sonin.mn
ПАРИС. /Reporters Without Borders/. “Хил хязгааргүй сурвалжлагчид” ТББ 180 улс орныг хамруулсан жил тутмын хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээ танилцуулсан байна.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын шинжээчдийн үзэж буйгаар, коронавирусний цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлэх явдал нэмэгдэх хандлага  ажиглагджээ.
“Хэвлэлийн эрх чөлөө “сайн” гэж үнэлэгдэх боломжтой орнуудын тоо буурсан байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 13-12 болж буурсан юм. Нийт 180 орноос 73 улсад бие даасан сэтгүүл зүйн үйл ажиллагааг бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар хориглосон бол өөр 59 улсад олон нийтийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлсэн” гэж шинжээчид онцлон тэмдэглэжээ.
Олон улс оронд коронавирусний цар тахалтай тэмцэх нэрийдлээр сэтгүүлчдийн үйл ажиллагаа хязгаарлагдсаныг илтгэлд дурдсан байна.
 
 
 
Гэсэн ч Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаар байрт бичигдэж, өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 5 байраар дээшилжээ. 
 
 
 
Хэвлэлийн эрх чөлөөгөөр жагсаалтыг Норвег тав дахь жилдээ дарааллан тэргүүлэв. Араас нь Финланд, Швед, Дани улс бичигджээ. Зөвхөн 12 улсад сэтгүүлчдийн үйл ажиллагаанд саадгүй байх эерэг таатай орчин ажиглагдсаныг тайланд цохон тэмдэглэв. Дэлхийн хэмжээнд Европ, Хойд болон Өмнөд Америкт илүү эерэг хандлага ажиглагдсан байна. .
Монгол Улсын хойд хөрш ОХУ жагсаалтын 150 дугаарт бичигдсэн бол Хятад улс 177 дугаарт жагсжээ. Хятадын эрх баригчид хэвлэл мэдээлэлд цензур тогтоож, цахим орчинд идэвхтэй суртал ухуулга хийж байна хэмээн шинжээчид мэдэгдсэн байна. Хятадын араас Туркменистан, Умард Солонгос, Эритрей гэсэн гурван улс сүүл мушгижээ. БНАСАУ-ын хувьд өмнөх оныхтой харьцуулахад нэг байраар дээшилж 179 дугаарт бичигдсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг