sonin.mn
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талд үржүүлж буй тахийн сүргийн энэ оны ууган унага гарлаа. 
-“Хомын талын тахийн Yus азарганы сүрэгт Carmen гүү дөрөвдүгээр сарын 25-ны өдөр унагалсан байна. Carmen нь Францын Ле Виларе-аас Хомын тал руу хийсэн анхны тээвэрлэлтээр ирсэн гүү бол Yus азарга Хомын талд төрсөн гэж "Хомын талын тахь" ТББ-ын Олон нийттэй харилцах ажилтан Б.Анударь хэлэв.
 
 
Ташрамд “Тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд өсөн үржиж байгаа тахийн сүрэг эх нутагтаа хэдийнэ дасаж идээшжээ. Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд анх Франц улсаас 2004 онд 12, 2005 онд 10, Чех улсаас 2011 онд дөрвөн тахь тус тус тээвэрлэн авч ирж сэргээн нутагшуулсан нь амжилттай өсөж үржиж өдгөө 100 гаруй толгойд хүрчээ.
 
Мөн тус цогцолбор газарт Францын Тахь хамгаалах холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.  
 
 
Э.Мөнх-Эрдэнэ
Эх сурвалж: Монцамэ агентлаг