихна шүү дээ. Надад сэтгэлийн дэм хайрласан найз нөхөд, үр хүүхэд байгаа юм чинь удахгүй эдгэнэ гэдэгт найдаж байна. Би сайхан хүмүүсийн дунд ажиллаж, амьдардаг азтай хүн. Тоглолтын үеэр тэднийгээ хараад өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж, хамрын самсаа шархирч байлаа. Энэ хүмүүсээр түшүүлсэндээ баярлаж, бахархаж байна.
 
 
-Хэдийнээс Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаар овоглох болов?
 
-Би Булган аймгийн уугуул. Ээж, аав хоёр маань Булганы Сайхан сумынх. Бага насаа Булганы төвд өнгөрөөсөн. Найман настайдаа Улаанбаатар хотод сурахаар ирэхдээ л дуучин болохыг мөрөөддөг хүүхэд байжээ. Орныхоо урд талын хөшгийг татчихаад эгч, дүү хоёртойгоо тоглолтод оролцож байна гэж дүрсгүйтдэг байсан. Би оёдолчны мэргэжил эзэмшсэн ч мөрөөдөлдөө хөтлөгдөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад шалгуулаад тэнцсэн. 1975 онд Цэргийн чуулгад дагалдан дуучнаар орж, түүнээс хойш урлагтай 30 гаруй жил амьдралаа холбожээ. Гурван жилийн өмнө гавьяаныхаа амралтыг авсан ч одоо хүртэл дуулж л явна.
 
 
-Таныг “Түмэн-Эх” чуулгын анхны дуучдын нэг гэдэг?
 
-Тэгэлгүй яахав. Миний амьдралын нэг үе “Түмэн-Эх” чуулгатай холбоотой. Гэхдээ 1990 оны эхээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгадаа буцаад орсон. Ийм шийдвэр гаргахад Ардын жүжигчин Д.Мияасүрэн, Соёлын тэргүүний ажилтан Н.Батбаяр хоёр нөлөөлсөн. Би дуучныхаа гарааг ардын дуугаар эхэлсэн. Харин зохиолын дууг 1990-ээд оны эхээр “Санаж явах ижий” нэртэй дууг дуулснаар танигдсан.
 
 
Надад “Дайны жилийн сувилагч бүсгүй”, “Би цэргийн хүн”, “Яаж даана даа ачийг тань”, “Ээж Тандаа очно доо”, “Цамбагарав уул” зэрэг зохиолын дуу бий. Гэхдээ эдгээрээс “Санаж явах ижий” дууг л хүмүүс их дуулуулж, дахиулдаг юм. Энэ дуу бараг миний нэрийн хуудас ч гэж болно. Албан байгууллага, хүмүүс урихдаа энэ дууг л хамгийн түрүүнд дуулуулахыг хүсдэг.
 
 
-Хүмүүс Таныг ээжийн тухай сайхан дуугаар чинь андахгүй. Харин ардын дуунуудаас ямар уран бүтээл дуулдаг байе?
 
-Тийм шүү. Миний уран бүтээлд ээжийн тухай сайхан дуунууд бий. Харин зохиолын дуу дуулахаас өмнө “Сандуйтай мод”, “Хандармаа” гээд ардын дуугаар хүмүүс намайг мэддэг байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, С.Цоодол багш маань намайг ардын дууны амтанд оруулсан юм. Ардын дууг яаж дуулах, ямар байдгийг С.Цоодол багш маань заасан.
 
Энэ хоёр буурлаасаа их зүйл сурсан даа. Дуучин болоход Ардын жүжигчин Д.Мияасүрэн, эстрадын ахмад дуучин С.Баянмөнх, мөн урлагийн тайзан дээр биеэ хэрхэн авч явах ёстойг хуучнаар Ардын армийн дуу бүжгийн чуулгын алдарт “Жаран хар”-ын уран бүтээлчид маань зааж сургасан шүү.
 
 
-Та дуулаачийн мэргэжил эзэмшсэн үү?
 
-1975 онд дуулаачийн мэргэжил эзэмшүүлдэг газар ховор, Багшийн сургуульд л багшийн анги гэж байлаа. 1980-аад оны эхээр дуулаачийн анги нээгдсэн ч би гэрийн эзэгтэй болж сурч амжаагүй юм. Гэхдээ Ардын жүжигчин Н.Норовбанзадын дуулаачийн дамжааг дүүргэсэн. Ер нь сургуульд сураагүй мөртлөө сайн дуулдаг сайн дурын уран сайханч, сонирхогчид байдаг.
 
 
Дуучин болох хувь тавилан, зурсан зураг нь бүрдээгүйгээс тэд танигддаггүй. Харин надад бурхан багш эцэг, эхээс заяасан багахан авьяасаа хөгжүүлж, хоолоо олж идэх боломж хайрласан гэж боддог юм. Тиймээс дуучин хүнд мэргэжил эзэмшихээс илүү авьяас байх ёстой гэж боддог. Авьяастай байж л мэргэжлийг нь эзэмшинэ биз дээ. Сүүлийн үед хүүхэд, залуусын авьяасыг хөгжүүлэх зорилгоор олон сайхан дууны шоу нэвтрүүлгийг зохион байгуулдаг болжээ. Үүнийг би зөв гэж дэмждэг юм. Нэвтрүүлгийг нь хааяа үзэхэд зарим дуучнаас илүү дуулах авьяастай хүүхэд ч харагдаж л байдаг.
 
 
-Залуу дуучид ардын дууг орчин үеийн хэлбэрт оруулж дуулдаг болжээ. Үүнийг Та хэрхэн дүгнэдэг вэ?
 
-Би үгүйсгэхгүй. Залуучууд орчин үеийн хэлбэрт оруулаад дуулах нь болж байна. Гэхдээ дуугаа бодож, утга учрыг нь гаргаж дуулах хэрэгтэй. Хүмүүс “хө, хө, хө” гээд дуулахаар ардын дуу болно гэж боддог. Энэ буруу. Ардын дууг сэтгэлээсээ дуулах ёстой. Төв халх, баруун, зүүн, үзэмчний ардын дуу бүр өөр өөрийн онцлогтой. Ая, айзам, эгшиг, үгийн өргөлтийг судлахгүйгээр дуулах нь дууны утгыг алдагдуулдаг. Ер нь ардын дууны үг нь зэмлэж, ая нь аргаддаг шүү дээ. Хүмүүс “Ум зандан ширээ”-г хоёрхон бадаг дуулаад байдаг. Энэ дуу чинь 30 бадагтай юм шүү дээ. Нэг бадгийг нь л хэлье.
 
“...Булганхан хүрмээ зүүж гэнэ ээ хө
Бурхныхаа зүмцийг эрдэнээр хийнэ ээ хө
Буруу зөвийг найрлан ажнаа хө 
Будант хорвоод ухаарч сууна аа хө...” гэсэн сайхан бадаг бий.
 
 
-Сүүлийн үеийн дуучид ардын дууг хамаагүй дуулаад байх шиг. Ер нь дуулах цээртэй дуу гэж байдаг уу?
 
-Ажиглаад байхад хүмүүс баяр ёслолоор хагацал, гунигийн дуу дуулж харагддаг. Ийм дуунд “Гоолингоо” багтана. М.Ядамсүрэн гуайг хорьсон үед Ичинхорлоо гуай ханьдаа зориулсан дуу юм гэнэ лээ. Мөн “Гарын арван хуруу”, “Хулсан ташуур” гээд гуниг гансралын дуу бий. Дууны бэлгэдлийг дуучид сайн ойлгох хэрэгтэй. Дуу бүр урлагийн бүтээл юм чинь дуулж бололгүй л яахав. Хамгийн гол нь хаана ямар дуу дуулахаа бодох нь чухал.
 
 
-Удахгүй сар шинийн баяр болно. Ардын дуу сонсох гээд хүмүүс Тань уруу их залгана биз? 
 
-Өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлээд дууны захиалга ирж байна. Ирэх сарын 1-нд зэвсэгт хүчний анги нэгтгэлийн дунд уралдаан зохион байгуулна гэсэн. Тэр үеэр дуулна. Ер нь цагаан сар, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр их захиалгатай байдаг юм.
 
 
-Та 108 ардын дуутай ном брпээсэн. Энэ тухайгаа сонирхуулаач ?
 
-Өөрийнхөө намтар, дуунуудыг багтаасан 108 дуутай ном хэвлүүлсэн. Мөн С.Цоодол багшийн минь заасан дуунууд номд багтсан. “Сүнжидмаа”, “Хандармаа", "Янтайхан Гөөгөө” гээд хүмүүсийн дуулдаг дууг ч номдоо оруулсан. Би нэг зүйлийг хэлэлгүй өнгөрч болохгүй. СУИС-д Ардын богино дууны анги нээгдсэн. Үүнд би их баярлаж байгаа. Дээрээс нь гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Чулуунцэцэг нарыг багшилж байгаад их талархсан. Ийм л хүмүүс ардын дууг хөгжүүлж, ирээдүй хойчийг бэлтгэж чадна. Болдог бол ардын богино дууны уралдаан их зохиогоосой гэж хүсдэг юм. Тэгвэл энэ урлаг маань хөгжинө дөө.
 
 
-Одоо хийхээр зэхсэн ажил бий юу?
 
-Манай Булганы Сайхан сум дуу хуур нь тэгширсэн, адуу мал нь хурдтай, айраг цагаа нь сэнгэнээд сайхан шүү дээ. Тиймээс нутагтаа төв халхын ардын дууны найр хийе гэж бодож байгаа. Мөн баримтат кино хийлгэе гэж төлөвлөсөн. Энэ ажлаа ойрын хоёр жилдээ багтаан хийнэ.
 
 
-Ардын дуугаа өвлүүлэн бэлтгэж буй дотны шавь нар байгаа биз?
 
-Хамгийн отгон шавь маань 12 настай. Тоглолтод минь оролцож уран бүтээлээ хүргэсэн. Өвөр Монголд уран бүтээлээ хийгээд явж байгаа шавь нар ч бий. Миний шавь уртын дуучин Бэрцэцэг Өвөр Монголд багшилж  байгаа. Ардын дууны цомгууд маань урд байдаг болохоор Өвөр Монголд олон сонсогчтой болсон хүн дээ, би. Олон ч удаа тоглолт хийж байлаа.
 
 
Ер нь манай зүүн зүгийн ардын дуунууд Өвөр Монголынхтой  ойролцоо байдаг. Тэд “Сүнжидмаа”-г “Санжидмаа” болгоод дуулж байна шүү дээ. Нэр нь өөр хэдий ч дууны утга санаа нь адилхан. Сүхбаатарын дуунуудыг Шилийн гол аймгийнхан сайн дуулдаг. Өвөр Монголоос багшлаач гэсэн санал надад олон ирсэн. Тиймээс биеэ эмчлүүлснийхээ дараа хэдэн цагийн хичээл заая гэж бодож байгаа.
 
 
-Зохиолын дуу дуулахаар ардын дууны дэг алдагддаг гэдэг юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Ардын дуучин зохиолын дуу дуулахаар дэг алдагдах гээд байдаг. Уртын дуучин зохиолын дуу дуулахаар дэндүү уянгалах гээд байдаг юм. Сүүлийн үеийн дуучид зохиолын, ардын гэлтгүй дуулдаг болжээ. Анх ардын дуу дуулахад С.Цоодол багш “Ардын дуучин ардын дуугаа дуулаад л явах ёстой. Өөр дуу дуулахаар дэг алдагдана” гэж захидаг байсан. Тэр ч үнэн шүү.
 
 
-Гэр бүлийнхнээс тань Таны мэргэжлийг өвлөх хүн бий юу?
 
-Би хоёр хүүхэдтэй. Охин маань цэргийн хүн. Харин хүү маань урлагийн сургууль төгссөн ч хувиараа бизнес хийж байгаа. Би хүүгээ урлагийн хүн болгоно гээд Б.Мөнхдорж багшийн шавь болгосон юм. Харин одоо зээ охиноо урлагийн хүн болгох зорилготой. Гал цогтой, урлагийн хүний шинж харагдаад байгаа юм.
 
 
-Таныг байгууллагаас тань хэд хэдэн удаа гавьяатад тодорхойлоод бололгүй сүүлд өгсөн гэдэг. Энэ нь Таны үндэс угсаатай холбоотой болов уу?
 
-Тийм ч зүйл байсан байх. Одоо чөлөөтэй болжээ. Гавьяатыг зургаан удаа тодорхойлуулж байж авсан. Өмнө нь дандаа буцаагдчихдаг байсан гэсэн. Тэр тухай надад байгууллагаас ямар хэлэх биш. Тэглээ гээд сэтгэлээр унаагүй хийсэн зүйл минь болоогүй юм байлгүй гээд л уран бүтээлээ хийгээд явдаг байсан. 31 жил дуулж гавьяатын тэмдэг зүүсэн. Ард түмэн үнэлсэн л бол өгдөг юм байна лээ дээ.
 
 
Б.Сэлэнгэ
 
Эх сурвалж: