сонин mn
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эх орны дайны ахмад дайчдад ялалтын баярын мэнд хүргэж, тавдугаар сарын 9-нийг Оросын ард түмний ариун өдөр болохыг онцлон тэмдэглэлээ. Ил захидлыг Кремлийн вэб сайтад нийтэлжээ. ОХУ-ын төрийн тэргүүн захидалдаа “Ахмад дайчиддаа удахгүй болох ялалтын баярын мэнд хүргэе. Олон зуун улиран одсон ч энэ өдөр орос хүн бүр чин сэтгэлээсээ бахархах болно. Дэлхийг нацизмаас аварсан аугаа их эх орны дайны баатрууд хойч үедээ амьдрал бэлэглэсэн. Түүх үнэн байх ёстой. Архивт буй ахмад дайчдын дурсамж, дайны үеийн онцлох үйл явдлуудын тухай ховор гэрэл зураг, баримт бичиг хэзээд үнэ цэнтэй. Мөн эх оронч үзэл, улсынхаа төлөөх хувь хүний үүрэг хариуцлага, залуучуудын боловсролыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй баримт. Энэ бол Улаан армийн дайчдын хосгүй эр зоригийн нотолгоо юм. Тэдний эх орноо гэсэн харамгүй хайр агуу хүчтэй байжээ. Москвагийн төлөөх тулалдааны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Нийслэл хотоо хамгаалж, бүслэлтийг давсан москвачууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье” гэжээ.
 
Ялалтын баяр өнөөгийн оросуудын хувьд хэчнээн чухал болохыг “Риа Новости” агентлагийн судалгаанд дурджээ. Судалгаанд 18-аас дээш насны 981 хүн хамрагдсанаас 54 хувь найз нөхөд, гэр бүлийнхэндээ ялалтын баярын мэндчилгээ дэвшүүлдэг аж. Харин 23 хувь нь ил захидал бичиж илгээдэг байна. Судалгаанд оролцогчдын 37 хувь нь ахмад дайчин өвөө, эмээгээ баярлуулж, дурсаж, гэр бүлээрээ тогтмол тэмдэглэдэг уламжлалтай гэнэ. Аугаа их эх орны дайны 76 жилийн ойд зориулж уламжлалт үйл ажиллагаанаас гадна шинэ арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Үүний нэг нь RT сувгийн санаачилсан “Фронтын захидал” төсөл. Зөвлөлтийн цэргүүдийн захидлуудаас сэдэвчилсэн хөрөг нэвтрүүлгийг нэрт сэтгүүлч, зохиолч Максим Макаричев хөтлөх юм. Төслийг санаачлагч “Книга” хэвлэлийн газрын ерөнхий эрхлэгч Татьяна Василевская “Захидал бол эх орны дайны өвөрмөц баримт бичиг. Эзэндээ хүрээгүй фронтын захидлууд Төв шуудангийн архивт олон бий. Галын шугаманд дугтуй, цаас хомс. Цэргүүд гурвалжин цаасны нүүрэн талд хэлэх үгээ ард нь хүрэх хаягийг бичдэг байв. Захианы үг бүр утга учиртай. Дайн ямар аймшигтай, эмгэнэлтэй болохыг тэдгээр захидал гэрчилнэ. Дайны үеэр шууданчид цэргүүдээс дутахгүй чухал үүрэг гүйцэтгэсэн. Фронтоос захиа зөөдөг олон шууданч амь эрсэдсэн байдаг” гэжээ. Түүнчлэн ОХУ-ын хөлбөмбөгийн Премьер лигийн 29 дэх удаагийн тойргийн бүх тоглолтууд энэ өдрүүдэд болно. Аугаа их эх орны дайны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугаа хураасны дараа тэмцээн эхлэх юм.
 
УЛААН ТАЛБАЙ ЖАГСААЛД БЭЛЭН
 
ОХУ-ын 377 хотод аугаа эх орны дайны ялалтын 76 жилийн ойн арга хэмжээ болно. Үүнээс 28 хотод цэргийн жагсаал зохион байгуулах тухай Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн. Орон даяар болох арга хэмжээнд 47 мянган алба хаагч, 1.6 мянган цэргийн техник хэрэгсэл, 200 гаруй нисэх онгоц оролцоно. Улаан талбайн цэргийн сүрт жагсаалын ерөнхий бэлтгэл өнөөдөр болно. Нийслэлийн төв замын хөдөлгөөнийг хааж, 190 гаруй цэргийн тоног төхөөрөмжийг байршуулжээ. Москва хотноо гол үйл явдалд 12 мянга гаруй алба хаагч оролцоно. Түүхэн “Т-34” танкгүйгээр сүрт жагсаал болдоггүй. Дайны ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн домогт танкаар сүрт жагсаалын техникийн цуваа эхэлдэг уламжлалтай.
 
Энэ жил орчин үеийн танкуудаас “T-72B3M”, “T-80 BVM”, “T-90M”, “T-14” буюу “Арамата”-г харж болно. Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийг “Бук-М3”, “Тор-М2”, “Панцирь-C”, “С-400” цогцолборууд төлөөлнө. Мөн “Ярс” стратегийн пуужингийн системийг “Искандер-М” пуужингийн цогцолбор, “Коалиция-СВ” их бууны систем, “Торнадо-С” олон удаа хөөргөх пуужингийн систем, “Мста-С” өөрөө явагч гаубицууд төлөөлнө. Ёслолын чухал хэсэг болох агаарын үзүүлбэрт 76 онгоц оролцох аж. Агаарын үзүүлбэр ёсоор “Ми-26” нисдэг тэргээр эхэлж “Ми-8”, “Ми-24”, “Ми-35”, “Ка-52”, “Ми-28Н” нисдэг тэргийн цуваа үргэлжилнэ. Дараа нь “Ил-76” тээвэрлэгч, агаараас цэнэглэх “Ил-78”, “Ту-95МС” танкер , стратегийн пуужин тээвэрлэгч “Ту-160”, “МиГ-31К” ачааны онгоц, стратеги ангиллын “Су-35S”, “Су-24”сөнөөгч онгоцнуудыг танилцуулна. Мөн хэт авианы пуужин тээвэрлэгч “Су-57”, бөмбөгдөгч “Су-34”, аэробатик ангиллын “Су-30СМ” онгоцууд ур чадварын нислэг үзүүлнэ. Уламжлал ёсоор “Су-25” довтолгооны зургаан онгоц ОХУ-ын төрийн далбааны өнгөт утаа гарган ниссэнээр агаарын үзүүлбэр өндөрлөнө. Москвагийн дээгүүр нисэх онгоц, нисдэг тэрэгнүүд 180-550 метр өндөрт, цагт 200-550 километрийн хурдтайгаар үүрэг гүйцэтгэдэг аж. Улаан талбайд болох ёслолыг 1396 сэтгүүлч сурвалжилна. Сэтгүүлчид коронавирусийн шинжилгээнд гурван удаа хамрагджээ.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин