сонин mn

Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит дэлгэцийн бүтээл нь “Худалдагч охин” юм. “Номадиа Пикчерс”-тэй хамтран хийхээр болсон энэхүү уран сайхны киноны дүрийн сонгон шалгаруулалтыг хэдхэн сарын өмнө цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан онлайн хэлбэрээр зохион байгуулсан. Үүнээс гадна найруулагч зарим уран бүтээлчийг нэр зааж, хамтран ажиллах санал тавьж буй бололтой. Тухайлбал, тэрбээр жүжигчин О.Энхтуул “Худалдагч охин” кинонд тоглохоор болсныг цахим хуудсаараа дамжуулан хэллээ.

 

Жүжигчин О.Энхтуулын хувьд, Герман улсад байхдаа түүний кино зохиолтой танилцсан бөгөөд найруулагчийн саналыг хүлээн авч эх орондоо иржээ.

 

Энэ талаар найруулагч Ж.Сэнгэдорж хэлэхдээ “Сайхан мэдээ… Жүжигчин хүний сэтгэл, зориг, эрмэлзэл гэдэг үнэхээр агуу. “Худалдагч охин” уран сайхны киноны маань зохиолыг жүжигчин Энхтуул уншаад “Би энэ дүрд заавал тоглоно, маш их таалагдлаа” гээд сарын дотор бүхий л ажлаа зохицуулаад энэ хүнд үед алс холын Герман улсаас биднийг зорин ирж, өнөөдөр эх орондоо газардлаа. Мэргэжилдээ хайртай жүжигчин хүн гэдэг ийм байдаг” хэмээн бичжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин