sonin.mn
Зах нь үл үзэгдэх Хонгор нутгийн алтан элсэн дээр мөрөө үлдээж, Заг-Байдрагийн бэлчирт  жараахайтай хөөцөлдөн тоглож, зав чөлөөгөөр нь  шүлгийн гэрэлт мөрүүд тэрлэж, завсарт нь  ирээдүйн багш  Тангадын Галсандаа  цодгор үгтэй  захидал бичиж, морины нуруун дээр Очирбатын  Дашбалбарын “Зүүдний мөнгөн шөнүүд”-ийг уншин дарцаглаж  явсан  жаахан бор хүү өдгөө  МЗЭ-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт яруу найрагч, зохиолч,  МСНЭ-ийн тэргүүн сэтгүүлчдийн нэг болсон нь  Лхагвасүрэнгийн Батцэнгэл билээ.  Бас номон шүншигтэй найргийн харгуй, үнэний эрэлчийн эгэлгүй замд мөрд  ижилдсэн бидний сэтгэлийн гэрэлт нэгэн анд  юм аа.
Уншигчид “Өдрийн сонин”-ы Батцэнгэл гэх, найрагч, сэтгүүлч нөхөд нь  “Төгөлдөр найз” , “Сэтгэлийн гэрэлт сүмбэр”, бас манай Цэнгэл  гэлцэх. Тэр өөрөө бас “За төгөлдөр үү” хэмээн мэнд мэдэж, найз нөхдөө “Сэтгэлийн гэрэлтүүд”  гэж дуудах, дурсах. Хаана ч таарсан түүнээс сэтгэл, хүн чанар  үнэртэж байдаг тийм л нөхөр. Түүний нэг үг нь, найз нөхдөдөө гаргасан сэтгэл нь, жижигхэн ч гэлээ  үзүүлсэн тус,  дэм нь цаанаа л өгөөжтэй, хэрэгтэй байдаг юм. Байгаа бүхэн нь хонгор байдаг Хонгор нутгийн хүүгийн  сэтгэл нь ч гэсэн хонгор байдаг биз ээ. Ер нь  Хонгор нутгийнхан  бүгд л  сэтгэл сайтай байдаг  даа. Яруу найрагч Б.Галсансүх нэгэнтээ “Сэтгэл гэдэг эрхтэн” гэж бичсэн бол Л.Батцэнгэл сэтгэл үнэртдэг, харагддаг, гарт баригддаг болохыг мэдрүүлж яваа нэгэн.
 
Тэр “Ертөнцийн бүх зохиолчдод сэтгэлийн өртэй би” гэж номон дээрээ тангарагласан, түүндээ чин  үнэнч. Яруу найрагч, яруу шүлэг хоёрт хайртай ийм л найрагч. “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд-1, 2” номууд нь Монголын утга зохиолын гэрэлт сүмбэрүүдийг магтан дуулсан, сэтгэл зүрхээ нээсэн, сэтгэлийн хайлан болсон ийм л бүтээлүүд. Монголын сэтгүүлзүйн  бас  нэгэн содон өнгө. Өөр хэн ч түүн шиг бичихгүй ийм л оргилууд. Хамгийн сүүлд л гэхэд тэр багын найз, яруу найрагч Ц.Доржсэмбэ агсны бүтээлүүдийг эмхэтгэн “Цас, бороо” номыг нь хэвлүүлсэн. Түүгээрээ сэтгэл   харагддаг болохыг  баталж хэн бүхний алган дээр тавьсныг яруу  найрагт дуртай, яруу найрагчид хайртай Монголын ард түмэн уншиж бас мэдэрсэн биз ээ. Өөрийнх нь хэлснээр нээрээ л  “Яруу найрагч хүнд ном шиг  гэрэлт хөшөө хаана ч байхгүй” юм. Энэ орчлонгоос буцсан ч хөшөөг нь босгох нөхөдтэй байна гэдэг бурхны орныг зорьсон Сэмбэ маань өөрөө бас нөхөр шиг нөхөр, анд шиг анд явсны баталгаа юм. Мань хүнийг  хэлтгий гишгэж, бор дарсны ертөнцөд татагдах болсонд хамгийн их харамсч, араас нь хөөцөлдөж явсан хүмүүсийн нэг Батцэнгэл байсан. Гэртээ аваачиж, усанд оруулж, хувцсыг нь сольж өгч, нэг хэсэг гэртээ байлгасныг мэдэх юм.  “Сэмбэ манайд байгаа, одоо найзыгаа хааш нь ч явуулахгүй ээ”  гэхийг  нь сонсоод  эргэхээр очлоо. Сэмбэ маань ч  царай зүс сайхантай тун ч додигор сууж байсан. Намайг очиж яваа гэнгүүт гялс  шөл хийчихсэн, “Цэнгэлийнхээ тогоог бариад найз нь дажгүй ээ” гээд л инээж суусан. Бас болоогүй цонхны тавцан дээр баахан ном овоолсныг Сэмбэ уншихаар ялгасан нь тэр гэнэ.  Би ч шөлийг нь уучихаад эргүүлээд  “Энэ чинь л яг болж  байна. Дахиж дарсны нөхөдтэйгээ битгий нийлээрэй” гэхчлэн  эрүүний шөл уулгахаа ч бас мартаагүй. Түүнээс хойш гайгүй удлаа, гэтэл Цэнгэл нэг өдөр залгасан нь  “Сэмбэ харагдав уу, алга болчихлоо” гэх нь тэр. Энэ мэтчилэн тэр хоёр муур, хулгана болсон удаа  бас цөөнгүй. Би ч Сэмбийг очиж загналаа. Мань хүн “Миний тавилан л энэ  байх, яг хар тамхи шиг татагдаад байх юм байна шүү дээ. Та нар намайг  ойлгохгүй л дээ” гэхчлэн хачин философилог юм ярьчихсан сууж байсан. Хэдэн ч удаа тэднийхээс оргон архи ууж, бас хэдэн ч удаа Цэнгэл олж авч гэртээ аваачсныг тоолж үзсэнгүй. Сүүлдээ ч Цэнгэл хааяа   цалингаа буусан үед “Сэмбийг хоолонд оруулчихаад харья даа” гээд хотын төвөөр хайж явах. Би ч далимд нь хоолонд хамт орсон удаа цөөнгүй. Батцэнгэлдээ бид   талархах шалтгаан энэ мэт зөндөө. Энэ цэнхэр орчлонд гэхдээ дурсах, бичих  дуусашгүй нь сайхан юм даа. Дахиад ч бичих өдрүүд бий гэж бодно.
 
Сэмбийн номыг гаргах гэж Цэнгэл сайн ч зүтгэсэн. Сайхан ч ном гаргаж. Түүнээс гадна редакторлож, эх барьсан ном бол тоогоо алдсан. “Цэнгэл эхийг нь  барьж суугаа  шүү” гэвэл  хэн ч байсан тэгээд сэтгэл амардаг, тэр ийм л. Уран бүтээлийн тухайд бол МЗЭ-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит  шагналт зохиолч, яруу найрагч   Лхагвасүрэнгийн Батцэнгэл   “Бүсгүй цэнхэр салхи”\2004 он\,  “Сэтгэл минь тэнгэрийн уяхан шат” \2006 он\, “Зүрх сэтгэлээ нэгжнэм”\2008 он\, “Өр зүрхний хавар” \2009 он\, “Сансраар жигүүрлэсэн өдрүүд” \2011 он\, “Миний элсэн цаг” \2012 он\, “Шоргоолжны мөр” \2015 он\, “Ариун тэнгэрийн эрхшээл”\2016 он\, “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд-1” \2016 он\, “Хувилгаан гэрэл”\2018 он\, “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд-2” \2012 он\, “Өндгөн толгойт” \2020 он\ гэсэн номууд хэвлүүлсэн хэн хүнтэй жишимгүй жинтэй уран бүтээлч.
 
2004 онд Л.Батцэнгэлийн “Бүсгүй цэнхэр салхи” номыг  хэвлэгдсэн даруйд нь авч уншиж, түүнтэй  эчнээ танилцаж байв. Анхны тэрхүү шүлгийн түүвэр нь  олдохгүй, эрэл сурал  болж, гараас гарт дамжсаар  навсайсан юм болчихсон МУБИС-ийн оюутнуудын дунд уншигдаж байсан юм даг. Харин өөртэй нь нүүр тулж танилцсан минь 2005 онд “Улаанбаатар таймс” сонины редакц дээр  Д.Баянтунгалаг ахыг бараадан  шүлэг бичдэг сэтгүүлч залуус  цуглаж шүлэг, найргаа уншдаг байх үе  байв. С.Ууганбаяр,  Г.Сонинбаяр, В.Нэргүй, Л.Ганзул нартай тэр л үеэс  анх танилцаж дотносчээ. Миний хувьд  “Өнөөдрийн Монгол” сонинд Ш.Лхамноржмаатай хамт ажиллаж, хааяа тэдний редакци руу очиж бужигнах.  Нэг өдөр Л.Батцэнгэл, С.Ууганбаяр хоёр намхан нуруутай жаахан бор залууг дагуулж ирсэн нь хачин   тунгалаг шүлгүүд уншиж, сүүлдээ түүний шүлгүүдийг бүгдээрээ    хоороор уншиж байж билээ. Ц.Доржсэмбэтэйгээ мөн л тэр үеэс найз нөхөд болж, мань хүн  “Харсан тэнгэр”, ”Хэд дэх бороо” номоо бариад “Зууны мэдээ” сонины хаалгаар шагалзан намайг дуудаж байсан нь саяхан мэт санагдана.  Бор дарс амссан үедээ хэн нэгнээр бяцхан “хайрын” захиа бичээд явуулчихдаг. Эсвэл ажилдаа ирэх замыг  тосон  зогсч  байдаг нь хааяа бодогдож, булан тохой болгоныг нэгжиж хардаг минь одоо ч хэвээрээ...
 
 
 
Л.Батцэнгэлтэйгээ  Хонгор нутгаараа дотносч, хоёр ээжийгээ дурсан уясч, нэгнээ жаахан уруу явбал хатуухан загнаж ташуурддаг, сайхан бүтээл хийвэл урам өгдөг  сайхан найзууд болсон. Цэнгэл маань хоёр охиноо, би хоёр хүүгээ ярьж тэрүүхэндээ хөөрцгөөх. Одоо ч тэр л зангаараа...
 
 
 
Сайн явахад цуглаж, саар явахад ирдэггүй зам зуурын нөхөд байхад манай Цэнгэл өөр. Хэзээ ч байгаагаараа... Загнана, бас  загнуулна, загнуулсан ч юм бодохгүй.  Ижий  минь ходоодны хорт хавдрын сүүлчийн шатанд орж, хоол, цай  ер  юу ч орохгүй болчихсон үед Л.Батцэнгэл маань эргэж ирж байв. Тэгэхэд ээж минь нутаг усаа ярьж, тэр газраар нь Цэнгэл маань хонь, ямаа хариулж явснаа хуучилсаар  нэг мэдэхэд ижий минь түүний авчирсан  зөөлөн жигнэмгийг идчихсэн, хоолойгоор нь огт юм орохоо байчихсныг хэлэх үү, дараа нь  яаж  идсэн юм бол гэж гайхаж байсан даа.
Ижийгээсээ хойш би гэдэг хүн хэсэгтээ ээдэрч буйдарч, дараалж ирсэн  хагацал зовлонг дааж  ядан зовж зүдрэх үед хажуугаас түлхчихээд ажлыг минь булааж авсан өөдгүй нөхдийн хатгаасаар  гудамжинд хэсэгтээ чулуу өшиглөж, уруу дорой  явахад  Л.Батцэнгэл маань хатуухан үгээр бөмбөгдсөн  нь надад сэтгэлийн тэнхээ өгч, сэвхийтэл босч байснаа мартдаггүй. Энэ бүхнийг өнөөдөр дурсч суугаа минь дэлхий даяар цар тахлын хөл хорио тогтсон амаргүй үед найз минь надад Ц.Доржсэмбийнхээ “Цас, бороо” шүлгийн түүврийг, өөрийнхөө “Өндгөн толгойт” номтой хамт  эчнээ хүргүүлжээ. Ном шиг гэгээн, оюун тархинд түмэн сайхны үрийг хавартай хамт тарьсан нандин бэлэг хаа байх билээ. Дэлхийн номын өдрүүдийг угтаж уншиж, уянгалж суугаадаа  баяртай гэгч нь үзгээ шүүрч авсан минь энэ. Бид биесээ магтаж, урам өгөхгүй  бол өөр хэн гэж,   манай сэтгүүлчид бусдыг мандуулж, эсвэл  хэн нэгний зөрчигдсөн эрхийг хамгаалан  үзгээ хурцалж явснаас “би, бид” гэх биш дээ. Номон суваргад бүтээлээ мөнхөлж, хүн байхын,  анд нөхөр байхын утга учрыг тултал харуулж яваа, Сэтгэлийн гэрэлт сүмбэр найзынхаа  сэтгэл,  хүн чанарын талаас цөөн үг хэлхэж Дэлхийн номын өдөрт өргөхөд ийм байна. Яруу найргийн ямар оргил болох тухайд, ясны  сэтгүүлчийн ямар ховор чанарын тухайд бус хүмүүс бичнэ биз ээ.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин