sonin.mn
2020 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Хилийн цэрэг болон Зэвсэгт хүчний 032 дугаар ангид л хугацаат цэргийн алба хаагчдыг татсан билээ. Тэгвэл 2020 оны нэгдүгээр ээлжээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангид татагдаж, Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ нэр төртэй биелүүлсэн дайчид тун удахгүй халагдах гэж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ эр цэргийн ёсоор биелүүлээд нутаг нутгийн зүг одох гэж байгаа ч тэд ангидаа, нэгэндээ хоргодож байгаа нь хэнд ч андашгүй харагдах. Нэг жилийн хугацаанд ижил тангарагтай, ижил хувцастайгаар хамтдаа суралцаж, хамтдаа баярлаж, хамтдаа хөгжиж байсны хувьд нэгнээ харцаараа ойлгож, цэргийн нөхөрлөлдөө дэндүү дассан учир тэр биз ээ. Халагдах цэргүүдийн сэтгэгдлийг хамтдаа хуваалцъя.
 
ЦЭРГИЙН АЛБА ХАРИЛЦААНЫ ТОМ СУРГУУЛЬ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ МЭДЭРЛЭЭ
 
Байлдагч М.Арсланбямба:
 
-Би Говь-Алтай аймгийн Тайшир сумаас татагдан ирсэн. Аав Д.Мөнхбат, ээж Л.Ачитмаа нар минь нутагтаа малаа төллүүлээд, хүүгээ хүлээгээд л сууж байгаа. Би Монгол Улсын Боловсролын их сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж байсан, гуравдугаар дамжааны оюутан. Халагдаад үргэлжлүүлэн суралцаж, ирээдүйн хүүхэд, багачуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байна гэж бодож байна. Цэргийн албанд өнгөрүүлсэн нэг жилийн хугацаа миний амьдралын хамгийн сайхан дурсамжийн минь нэг байлаа. Цэрэг хүн юу сурах ёстой тэр бүрт шамдан суралцаж, тэсвэр хатуужилтай боллоо. Цэргийн албыг харилцааны том сургууль юм байна гэдгийг нь ч мэдэрлээ. Өөрөөсөө насаар дүү хүнтэй ч гэсэн “Та” гэж харилцаж, бусдыг хүндэтгэх их соёлд суралцсан маань амьдралд их хэрэг болох байх аа. Удахгүй халагдана гэхээр сэтгэл хөндүүрлээд л байна. Ангийн захирагчийгаа “Эрхэм түрүүч, байлдагч нар баяртай” гэхэд уйлах юм шиг санагдаад байгаа. Сайхан дурсамжаа тээгээд гэрийн зүг явах нь мэдээж бас сайхан л байна.
 
АНГИЙНХАН “ХОНХНЫ БАЯРТАА ОРОХГҮЙ ЮМ УУ” ГЭЭД ГАЙХААД ҮЛДСЭН
 
Байлдагч Б.Барсболд:
 
 
-Би Ховд аймгийн Манхан сумынх, нутгаасаа 11-үүлээ ирсэн. Манай нутагт цэргийн алба хаагаад ирсэн ах нар “Эр хүн болж төрсөн л юм бол цэргийн албаа хаах хэрэгтэй. Энэ нь эх орон болоод Зэвсэгт хүчинд хэрэгтэй гэхээс илүү хувь хүний төлөвшил, хүмүүжилд маш чухал нөлөө үзүүлдэг алба” гэж үргэлж магтдаг байсан. Тэгээд 12 дугаар ангиа төгсөх жилдээ цэргийн зарлан ирэхээр нь шууд л явахаар шийдсэн юм. Ангийнхан маань “Хонхны баяртаа орохгүй явчхаж байгаа юм уу” гээд л их гайхсан шүү. Мэдээж цэргийн албанд ирээд сурч мэдсэн зүйл гэвэл зөндөө. Хамгийн наад зах нь хүнтэй зөв харилцаж, нийтэч болж, цаг төлөвлөж, өгсөн үүрэг даалгаврыг хойшлуулахгүйгээр тухай бүрт нь гүйцэтгээд сурчихлаа. Залуучууд бид “Маргааш, маргааш” гэж хойшлуулсаар байгаад муу зан сурчихсан байдаг бол цэргийн алба үүнийг нь засдаг юм байна. Миний аав, ээж хоёрыг Х.Бямбажав, Л.Цагаанбаяр гэдэг малчин, сайхан буурлууд бий. Аав, ээждээ хэлэхэд  хүү нь эр цэргийн албаа нэр төртэй хаагаад удахгүй очлоо шүү.
 
НӨХӨРЛӨЛИЙН ТАЛБАРТ ОЛОН САЙХАН НАЙЗУУДТАЙ БОЛЛОО
 
Байлдагч Б.Буянбат:
 
 
-Нэг жилийн хугацаа их хурдан юм байна. Нэг мэдэхэд л халагдах болчихож. Хүссэн албандаа сайн дураараа ирсэн болохоор ч тэр байх. Миний хувьд гар бөмбөгийн спортоор хичээллэх дуртай. Дунд сургуульд суралцаж байхдаа 4 жил дараалан сургуулийн аварга, дүүргийн хоёр удаагийн аварга болсон. Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас татагдсан ирсэн. Миний аав, ээж Ц.Батбаатар, С.Дэлгэрсүрэн хоёр маань мөн л нутагтаа малаа маллаж байгаа. Цэрэгт ирэхээс өмнө тээврийн автомашин барьдаг байсан, халагдаж очоод энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Нутагт маань аав, ээж, ахан дүүсээс гадна  хайртай бүсгүй маань ч хүлээж байгаа. Хайртай бүсгүйдээ “Би цэрэгт явж ирээд, хоёулаа ингэж сайхан амьдарна аа” гэж ярьж байснаа биелүүлсэндээ их баяртай байна. Цэргийн алба гэдэг нөхөрлөлийн талбар юм байна. Олон сайхан найз нөхөдтэй боллоо. Тэр дундаас Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ирсэн дэд түрүүч Түвшинбаяр, Төв аймгийн Аргалант сумаас ирсэн байлдагч Бат-Эрдэнэ нар миний хамгийн сайн найзууд. Цэргийн албаараа үргэлж бахархаж, дээдэлж явах болно оо.
 
ААВ, ЭЭЖДЭЭ ОЧООД ЦЭРЭГ ХҮНИЙ ЁСООР ИЛТГЭНЭ
 
Байлдагч Ц.Амархүү:
 
 
-Би Хэнтий аймгийн Дадал сумаас ирсэн. Дорнод аймгийн Политехникийн коллежийг үйлдвэр механикч мэргэжлээр суралцаж төгссөн. Халагдаж очоод Дорнод аймагтаа Цэрэнжав гэдэг ахынхаа компанид мэргэжлээрээ ажиллана. Тэр ах “Цэргийн албаа нэр төртэй хаагаад ир, миний дүү. Цэргийн алба хаасан эрчүүдтэй хамтран ажиллахад их урамтай байдаг” гэдэг байсан юм. Цэргийн албанаас халагдаад хамгийн догдолж байгаа зүйл гэвэл саяхан төрсөн дүүгээ харах сан гэдэг хүсэл. Би эхээс гурвуулаа. Ээж маань саяхан амаржиж Анужин гэдэг хөөрхөн дүү төрүүлсэн. Аав, ээждээ цэргийн дүрэмт хувцастайгаа очиж “Таны хүү эр цэргийн албаа нэр төртэй хаасныг илтгэе” гэж ёсолно. Аав, ээж маань ч их баярлана байхдаа гэж бодож байна. Биднийг нэг жилийн хугацаанд цэргийн эрдэм, мэдлэгт сургаж, хүмүүжүүлсэн ангийнхаа удирдлага, бусад цэргийн дарга нартаа баярлалаа. Монгол Улсынхаа төлөө зүтгэе.
 
Ахлах дэслэгч Д.БОЛОР
https://gsmaf.gov.mn/gsmaf/onePost/1751