сонин mn
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг технологиор шийддэг салбарыг дэлхийд фемтек хэмээн нэрлэдэг. Монголд анхны фемтек компанийн суурийг тавьсан “Фемтек Солюшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Манд, Б.Ариунсанаа нартай ярилцлаа.
 
-Фемтек гэсэн салбар дэлхийд анх хэзээнээс үүссэн, ямар онцлогтой салбар вэ?
 
-Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд тэр дундаа нөхөн үржихүйн өвөрмөц хэрэгцээг технологиор дамжуулан шийдсэн салбарыг фемтек гэж  нэрлэдэг. Тодруулбал, сарын тэмдгийн мөчлөгийг хянадаг болон жирэмслэлтийн үеийн гар утасны аппликейшн, өндгөн эс ялгарч байгааг мэддэг бугуйвч, цэвэршилтийн зовиурыг технологиор дамжуулан шийдвэрлэхийг фемтек гээд байгаа юм. “Clue” аппликейшнийг 2016 онд үүсгэн байгуулсан Ида Тин гэдэг хүн анх энэ салбарт фемтек хэмээх нэршлийг өгснөөр дэлхий нийтийн анхааралд өртсөн юм. Энэ зах зээл одоогийн байдлаар хамгийн өсөлттэй салбарын нэгт орж, 2030 он гэхэд  гурван тэрбум ам.долларын үнэлгээнд хүрнэ гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байгаа.
 
-Фемтекийг сайн хөгжүүлж, үр ашгийг нь хүртэж байгаа онцлох улс юу вэ?
 
-Фемтекийн компаниуд АНУ, Скандинавын орнууд, Азиас Хятад, Япон, Солонгост хамгийн сайн хөгжиж байна. Хөгжингүй оронд жирэмслэхээр төлөвлөж байгаа, эсвэл жирэмслэлтээс сэргийлэхийг хүсч байгаа, эрүүл мэндийн асуудлаа гартаа авахыг хүсч буй эмэгтэй бүр ямар нэг фемтек бүтээгдэхүүнийг гар утсандаа болон өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг. Тиймээс нийт фемтек компаниуд өнөөдрийг хүртэл 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчдаас татаад байна. Хэдийгээр энэ бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага их байгаа боловч нөгөө талаар хөрөнгө оруулагчид энэ салбарын ач холбогдлыг ойлгох, эмэгтэй хөрөнгө оруулагчдын төлөөлөл бага байдгаас болоод хангалттай хэмжээнд хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байна гэж үзэж байгаа. Харин  зарим оронд хэлний бэрхшээлээс болоод ийм аппликейшнийг эмэгтэйчүүд  өргөн хэрэглэж чадахгүй байна.
 
-Манай улсын хувьд иргэдийн эрүүл мэндийн боловсрол тийм ч сайнгүй. Тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд баталгаатай мэдээллийг авах боломж дутмаг санагддаг. Танай компанийн зорилго нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслах  гэж ойлголоо?
 
-Б.Манд: Өөрөө жирэмсэн болсны дараагаар надтай ижил мянга мянган ээж хүүхдээ эрүүл саруул төрүүлэхэд санаа зовж, үнэн зөв, цэгцтэй, баталгаат мэдээллийг уйгагүй хайж, бие биеэсээ асууж зөвлөж байгааг харсан. Мөн  энэ чиглэлийн гадаадын олон гоё аппликейшнд атаархаж, "шарандаа" Монголдоо ийм  аппликэйшн хийе гээд зүтгэсэн. Өөрөө код бичиж чадахгүй, эмч биш ч гэсэн хийе гэсэн хүсэл байхад юуг ч чадах юм байна гэдгийг ойлгож авсан. Эмч нар болон технологийн салбарын мэргэжилтнүүдийн багтай хамтарч ажиллаад өнгөрсөн жилийн  тавдугаар сард гаргасан аппликейшн маань жилийн дотор 61 мянган хэрэглэгчтэй болсон нь Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээ ямар их байсны илрэл гэж бодож байна.
 
-Б.Ариунсанаа: Би гурван хүүхдээ Монгол, Бельги, Англи гэсэн гурван өөр оронд төрүүлсэн. Жирэмсэн болон төрөх үед, төрсний дараа дээрх орны эмэгтэйчүүдийн авдаг мэдээлэл, үйлчилгээнүүд ямар хүртээмжтэй, чанартай байгааг хараад Монголд ч гэсэн ийм цогц мэдээлэлтэй, халааснаасаа гаргаж ирээд л хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөгөө авчихдаг шийдэл байдаг ч болоосой гэж бодож байлаа. Тухайн эмэгтэйн нас, бие физиологиос шалтгаалаад төрөлт бүр өөр учраас эмэгтэйчүүдийн нэг  нэгэндээ өгдөг зөвлөгөө хоцрогдсон, үндэслэлгүй байх магадлалтай. Мөн шинэ аав ээжүүдэд зөв, цэгцтэй мэдээллийн эх сурвалж болох бүтээгдэхүүн байхгүй. Тэр тусмаа хүүхдийн бие хүнд өвдөхөд мэдээлэл, зөвлөгөө авах газар Монголд маш цөөн байгааг өөрийн биеэр ойлгосон. Иймээс хэлний бэрхшээлээс хамаарахгүйгээр, баталгаатай эх сурвалжаас хүссэн үедээ хэрэгцээт бүх мэдээллээ авдаг байгаасай гэж хүсэж, аав ээжүүдэд зориулсан мэдээллийн эх сурвалж болж чадах  аппликейшнээ Англи улсад хөгжлийн бодлогоор магистраа хамгаалж ирээд хийхээр сэтгэл шулуудсан.
 
-Аппликейшний хандалтаас харахад жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн том асуудал нь юу байна вэ?
 
-Олон асуудал бий. Нэгдүгээрт, эмч, эмнэлгийн ажилтны хүртээмж бага байдгаас нэг эмч жирэмсэн эмэгтэйтэй 15 минут уулзаж, зөвлөгөө өгдөг. Гэтэл Англи улсад эх барих эмч 45 минут уулзаж бүх зүйлийг маш сайн тайлбарлаж ойлгуулахаас гадна жирэмсэн үед  нь ганц бие махбодийг нь биш сэтгэл зүйн хямралыг нь  ч хэмжиж зөвлөгөө өгдөг. Хоёрдугаарт, жирэмсэн эмэгтэйчүүд найман удаа хяналтын үзлэгт орох ёстой ч энэ үзлэгт орохдоо юуг, яаж бэлдэхээ мэдэхгүйгээс хоцордог. Тиймээс  бид  ухаалаг үзлэг хяналтын хуанли хийж өгсөн нь ээжүүдэд маш их таалагдаж байгаа. Гуравдугаарт, баталгаагүй мэдээллийг нэг нэгнээсээ авдгаас болж өөрийгөө болон хүүхдээ эрсдэлд оруулдаг гэсэн олон том асуудал бий. Мэдээлэл маш их байдаг боловч системтэй, эх сурвалжтай, мэргэжилтнээр баталгаажсан нэг дороос авах боломжтой мэдээллийн эх сурвалж хараахан бий болоогүй байна. Монголын хүн ам зүйн хамгийн тулгамдаад байгаа асуудал нь ээж, аавуудад хүүхдээ өсгөхтэй холбоотой боловсрол олгох хөтөлбөр, мэдээллүүд нь хүрэх ёстой хүндээ хүрч чадахгүй байгаа нь юм. Энэ чиглэлээр олон төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага ажил хийдэг ч тухайн зорилтот бүлэгтээ хүрч ажиллах нь асуудал болдог. Харин хоёр сая ухаалаг утас хэрэглэдэг, гурван сая дата хэрэглэгчтэй Монгол Улсын хувьд дижитал дэд бүтцийг ашиглан тэр мэдээллийг аппликейшнээр дамжуулан хүргэх нь хамгийн оновчтой шийдэл гэж харж байна.
 
-Хөл хорионы үеэр эхийн эндэгдэл нэмэгдсэн гэж дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдээллийн хүртээмж бага байгаатай холбоотой болов уу?
 
-Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2018 онд гаргасан судалгаагаар нэг их эмчид ногдох хүний тоо  283, нэг сувилагчид ногдох хүний тоо 256 болсон байна. Цар тахлын үед энэ тоо нэмэгдсэнээс үүдэн эхийн эндэгдэл 28 хувиар  өссөн гэсэн тоо гарсан нь үнэхээр харамсалтай. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 70 хувь нь 0-28 хоногтой байхад тохиолддог гэхээр жирэмсэн үеийн ээжийн асаргаа, амьдралын хэв маягийн талаарх мэдээ мэдээлэл гэдэг амины үнэтэй байдаг. Гэтэл өмнө нь дурдсанчлан хяналтын эмч  нэг эмэгтэйтэй 15-хан минут уулзана гэдэг  нь маш бага.
Тухайлбал, хамгийн олон хүнтэй Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаа хүүхдийн эмч амралтын өдрөөр 24 цагт 400 хүүхэд үздэг.  Тиймээс эрүүл мэндийн сайдын тушаал дээр 15 минут үзэх ёстой гэж заасан ч тийм боломж байдаггүй тухай эмч нар ярьдаг. Асуугаагүй үлдсэн зүйлээ ээж аав нар цар тахлын үед хэнээс, хаанаас авах вэ гэдэг нь гол асуудал юм. Мөн манай улсаас өгдөг ягаан дэвтэрт олон мэдээлэл байдаг боловч тэр дэвтрийг ээжүүд гарын авлага гэж харахгүй бичиг баримт гэж хардаг. Энэ нь өрхийн эмч нар ч сайн хэлж зөвлөдөггүйтэй холбоотой. Гэтэл одоо ухаалаг утас барьж байгаа шинэ үеийн ээж нар ягаан дэвтэр хөтлөөд явахаас илүү гарын дор ухаалаг төхөөрөмжөөрөө өөрийгөө хянаад явахыг илүүд үзэх болсон байна.
 
 
 
Эрүүл  мэндийн технологи нь зан үйлийн технологи буюу өөрийгөө оношилдог эмчилдэг, зайнаас зөвлөгөө авдаг чиглэл рүүгээ хурдтай явж байгаа тул зөвлөгөө өгөх тогтолцоо аль болох цахимжвал хүртээмж нэмэгдэх боломжтой.
 
 
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан “Hello baby” аппликейшн 60 гаруй мянган хэрэглэгчтэй болсон юм байна.  Аппликейшинд багтсан мэдээллээ та бүхэн олон улсын эх сурвалжаас авдаг уу?
 
-Бид “Hello baby” аппликейшнд байрших зөвлөгөө нийтлэлийн чанарт онцгой ач холбогдол өгч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжуудаас контентоо бэлтгэсэн. Ингэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, журамтай нийцүүлэн, эх барих эмэгтэйчүүдийн эмч нараар хянуулж, эрүүл мэндийн сэтгүүлч, редакторуудтай хамтран бэлддэг. Тиймээс “Hello baby” аппликейшн нийслэл, орон нутаг төдийгүй гадаадад амьдарч байгаа олон монгол ээж нарын өдөр тутмын хэрэглээ болоод байна. Аппликейшнээс зөвхөн өөрийн жирэмсний явцтай уялдсан эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл, жирэмсэн ээжүүдэд түгээмэл илэрдэг шинж тэмдгүүд, хяналтын үзлэг шинжилгээний хуанли, үзлэгт орох алхмууд, хувийн ажлаа төлөвлөх талбар +тэмдэглэл, эмчдээ үзүүлэх хуваарь,  хийх ажлыг өөрт тань сануулах хэсэг, бүх үзлэг шинжилгээний тайлбарыг авах боломжтой. Аппликейшнээ бүтээхэд зургаан сарын хугацааг зарцуулсан.  Цогц мэдээллээ цуглуулах, аппликейшний дизайн, бүтцээ гаргахад  их цаг хугацаа орсон.
 
-Цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх вэ?. Эмэгтэйчүүдэд тулгарсан ямар асуудлыг шийдвэрлэхээр ажиллах вэ?
 
-Бид цаашид эмэгтэй хүний нөхөн үржихүйн бүх өвөрмөц хэрэгцээнд тохирсон, монгол хэл дээрх мэдээллийн цогц эх сурвалж болж ажиллах зорилт тавин ажиллаж байна. Цаашид аав ээж, гэр бүлд зориулсан вэб сайт, сарын тэмдгийн дижитал хуанли, төрсний дараах үеийг хамрах хиймэл оюун суурьтай технологийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин