sonin.mn
СТОКГОЛЬМ. /TASS/. Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас гадна чулуужсан түлшнээс яаран татгалзахгүй байна гэж Шведийн залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунберг мэдэгджээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хорооноос зохион байгуулсан цахим бага хурлын үеэр тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. Тус хурал нь уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалттай нэгэн зэрэг болжээ.
“2021 он гараад буй энэ цаг үед бид хэлэлцүүлгээ хийсээр л байна. Үүгээр зогсохгүй чулуужсан түлшийг дам болон шууд хэрэглэхийг дэмжсээр буй нь ичгүүртэй хэрэг юм. Парисын хэлэлцээрт тусгагдсан үүргийг хэрэгжүүлэхийг хүсвэл бид чулуужсан түлшний татаасыг цуцлах хэрэгтэй. Ийм алхмыг хэрэгжүүлж эс бөгөөс дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилгоосоо яагаад ухарч байгаагаа үр хүүхэд, санаа тавьдаг хүмүүсдээ тайлбарлах шаардлагатай болно” хэмээн тэрбээр ярьсан байна.
 
 
 
Грета Тунберг, “Бид хэн нэгнийг, өөрсдийгөө ч хуурч чадна. Гэвч байгалийн, физикийн хуулийг хуурч чадахгүй” хэмээн цохон тэмдэглэжээ.
 
 
 
Түүнчлэн тэрбээр уур амьсгалын хямралыг үл тоомсорлож байна хэмээн улс төрчдийг буруутгав.
“Би энд асуулт тавих ёстой хүн биш гэдгээ мэднэ. Гэсэн ч та бүхэн шиг засгийн эрхэнд байгаа хүмүүс хэр удаан асуудлаас мултарч, уур амьсгалын хямралыг үл тоомсорлох нь миний сонирхлыг маш их татаж байна” хэмээн Тунберг хэлсэн байна. 
“Зөв үйлдэл хийж, үр удмаа хамгаалах хугацаа та бүхэнд байна. Цаг хугацаа биднийг үүрд хүлээхгүй. Залуучуудын төлөөлөл болсон бид түүхийн хуудаснаа та бүхний талаар бичнэ. Та бүхнийг ямар байдлаар дурсах нь бидний шийдэх хэрэг болох юм. Иймд ухаалгаар сонголт хийхийг би зөвлөж байна” гэж тэрбээр мөн ярьжээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг