сонин mn
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Матрицын рибонуклеины хүчлийн (mRNA) технологид суурилсан Хятадын анхны коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шат тавдугаар сарын сүүлчээр Мексикт эхэлнэ гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ.
Туршилтад 6 мянган сайн дурынхан оролцоно. Вакцин боловсруулагчид гурав дахь үе шатны туршилтдаа дэлхий даяар нийтдээ 28 мянган хүнийг оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тэдний дөрөвний нэг нь 60-аас дээш насныхан байх аж.
“ARCoV” хэмээн нэрлэсэн уг вакциныг “Abogen Biosciences” болон "Walvax Biotechnology" компани Хятадын Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академитай хамтран бүтээсэн байна.
Шинэ вакциныг гуравдугаар улиралд их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжид жилд 120 сая тун үйлдвэрлэнэ. Энэхүү вакциныг үйлдвэрлэх үйлдвэрийг “Walvax Biotechnology” компани баруун өмнөд Юньнань мужид байгуулж байгаа аж.  
“ARCoV”-ийг гарган авагчдын ярьж буйгаар, хөлдөөж хадгалах ёстой “Pfizer-BioNTech”, “Moderna” компаниудын вакцинуудаас ялгаатай нь уг вакцин 2-8 хэмийн температурт зургаан сар хүртэл хадгалахад чанараа алдахгүй байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг